Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0810

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,                                                                             Нэхэмжлэгч: “Далай гүүш” ХХК /РД:6630812/                                                  Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “Том консалтинг” ХХК /РД:5966892/                                    

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:                                                

1.1.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 тоот захирамжийн “Том консалтинг” ХХК-д холбогдох хэсгийн “Далай гүүш” ХХК-тай давхцалтай 360004.9 м.кв газрыг хүчингүй болгуулах.

1.2.“Далай гүүш” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах.

Хоёр.Хэргийн үйл баримт талаар:

2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/653 дугаар тушаалаар “Далай гүүш” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн амны хязгаарлалтын бүсэд аялагч түр буудаллах, отголох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 49952 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгохыг зөвшөөрч, 0201767 дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон байна.

2.2.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамжаар “Том консалтинг” ХХК-нд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 53.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.                                                                  2.3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар “Далай гүүш” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

2.4.”Далай гүүш” ХХК-иас 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын  1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн өөрийн ашиглаж байсан гэх Ташгайн аманд байрлалтай 49954.7 м.кв газрыг эзэмших эрх олгох хүсэлт гаргасан байна.

2.5.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01-05/5519 тоот албан бичгээр “...дээрх тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Богдхан уулын дархан цаазат газрын хилийн гадна газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн асуудлыг Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлэх тул танай гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг хүргүүлжээ.

2.6.Нэхэмжлэгчээс “нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчингүй болоогүй буюу хүчинтэй байх хугацаанд Нийслэлийн Засаг дарга бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулж гуравдагч этгээдэд газар олгосон нь хууль бус, хууль ёсны итгэл хамгаалах зарчим, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн, нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа явуулж газар эзэмших эрх олгосон гэх боловч дуудлага худалдаа явуулсан баримт байхгүй, тиймээс нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд олгосон гэж үзэх үндэслэлтэй, дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлөөгүй байхад газар эзэмших олгосон нь хууль бус, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоол, ажлын хэсгийн тэмдэглэл, шийдвэрүүдээс үзвэл төрийн байгууллагууд анхнаасаа хилийн цэс буруу байсныг зөв болгож залруулах зорилгын хүрээнд газар ашиглагч, эзэмшигчийн эрх зөрчигдөхгүй байхыг зөвшилцсөн байх тул Байнгын хорооны тогтоолын дагуу нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргах эрхтэй, үүний дагуу гаргасан газар эзэмших хүсэлтийг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх үүрэгтэй байтал хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх агуулгаар хариу өгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, эс үйлдэхүй үзүүлсэн нь хууль бус, тиймээс хуульд заасан журмын дагуу хүсэлтийг бүх талаас нь бүрэн дүрэн үндэслэл бүхий эргэлзээгүйгээр шийдвэрлэхийг даалгах үндэслэлтэй” гэж,

Хариуцагчаас “нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хүрээнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, нэхэмжлэгчид газар олгох шийдвэр гаргаагүй тул түүний газар дээр давхцуулан газар эзэмшүүлсэн гэж үзэхгүй, Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчид тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гурван талт гэрээг байгуулахаас татгалзсан хариу өгч байсан бөгөөд газар ашиглах эрх баталгаажаагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хүчингүй болсон, нэхэмжлэгчээс Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангуулахтай холбогдуулан холбогдох албан тушаалтан, Засгийн газарт хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй байхад уг тогтоолын дагуу үүрэг хүлээгээгүй нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газрын нэгдсэн системийн хөгжүүлэлтийн ажил хийгдэж байгаатай холбогдуулан газрын дуудлага худалдааны үнэ системд өөрөөр харагдаж байгаа, газрын албанаас бүсчлэлээр нь нарийн тооцоолсон дүнг нэхэмжлэгч төлсөн, гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шууд сэргэх ямар нэгэн үндэслэл байхгүй” гэж,

Гуравдагч этгээдээс “гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон захирамжийн улмаас нэхэмжлэгчид зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй, нэхэмжлэгчид газар ашиглах эрх анхнаасаа хууль бусаар олгогдсон, үүнийг хүлээн зөвшөөрч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчид хүчин төгөлдөр газар ашиглах эрх үүсээгүй, тиймээс бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцалтай байсан гэж үзэх үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус эрхэд үндэслэсэн тул хууль ёсны итгэл хамгаалах зарчим яригдахгүй, гуравдагч этгээдэд хууль ёсны дагуу үүссэн газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтэд хариуцагчаас тодорхой хариулт албан бичгээр өгсөн тул хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гэж үзэхгүй” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:                                                                       

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэгээс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 4 дэх заалтад тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн. Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг эзэмших эрх олгох байдлаар хуульд нийцүүлж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан байна. Мөн байнгын хорооны тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/2054 тоот албан бичигт “…Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүйгээр … газар эзэмших эрхийн гэрчилгээг, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг  хуульд нийцүүлж, шийдвэрлэж хамтран ажиллахыг хүсье …” гэсэн байдаг. Уг шийдвэрийн дагуу манай компани Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/653 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 49954.7 метр квадрат газрыг Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад 2025 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өгсөн бөгөөд тус байгууллага 2025 оны 8 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авсан. Уг хүсэлтийн хариуд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 01-05/5519 тоот албан бичгийг 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шуудангаас хүлээн авсан. Тус хариуд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн манай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоол, бүх байгууллагын албан бичигт “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ын агуулгыг хангаж шийдвэрлэхийг үүрэг болгосон, энэ хүрээнд  манай компани нь Нийслэлийн Засаг даргад хандан газрыг үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглах буюу газар эзэмших, ашиглах эрх олж авах талаар хүсэлт гаргах, түүндээ шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байхад хариуцагч Нийслэлийн Засаг даргаас манай гаргасан хүсэлтийг “шийдвэрлэх боломжгүй” гэх ойлгомжгүй хариу өгч, шийдвэрлэхгүй  орхигдуулж байгаа нь Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 21.2.4 дэх заалтад “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн хилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх” гэж тус тус зохицуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага  тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдийг үзэхэд, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх нь Нийслэлийн Засаг даргын үндсэн чиг үүргийн нэг байх бөгөөд энэхүү чиг үүргээ иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж, тухайн өргөдөл, хүсэлтэд дурдсан шийдвэрлүүлэхийг хүсэж буй асуудлыг орхигдуулахгүйгээр хариу өгөх нь хариуцагчийн үүрэг байна. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн агуулгыг сайтар судлахгүйгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01-05/5519 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын яамнаас Богдхан уулын дархан цаазат газрын хилийн гадна газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн асуудлыг Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлэх тул танай гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгсөн нь асуудлыг огт шийдвэрлэхгүй орхигдуулсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дэх хэсэг “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээд өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасанд нийцэж байна. Ийм учраас Нийслэлийн Засаг дарга нь Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолд зааснаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.                       

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/922 дугаар захирамжийн “Том консалтинг” ХХК-д холбогдох хэсгээс “Далай гүүш” ХХК-ийн ашиглаж байсан газартай давхцал бүхий хэсгийг дараах байдлаар хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт тухайн захиргааны акт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан газар нь бусдыг эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байна гэдгийг зөрчсөн. Тухайн маргаан бүхий захиргааны акт 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гарсан байдаг. Гэтэл тухайн үед нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрх нь хүчинтэй буюу газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай сайдын тушаал гараагүй байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосны дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1/5353 тоот Нийслэлийн Засаг даргын албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсан газар ашиглах эрхийг хүчингүй болгож арга хэмжээ авч өгнө үү гэдэг бичгийг хүргүүлсэн. Тухайн газар ашиглах эрх хүчин төгөлдөр байгааг мэдсээр байж давхцуулан газар эзэмших эрх олгосон нь уг баримтаар нотлогддог. Тэгэхээр маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн. Хоёрдугаарт тухайн захиргааны актыг гаргахдаа Нийслэлийн Засаг даргын зүгээс эрх мэдлээ хэтрүүлсэн буюу үндэслэлгүйгээр газар эзэмших эрх олгосон. 2023 оны А/922 дугаар захирамжийн үндэслэлд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тусгасан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад энэ заалтыг залруулаад 33.1.2-т заасан үндэслэл буюу дуудлага худалдаагаар тухайн газрыг нь олгосон гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарладаг. Мөн шүүхээс нэмэлтээр бүрдүүлсэн нотлох баримтыг хүрээнд Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн бичигт тусгагдсан байсан. Тэгэхээр Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдааны журмаар газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд олгосон гэж байгаа учраас шүүхээс үүнтэй холбогдуулаад нотлох баримтуудыг Газар зохион байгуулалтын албанаас шаардсан. Үүний хариуд ирсэн баримтуудтай танилцахад дуудлага худалдаа явуулсантай холбоотой баримт байхгүй байсан. Тайлбартаа дурдсан боловч холбогдох баримтуудыг нь ирүүлээгүй. Тэгэхээр Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журмыг баталсан. Тухайн журам одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Захиргааны акт гарах үед мөн адил хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Тухайн журмын 3.1.1 дэх хэсэгт зааснаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр газар эзэмших эрх олгож байгаа тохиолдолд дуудлага худалдаа явуулах журмыг мөрдөнө. Гэтэл журамд заасан ажиллагаа огт хийгдээгүй буюу дуудлага худалдааг нээлттэй, ил тод зарлаагүй, бодитоор, тэгш, шударга оролцох боломжийг хангаагүй гэдэг нь шүүхээс нэмэлтээр бүрдүүлсэн нотлох баримтын хүрээнд тогтоогдсон гэж үзэж байна. Мөн тухайн журмын 11.3 дахь хэсэгт дуудлага худалдааны ялагч гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ журмын 11.2-т заасан дуудлага худалдааны үнийг бүрэн төлнө гэдэг зохицуулалттай. Мөн 11.4-д дуудлага худалдааны ялагч нь энэ журмын 11.3-д заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргана гэдэг зохицуулалтууд байна. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаа явуулсан тохиолдолд дуудлага худалдааны анхны үнийг шийдвэр гарч, ялагч болсноос хойш 14 хоногийн дотор бүтэн төлөх ёстой. Түүний дараа газар эзэмшүүлэх тухай захирамж буюу маргаан бүхий акт гарах ёстой байсан. Тэгэхээр хавтаст хэрэгт нэмэлтээр бүрдүүлсэн нотлох баримтын хүрээнд тухайн үйл баримт огт нотлогдоогүй. Гуравдагч этгээдийн зүгээс гаргаж өгсөн тайлбар, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудын хүрээнд дуудлага худалдааны анхны үнэ нийтдээ 596,409,000 төгрөг төлсөн гэдэг. Мөн Газар зохион байгуулалтын албанаас нэмэлтээр ирүүлсэн баримт дээр ирүүлсэн дүнтэй таардаг. Гэтэл газрын мэдээллийн нэгдмэл сан буюу https://egazar.gov.mn/ дээр гуравдагч этгээдийн нэгж талбарын дугаараар хайгаад үзэхээр тухайн газрын дуудлага худалдааны анхны үнэ нь 1,000,193,984 төгрөг байна гээд заачихсан. Энэ дүн нь дуудлага худалдааны анхны үнийг тогтоох журамд заасан итгэлцүүртэй нийцдэг. Тэгэхээр дуудлага худалдааны анхны үнэ хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд өнөөдрийг хүртэл бүрэн төлөгдөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл энэ журмын 11.3, 11.4-ийг зөрчөөд дуудлага худалдааны анхны үнийг төлөхөөс өмнө газар эзэмших эрхийг олгосон нь хууль журамдаа нийцээгүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан байгаа төлбөр төлсөн баримтыг харвал 2025 оны 7 дугаар сард дуудлага худалдааны анхны үнэ 596,409,000 төгрөгөө төлсөн байдаг. Гэтэл захирамж 2023 оны 8 сард гардаг. Дуудлага худалдааны анхны үнээ бүрэн төлөөгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн байхад нь газар эзэмших эрхийг нь түрүүлээд олгох нь хуульд заасан мөн журамтайгаа нийцэхгүй байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх,  4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирч шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8 хууль ёсны итгэл хамгаалах зарчимд тус тус нийцээгүй байна гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээр гуравдагч этгээдэд олгосон маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захиргааны актын “Далай гүүш” ХХК-тай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлыг хангах үндэслэлтэй.

Дараагийн нэхэмжлэлийн шаардлага болох “Далай гүүш” ХХК-ийн газар эзэмших эрхийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан журмын дагуу тухайн хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тухайд, нэхэмжлэгч компанийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/653 дугаар тушаалаар хүсэлт гаргасан газраа ашиглаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Ашиглах эрхийг олгох тухай тушаал, ашиглах эрхийн гэрчилгээ зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан учраас Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан газар ашиглагч этгээд мөн. Газраа ашиглаад явж байх хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Ингэхдээ Улсын Их Хурлын Байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 4 дэх заалтад тухайн тусгай хамгаалалттай газар нутагт нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт чиглэл өгсөн зохицуулалтыг үндэслэл болгосон байсан. Нэхэмжлэгч компанийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн Байнгын хорооны тогтоол, холбогдох шийдвэрүүдтэй танилцаад, үүнд заасан үндэслэл буюу хамтарсан уулзалт гээд маргаан бүхий захиргааны актуудад дурдагддаг боловч нотлох баримтын хүрээнд бүрдүүлье гэхээр энэ талаар баримт нь ирээгүй. Хурлын тэмдэглэлд тусгагдсан байдлаар харахаар 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар хамтраад уулзалт зохион байгуулсан. Уг уулзалтын хүрээнд Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангахаар шийдвэрлэсэн гээд тусгагдсан байдаг. Гэхдээ тухайн уулзалтаар юу яригдсан талаар баримт хавтаст хэрэгт ирүүлээгүй, байхгүй гэдэг тайлбар өгдөг. Энэ уулзалтын дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга нараас албан бичгүүдийг өөр хоорондоо өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Эдгээр албан бичгүүд болон Байнгын хорооны тогтоолд газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдүүдийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх гэдэг агуулга тусгагддаг. Тэгэхээр ажлын хэсгийн зорилго нь газрын давхцалыг арилгах, цаашид давхцал үүсэхгүй байх, нийслэл болон яамны ашиглах эрх олгож байгаа газруудын давхцалыг арилгах зорилготой байсан. Анхнаасаа хилийн цэс буруу байсан практикийг зөв болгож залруулахад зорилго нь оршиж байсан гэдэг нь ажлын хэсгийн тэмдэглэлүүдээс харагддаг. Тэр баримтаас үүдэлтэйгээр газар ашиглагч болон эзэмшигчийн эрх зөрчигдөх ёсгүй гэдгийг аль аль ажлын хэсэгт оролцсон төрийн байгууллагууд зөвшилцсөн гэж ойлгогдохоор агуулга тэмдэглэлүүдэд тусгагдсан байдаг. Энэ хүрээнд газар ашиглаж байсан этгээд нь хуульд заасны дагуу газраа эзэмшихээр хүсэлт гаргахыг Байнгын хорооны тогтоол, шийдвэрүүдэд тусгасан байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Тэгэхээр нэхэмжлэгч компанийн зүгээс гаргасан эзэмших хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын зүгээс шийдвэрлэх ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шийдвэрлэх боломжгүй гэдэг хариу өгсөн учраас шийдвэрлээгүй эс үйлдэхүй байхгүй гэж ярьдаг. Үүнийг нэхэмжлэгчийн хувьд шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл тухайн хариунд нь Газрын тухай хуулийн 21, 31, 33 гээд бүх заалтуудаа тавиад, энэ заалтуудын дагуу шийдвэрлэх боломжгүй байна гэдэг хариу өгдөг. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим болон журмуудыг тогтоосон. Үүндээ хүсэлтийг шийдвэрлэхдээ бүх талаас нь бүрэн дүүрэн, үндэслэл бүхий эргэлзээгүйгээр шийдвэрлэх нь захиргааны байгууллагын үүрэг байдаг. Тэгэхээр дурдагдсан асуудлын хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэдэг нь олгохгүй гэсэн үг үү, эсвэл тухайн хугацаандаа шийдвэрлэх боломжгүй гэсэн үг үү, эсвэл хүсэлтийг нь шаардлага хангахгүй байна гээд байгаа юу гэдэг нь огт тодорхойгүй хариу өгсөн. Энэ хариугаар хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй. Орхигдуулсан үйлдэл гаргаж байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй үүссэн байна гэж нэхэмжлэгчийн зүгээс харж байгаа. Нэгэнт эс үйлдэхүй үүссэн, хууль ёсны дагуу хүсэлт гаргах эрх нь нэхэмжлэгч компанид байгаа учраас эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бүрэн дүүрэн үндэслэл бүхий шийдвэрлэхийг захиргааны байгууллагад даалгаж өгөөч гэдэг нэхэмжлэлийг гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.          3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс манайх хууль ёсны газар ашиглагч байсан гэж хэлдэг. “Далай гүүш” ХХК-ийг тэнд хашаа барьсан байсныг, ямар нэгэн байдлаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсныг, газар дээрээ тодорхой хэмжээгээр ашиглаж байсныг үгүйсгээгүй. Гэхдээ энэ бол анхнаасаа хууль бус байсан. Нэхэмжлэгч компанид ашиглах эрх олгосон субъект нь ч, хүчингүй болгосон субъект нь ч Нийслэлийн Засаг дарга биш. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг үндэслээд газраа ашиглаж байхад Нийслэлийн Засаг дарга давхардуулан олгосон гэх зүйлийг ярьдаг. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд буюу нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газар олголт хийсэн. Хоёрдугаарт өөрөө “Далай гүүш” ХХК-д газар олгочхоод “Том консалтинг” ХХК-д газар олголт хийж ямар нэгэн байдлаар давхцал гаргаагүй. Давхцалын хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Үүнтэй холбоотой гол зүйлийг хэлэхэд хэдэн 10 га газартай холбоотой 80 аж ахуйн нэгжийн асуудал байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс, нийслэлийн зүгээс ганцхан “Далай гүүш” ХХК-ийг сугалаад бусад асуудал шийдэгдэнэ гэж харахгүй байгаа. Энэ асуудал цогцоороо шийдэгдэх ёстой. Өнөөдөр Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол хүчин төгөлдөр байгаа. Түүнээс хойш ямар нэг шийдвэр гараагүй. Энэ Байнгын хорооны тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг Засгийн газарт өнөөдөр ч байгаа. Нэхэмжлэгч компани нэхэмжлэл гаргахдаа Нийслэлийн Засаг дарга Байнгын хорооны тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна, манайд шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өглөө, эс үйлдэхүй гаргаж байна гэдэг. Зөвшөөрсөн хариу өгвөл эс үйлдэхүй гаргахгүй байна гэж ойлгож болохгүй. Үндэслэлгүй байсан болоод Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас татгалзсан хариу өгсөн. Хоёрдугаарт эс үйлдэхүйг нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлахдаа Байнгын хорооны тогтоолыг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхгүй байна гэж гуйвуулдаг. Анхнаасаа нэхэмжлэл гаргахдаа ч, шүүх хуралдааны явцад ч энэ асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдэх ёстой юм шиг гуйвуулж ирсэн. Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг Засгийн газар хэрэгжүүлнэ гээд заасан байгаа. Эс үйлдэхүйг гаргаж байгаа этгээд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам байна гэж бид харж байна. Яагаад гэвэл энэ нь иргэний 0,7 га газрын асуудал биш хэдэн 10 га газрыг 80 гаруй аж ахуйн нэгжид олгож явж байгаа явдал бөгөөд энэ нь хууль бус байсан нь нэхэмжлэгчийн жишээнээс харагдаж байна. Нэхэмжлэгчийн тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу 3 талт гэрээгээ 3 жилийн турш байгуулаагүй байж байгаад цуцлагдсан, энэ нь мөн хуулийн үндэслэлтэй. Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас татгалзсан хариуг нэхэмжлэгч 2020, 2021 онд жил бүр авсан байдаг. Тухайн баримт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн нийслэлийг төлөөлж Хан-Уул дүүргийн Засаг дарга энэ компанитай гуравласан гэрээг огт байгуулаагүй. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх огт хуулиар албажаагүй байсан. Ийм байдалтай байж байгаад газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь өөрөө хүчингүй болгосон. Тэгэнгүүт хамтарсан уулзалт хийсэн, Нийслэлийн Засаг даргад даалгасан гэдэг байдлаар асуудлыг дандаа гуйвуулж ирсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Угтаа бол танай компани ганцаараа биш, боломжгүй бол хэд хэдээрээ нэгдээд зохих ёсны төрийн байгууллагад нь хандах эрх нь нээлттэй байна. Эс үйлдэхүй дээр тайлбар хэлэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам өчнөөн олон га газрыг олон аж ахуйн нэгжид олгочхоод буцаагаад хүчингүй болгоод өнөөдөр яг юу хийж байна вэ. Засгийн газарт үүрэг өгсөн Байнгын хорооны 03 дугаар тогтоолын хүрээнд үүрэг нь өнөөдрийг хүртэл байгаа. Яагаад гэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцаад Ерөнхий сайддаа асуудлаа тавиад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд, эрх хэмжээнд нь хүрэхгүй бол Ерөнхий сайдаасаа ч юм уу дэмжлэг аваад, Засгийн газар нь Нийслэлийн Засаг даргыг энэ асуудал дээр татан оролцуулаад асуудлыг 3 талдаа сууж байгаад хэлэлцүүлэх бүрэн боломжтой. Байнгын хорооны 03 дугаар тогтоолыг биелүүлээгүй гэж Нийслэлийн Засаг даргад хандаж эс үйлдэхүй гаргаж байгаа гэдэг нь үндэслэлгүй. Эдгээр олон аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийдвэрлэх нь нээлттэй байгаа. “Далай гүүш” ХХК ч гэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаад, тогтоолыг үнэхээр хэрэгжүүлэх ёстой гэж байгаа бол Засгийн газарт нь хандаад явах боломжтой. Энэ олон аж ахуйн нэгжүүд нь ар араасаа нэгдэх байх гэж бодож байна. Ямар ч хуульд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байхад Нийслэлийн Засаг дарга шийдэх ёстой юм шиг эс үйлдэхүй гаргаж байна гэж байна. Тэгэхээр эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай яриасай гэж бодож байна. Захиргааны ерөнхий хуульд бодит нөхцөлд тохирсон шийдвэр гаргана гэж заасан. Нийслэлийн зүгээс энэ олон аж ахуйн нэгжийн олон га газрын асуудлыг шийдвэрлэх үнэхээр хүндрэлтэй байдаг. Гэхдээ Засгийн газраас ч юм уу Нийслэлийн Засаг даргад үүрэг өгөөд хэлэлцээрийн ширээний ард суувал эдгээр аж ахуйн нэгжүүдийн эзэмших, ашиглах эрхийн газрын асуудлаар тохирч болно. Асуудал шийдэгдэхээргүй байвал Ерөнхий сайдад эрх нь байна. Энэ олон аж ахуйн нэгжүүд чинь аялал жуулчлалын чиглэлээр отоглох байр барих зориулалтаар л газар ашиглах эрхээ авч байсан. Нийслэлд боломжгүй бол Богдхан уулынхаа цаад талд гаргаад Төв аймагтаа гэдэг ч юм уу, ийм байдлаар асуудлыг шийдэх эрх нь Засгийн газарт байна. Тийм байхад Нийслэлийн Засаг дарга үүнийг шийдэх ёстой юм шигээр асуудалд хандаж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Төрийн байгууллагад хуулиар тогтоосон чиг үүрэгт огт нийцэхгүй. Хоёрдугаарт нэхэмжлэгч https://egazar.gov.mn/ цахим систем дээр байдаг үнийг дуудлага худалдааны үнэ нь 1 тэрбум гаруй төгрөг байна гэж тайлбарладаг. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас системийн хөгжүүлэлтийг хийгээд явж байгаа. Хамгийн сүүлд системийн хөгжүүлэлтийг энэ оны эхээр хийж байна. Уг хөгжүүлэлт нь бүрэн дуусаагүй. Өмнөх шүүх хуралдаан дээр дуудлага худалдааны үнэ 1 тэрбум төгрөг байна гэсэн асуудал яригдсан учраас би газрын албанаас тодруулсан. Газрын албанаас систем хөгжүүлэлт 100 хувь хийгдэж дуусаагүй байгаа учраас систем дээр дуудлага худалдааны анхны үнэ өөрөөр харагдаж байгаа гэсэн. Газрын албанаас бүсчлэлээр нь нарийн тооцоолсон дүнг аж ахуйн нэгж нь төлчихсөн байна. Энэ талаар шүүхэд бичгээр тайлбар хүргүүлсэн гэж надад тайлбарласан. Нэмж хэлэхэд “Том консалтинг” ХХК-ийн газрын эрхийг хүчинтэй байх, хүчингүй болгох асуудал үүсэхэд шууд “Далай гүүш” ХХК-д эрх олгогдох хууль зүйн үндэслэл байх боломжгүй. Тэгээд дуудлага худалдааг зохион байгуулаагүй гэж хэлж байна. Нийслэлээс жилдээ 2-3 удаа тодорхой байршлуудыг заагаад дуудлага худалдааг нээлттэй зохион байгуулаад, төсвийн орлогыг бүрдүүлэх байдлаар явуулдаг. Хоёрдугаарт тэр бүр газрын албанаас ажил хийж байгаа хүмүүс нь бүх газар дээрээ дуудлага худалдааг нээлттэй зохион байгуулъя гэвэл төрийн байгууллага газрыг үнэ хүргэж зардаг байгууллага шиг байх магадлалтай байдаг гээд үнэ хүргэж зарна гэсэн тодорхой байршлуудад дуудлага худалдаагаа зохион байгуулаад явдаг гэсэн. Хоёрдугаарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтад иргэнд 0,7 га газар олгоно. 1 га буюу иргэнд олгох газрын хэмжээнээс дээшээ болбол иргэн заавал дуудлага худалдаанд оролцож авах ёстой гэсэн зохицуулалттай. Газрын тухай хуулийн 33.1.2 нь аж ахуйн нэгжийн зохицуулалт байгаа. Аж ахуйн нэгж хэрвээ мод тариалах ч юм уу, газар тариалан эрхлэхээс бусад тохиолдолд 1 га-аас дээш бол заавал дуудлага худалдааны үнэ төлнө гэсэн байдаг. Тэгэнгүүт иргэн жижиг бизнес эрхлэхээр 1000 м.кв газар эзэмшье гэвэл заавал дуудлага худалдаанд оролцох хатуу заалттай. Бизнес эрхлэх гэж байгаа иргэн, аж ахуйн нэгждээ их хатуу заалт байдаг гэх зовлонг надад ярьж байсан. Бодит байдлыг ярихад ийм байна. Жишээлбэл би 1000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар ч юм уу, эсвэл үйлдвэрлэл үйлчилгээ явуулахаар бол заавал дуудлага худалдааны ялагч болох хэмжээний мөнгөтэй байж тухайн газрыг эзэмших болдог. Үгүй бол хэн мөнгөтэй нь, хэн чадалтай нь газар эзэмшээд явах учраас төрийн байгууллага уян хатан зохицуулалтыг хийгээд явдаг гэж ойлгосон. Тэгэхээр “Далай гүүш” ХХК-ийн асуудлыг өнөөдрөөр дуусна гэж харахгүй байна. Яагаад гэвэл зохих байгууллагад нь хандаад асуудлаа шийдвэрлүүлэх нь нээлттэй. Энэ асуудлыг шийдвэрлэх байдлаар “Том консалтинг” ХХК-ийн эрх ашгийг хөндвөл нэг байгууллагыг дэндүү хохироосон болно. Тэгээд тухайн үед шийдвэр гаргахдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байдаг. Гуравдагч этгээд дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн. Мөн орон сууц барихаар хөрөнгө оруулалт татаад явж байгаа аж ахуйн нэгж юм. 2023 онд гаргасан шийдвэрийг би одоо зөв, буруу гэж хэлж мэдэхгүй байна. Аливаа төрийн албаны цаана хүн л байдаг. 2023 онд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гэдэг хүн байсан бол одоо Х.Нямбаатар гэдэг хүн ажиллаж байна. Газрын албаны удирдлагууд нь ч өөр хүмүүс байгаа. Төрийн албаны залгамж халаагаар ажлыг үргэлжлүүлээд л “Том консалтинг” ХХК-д олгосон газартай холбогдуулаад Нийслэлийн Засаг даргын зүгээс захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулаад явж байгаа. Шууд маргаантай газартай холбогдуулаад “Том консалтинг” ХХК-ийн газар эзэмших эрхийг ямар нэгэн байдлаар хөндлөө гэхэд “Далай гүүш” ХХК-ийн эрх сэргэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй” гэв.    

3.4.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Том Консалтинг” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамж, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 0000383431 дугаар гэрчилгээ, 01122-2025/02144 дугаар Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд нэгж талбарын 1781119286 дугаар бүхий 53,000 м.кв газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг. “Том Консалтинг” ХХК-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт олгосон газар нь Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тусгай хамгаалалттай газрын хил заагт багтдаггүй, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд байгаа тул Газрын тухай хууль, тэр дундаа тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчөөгүй. Мөн Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д зааснаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргана”. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх” гэж заасны дагуу гаргасан хууль ёсны захирамж юм. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 тоот захирамжаар “Том консалтинг” ХХК-д холбогдох асуудлыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд “Далай Гүүш” ХХК-д сэргэх эрх, ашиг сонирхол байхгүй гэж үзэж байна. “Далай Гүүш” ХХК нь 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг даргад газар эзэмших эрх олгуулах хүсэлт гаргасан байх боловч тус хүсэлт нь Газрын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.2.4, 31 дугаар зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн хүрээнд “Далай Гүүш” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгосон ашиглах эрхтэй байсан газарт тус компанид Нийслэлийн Засаг дарга шууд газар олгох боломжгүй гэж үзэж байна. Мөн “Далай Гүүш” ХХК нь аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрхтэй байсан бөгөөд хүсэлтдээ ямар зориулалтаар газар эзэмших эрх хүссэн нь тодорхойгүй байхад Нийслэлийн Засаг дарга тус компанид аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрх олгох боломжгүй. Тийм учраас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 01-05/5519 дугаартай хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байгаагаас үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дугаар зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 30 дугаартай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл хүчингүй болгуулах гэж тодорхойлсон аль ч тохиолдолд нэхэмжлэгчийн эцсийн зорилго нь маргаан бүхий захиргааны актыг өөрт нь үйлчлэлгүй болгосноор хөндөгдөж зөрчигдсөн эрхээ сэргээх агуулгатай, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлснээр ямар тохиолдолд нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой болох нөхцөлийг тодруулах нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх нотлох зарчмын агуулгад хамаарна гэж тайлбарласан. Улсын дээд шүүх субьектив эрхийн маргаан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд мэтгэлцэх болон шүүх нотлох зарчмын харилцан үйлчлэл нь диспозитив зарчмын хүрээнд шүүх нотлох зарчим хэрэгжих байдлаар илэрнэ гэж байгаа. Тэгэхээр тухайн маргаан бүхий захиргааны актын улмаас хөндөгдсөн эрх нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр сэргэх ёстой гэж байгаа юм. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн хувьд танай ямар эрх сэргэх вэ гэхээр бидний төрийн байгууллагад хандаад хүсэлтээ шийдвэрлүүлэх эрх маань сэргэнэ гэж тайлбарласан. Гэтэл субьектив эрхийн маргаан гэдэг нь Улсын дээд шүүхийн маш олон тогтоолууд, тайлбараар юу гэж тодорхойлогддог гэхээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлын захиргааны актаар шууд хөндөгдсөн эсэхийг тогтоохтой холбоотой маргаан субьектив эрхийн маргаан байна гэж тайлбарлаж байгаа. Иймд “Том консалтинг” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор эргээд тухайн этгээдэд олгочихсон байсан эзэмшиж байсан эрх сэргэх ёстой. Өөрөөр хэлбэл, “Том консалтинг” ХХК-д газар эзэмших эрх олгосноос үүдээд маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/634 дүгээр тушаал гараагүй. Анхнаасаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тухайн газрыг олгох эрх хэмжээ байгаагүй учраас хууль бус захиргааны актыг залруулаад гаргаж байгаа акт юм. Түүнээс биш гуравдагч этгээд “Том консалтинг” ХХК-д эрх олгосон байгаа эсэхтэй огт хамааралгүй. Тийм учраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагаа хийсэн. Үүнтэй холбоотой нотлох баримт хэргийн материалд байгаа. Анхнаасаа төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр болон эс үйлдэхүйгээрээ Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх зөрчсөн учраас өөрөө хүчингүй болгож байгаа. Энэ агуулгаар сонсох ажиллагаа хийгээд явж байсан. Гэхдээ маргаан бүхий актад энэ заалт ороогүй. Нэхэмжлэгч компанид анхнаасаа газар эзэмших эрх хууль бусаар олгогдсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтад заасан тухайн захиргааны байгууллагын өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргавал захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулж байна. Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр эрх “Далай гүүш” ХХК-д анхнаасаа үүсээгүй. Нэхэмжлэгч компани тайлбарлахдаа “Том консалтинг” ХХК-д газар эзэмших эрх олгосныг хүчингүй болгох гол үндэслэлийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг буюу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтын талбайтай давхцалгүй байна гэснийг зөрчсөн гэж байгаа. Тэгэхээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг нь хүчин төгөлдөр газар эзэмших эрх аль аль талд үүсчихсэн байх тохиолдолд яригддаг. Гэтэл нэг талд нь хүчин төгөлдөр эрх үүсчихсэн байтал “Далай гүүш” ХХК-д хүчин төгөлдөр эрх үүсээгүй. Тийм учраас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг энэ тохиолдолд огт хамааралгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд бидний хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим энэ тохиолдолд үйлчилнэ гэж тайлбарладаг. Гэтэл мөн Улсын дээд шүүхийн маш олон тогтоолд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим ямар тохиолдолд үйлчилдэг юм гэвэл хүчин төгөлдөр эрх байгаа тохиолдолд үйлчилнэ. Тийм учраас хүчин төгөлдөр эрх анхнаасаа үүсээгүй. Энэ компанид 2020 оноос газар эзэмших эрх үүссэн гэж үзэхгүй. Хүчин төгөлдөр эрх байхгүй тохиолдолд хууль ёсны итгэл сэргэнэ гэдэг асуудал байхгүй. Нөгөө талаараа Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөн олговор олгож хохирлыг барагдуулна гэж заасан. Анхнаасаа төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргачихсан. Гэхдээ олгох ёсгүй байсан тохиолдолд эрх сэргэнэ гэдэг асуудал байхгүй. Харин нөхөн олговрын асуудлаар хөндөгдсөн, зөрчигдсөн, хохирол учирсан асуудлыг нь шийдвэрлэнэ гэдэг агуулга явна. Түүнээс биш “Том консалтинг” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор энэ компанийн итгэл хамгаалагдана ч гэдэг юм уу, зөрчигдсөн эрх сэргэнэ гэдэг ойлголт огт байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Том консалтинг” ХХК-д газар эзэмших эрх олгосонтой холбоотой процессын асуудал л яриад байдаг. Дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлөөгүй ч гэдэг юм уу, эсвэл дуудлага худалдааг зохих ёсоор явуулаагүй гэх процессын асуудал ярьж байгаа болохоос биш Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрх олгосон гэдэг асуудлаар талуудын хэн аль нь маргахгүй байна. Тийм учраас хууль ёсны дагуу үүсчихсэн газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа үндэслэлээр хүчингүй болгуулах боломжгүй.

Нэхэмжлэгчээс “Далай гүүш” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар эс үйлдэхүй гэдгийг захиргааны байгууллага тухайн хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан, эсвэл хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй байгааг ойлгоно гэж заасан. Энэ тохиолдолд тодорхой хариу өгчихсөн байдаг. Гэтэл уг хариуг Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох шаардлагыг хангахгүй байгаа учраас шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэж байна гэж тайлбарласан. Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлийг гээд холбогдох зүйл заалтын дагуу танай хүсэлтийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх боломжгүй байна гэсэн байдлаар хариу өгөөд байна. Өөрт нь таалагдахгүй бол шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзээд эс үйлдэхүй гэж маргах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуультай нийцэхгүй. Холбогдох журмын дагуу хариу өгчихсөн учраас эс үйлдэхүй гэж үзэхгүй. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн шаардлагыг хангахгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байна гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Улсын Их Хурлын Байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4 дэх заалтын дагуу Нийслэлийн Засаг даргад даалгаад үүрэг болгочихсон байхад энэ үүргээ биелүүлэхгүй байна гэж тайлбарласан. Гэтэл 03 дугаар тогтоолд Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгочихсон заалт юм. Нөгөөтээгүүр Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосонтой холбоотой ямар ч агуулга тусгагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.                                                                      2.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 тоот захирамжийн “Том консалтинг” ХХК-д холбогдох хэсгийн “Далай гүүш” ХХК-тай давхцалтай 360004.9 м.кв газрыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

3.“Далай гүүш” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/02 тоот албан бичгээр гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын харьяа Ташгайн аманд 5 га газар ашиглах хүсэлт, Богдхан уулын дархан цаазат газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2630 тоот албан бичгээр хүргүүлсэн саналыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/653 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн амны хязгаарлалтын бүсэд аялагч түр буудаллах, отголох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 49952 м.кв газрыг нэхэмжлэгчид 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгохыг зөвшөөрч, 0201767 дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон байна./1-р хавтаст хэргийн 18 дахь тал/

4.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасан. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх зохицуулалт/

5.Нэхэмжлэгч “Далай гүүш” ХХК-иас 2020 оны 12 сард 20/11 тоот, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 21/01 тоот, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан ба 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/149 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг төлөөлж даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжав гарын үсэг зурж, тамга дарсан, харин Хан-Уул дүүргийн Засаг дарга болон “Далай гүүш” ХХК-иас төлөөлж эрх бүхий этгээдүүд гарын үсэг зураагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас уг гэрээг баталгаажуулаагүй байх тул тухайн үед Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гурвалсан гэрээ байгуулагдаагүй байна.

6.Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 880 тоот албан бичгээр “...Хүсэлт гаргасан газрын байршлыг Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд шалгаж үзэхэд тус байршил нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн гадна оршиж байгаа тул гурвалсан гэрээг байгуулах боломжгүй...” гэх хариуг нэхэмжлэгч компанид хүргүүлж байжээ. /2-р хавтаст хэргийн 32 дахь тал/

7.Улсын Их Хурлаас баталсан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж өөрчлөн найруулсан.

8.Нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 22/28 тоот албан бичгээр газар ашиглах гэрээг байгуулах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дахин гаргасан байх бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Далай гүүш” ХХК болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хооронд 0004 дугаартай “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ”-г 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл байгуулжээ. /2-р хавтаст хэргийн 40-45 дахь тал/

9.Гэвч энэхүү гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулагдсан газар ашиглах гэрээ гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

10.Учир нь өмнө нь буюу нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохыг зөвшөөрсөн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд газар ашиглах эрхийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад хандан гаргасан газар ашиглах тухай хүсэлт,  хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Төрийн захиргааны төв байгууллагаас газар ашиглах эрхийг олгож, тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр газар ашиглах тухай гэрээг сум, дүүргийн Засаг дарга, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хамгаалалтын захиргаатай хамтран байгуулахаар байжээ.

11.Улсын Их Хурлаас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын журмаар олгохоор өөрчлөлт оруулсан байна.

12.Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 12 дахь хэсэгт “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох” гэж, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана”, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана”, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заажээ. /2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

13.Ингэснээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох харилцааг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтийг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж, сонгон шалгаруулалтад оролцохоор, улмаар төрийн захиргааны төв байгууллагаас сонгон шалгаруулалтад ирүүлсэн тухайн тусгай хамгаалалттай газарт хэрэгжүүлэх төслийг үнэлсний үндсэн дээр хамгийн сайн үнэлэгдсэн төсөл ирүүлсэн хүн, хуулийн этгээдэд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгож,  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэх байдлаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох харилцааг өөрчлөн зохицуулжээ.

14.Гэтэл 2020 онд сонгон шалгаруулалтын бус журмаар олгосон газар ашиглах эрхийг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Далай гүүш” ХХК болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хооронд 0004 дугаартай “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ”-г байгуулсан нь дээрх хуульд заасан сонгон шалгаруулалтын журмаар газар ашиглах эрх олгох, гэрээ байгуулах зохицуулалтад нийцээгүй байна.

15.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид 49952 м.кв газар ашиглах эрхийг сонгон шалгаруулалтын журмаар олгоогүй хэрнээ сонгон шалгаруулалтад үндэслэн гэрээ байгуулах журмаар газар ашиглах гэрээ байгуулсан нь дээрх хуульд заасантай  нийцээгүй байх тул нэхэмжлэгч “Далай гүүш” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0004 дугаартай “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ”-г хуульд заасан журмын дагуу байгуулагдсан газар ашиглах гэрээ гэж дүгнэх үндэслэлгүй.

16.Түүнчлэн Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 09-19/614 тоот албан бичгээс үзвэл Газрын кадастрын нэгдсэн системд нэхэмжлэгчид газрын төлбөрийн ногдуулалт болон нэхэмжлэл үүсч байгаагүй болох нь тогтоогддог.

17.Нөгөөтэйгүүр Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн амны хязгаарлалтын бүсэд байрлах 49952 м.кв нь дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд багтаагүй буюу тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болохыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 880 тоот албан бичгээр хүлээн зөвшөөрч,  гурвалсан гэрээг байгуулах боломжгүй гэдгийг нэхэмжлэгчид мэдэгдэж байснаас үзвэл “Далай гүүш” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/653 дугаар тушаал нь өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн буюу өөрийн эрх хэмжээнд хамааралгүй газарт газар ашиглах эрх олгосон хууль бус шийдвэр байх бөгөөд энэ шийдвэр нь нэхэмжлэгчид хууль ёсны газар ашиглах эрхийг үүсгэхгүй.

18.Харин энэхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өөрийн эрх хэмжээгүй газарт газар ашиглах эрх олгосон буруутай үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн буруутгах үндэслэл байхгүй тул захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан гэж үзвэл хохирлыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхээр байна.

19.Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01-05/7244 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын давхцалыг тодорхойлсон баримтаас үзвэл “Далай гүүш” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон нэгж талбарын 1781115584 дугаартай 49954.7 м.кв газар,  гуравдагч этгээдийн нэгж талбарын 1781119286 дугаартай 53000 м.кв газар хоорондоо 36004.9 м.кв талбайгаар  давхцалтай байх бөгөөд энэхүү газар нь Богдхан уулын дархан цаазат газарт хамаарахгүй болох нь тогтоогддог.

20.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба тус тогтоолын 2 дугаар бүлгийн 3.29 дэх заалтад Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар нийт 49.12 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

21.“Том консалтинг” ХХК-иас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 5 га газар олгож өгөх хүсэлт гаргасныг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягтаар хүлээн авч бүртгэсэн байна.

22.Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 24 дүгээр хурлаар дээрх хүсэлтийг хэлэлцүүлэн Нийслэлийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд туссан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 50000 м.кв газрыг “Том консалтинг” ХХК-д орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхийг зөвшөөрч дүгнэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамжаар 53000 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар гуравдагч этгээдэд эзэмшүүлж, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

23.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан, маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй байх тул түүний ашиглаж байсан газар дээр Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээдэд газар давхцуулан эзэмшүүлсэн гэж дүгнэх боломжгүй, Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 94 дүгээр тогтоолд үндэслэн өөрийн бүрэн эрхэд хамаарах нийслэлийн нутаг дэвсгэрт гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэж заасантай нийцжээ.

24.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Монголын финтек групп” ХХК-иас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 200,000,000 төгрөг, 07 дугаар сарын 21-ний өдөр 396,409,000 төгрөгийг Төрийн сангийн 100200000967 тоот газрын дуудлага худалдааны орлого дансанд “Том консалтинг” ХХК-ийн газрын төлбөр утгаар шилжүүлсэн буюу газрын дуудлага худалдааны үнэд нийт 596,409,000 төгрөгийг төлсөн байна. /2-р хавтаст хэргийн 237-238 дахь тал/

25.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж заасныг үндэслэсэн.

26.Гэвч уг захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн саналыг үндэслэн 14 аж ахуйн нэгжид 6500-71000 м.кв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд тус шүүхэд ирүүлсэн газар зохион байгуулалтын албаны “...“Том консалтинг” ХХК нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулсан...” гэх 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01-05/7464 тоот албан бичгээс үзвэл маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/922 дугаар захирамжийн үндэслэл хэсэгт хууль зүйн үндэслэлийг зөрүүтэй бичсэн бичилтийн илэрхий алдаа гаргасан гэж дүгнэх болохоор байна.

27.Өөрөөр хэлбэл, уг захирамжийн агуулгаас үзвэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын журмаар 14 хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэжээ.

28.Иймд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй, энэ эрхийн хүрээнд захиргааны актын илэрхий алдааг засварлах эрх нээлттэй байна.

29.Нэхэмжлэгчийн хувьд “дуудлага худалдаа явуулсан баримт байхгүй, тиймээс нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд олгосон, дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлөөгүй байхад газар эзэмших олгосон нь хууль бус” гэж тайлбарлан маргадаг.

30.Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг баталсан ба тус журмын 5.1-д дуудлага худалдааг танхимын болон цахим хэлбэрээр явуулахаар зааж, журмын  6, 7, 8, 9, 11 дүгээр зүйлд дуудлага худалдааг эхлээд зарлан мэдээлж, дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэн, ажлын хэсэг байгуулан ажиллуулж үнэ хаялцуулан дуудлага худалдаа явуулахаар, мөн энэ талаар тэмдэглэл үйлдэн, шаардлагатай тохиолдолд дуудлага худалдааны явцын талаар бүрэн дүрс бичлэгийг хийж баталгаажуулахаар, дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болж, улмаар дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулах зэргээр дуудлага худалдаа явуулах дарааллыг нарийвчлан тогтоосон байна.

31.Шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/8681 тоот албан бичгээр “Том консалтинг” ХХК-д дээрх газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгосонтой холбоотой баримтуудыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас шаардахад 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01-05/7464 тоот албан бичгээр “...“Том консалтинг” ХХК нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулсан...” гэх хариуг ирүүлснээс өөрөөр сонгон шалгаруулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагааны баримтыг ирүүлээгүй тул гуравдагч этгээдэд 53000 м.кв газрыг дуудлага худалдааны журмаар олгосон болох нь нотлогдохгүй байна.

32.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.

33.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу маргаан бүхий захиргааны акт хууль зөрчсөн бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, шүүхээс тухайн хууль бус захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж, эрх зүйн хамгаалалт үүсгэх учиртай.

34.Энэ тохиолдолд 2023 онд гуравдагч этгээд “Том консалтинг” ХХК-д газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдааны зарчмаар олгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгчид гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах хууль ёсны шаардах эрх үүсээгүй буюу зөрчигдсөн эрх, ашиг сонирхол байхгүй, улмаар шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах тохиолдолд сэргэх буюу хамгаалагдах эрх байхгүй, нөгөөтэйгүүр хууль бус захиргааны шийдвэрт үндэслэсэн эрхийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар хууль ёсны итгэл гэж үзэж хамгаалах боломжгүй тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 тоот захирамжийн “Том консалтинг” ХХК-д холбогдох хэсгийн “Далай гүүш” ХХК-тай давхцалтай 360004.9 м.кв газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.                                   

35.Хоёр.“Далай гүүш” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:

36.Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоожээ.

37.Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг геодезийн өндөр нарийвчлал бүхий багаж тоног төхөөрөмжөөр эргэлтийн цэгүүдийн солбилцолыг тодорхойлоогүйгээс үүссэн асуудлыг цэгцлэх шаардлагын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/65 дугаар тушаалаар дээрх Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг нягтлан тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. /1-р хавтаст хэргийн 112-113 дахь тал/

38.Ажлын хэсгээс Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу тодруулан зураглаж, уг зурагласан хилийн заагийн мэдээллийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон холбогдох бусад байгууллагад хүргүүлж, цаашид мөрдүүлж ажиллуулах тухай дүгнэлтийг гаргасан байна. /1-р хавтаст хэргийн 181-182 дахь тал/

39.Энэхүү дүгнэлтийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын дэргэдэх зөвлөлийн 12 дугаар хуралдаанаар хэлэлцээд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тодруулж зурагласан ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт танилцуулж, тэдэнтэй зөвшилцөх, шаардлагатай гэж үзвэл хамтарсан ажлын хэсэг байгуулах, Газрын үндэсний шинэтгэлийн хороо, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зохих шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. /1-р хавтаст хэргийн 189-192 дахь тал/

40.Улмаар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын тодруулж зурагласан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг хянан баталгаажуулж мөрдүүлэх” арга хэмжээг,

41.2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх хүрээнд “Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллах, хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах” арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус  тус Засгийн газарт чиглэл болгосон байна.

42.Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/2054 тоот албан бичгээр дээрх тогтоолуудын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироолгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэж хамтран ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүсчээ.

43.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/3458 тоот албан бичгээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд болон Нийслэлийн Засаг дарга нарын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолд заасан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг талууд мөрдөж ажиллах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байх бөгөөд үүний дагуу уг хилийн заагийн гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах эрх олгосон байсан 80 иргэн, хуулийн этгээдийн жагсаалтыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн, үүнд нэхэмжлэгч “Далай гүүш” ХХК-ийн Ташгайн аманд байрлах 49954.69 м.кв газар багтсан байна.

44.Үүний дараа Нийслэлийн Засаг даргаас 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/5353 тоот албан бичгээр дээрх тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах эрх олгосон 80 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хүчингүй болгох арга хэмжээг авч, хамтран ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүсчээ.

45.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгогдсон 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дотор “Далай гүүш” ХХК-ийн 49954.7 м.кв газар багтсан байна.

46.Дээрхээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаал нь Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан өөрийн эрх хэмжээнд хамаараагүй газарт газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон захиргааны шийдвэр байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс энэхүү тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. /2-р хавтаст хэргийн 180 дахь тал/

47.Нэхэмжлэгчээс “Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоол, ажлын хэсгийн тэмдэглэл, шийдвэрүүдээс үзвэл төрийн байгууллагууд анхнаасаа хилийн цэс буруу байсныг зөв болгож залруулах зорилгын хүрээнд газар ашиглагч, эзэмшигчийн эрх зөрчигдөхгүй байхыг зөвшилцсөн, дээрх байнгын хорооны тогтоолын дагуу  маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргах эрхтэй, нийслэлийн Засаг дарга газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй” гэж тайлбарладаг.

48.Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 4-т “Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах” арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон заалтын агуулгаас үзвэл нийслэлийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх тодорхойлон заасан байна.

49.Маргаан бүхий энэ тохиолдолд Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т заасан “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх” /энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 27, 32, 33 дугаар зүйлд заасан журмын дагуу  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн иргэн, хуулийн этгээдийн гаргасан газар эзэмших хүсэлтэд үндэслэн хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор  гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж шийдвэрлэхээр байна.

50.Үүнээс үзвэл Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоол нь нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг шууд эзэмших эрхийг олгох үндэслэл болохгүй бөгөөд “Далай гүүш” ХХК нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар газар эзэмших хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргах, хүсэлтдээ мөн хуулийн 32.3-т заасан баримтуудыг бүрдүүлэн хавсаргасан байх, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага тавигдана.

51.Энэ хэргийн хувьд маргаан бүхий газарт Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 тоот захирамжаар “Том консалтинг” ХХК-д газар ашиглах эрх хуульд заасан журмын дагуу түрүүлж үүссэн байх тул “Далай гүүш” ХХК-иас 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан “Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын  1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн өөрийн ашиглаж байсан гэх Ташгайн аманд байрлалтай 49954.7 м.кв газрыг эзэмших эрх олгох” тухай хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01-05/5519 тоот албан бичгээр “...дээрх тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Богдхан уулсын дархан цаазат газрын хилийн гадна газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн асуудлыг Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлэх тул танай гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй.

52.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Далай гүүш ХХК-ийн гаргасан газар эзэмших хүсэлтэд “Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлэх тул танай гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж татгалзсан агуулга бүхий хариу өгсөн байх тул мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж үзэхгүй.

53.Иймд нэхэмжлэгчийн гаргасан “Далай гүүш” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

54.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээсээ татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 тоот захирамжийн “Том консалтинг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа ““Далай гүүш” ХХК-тай давхцалтай 360004.9 м.кв газрыг хүчингүй болгуулах” гэж тодруулсан тул шүүх нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.                                         55.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч “Далай гүүш” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 тоот захирамжийн “Том консалтинг” ХХК-д холбогдох хэсгийн “Далай гүүш” ХХК-тай давхцалтай 360004.9 м.кв газрыг хүчингүй болгуулах, “Далай гүүш” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ГАНЗОРИГ