Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01621

 

 

Х.Б-, Б.А- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/01528 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Б-, Б.А- нарын хариуцагч “у о” ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нэхэмжлэгч Х.Б-т 63 412 303 төгрөг, нэхэмжлэгч Б.А-т 72 950 690 төгрөг болон нэмэгдэл хөлс 14 264 833 төгрөг, нийт 150 627 826 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б- нь “у о” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, зардлын инженерийн албан тушаалд томилогдон ажилласан.  Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж ажиллаж байсан. Гэвч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гүйцэтгэх захирлын 241/20 дугаар тушаалаар “...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон...” хэмээн ажлаас чөлөөлсөн болно. Б.А- нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “у о” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, цахилгааны ахлах мэргэжилтэн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунган, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж ажиллаж байсан боловч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гүйцэтгэх захирлын 242/20 дугаар тушаалаар “... хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон...” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал, цалингийн карт, цалингийн тооцоолол зэргээс үзвэл нэхэмжлэгч нарын ажиллаж буй ажлын байр нь ажлын ээлжийн тогтмол давтамжтай, тогтоосон цалингийн сүлжээгээр сар бүр цалин хөлс авдаг, ажил үүргээ гүйцэтгэхэд зориулагдсан нөүтбүүк, багаж бусад тоног төхөөрөмж, орон байр, ажлын ширээ, хангалтын хувцас бүхий ажиллах нөхцөл бүрэн хангагдсан зэрэг байнгын ажлын байрны бүхий л шинжийг агуулж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хамаарна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүйгээр дуусгавар болгож буй нөхцөл шалтгаан тодорхойгүй. Нэхэмжлэгч нарын ажил олгогчтой байгуулсан 2020 оны хөдөлмөрийн гэрээний 1.а хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажил олгогч “Оюу Толгой” ХХК-тай инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт болон менежментийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу “Оюу толгой” ХХК-д ойролцоогоор 71 сарын хугацаанд инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт болон менежментийн гэрээнд заасан нөхцөл шаардлагын дагуу үйлчилгээ үзүүлэхээр тохирсон, 1.b...ажил олгогчоос даалгасан тодорхой ажлыг ажилтнаар гүйцэтгүүлэх зорилгоор..., 1.с хэсэгт... шаардлагатай ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэх зорилгоор... гэж тус тус заасан. “Оюу Толгой” ХХК-тай байгуулсан менежментийн гэрээний хугацаагаар “у о” ХХК-ийн ажиллах хугацаа хязгаарлагдаж байгаа бол ажилтнуудтай байгуулж буй хөдөлмөрийн гэрээ ч мөн тэр хугацаатай нийцэж байх ёстой. Хөдөлмөрийн гэрээний 1.а хэсэгт зааснаас харахад ажил олгогчийн “Оюу Толгой” ХХК-тай байгуулсан гэрээ 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 71 сарын хугацаагаар тооцвол 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болохоор байна. Гэтэл Хөдөлмөрийн гэрээний хугацаа ажил олгогчийн хэрэгжүүлж буй төслийн үргэлжлэх хугацаагаар бус хамгийн анх гэрээ байгуулснаас хойш 1 жилийн хугацаагаар, цаашид 1 жилээр сунгагдана эсхүл сунгагдахгүй ч байж болохоор байгуулж байгаа нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан үндсэн зорилго, хэрэгцээ шаардлагатай нь огт нийцэхгүй байна. Мөн нэхэмжлэгч Х.Б-ын “зардлын инженер” ажлын байр, нэхэмжлэгч Б.А-ын “цахилгааны ахлах ажилтан” ажлын байр цаашид ажил олгогч “Оюу Толгой” ХХК-ийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагагүй болсон эсэх нь тодорхойгүй. Иймд гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэгч нарыг чөлөөлсөн, “у о” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 241/20, 242/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх ажлын 157 хоногт нэхэмжлэгч Х.Б-ын хувьд нэг өдрийн дундаж цалин                    403 900 төгрөг байх тул 63 412 303 төгрөг, нэхэмжлэгч Б.А-ын хувьд нэг өдрийн дундаж цалин 464 654 төгрөг байх тул 72 950 690 төгрөг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих ёсоор олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү. Үүнээс гадна нэхэмжлэгч Б.А-ын хувьд 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар гүний уурхайд бүтэн ажилласан боловч гэрээний хавсралт 1-д заасан хэвийн бус ажлын нөхцөлийн зөвхөн хэсэгчилсэн нэмэгдэл болох 6.5 хувийг олгосон. Уурхайд хамт ажиллаж байсан бүх ажилтан хэвийн бус нөхцөлийн бүтэн нэмэгдэл буюу 13 хувийн нэмэгдэл авдаг. Энэ тухай нягтлан бодогч болон хүний нөөцөд хандсаны дагуу 2020 оны 05 дугаар сараас бүтэн нэмэгдэл олгож эхэлсэн боловч өмнөх хугацааны дутуу авсан нэмэгдлийг “өмнө авсан байх ёстой” “тооцоо нийлж шийдвэрлэнэ” гэж хойшлуулсаар халагдсан тул авч чадаагүй. Иймд 6.5 хувийн нэмэгдэл хөлс болох 14 264 833 төгрөгийг гаргуулж Б.А-т олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “у о” ХХК нь “Оюу Толгой” ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт болон менежментийн гэрээний хүрээнд нэхэмжлэгч Х.Б-тай хөдөлмөрийн гэрээг анх 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 12 сарын хугацаатай байгуулж, “Оюу толгой” төслийн талбай дахь “Зардлын инженер” албан тушаалд томилсон улмаар 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилээр, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус сунгасан. Нэхэмжлэгч Б.А-тай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 11 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж, “Оюу толгой” төслийн талбай дахь ашиглалтад оруулах хэлтсийн “Цахилгааны ахлах ажилтан” албан тушаалд томилсон, улмаар гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байна. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажил олгогч нь нэхэмжлэгч Х.Б-, Б.А- нартай шинээр хугацаатай хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулж, гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахыг харилцан тохиролцсон болно. Нэхэмжлэгч нарын дээрх албан тушаал анхнаасаа байнгын бус ажлын байр байсан. Анх гэрээ байгуулахдаа байнгын бус ажлын байранд ажиллах санал тавьж талууд тусгайлан харилцан тохиролцож, нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрснөөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 1(с), 2.1-д зааснаас харагдана. Түүнчлэн, компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусч цаашид сунгагдахгүй болохыг нэхэмжлэгч Х.Б-, Б.А- нарт 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиролцооны талаар анх гэрээнд гарын үсэг зурах үедээ бүрэн мэдэж байсан. Мэдээгүй байсан ч Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байна. Мөн Б.А-ын албан тушаалд шинээр ажилтан авах тухай зар гараагүй бөгөөд өөр хүн авч ажиллуулаагүй болно. Одоогийн байдлаар “Оюу толгой” төслийн 33 үе шатны ажлаас 23 ажил дууссан. Нэхэмжлэгч Х.Б-ын хувьд зардлын инженер буюу оффисын ажилтан тул томоохон төслүүд дууссантай холбоотой гэрээг сунгах шаардлагагүй болсон. Уг ажлууд дууссаны дараа зүгшрүүлэх тохируулах ажиллагаа шаардлагатай тул түүнтэй гэрээг нэг жилээр сунгасан байсан болно. Энэ ажил мөн дуусч байгаа тул гэрээг сунгах шаардлагагүй болсон. Нэхэмжлэгч Б.А-ын хэвийн бус нөхцлийн нэмэгдлийн хувьд компанийн “Ашиглалтад оруулах хэлтэс” “Оюу толгой” төслийн талбайд гадаргын дэд төслүүдийг ашиглалтад оруулахаар талбайд очиж ажиллах, ашиглалтад оруулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх зэргээр “Оюу толгой” төслийн талбай дээр буюу гүний уурхайд бүтэн цагаар тасралтгүй ажиллах бус харин ээлж бүрийнхээ дийлэнх хэсгийг тогтмол гүний уурхайд орж ажилласныг “хэсэгчилсэн” хэвийн бус нөхцөлд ажилласнаар тооцож, хэвийн бус нөхцлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 6.5 хувиар бодож олгодог. Энэ нь ашиглалтад оруулах хэлтсийн ажилтнууд “бүрэн” хэвийн бус нөхцөлд байнга ажилладаггүй. Ажиллах байршил, нөхцлөөс хамааран Б.А-ын ажиллах хөдөлмөрийн нөхцөл тодорхой хугацаанд өөрчлөгдөж байсан ба 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр болон 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус тус хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн нэмэгдлийг 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл 13 хувиар тооцож олгосон. Харин 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөийн нэмэгдэл цалинг бүрэн олгоогүй гэх асуудлаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу тэрээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл цалинг 6.5 хувиар тооцож олгосноос хойш 3 сарын дотор буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дотор энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан.  Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн аливаа хүндэтгэн үзэх шалтгааны талаар нэхэмжлэлд дурдаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “у о” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нэхэмжлэгч Х.Б-т 63 412 303 төгрөг, нэхэмжлэгч Б.А-т 72 950 690 төгрөг болон нэмэгдэл хөлс 14 264 833 төгрөг, нийт 150 627 826 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.А-, Х.Б- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд үйлдвэрчний эвлэлүүдийн үндсэн эрхийг баталгаажуулсан бөгөөд 5.1.5-д заасны дагуу үйлдвэрчний эвлэл нь хөдөлмөрлөх эрхийг хамгаалахтай холбогдсон аливаа асуудлаар гишүүд, ажилтны санаа, бодол, эрэлт хэрэгцээг судлан захиргаанд шаардлага тавих, мэдэгдэл гаргах, зохих байгууллагад төлөөлөх эрхтэй. “у о” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэл нь нэхэмжлэгч нарыг төлөөлөх, тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон асуудлаар гомдол гаргах эрхийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд тус тус хандаж улмаар Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажилчидтай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан зөрчлийг тогтоож, зөрчил арилгуулах тухай 01-06-092/43 дугаар албан шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, ажилчид өөрсдийн эрх ашгийг төлөөлөх үйлдвэрчний эвлэлээр дамжуулан холбогдох асуудлаар төрийн байгууллагад гомдол гаргаж шийдүүлсэн болохыг шүүхээс анхааралгүй ажилтан бүр шүүхэд хандах ёстой мэт шаардлага тавьсныг буруу гэж үзэж байна. Хэрэгт авагдсан ажил олгогчийн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 089/19 дугаар тушаалын хавсралтаар 118 албан тушаал, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны 203/20 тушаалаар 71 албан тушаалын тоог баталсан. Харин албан тушаал гэдэгт тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагааг гүйцэтгүүлэхийн тулд тухайн этгээдэд олгосон эрх ба үүргийн нэгдлийг ойлгодог бөгөөд ажил олгогчийн зүгээс 118 болон 71 байнгын албан тушаал байхаар баталсныг “у о” ХХК-ийн бүх ажилчдын бүтэц, орон тоо гэж үзэхгүй. Гэтэл анхан шатны шүүхээс батлагдсан 71 албан тушаалыг нийт ажилтны тоотой адилтган авч үзэн нотлох баримтыг алдаатай үнэлж, компани нь нийт 71 ажилтантай гэх буруу дүгнэлтэд хийсэн. Хэрэгт авагдсан ажил олгогчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 203/20 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын жагсаалтын 28-30 дах мөрөнд “цахилгааны ахлах ажилтан” “цахилгааны ахлах” гэж, тус жагсаалтын 84 дэх мөрөнд “Өртөг зардлын ахлах инженер” гэж тус тус нэхэмжлэгч нарын ажил, албан тушаалыг баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс нотлох баримтыг бодитой үнэлж чадаагүй, нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж тогтоосон горимын дагуу удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэдэг байнгын ажлын байрыг нь байнгын бус ажлын байр хэмээн алдаатай дүгнэжээ. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.А-т нэмэгдэл хөлс 14 264 833 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдлын хэмжээнд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, талуудын маргааны үйл баримтыг зөв тогтоож хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаарлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Б-, Б.А- нар нь хариуцагч “у о” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт Х.Б-т 63 412 303 төгрөг, Б.А-т 72 950 690 төгрөг болон нэмэгдэл хөлс 14 264 833 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх1-4, 182-186, 54-55, 238-239/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэг хариуцагчид холбогдуулан ижил үндэслэл зааж тус тусдаа гаргасан “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргүүдийг нэгтгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийнх 68.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Ажил олгогч “у о” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэсэн 241/20 дугаар тушаалаар Х.Б-тай, 242/20 дугаар тушаалаар Б.А-тай тус тус байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр үүрэгт ажлуудаас нь чөлөөлсөн байна. /1хх 30, 212/

 

Нэхэмжлэгч нар нь дээрх тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасныг зөрчсөн, гэрээг дуусгавар болгож буй нөхцөл шалтгаан тодорхойгүй, ажил олгогч болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байгаа тул нэхэмжлэгч нарын ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа” гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Хариуцагч тал дээрх шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзалдаа “...“Оюу Толгой” ХХК-тай хугацаатай, тодорхой ажил гүйцэтгэхээр байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нартай байнгын бус ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, нэхэмжлэгч нар нь ажиллаж байсан байнгын бус ажлын байр болон гэрээг хугацаатай байгуулсныг эс зөвшөөрч байсан бол энэ талаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлүүд заан маргажээ.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдсон.

Тодруулбал, ж о ХХК /одоогийн “у о” ХХК/-аас Х.Б-т хандан 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “...Оюу Толгой Сайт-д байрлах, байнгын бус ажлын байранд зардлын инженер албан тушаалд ажиллах...” санал гаргасныг /1хх 6/ хүлээн авснаар талууд 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 12 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан /1хх6-13/, уг гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан нэмэлт өөрчлөлт 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хийж, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан “Байнгын бус ажлын байранд ажиллах санал”, “Хөдөлмөрийн гэрээ”, “Хөдөлмөрийн гэрээ №129/17-01 нэмэлт өөрчлөлт” гэсэн баримтуудаар тогтоогдсон байна. /1хх 15-24/

 

Мөн хэрэгт авагдсан “Байнгын бус ажлын байранд ажиллах санал”, “Хөдөлмөрийн гэрээ”, “Хөдөлмөрийн гэрээ №115/18-01 нэмэлт өөрчлөлт” гэсэн баримтуудаас /1хх 191-197/ үзвэл, ж о ХХК /одоогийн “у о” ХХК/-аас Б.А-т 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хандан, “...Оюу Толгой Сайт-д байрлах цахилгааны ахлах ажилтан-ашиглалтад оруулах баг албан тушаалд ажиллах...” санал гаргасныг /1хх 101/ хүлээн авч талууд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 11 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан /1хх101-107/, уг гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг үндэслэн талууд гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар дахин 12 сарын хугацаатай гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулжээ. /1хх 191-197/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох талаар заасан. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан дээрх үйл баримтаас үзвэл ажил олгогч болон ажилтан нар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар чөлөөтэйгээр ашиг сонирхол, хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

           Иймд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нарын зүгээс “анхан шатны шүүх ажилчид өөрсдийн эрх ашгийг төлөөлөх үйлдвэрчний эвлэлээр дамжуулан холбогдох асуудлаар төрийн байгууллагад гомдол гаргаж шийдүүлсэн байхад нэхэмжлэгч тус бүр шүүхэд хандах ёстой мэт дүгнэсэн, хэрэгт авагдсан ажил олгогчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 203/20 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарын ажлын байр байнгын буюу 28-30 дах мөрөнд “цахилгааны ахлах ажилтан” “цахилгааны ахлах” гэж, 84 дэх мөрөнд “Өртөг зардлын ахлах инженер” гэж тусгагдсан байгааг анхаараагүй” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтан нь шүүхэд нэхэмжлэл гаргах талаар зохицуулсан ба хэрэгт “талуудын хооронд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой” талаарх хамтын гэрээ авагдаагүй байна. Мөн нэхэмжлэгч нарын хувьд 2017, 2018 онд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ хууль тогтоомж зөрчсөн талаар шүүхэд болон өөр бусад эрх бүхий байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдол гаргасан талаар баримтгүй байна.

 

Түүнчлэн, давж заалдах гомдолд дурдсан 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 203/20 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаас үзвэл /2хх125-126/, ажил олгогчийн зүгээс баталсан байнгын төрлийн 71 орон тоонд нэхэмжлэгч нарын урьд эрхэлж байсан “зардлын инженер”, “ашиглалтад оруулах хэлтсийн цахилгааны ахлах ажилтан” гэсэн ажлын байр тусгагдаагүй байна. Мөн дээр дүгнэснээр ажилтан нь ажил олгогчтой байнгын бус ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацааг тухай бүр сунгасан нэмэлт өөрчлөлтийг хөдөлмөрийн гэрээнд оруулж байсан нөхцөл байдал тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу талууд байнгын ажлын байранд ч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохыг хуулиар зөвшөөрсөн.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/01528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                   

                                       ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН