Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/262

 

 



 

      2024         02           28                                          2024/ДШМ/262

 

Ц.Х-д холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ундрах /цахимаар/, 

шүүгдэгч Ц.Х , түүний өмгөөлөгч А.Анхбаяр /цахимаар/, 

хохирогч Ц.Д  ,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1009 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Ц.Х гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2209 01327 1178 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Ц.Х  нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт хохирогч Ц.Д  д “**** улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зарна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч нийт 8.050.000 авч залилсан хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Х гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Цэнгэлбаярын Хорлоог үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х г 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Х гийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х гоос 8.050.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Д  д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Х-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Х  нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, шүүгдэгч Ц.Х  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ц.Х  давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан гэм буруу дээр маргахгүй бөгөөд хохирогч Ц.Д  д хохирол төлбөрөө төлж барагдуулах болно. Анхан шатны шүүхээс надад Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 2 жилийн хугацаанд гадагш гарахгүй байх ял оногдуулсан. Миний бие одоогоор Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 26 дугаар хороо “Рачко reviera”-ийн 505 тоотод бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Мөн би одоо Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Токио тауэр 7 дугаар давхар “Эйл Би Эйч технологи” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажилдаг. 

Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь намайг 3 хүүхдээ тэжээх, хөдөлмөр эрхлэх боломжгүй болгож байгаад гомдолтой байна. Иймд миний хувийн нөхцөл байдал болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...Анхан шатны шүүх хуралдааны дараа хүүхэд хагалгаанд орох болоод 2 сарын хугацаанд эмнэлгээр явсан. Ажлаа сольсон бөгөөд ажлын байр мөн Хан-Уул дүүрэгт байдаг...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Х  гэм буруу дээр маргадаггүй. 10.000.000 төгрөгийн үнэлгээтэй машин бөгөөд 8.000.000 төгрөгийг аваад буцааж өгөөгүй мөнгөний асуудал л байсан. Машин эсвэл мөнгийг нь аваад алга болсон зүйл байхгүй. Ц.Х  нь хувийн байдлын хувьд ажил эрхэлдэг, бага насны 3 хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг. Хохирогч Ц.Д  тай шүүх хуралдааны өмнө уулзаж “6 сарын хугацаанд хохирол төлж барагдуулах гэрээ байгуулъя. Бүр болохгүй бол алданги тооцъё” гэх байр суурийг илэрхийлсэн. Ц.Х  нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон 3 хүүхдээ тэжээх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Г.Ундрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хохирол төлөгдөөгүй тул торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэн. Шүүгдэгч Ц.Х  нь бага насны 3 хүүхэдтэй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж үзэн иргэний үнэмлэхийн хаягаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Хэрэг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд тухайн үед шүүгдэгч Ц.Х  ажил хөдөлмөр эрхэлдэг байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хохирол огт төлөөгүй. Иймд торгох ял биелэгдэх боломжгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

хохирогч Ц.Д   давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөрөө хурдан авмаар байна. Өөр хэлэх санал байхгүй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч  Ц.Х гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Ц.Х  нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт хохирогч Ц.Д  д “**** улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зарна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч нийт 8.050.000 авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 15 тал/, Д Хаан банкны **** тоот дансны хуулга /хх-ийн 19-23 тал/, шүүгдэгч болон хохирогч нарын цахимаар харилцсан зурвасууд /хх-ийн 25-40 тал/, 

хохирогч Д “...ингээд Хорлоо машинаа шилжүүлэхгүй болохоор нь би залгасан чинь мөнгийг чинь буцаагаад өгчихнө гэж уурласан. ...Миний мөнгийг өгөөгүй байгаа ба надаас нийт 8.050.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан. ...**** улсын дугаартай машиныг Хорлоо нь зарахаа болилоо мөнгөө буцааж өгнө. Нөхөр бид 2 салж байгаа, хөрөнгө хуваах асуудал гарсан гэж хэлээд маш их удсан. Миний мөнгийг өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 71-72 тал/,

гэрч Д “...49-33 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн эгч Ц.Х гоос 4.500.000 төгрөгийн өөрийн данснаас шилжүүлэн өгсөн ба намайг тухайн тээврийн хэрэгслийг авах үед 49-33 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Х  нь банкнаас зээл нь дууссан байсан учир миний нэр дээр шилжүүлээд би тухайн тээврийн хэрэгслийг “Нет капитал ББСБ”-д 9.000.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгө нь манай эгч Ц.Х гийн данс руу орсон. Би машины зээлээ өөрөө төлж барагдуулаад тухайн машиныг үнэгүй.мн дээр зар тавьж 10.500.000 төгрөгөөр зарсан. Зай нь нурсан байсан учир өөрийн авсан үнээс доошоо үнээр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 тал/,

шүүгдэгч Ц.Х гийн “...10 сая төгрөг өгөөд дээр нь энэ байрыг янзалж өгвөл болно гэсэн юм. Түүнээс нь Д 1 өрөө байранд 7.600.000 төгрөгийн засвар хийж бүрэн дууссан. Тэгээд би Дорждагваас үлдэгдэл 10.000.000 төгрөгөө авах гэхэд 2.500.000 төгрөг нэмж өгнө, тэгээд машинаа авна гэсэн. ...тэгээд бид үнэ дээр тохиролцоогүй учир машинаа шилжүүлээгүй. ...би Д-с авсан 7.600.000 төгрөгөөс буцааж өгөөгүй байгаа...” /хх-ийн 98-99 тал/  гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл болох зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулсан нь хуульд нийцсэн, Ц.Х гийн гэм бурууд тохирсон ял оногдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Х  нь “...Зорчих эрх хязгаарлах ял нь миний хувийн байдалд тохирохгүй байна. Иймд торгох ял оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба ялын зорилго нь тухайн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилготой бөгөөд ял шийтгэл оногдуулахдаа тухайн хүний хүсэл сонирхолд нийцүүлэх шаардлагагүй тул Ц.Х-д дээрх зорилгыг хангасан ял шийтгэлийг оногдуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон гэж үзлээ.

Ц.Х  давж заалдах шүүх хуралдааны үеэр “Ю ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 24/ТО38 дугаартай “туршилтын ажилтнаар томилох тухай” тушаал, 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолтыг тус тус гарган өгсөн ба дээрх баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна...” гэж заасан шаардлага хангаагүй ба тус баримтуудыг шүүгдэгч хуулбарласан хэлбэрээр шүүхэд гарган өгсөн байх тул дүгнэлт өгөх боломжгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт прокурор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ялтны зорчих бүсийг өөрчилж болох тохиолдлуудыг хуульчилсан ба мөн хуулийн 174.2 дахь хэсэгт “...ялтан ял эдлэх бүсээ өөрчлүүлэх тухай үндэслэл бүхий хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн санал, холбогдох материалыг хянаж, 10 хоногийн дотор прокурорт хүргүүлэн шийдвэрлүүлнэ...” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Х  нь зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг өөрчлүүлэх нөхцөл байдал бий болсон тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтын дагуу зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлээ шийдвэрлүүлэх боломжтой.

Иймд Ц.Х гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мөн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ЗШ/2911 дугаартай “хүсэлтийг хангаж, давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээх тухай” шүүгчийн захирамжид шүүхийн тамга дарагдаагүй хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байх ба цаашдаа дээрх алдааг дахин гаргахгүй байхад анхаарахыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1009 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Х гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

 

                      ШҮҮГЧ                                           М.АЛДАР

 

                      ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ