Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 181/2020/03096/И |
Дугаар | 210/МА2021/01606 |
Огноо | 2021-11-08 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2021/01606
Ч.Н-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01496 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Н-ийн хариуцагч “К б” ХХК-д холбогдуулан гаргасан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/288 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н-, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Н- нь “К б” ХХК-д 2011 оны 10 дугаар сараас 2020 оны 08 дугаар cap хүртэл тогтвор суурьшилтай ажилласан. Ажил олгогчийн зүгээс жил бүр нийт ажилчдаас авдаг түвшин тогтоох шалгалтад нэхэмжлэгч хангалтгүй үнэлгээ авч байгаагүй, ажиллаж байх хугацаандаа ажлын доголдол, хариуцлага алдаж байсан тохиолдол гаргаагүй. Гэтэл гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/288 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан, дүрэм, журам зөрчиж авсан түвшин тогтоох шалгалтад үндэслэж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Шалгалт зохион байгуулагдах талаар цахим шуудан ирсний дагуу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдрүүдэд онлайн хэлбэрээр шалгалтад хамрагдсан. Шалгалтын үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажилтан бүрт мэдээлэх ба ажилтныг ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй талаар мэдэгдсэн. 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дээрх шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийг “мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-д хамруулж, ажилтныг тухайн албан тушаалд тэнцэж буй эсэхийг тодорхойлох тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсны дагуу уг шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд зохион байгуулах удирдамж бүхий цахим шуудан ирүүлсэн. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “зохион байгуулсан шалгалтад 59 хувиас доош буюу хангалтгүй үнэлгээ авч тухайн ажил албан тушаалд тавигдаж буй мэдлэг, мэргэжил ур чадварын түвшинд тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул таньтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон” гэх мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн. Ч.Н- 57.2 оноо авсан талаарх Excel программд шивж оруулсан баримтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь уг баримт дээрх тоон дүнг нэмэхэд 67.2 оноо гарч байгаа юм. Үүнээс үзэхэд, ажил олгогч нь ажилтнуудаас шалгалт авах нэрээр автоматаар оноог нь хасаж, хангалтгүй дүн авсан, ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэх шалтгаанаар халах гэж байсан нь илт байна. Учир нь, Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журмаар комисс нь ажиллахдаа хууль тогтоомжид нийцсэн, хараат бус, шударга байх, эрх тэгш байх зарчмыг баримтлан шалгалтыг зохион байгуулах үүрэгтэй юм. Анхны шалгалт авах удирдамж, чиглэлд шалгалтын үнэлгээнээс хамааран ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж мэдэгдсэн. Мөн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалыг бидэнд танилцуулаагүй, шалгалтыг хэрхэн авах, яаж дүгнэх нь ойлгомжгүй, гарсан дүнг албан ёсоор, эрх зүйн бичиг баримтын шаардлага хангаснаар танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, ажил олгогчийн санаачилгаар гэх үндэслэлээр ажлаас халж, ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тушаал гаргасанд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлд салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр хамаарах ёстой. Иймд ажил олгогчийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/288 дугаартай “Ч.Н-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Н- нь 2012 оны 04 дүгээр сараас эхлэн тус банканд харилцагчийн менежерээр ажиллаж байсан. “К б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/71 тоот тушаалаар Банкны салбар, нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг хийх ажлын хэсгийг байгуулан шалгалт зохион байгуулсан. Тус шалгалтад Ч.Н- нь хангалтгүй үнэлгээ авсан бөгөөд өөрт нь энэ тухай албан ёсны и-мэйлийг илгээсэн. Улмаар гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/92 тоот мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах тухай тушаалаар дээрх шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийн дунд мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссыг байгуулж, холбогдох шалгалтыг зохион байгуулж ажилласан. Батлагдсан удирдамжид заасны дагуу шалгалтыг 3 арга, хэлбэрээр явуулсан бөгөөд нийт 100 оноо авах байснаас нэхэмжлэгч Ч.Н- нь нийт 57.2 оноо авч шалгалтад тэнцээгүй. Иймд мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос тэнцээгүй гэсэн албан ёсны дүгнэлт гарсан болно. Ч.Н- нь шалгалтын дараа үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар бичгээр өргөдөл гаргаж, өөрийн үнэлгээгээ дахин хянуулахыг хүссэн бөгөөд уг хүсэлтийн дагуу комиссын зүгээс үнэлгээг дахин нягталж хянахад түүний авсан оноо нь 57.2 буюу үнэн зөв байсан. Тус өргөдлийн хариуг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1246 тоот албан бичгээр мэдэгдсэн. Ингэхдээ уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах санал тавьсан боловч Ч.Н- нь татгалзаж, энэ талаар бичгээр хариу өгсөн. Иймээс “К б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/288 тоот тушаалаар Ч.Н-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, хөдөлмөрийн гэрээний 7.2 буюу хөдөлмөрийн дотоод журмын холбогдох зүйл, заалтуудыг тус тус үндэслэн дуусгавар болгосон болно. Банкны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь журамд заасны дагуу ажиллаж, албан ёсны дүгнэлтээ гаргасан тул хуульд нийцэж байна. Дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 1 сарын өмнө мэдэгдсэн бөгөөд тус мэдэгдлийг хүлээн авч танилцсан гэдгээ Ч.Н- гарын үсгээр баталгаажуулсан байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчийн зүгээс 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг Ч.Н-д олгосон болно. Хариуцагчийн зүгээс Ч.Н-ийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Н-ийн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 14 400 000 төгрөгийг гаргуулах гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Н-ийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ч.Н-д буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Учир нь нэхэмжлэгч Ч.Н- нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шалгалтын оноотой танилцах хүсэлт гаргасан бөгөөд хариуцагч талаас нэгдсэн дүн бүхий excel файл бүхий Ч.Н-ийн авсан оноог ямар ч тамга, тэмдэг гарын үсэг байхгүйгээр хэвлэж өгсөн. Үүнтэй танилцахад “тэнцсэн” гэсэн гарчигтай, бүх задгай онооны нийлбэр нь 67.2 оноо байсан. Хариуцагч тал үүнийгээ техникийн алдаа гэж тайлбарлаж, гэрч Б.Мөнхцэцэг нь “Ч.Н-ийн оноо буруу гарсан” гэж мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлэг нь тодорхойгүй, илт худал байсан тул excel файлд туршилт хийлгэхэд туршилтаар нийлбэр оноонд өөрчлөлт ороогүй. Өөрөөр хэлбэл, гэрчийн мэдүүлэг болон хариуцагч талын тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул Ч.Н-ийн авсан нийт оноо 67.2 оноо юм. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт чухал ач холбогдол бүхий туршилтын үр дүнг нотлох баримтаар үнэлээгүй. Хариуцагч талаас Ч.Н-д хэвлэж өгсөн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын дүгнэлтэд “тэнцсэн” гэсэн гарчгийн тухайд “К б” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын М-01/20 дугаар шийдвэрийн хавсралт 2 болох үнэлгээний аргачлал зааснаас үзвэл хариуцагч банкны зүгээс шалгалтад оролцсон ажилчдын нэгдсэн оноог гаргахдаа дээр дурдсаны дагуу өндөр оноо авснаас эхлэн жагсааж, “тэнцсэн”, “тэнцээгүй” байдлаар хуваан жагсаасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Ч.Н- нь банкнаас авсан мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн бөгөөд 67.2 оноо авсан гэж дүгнэхээр байна. Ч.Н-д үнэлгээг өгөхдөө юунд үндэслэсэн нь тодорхойгүй. Энэ талаар хариуцагч тайлбарлахдаа харилцааны менежерүүдийн гүйцэтгэлийг ажилтны ажилд анх орсон хугацаанаас эхэлж тооцсон гэх боловч Ч.Н-ийн хувьд анх ажилд орсноос хойш биш хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа буцаж орсон өдрөөс анх олгосон зээлийн багцыг тооцсон нь буруу, харьцуулалт хийх боломжгүй, тооцоолол буруу гарах нь тодорхой юм. Мөн удирдах ажилтнаас хувь хүнийг дүгнэхдээ ажлыг няхуур хийхийг эрмэлздэг гэж үнэлсэн хэдий ч үүний эсрэг гэж ойлгож болохоор хэт эрсдэлд орж болзошгүй гэж үзсэн нь эсрэг, тэсрэг ойлголтыг төрүүлж байна. Үнэлгээний хуудаснаас харахад удирдах ажилтан Н.Отгонбаатар бус иргэдийн банкны газраас зөвхөн олгосон зээл дээр үндэслэн 10 онооноос 4.2 оноог өгсөн байна. Өөрөөр хэлбэл, ажилтны ажлын гүйцэтгэл, хандлага, ёс зүй, идэвх санаачилга зэрэгт шууд удирдлагаас үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “К б” ХХК-ийн байранд тус банкны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын оноо бүхий excel программд туршилт хийхэд тус файлд орсон, ажилчдад олгосон дүн нь томьёогоор холбогдсон байсан бөгөөд туршилтаар хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн үр дүн гарсан. Мөн хариуцагчийн хүсэлтийн дагуу Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын оноо бүхий Excel программд анхны томьёог дахин оруулсан байдлаар үзлэг хийлгэж, Ч.Н-д өгсөн оноонд үзлэг хийлгэхэд мөн л хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн хариу гарсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тус шалгалтад 57.2 оноо биш 67.2 оноо авсан нь тодорхой болсон байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ программ дээрх томьёог устгасан байсан тул нэгтгэсэн оноог алдаатай хэвлэсэн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн нь үндэслэлгүй. Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журамд заасны дагуу шалгалт авч ажилтан тус бүр дээр комиссын дүгнэлт гаргахаар байгаа. Гэвч шалгалтын оноо гарсан эсэх нь тодорхойгүй, ямар нэгэн байдлаар комиссын дүгнэлттэй Ч.Н-ийг танилцуулаагүй шууд ажлаас халах мэдэгдэл ирсэн. Ажиллагааны хувьд, бол комиссоос дүгнэлт албажиж гараад, ажилтанд танилцуулж байж, ажлаас халах мэдэгдэл хүргэгдэх байсан. Шалгалтын дүн нь комиссын дүгнэлтээр хүчин төгөлдөр болж комиссын дарга, гишүүд гарын үсэг зурсан байх ёстой. Гэтэл дүгнэлт хэлбэрээр огт танилцуулаагүй. Шүүх хуралдааны явцад банкнаас комиссын дүгнэлтийг хуурамчаар нөхөж үйлдсэн. Иймд ажилтанд танилцуулаагүй комиссын дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд Ч.Н-ийг ажлаас халсан гүйцэтгэх захирлын тушаал нь комиссын дүгнэлтэд үндэслээгүй, хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй юм. Дээр дурдсан үндэслэлийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ч.Н- нь хариуцагч “К б” ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/288 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан харилцагчийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт нийт 14 400 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-3, 110-111/
“К б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/288 дугаар тушаалаар “Улаанбаатар” салбарын харилцагчийн менежер Ч.Н-ийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байх ба уг тушаалд Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06/2020 дугаартай дүгнэлт, ажил олгогчийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэл, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.10.4.2, 6 дугаар зүйлийн 6.3.5-д заасныг тус тус үндэслэл болгосон байна. /хх 109/
Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байх ба үндэслэлээ “ажил олгогч нь “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ыг холбогдох дүрэм, журамд заасны дагуу явуулаагүй, Ч.Н- “57.2” оноо авч тэнцээгүй талаар өгсөн баримт дээрх дүнг нь нэгтгэхэд “67.2” байсан, шалгалтыг хэрхэн, яаж дүгнэсэн нь ойлгомжгүй, эхний шалгалтын үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажилтан бүрт мэдээлэх ба ажилтныг ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж байсан, дараагийн шалгалт зохион байгуулах талаарх гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тушаал болон уг шалгалтын дүн, шалгалтын комиссын дүгнэлтийг албан ёсоор танилцуулаагүй тул тухайн шалгалтын үнэлгээгээр ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэхгүй” гэжээ.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “шалгалт зохих журмын дагуу явагдсан, Ч.Н- нь 100 оноо авахаас 57.2 оноо авч, шалгалтанд тэнцээгүй, 67.2 гэсэн шалгалтын үнэлгээний хувьд Хүний нөөцийн ахлах менежер Б.Мөнхцэцэг хэвлэж нэхэмжлэгчид өгөх үедээ алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, түүнд тайлбарлан, үнэлгээг нь дахин танилцуулсан, улмаар Ч.Н- нь тухайн үнэлгээг эс зөвшөөрч гаргасан өргөдлийнх нь дагуу шалгалтын комиссын зүгээс үнэлгээг дахин шалгахад оноо нь 57.2 буюу үнэн зөв байсан. Энэ талаар 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1246 тоот албан бичгээр мэдэгдэхдээ Ч.Н-ийн тууштай ажилласан хугацаа, цаашид хичээл зүтгэл гарган ажиллах нөхцөл байдлыг харгалзан ...хугацаатай үүрэг даалгавар өгч, үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн талаар санал гаргасан боловч татгалзсан хариу бичгээр өгсөн тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон” гэх агуулгаар тайлбарлажээ. /хх 1-4/
Ажил олгогчийн зүгээс тус банкны салбар, нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг хийх ажлын хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр томилж, үүний дагуу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийг дуустал хугацаанд явагдсан онлайн шалгалтад нэхэмжлэгч оролцож, “хангалтгүй” үнэлгээ авсныг түүний цахим хаягаар мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан “К б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/71 дугаар тушаал /хх 50/, шалгалтын дүн болон задаргаа /хх 54/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Тухайн шалгалтын удирдамж /хх 51/, “Шалгалтын бүтэц, зохион байгуулалт, үнэлэх байдал” /хх 52/ гэсэн баримтуудыг харьцуулан үнэлбэл, зөвхөн дээрх шалгалтын үнэлгээнээс хамааран ажилтныг шууд ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй харин харилцагчийн менежерүүдийн хувьд “хангалтгүй” үнэлгээ авсан тохиолдолд “Мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт” авч, комиссын дүгнэлт гаргуулах талаар тусгасан байна. Ажил олгогч нь уг шалгалтын үнэлгээтэй холбогдуулан нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй байх тул “шалгалтын үнэлгээнээс хамаарч ажлаас чөлөөлөхгүй гэсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбар ач холбогдолгүй гэж үзлээ.
Улмаар хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/92 дугаар тушаалаар /хх 66/ дээрх шалгалтад “хангалтгүй” үнэлгээ авсан буюу уг тушаалын хавсралтад заасан харилцагчийн менежерүүдийг “Мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт”-нд хамруулах, шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг томилсоны дагуу тухайн шалгалт 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд “нийт үнэлгээний 50 хувь бүхий тест авах”, “нийт үнэлгээний 40 хувь бүхий оноотой Assessment center-ийн аргаар ажилтны борлуулалтын ур чадвар, илтгэх ур чадвар, асуудалд бодитоор хандаж богино хугацаанд шийдвэр гаргах ур чадварыг илрүүлэх ярилцлага авах” “ажилтны ажлын гүйцэтгэл, хандлага, ёс зүй, идэвх санаачлага зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгөх шууд удирдлагын үнэлгээнд 10 хувийн үнэлгээ өгөх” гэсэн арга, хэлбэр, үнэлгээгээр шалгалтыг зохион байгуулахаар болсон нь “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын удирдамж”, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн М-01/20 дугаартай комиссын шийдвэр, түүний хавсралтуудаар тогтоогдож байна. /хх 76-77/
Нэхэмжлэгч нь “дээрх шалгалтыг хэрхэн яаж авч, үнэлсэн нь тодорхойгүй, 67.2 оноо авсан байсан” гэх байдлаар шалгалтын үнэлгээг зөвшөөрөхгүй гэх боловч хэргийн 90-103 дахь талд авагдсан түүний тестийн шалгалтыг бөглөсөн байдал, “Бүлгээр хийх дасгалын үнэлгээний хуудас”, “Илтгэлийн үнэлгээний хуудас”, “Ярилцлагын үнэлгээний хуудас”, тэдгээрийн нарийвчилсан задаргаагаар нэхэмжлэгч нь тестийн шалгалтад 41 хувь, “Assessment” шалгаруулалтад 12 хувь, шууд удирдлагаас өгөх ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 4.2 хувь буюу нийт 57.2 хувийн үнэлгээ авсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч 67.2 хувийн үнэлгээ авсан гэж үзэхгүй. Мөн шалгалт зохион байгуулсан, дүгнэсэн байдал нь бодит байдалд нийцээгүй, комисс нь холбогдох дүрэм, журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тогтоогдоогүй тул “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06/2020 дугаартай дүгнэлтийг үнэн зөв гэж үзлээ.
Хариуцагч байгууллагын хувьд “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06/2020 дугаартай дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болгох талаар 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлээр мэдэгдсэнийг нэхэмжлэгч танилцаж /хх 108/, үнэлгээний талаар гомдол гаргасан байх тул “шалгалтын үнэлгээтэй албан ёсоор танилцуулаагүй” гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн, хэргийн 106 дахь талд авагдсан 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1246 тоот “Гомдолд хариу хүргүүлэх тухай” албан бичгээр ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн шалгалтын үнэлгээтэй холбоотой гаргасан дээрх гомдолд хариу өгсөн байхаас гадна түүний хариуцагч байгууллагад тууштай ажилласан хугацаа, цаашид хичээл зүтгэл гарган ажиллах нөхцөл байдлыг харгалзан Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос хугацаатай үүрэг даалгавар өгч, үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн талаараа мэдэгдсэн боловч тэрээр хугацаатай үүрэг даалгавар авч ажиллах нь тус байгууллагад харилцагчийн менежерийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломж гэж үзэхгүй гэсэн хариуг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч талд өгсөн байна. /хх 107/
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06/2020 дугаартай дүгнэлттэй танилцсан болон түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажил олгогч нь уг дүгнэлтийг үндэслэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Ч.Н-ийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон “К б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/288 дугаартай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцсэн. Энэ үндэслэлээр ажлаас халах тухайгаа ажил олгогч нь ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан журмыг баримталсан байх тул дээрх тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан харилцагчийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт нийт 14 400 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН