Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 153

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

хохирогч Ж.М,

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж М овогт Г.Оюунбатад холбогдох эрүүгийн 1710004740221 дугаартай 187/2018/0149/Э индекстэй хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, М овогт Г.О

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 27-ны шөнө Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дүгээр байрны .... тоотод өөрийн гэртээ эхнэр Ж.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 27-ны шөнө Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........-н ...... дүгээр байрны .... тоотод өөрийн гэртээ хохирогч эхнэр Ж.М-тай гэр бүлийн үл ойлголцлоос болж маргалдан хохирогчийн толгой, гар хэсэгт нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Г.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...Дахин ийм үйлдэл гаргахгүй...Буруу ойлголцсоны улмаас ийм зүйл болсон...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Ж.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...21 жил хамт амьдарч байна.../Та хоёрын гэр бүлийн харилцаа ямар байгаа вэ/ Хэвийн байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             3. Хохирогч Ж.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.О гэх хүнтэй 1997 оноос хойш хамт амьдарч байна. Бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй...2017 оны 8 дугаар сарын 27-ны шөнө хүүхдүүд О.Э, О.Б нарын хамт гэртээ байж байтал нөхөр халамцуу ирээд надтай секс хийе гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэтэл надад уурлаад хөлнөөс татаад газар унагаасан. Тэр үед би газар толгойгоороо савж унасан. Нэгмэдсэн миний толгой руу, гар руу хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд намайг үсдээд өрөөний гол руу чирсэн. Би жаахан өндийгөөд босч ирэхээр толгой руу цохиод эсвэл үсдээд байсан. Манай 2 хүүхэд ирээд намайг хамгаалах гэтэл 2 хүүгийнхээ дэргэд намайг зодоод байсан. Би хэсэг чимээгүй доошоо хараад хэвттэл намайг яасан их жүжиглэдэг юм гээд чамайг алчихаад өөрийгөө алчихъя гээд байсан. Тэгтэл хажуу талын айлаас цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа хаалга тогшоод орж ирсэн. Тухайн өдөр цагдаа нар нөхрийг авч яваад саатуулсан. Нөхөр өглөө нь ирээд намайг дахин үсдэж аваад зодсон. Тэгээд би тэр өдрөө хүүдүүдээ аваад ээжийнх рүү явсан. Нөхрийн намайг зодож дарамтладаг нь хүүхдүүдийн хүмүүжилд маш муугаар нөлөөлж байна. Манай том хүү гадаад явчихаад одоо Монгол Улсад ирэхгүй гээд байгаа...Манай нөхөр хааяа л согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Манай нөхөр ................... сургуульд багшилдаг юм...Толгой маш их өвдөөд байна, сүүлийн 2 шөнө толгой өвдөөд сэрчихээд унтаж чадахгүй байна. Зүүн гуя, зүүн гаранд одоо хөхрөлттэй байна. Би шүүх эмнэлгт үзүүлнэ...Гэр бүлийн асуудлаас болж зоддог. Жишээ нь гэртээ эрт харьж хоолоо хийсэнгүй гэдэг. Мөн намайг машин унаж явлаа гэх шалтгаанаар зоддог...2017 оны 8 дугаар сарын 30-ны нөхөртөө зодуулсан талаараа цагдаад өргөдөл өгсөн. Тухайн үед уур бухимдалтай, гомдоод өргөдөл өгч байсан...Архи уусан үедээ агсам тавьдаг, зодож байсан асуудал байхгүй...нөхөр Г.О-даа уур хүрээд намайг удаа дараа зодож байсан талаар мэдүүлэг өгсөн...Одоо буцаад нөхөртэйгөө эвлэрсэн бөгөөд цаашдын амьдралаа бодож байна. Нөхөр Г.О дахиж ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлийн...ямар нэгэн асуудал гаргаагүй бөгөөд гаргахгүй гэж амлаж байгаа болно...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...Бидний амьдрал эв зүйдээ орсон учраас энэ байдлыг эвдмээргүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 15-16, 17-18/

            4. Насанд хүрээгүй гэрч О.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн аав Г.О-н эсрэг мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй...2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн өдрөөр болсон юм. Манай аав Г.О гэртээ шөнө согтуу ирсэн юм. Би тухайн үед унтаж байсан бөгөөд хүн маргалдаад, хэрэлдэх чимээгээр сэрсэн чинь ээж Ж.М шалан дээр суучихсан уйлж байсан. Аав Г.О болохоор ээжийн урд талд нь зогсчихсон маргалдаад байж байгаад гэнэт уурлаад ээжийг үсдээд татаад гар руу нь гараараа 1-2 удаа цохиж байсан. Би аавыг “боль” гээд түлхсэн. Ингэхэд аав болиод ээжтэй маргалдаад зогсоод байсан. Өөр зодож цохьсоныг нь бол хараагүй. Ингэтэл гэнэт хаалга тогшсон. Тэгэхэд аав Г.О цагдаа байгаа битгий онгойлго гэсэн. Тэгтэл ээж хаалга онгойлго гээд орилохоор нь би очиж онгойлгосон. Онгойлгоход 1 цагдаа байсан бөгөөд орж ирээд аавыг авч явж эрүүлжүүлсэн. Тэр үед манай хажуу айл цагдаад дуудлага өгсөн юм билээ...Урьд өмнө ээж Ж.М-г аав Г.О цохиж зодож байсан эсэхийг мэдэхгүй. Миний мэдэхийн урьд нь манай аав Г.О ээжийг цохиж зодож байсан зүйл байхгүй. Ийм зүйл би харж байгаагүй...юунаас болж муудалцсаныг мэдэхгүй байна. Намайг сэрэхэд л маргалдаж байсан. Тухайн үед манай дүү О.Б унтаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

            5. Гэрч Ж.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.М бол миний төрсөн эгч...Г.О ах, Ж.М хоёрын хооронд ямархуу харьцаатайг нь мэдэхгүй эгч Ж.М гэр бүлийнхээ асуудлын талаар надад яриад байдаггүй. Гаднаас нь харахад Г.О, Ж.М эгч хоёр хоорондоо эвтэй, найртай, жирийн л гэр бүл шиг харагддаг. Маргаж муудалцаж байхыг нь би харж байгаагүй. Нэг удаа буюу 2017 оны 8 дугаар сарын сүүлээр манай ээж Л.П яриад эгч Ж.М чинь нөхөртэйгөө муудалцсан байна. Хоёр хүүхдийг нь аваад хүрээд ир гэж хэлсэн...байрны гадна Ж.М эгчтэй таарсан. Ж.М эгчийн нүүр нүдэнд харагдах хэсэгт нь ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй...Ж.М эгч нөхөртэйгөө муудалцсан талаар ямар нэгэн зүйл яриагүй...ээж Л.П Г.О, Ж.М хоёр хоорондоо муудалцсан юм шиг байна гээд хоёр хүүхдээс нь юу болсон талаар асууж байсан. Тэгэхэд хоёр хүүхэд нь аав согтуу ирээд ээжийг зодсон. Унтах гэхээр унтуулахгүй муудалцаад байсан гэж ярьж байсан...Орой эгч Ж.М ирж хоносон. Ж.М эгч ирээд Г.О согтуу ирээд намайг тархи толгой, гар, хөл цээж рүү гараараа цохьсон гэж байсан. Тэгээд гар, хөлөндөө учирсан хөхрөлт, хавдалтаа үзүүлсэн. Ингэхээр нь би учирсан хөхрөлтийнх нь зургийг аваад цагдаад ханд гэж зөвлөсөн...Эгч Ж.М юунаас болж яагаад Г.О зодох болсоныг яриагүй...Урьд өмнө Г.О ах манай эгч Ж.М-г цохиж зодож байсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11096/-ний дүгнэлт:

                        -Ж.М-н биед цээж, бугалга, гарын сарвуу, гуянд цус хуралт хавантай гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 33/

            7. Аюулын зэргийн үнэлгээний маягт: “...Эрсдлийн түвшин: Дунд,...Нийт 11 оноо...” /хх-ийн 37-38/

            8. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ: “...Үг хэлээр доромжлоод даамжраад гар далайж зоддог болсон...Хэрүүл маргаан, зодоон, айдас түгшүүр...Маш их айсан...Гэр бүлийн үл ойлголцлоос болж хэрүүл маргаан үүсэж, улмаар хүчирхийлэл болдог...Хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна...Хүүхдүүдийнхээ төлөө санаа зовдоггүй...Гар, хөл, шууруу цохиж зоддог, хөхрөлт няцралттай...Согтуу үед хохирогч хүсээгүй үед шаардсан. Үүнээс болж хэрүүл, дарамт үүссэн...Дундын эзэмшлийн байр, машин хоёроо хараат байлгадаг, өөрөө эзэмшихийг хүсдэг, харамладаг...найз нөхөдтэй уулзахад дургүй...Хохирогчид аюул учрах эрсдэлийн түвшингийн дүн...Дундаж...” /хх-ийн 39-42/

            9. Яллагдагч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн 2017 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө өөрийн эхнэр Ж.М-г зодсон асуудал байхгүй. Тухайн орой Ж.М-тайгаа хоол хийсэнгүй гэсэн асуудлаас болж маргалдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.О нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11096/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Г.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 27-ны шөнө Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......-н .... дүгээр байрны ..... тоотод өөрийн гэртээ хохирогч эхнэр Ж.М-тай гэр бүлийн үл ойлголцлоос болж маргалдан хохирогчийн толгой, гар хэсэгт нь хөлөөрөө өшиглөн зодож биед нь цээж, бугалга, гарын сарвуу, гуянд цус хуралт хаван бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Ж.М нь шүүгдэгч Г.О-тай 1997 оноос хамтран амьдарсан, 3 хүүхэдтэй, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......-н .... дүгээр байрны ..... тоот байранд хамтран амьдарч байсан, мөн хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 39-42/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 37-38/ зэргээс шүүгдэгч Г.О нь хохирогч Ж.М-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Г.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Мөн шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ болон шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч О.Э, гэрч Ж.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18, 22, 24/ зэргээр урьд өмнө нь шүүгдэгч Г.О нь хохирогч Ж.М-н эрх чөлөөнд халдаж зодож, цохиж байгаагүй болох нь тогтоогдож байх тул 2017 оны 8 дугаар сарын 27-ны шөнө хохирогчийг зодсон гэх 1 удаагийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч Г.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Г.О-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн /хх-ийн 63, 64/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ж.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 30-ны нөхөртөө зодуулсан талаараа цагдаад өргөдөл өгсөн. Тухайн үед уур бухимдалтай, гомдоод өргөдөл өгч байсан...Архи уусан үедээ агсам тавьдаг, зодож байсан асуудал байхгүй...нөхөр Г.О-даа уур хүрээд намайг удаа дараа зодож байсан талаар мэдүүлэг өгсөн...Одоо буцаад нөхөртэйгөө эвлэрсэн бөгөөд цаашдын амьдралаа бодож байна...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...Бидний амьдрал эв зүйдээ орсон учраас энэ байдлыг эвдмээргүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 15-16, 17-18/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт Г.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М овогт Г.О-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.О-д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Г.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.О-д сануулсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР