Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 161

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Ц-д холбогдох эрүүгийн 1710003410143 дугаартай, 187/2018/0150/Э индекстэй хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Б овогт С.Ц

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Ц нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хэсэг, ..... тоотод Х.Э-тай гэрээс хөөлөө гэж маргалдан улмаар сандал шидэж эрүүл мэндэд нь духанд шарх, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Ц нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар хэсэг, ..... тоотод хохирогч Х.Э-т хандаж “за одоо та нар явчих бид нар ах дүүгээрээ жаахан суух гэсэн юм” гэж хэлэхэд нь хохирогч “чи хүн хөөдөг хэн бэ” гэж хэлэн маргалдаж хохирогчийг шаазан аяга шидлээ хэмээн хажуудаа байсан төмөр хөлтэй модон тавцантай сандлыг толгой руу нь шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч С.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би айлд байж байхад Х.Э гэдэг хүн орж ирсэн, эхлээд хөөгөөд гаргасан чинь дахиад ороод ирж надад чи намайг хөөдөг хэн бэ гэж хэлээд ширээн дээр байсан шаазан аяга шидсэн боловч оноогүй, би сандраад хажууд байсан төмөр хөлтэй модон тавцантай сандал аваад шидтэл толгойг нь оночихсон...Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна, миний буруу...Би хохирогчид 700.000 төгрөг төлсөн...Би барилга дээр тогооч хийж байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би Хан-Уул дүүргийн .... дугаар хороо .... дугаар хэсэгт Т /Б.Б/  гэх айлд Н, П хоёртой цуг очсон. Тухайн үед бүрэнхий болж байсан би өөрөө яаж очсоноо сайн санахгүй байна манай хоёр найз намайг сугадаад хамт очсон байгаа юм. Тэнд очиход Т /Б.Б/ мөн эрэгтэй эмэгтэй хоёр хүн гэрт нь цуг байсан. Би яг юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт ухаан ороод сэргэсэн чинь миний дух хэсэгт оёо тавьсан байсан. Маргааш нь би гэртээ ирээд байж байтал ухаан алдаад унасан тэгтэл манай хадам ээж түргэн дуудаж гэмтлийн эмнэлэгт дахиж ирсэн. Тэгээд эмнэлэг дээр тархины зураг авахуулж байгаа эмнэлгээс гарсан. Тухайн үед юу болсон талаар би санахгүй байгаа юм манай хоёр найз юу болсон талаар мэдээд надад хэлсэн. Тэр үед Т /Б.Б/ гэх айлд байсан эмэгтэй хүнийг би хөгшин гэж хэлээд аяга шидсэн чинь намайг төмөр сандлаар толгой хэсэгт цохиж авсан гэсэн...Би С.Ц гэх эмэгтэйгээс хохирлын мөнгө болгож 700.000 /долоон зуун мянга/ төгрөг авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44, 45, 46-47/

            3. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр 15 цагийн үед байна уу одоо цагийг нь сайн мэдэхгүй байна, өөрийн хамтран амьдрагч С.Ц-н хамт очсон. Би ойрын хэдэн жил ахынхаа гэрт очоогүй байсан учраас хамтран амьдарч байсан эмэгтэйг дагуулан очсон. Тэнд би Т /Б.Б/ ах манай хамтран амьдрагч бид 3-уулаа нэг шил архи уугаад ахын гэрт сууж байтал гаднаас гэрт нь 3 хүн орж ирсэн. Хэсэг хугацааны дараа гаднаас орж ирсэн 3 хүн гараад явсан. С.Ц, Т /Б.Б/ ах бид гурав гэрт нь үлдээд дахиад нэг шил архи уугаад юм яриад сууж байтал гаднаас өдөр орж ирсэн 3 хүн дахиад 2 хүн нэмэгдээд 5-уулаа орж ирсэн. Тэгтэл манай хүн С.Ц та нар одоо явчих бид нар ах дүүсээрээ жаахан сууж юм ярих гэсэн юм гэтэл гаднаас орж ирсэн Х.Э гэгч этгээд нь чиний гэрт байгаа юм уу чи хүн хөөдөг хэн бэ гээд манай С.Ц руу шаазан аяга шидсэн чинь оноогүй юм. Тэр үед нь С.Ц хажуудаа байсан явган сандлыг аваад Х.Э гэж хүн рүү шидсэн чинь тэр хүнийг оносон. Х.Э-н дух хэсгээс дээш онох шиг болоод цус гарч байсан. Тэгээд цуг байсан нэг эмэгтэй нь С.Ц-н утсаар...цагдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/                     

            4. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ байж байтал манай дүү болох Б.Б өөрийн хамтран амьдрагч гээд нэг эмэгтэйн хамт Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хэсэг, ..... тоот гэрт 14 цагийн үед ирсэн. Б.Б түүний хамтран амьдарч байгаа эмэгтэй бид 1 шил архи ууж байтал гаднаас манай гэрт Х.Э, н.Н, н.П гэх хүмүүс орж ирсэн. Ууж байсан архинаасаа өгсөн. Тэгж сууж байгаад гаднаас орж ирсэн 3 гараад явсан. Бид нар унтах гээд би Б.Б хамтран амьдрагч хоёрт ор хийж өгөөд байж байтал гаднаас өдөр орж ирсэн Х.Э, н.Н, н.П 3 дахиад хоёр хүнтэй 5-уулаа орж ирсэн гэсэн би яг тухайн үед ямар асуудал болсон талаар санахгүй тасарсан байсан юм. Нэг мэдэхэд Х.Э тонгойгоод суучихсан толгойноос нь цус гарч байхад дээрээс нь алчуураар дарж байсан шиг санаад байгаа өөр мэдэх зүйл байхгүй байна...Сүүлд нь сонсоход Х.Э манай дүү Б.Б-н хамтран амьдрагч хүүхнийг янхан гэсэн гэл үү өөдөөс нь аяга шидсэн гэл үү тэгээд нөгөө эмэгтэй сандал аваад шидсэн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10389/-ний дүгнэлт:

                        -Х.Э-н биед духанд шарх, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

                        -Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 65/

            6. Шүүгдэгч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр найз залуу Б.Б-тай хамт түүний хамаатны ах Т /Б.Б/-ын Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ....... дугаар хэсэгт байдаг гэрт нь очсон. Биднийг очих үед Т /Б.Б/ ах тэгээд бас танихгүй хоёр залуу байж байгаад бид хоёрыг хараад гараад явчихсан юм. Бид хоёр тэднийд очихдоо 0,75 л савлагаатай Хараа архи авч очсон ба түүнийгээ ууж байтал анх Т /Б.Б/ ахын гэрт байсан эрэгтэй 2 залуу дагуулчихсан хүрч ирээд бидэнтэй хамт архи хувааж уусан ба би тэр гуравыг одоо явчих гэж хэлээд явуулсан. Тэгээд орой 20 цагийн үед Т /Б.Б/ ах, Б.Б бид гурав дахиад нэг шил архи хувааж уугаад сууж байтал өдөр хамт архи уусан 3 залуу тавуулаа болчихсон нэг шил архи бариад ороод ирсэн. Тэгээд би жаахан архи ууж байгаад тэдэнд хандаж “за одоо та нар явчих бид нар ах дүүгээрээ жаахан суух гэсэн юм” гэж хэлтэл Х.Э гээд залуу надад “чи хүн хөөдөг хэн бэ би ........даа байна” гэхээр нь би өөдөөс нь хэрэлдээд “би ахындаа байна” гэтэл ширээн дээр байсан шаазан аяга аваад надруу шидсэн боловч оноогүй. Тэгэхээр нь би сандарсандаа миний хажууд байсан төмөр хөлтэй модон тавцантай жижиг сандлыг аваад Х.Э руу шидтэл толгойг нь оночихсон. Тэгээд түүний толгойноос нь цус гараад байхаар нь би тэнд байсан эмэгтэйд гар утсаа өгөөд түргэн тусламж дуудуулсан юм. Тэгээд удалгүй намайг цагдаагийн газраас хүмүүс ирээд хэлтэс дээр авчирсан...Х.Э надруу аяга шидэхээр нь би зөрүүлээд гарт баригдсан юмаа аваад шидсэн нь сандал байсан...Би согтуу үедээ Х.Э-г цохиж гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-76/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Ц нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10389/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч С.Ц нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хэсэг, ..... тоотод хохирогч Х.Э-т хандаж “за одоо та нар явчих бид нар ах дүүгээрээ жаахан суух гэсэн юм” гэж хэлэхэд нь хохирогч “чи хүн хөөдөг хэн бэ” гэж хэлэн маргалдаж хохирогчийг шаазан аяга шидлээ хэмээн хажуудаа байсан төмөр хөлтэй модон тавцантай сандлыг толгой руу нь шидэж биед нь духанд шарх, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би С.Ц гэх эмэгтэйгээс хохирлын мөнгө болгож 700.000 /долоон зуун мянга/ төгрөг авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44, 45, 46-47/, хохирогчийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 85/, шүүгдэгчийн хувийн байдал /... настай, ........, .......... хамт амьдардаг.../ зэргийг харгалзан С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөлтэй, модон тавцантай явган сандал 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт С.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт С.Ц-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ц-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  С.Ц-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөлтэй, модон тавцантай явган сандал 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Ц-д сануулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР