Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0678/З |
Дугаар | 231 |
Огноо | 2019-06-24 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 231
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал,
газрын тосны газарт тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Л.Атарцэцэг,
Шүүгчид: Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Зуунмод, Зуунмод-1 нэртэй газарт орших 4968.12, 1136.37 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын XV-008480, XV-008492 дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц хэмжээний хайгуулын тусгай зөвшөөрлийг М ХХК-д олгохгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, урьд эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбай олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах, М ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-008480, XV-008492 дугаар тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0082 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0217 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганбат, түүний өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0082 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 53 дугаар зүйлийн 53.1.1, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Зуунмод, Зуунмод-1 нэртэй газарт орших 4968.12, 1136.37 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын XV-008480, XV-008492 дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц хэмжээний хайгуулын тусгай зөвшөөрлийг М ХХК-д олгохгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, урьд эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбай олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах, М ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-008480, XV-008492 дугаар тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0217 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0082 тоот шийдвэр, 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 217 тоот магадлалуудыг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.
4. 3асгийн газрын 2010 оны 299 тогтоолыг шүүх буруу ойлгож хэрэглэсэн талаар: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бусад баримттай харьцуулан үзэж дүгнэлт гаргахгүй байгаад туйлын гомдолтой байна. Засгийн газрын 2010 оны 299 тогтоолын 3 дугаар зүйлийн 3.4.2-т хэсэгт зааснаар жагсаалт өдөр тутмын хэвлэлд нийтлэгдсэнээс хойш 30 хоногийн дотор өргөдөл гаргах журмыг зөрчсөн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Зууны мэдээ сонинд тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын жагсаалт хэвлэгдэх үед манай байгууллагын эзэмшиж байсан талбай ойн сан, усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхацсан нөхцөл байдал тогтоогдоогүй байсан тул эрх зүйн ач холбогдолгүй баримтыг үндэслэж журамд заасан хугацаанд хүсэлт гаргаагүй гэж хууль зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.
5. 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Зууны мэдээ сонинд тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын нийтлэгдсэн жагсаалт бол зөвхөн алтны шороон ордны тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамааралтай тогтоол юм. 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр ЗГ-н тогтоолоор хөндөгдөж ХV-008873Х8 XV- 008874Х тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай нөхцөл байдал тогтоогдсон эрх ашиг хөндөгдөж эхэлсэн. 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоол гарч манай байгууллагын эрх ашиг хөндөгдөж эхэлсэн цагаас захиргааны байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газар нь Засгийн газрын 2010 оны 299 тогтоолын 3 дугаар зүйлийн 3.4.2-т хэсэгт заасны дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчид албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй.
6. Засгийн газрын тогтоол гарсанаас хойш захиргааны байгууллага нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй эс үйлдэл гаргасан тул ашигт малтмалын тухай хуулинд нөхөн олговрыг хуулийн үйлчлэлд хамаарсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид нарт заавал олгох асуудлыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ашигт малтмалын тухай хуулийн 14 зүйлийн 14.4, 14.5, 9.1.13, 26.3 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах замаар хуульчилж хуулиар нөхөн олговор авах асуудал баталгаажсан. Хуулинд өөрчлөлт орсоны дагуу нөхөн олговор авах хүсэлтийг бид Ашигт малтмалын газарт 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дахин гаргасан ч нөхөн олговорын асуудал улсын төсөвт суугаагүй гэж бичгээр мэдэгдэж биднийг хүлээлгэсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох үүргийг хуулиар төрийн байгууллагад 2014 оны Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн заалтыг нэмж хуулинд илүү нарийвчилсан өөрчлөлт оруулсан байхад хэрэгжээгүй Засгийн газрын 2010 оны 299 тоот тогтоолын үйлчлэл нь 2014 онд өөрчлөлт орсон ашигт малтмалын хуулиас дээгүүр үйлчлэлтэй гэж шүүх дүгнэж буйг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
7. Хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны талаар: Манай байгууллагын зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2012 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд нөхөн олговор авах, эсхүл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах утга бүхий хүсэлтийг АМГТГ-т гаргасан ч хариу өгөөгүй, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөн л уг асуудлаар хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын газраас 2014 оны 09 сарын 12-ны өдөр 5147 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ ХV-008873Х, ХV-008874Х тусгай зөвшөөрлийн дагуу манай байгууллагын эзэмшиж байсан талбайг хориглосон хилийн заагтай давхцалтай талаар, мөн 2010 оны 299 тогтоолын 3 дугаар зүйлийн 3.4.2-т хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд учир тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн олговор авах асуудлыг хүлээж авахгүй гэх хариуг ирүүлсэн. Энэ баримтыг үндэслэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид гомдол гаргасаны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0691 тоот тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй болохыг шийдвэрлэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад журамд заасан хугацааны дотор хүсэлт гаргаагүй гэх үндэслэл зааж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй байна.
8. Хариуцагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж манай байгууллагад ялгамжтай хандсан. Тодруулбал хариуцагч нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарсан зарим аж ахуйн нэгжид өдөр тутмын сонинд тусгай зөвшөөрөл эзэмшигч нарийн жагсаалт хэвлэгдсэн талаар, нөхөн олговор авах хүсэлтийг журамд заасан хугацааны дотор гаргах талаар албан бичгийг хүргүүлж байсан үйл баримт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. /Шүүх.мн сайтаас манай хажууд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үзсэн./ Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын жагсаалт 2011 онд өдөр тутмын хэвлэлд нийтлэгдсэнийг бид мэдээгүй, сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах гэж байгаа бол захиргааны байгууллага бидэнд мэдэгдэх үүрэгтэй юм. Хүн бүр өдөр тутмын хэвлэл унших боломжгүй шүү дээ хэвлэлд нийтлэгдсэн бол мэдэгдсэн гэж үзэх нь учир дутагдалтай хариуцагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговрыг хуулийн хугацаанд авах эсэх талаар мэдэгдэл хүргүүлсэн эсэхийг нягтлах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримт юм.
9. Хуулийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид нөхөх олговорыг өгнө гэх хариуцагчийн тайлбар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасантай нийцэхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай асуудлыг зохицуулсан ба уг хуулийн 22.1.3 байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухай үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтдээ хавсаргах шаардлагыг тавьсан. Гэтэл Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоол гарч манай компанийн эрх ашиг хөндөгдөж бидний эзэмшиж байсан хайгуулын талбай Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцсан учраас биднийг тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулахыг төрийн байгууллагаас зогсоосон. Нэгэнт хуулийн үйлчлэлд хамаарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогссон тул тайлан хүргүүлэх, хайгуулын тухай үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг батлуулах ямар ч боломжгүй болсон. Үйл ажиллагаа явуулсан тохиолдолд дээрх баримтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүрдүүлдэг хуультай.
10. Нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэх талаар: 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор ойн сан, усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхацсан учраас нэхэмжлэгч нь ХV-008873Х, ХV-008874Х тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжгүй болсон. Тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацаа бодит байдал дээр биднээс шалтгаалан хүчингүй болж, дуусгавар болсон зүйл байхгүй харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарсан тул нэхэмжлэгчийн “...тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй,... харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
11. Шүүх тусгай зөвшөөрөл хүчингүй болсон гэх хариуцагчийн тайлбарыг зөвтгөж буйн хууль зүйн үндэслэлгүй. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл сунгуулах гол нөхцөл нь урд жилд хайгуул хийсэн байх, хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулсан байх, хийгдсэн хайгуулын ажлаа хариуцагч байгууллагад тайлагнасан тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хууль журамтай. Гэтэл Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын биелэлттэй холбоотойгоор 2012 оны намраас эхлээд зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулахыг төрийн байгууллагаас шууд хориглосон учир 2012 он 2013 онд хайгуул хийгдээгүй тул тусгай зөвшөөрөл сунгуулах нөхцөл бүрдээгүй. Хуулийн үйлчлэлд нэгэнт хамаарсан тул АМГТ газрын зүгээс бидний тусгай зөвшөөрөлд бүртгэл нэмж хийлгүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээж авах, хугацаа сунгах, ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах эрхийг олгоогүй.
12. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт, малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох” журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д “... тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор”-ыг олгох харилцааг зохицуулсан. Гэтэл манай байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нөхөн олговор олгоогүй атлаа Кадастрын хэлтсийн мэдээллийн санд цуцлагдсанаар бүртгэж, ХV-008873Х, ХV-008874Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусаж цуцлагдсан гэж буйн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн.
13. Ашигт малтмалын тухай хуулийн 13.1.3-д заасны дагуу ....тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй болох, 14 дүгээр зүйлийн 14.4-д “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн заалттай хүрээнд хариуцагч нь нөхөх олговор манай ХХК-д төлөх үүрэгтэй. Тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй нийцэхгүй байна. Засгийн газрын 2010 оны 299 журмын 4.5-д “Нөхөх олговор нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан байна” гэж заасны дагуу нөхөн төлбөр авахын тулд 8 жилийн турш хүлээсэн ч нөхөн төлбөрийн мөнгөн хөрөнгө төсөвт суугаагүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай байгууллагын эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохдоо нөхөн олговор олгох эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, хуулийн 26.9-т зааснаар шийдвэрлэх боломжтой байтал нэхэмжлэгчийн нөхөн төлбөр авах талаарх хүсэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтан хууль заасны дагуу шийдвэрлээгүй нь хууль бус гэж үзэж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0082 тоот шийдвэр, 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 217 тоот магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
14. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хэрэглэгдэх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
15. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Зуунмод, Зуунмод-1 нэртэй газарт орших 4968.12, 1136.37 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын XV-008480, XV-008492 дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц хэмжээний хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компанид олгохгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, урьд эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбай олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах, “М” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-008480, XV-008492 дугаар тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
16. “М” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Зуун мод нэртэй газарт орших XV-008480 тоот, Зуунмод-1 нэртэй газар орших XV-008492 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан бөгөөд Улсын Их Хурлаас 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталсантай холбогдуулан гаргасан Засгийн газрын 2011 оны 174 дүгээр, 2012 оны 194 дүгээр тогтоолоор хилийн заагийг тогтоосон, тус тогтоолын хавсралтад заасан солбицолд нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлүүдийн талбай бүхэлдээ хамаарч, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.
17. Харин нэхэмжлэгчээс, дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх”-өөр заасны дагуу нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нөхөх олговрыг олгохдоо, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар тус компанийн урьд эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбай олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
18. Мөн, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу, Засгийн газар 2010 оны 299 дүгээр тогтоолоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг баталсан.
19. Уг журмын 3.4-т “Дараахь тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй: ...3.4.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй”, 4.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах гээд, 4.1.1-4.1.8-д хүсэлтэд хавсаргах баримт”-ыг заасан байна. Мөн энэхүү журамд заасны дагуу Ашигт малтмалын газраас “Зууны мэдээ” сонины 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 239 дугаарт, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд нөхөх олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргахыг анхааруулсан зарыг нийтэлсэн байжээ.
20. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК нь дээрх хууль, журамд заасан хугацааны дотор нөхөх олговор авах хүсэлтээ захиргааны байгууллагад холбогдох баримтын хамт гаргаж байгаагүй, харин 2013, 2014 онуудад “хайгуулын зардал нэхэмжлэх” тухай хүсэлтийг гаргаж байсан болон нэхэмжлэгч компанийн эзэмшлийн XV-008480, XV-008492 тоот тусгай зөвшөөрлийг, хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон нөхцөл байдлууд тогтоогдсон байна.
21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан бол, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан. Дээрх байдлаар нэхэмжлэгч “М” ХХК нь нөхөх олговор авах хүсэлтээ захиргааны байгууллагад зохих журмын дагуу гаргаж байгаагүй нь тогтоогдсон тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрыг нэхэмжлэгчийн гаргасан нөхөх олговор авах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.
22. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 18, 20, 24 зүйлүүдэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохоор, төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар нь тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэрэгжүүлэхээр заасан тул шүүхүүдийн, нэхэмжлэгчээс нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, урьд эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбай олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
23. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0082 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0217 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА