| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2023/00532/И |
| Дугаар | 313/ШШ2025/00207 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 313/ШШ2025/00207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: ******* овогт *******ын *******
Нэхэмжлэлийн шаардлага: 3 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өмнөговь корпораци ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч П.*******тай 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр *******д Эм зүйч мэргэжлээр 5 жилийн хугацаатай суралцах зорилгоор Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ байгуулан 2 200 000 төгрөгийг сургалтын төлбөрийн зээл авсан.
Тус гэрээний 4.4-т зааснаар сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш 3 жилийн хугацаанд эргэн төлөхөөр, гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээсэн.
Гэвч П.*******аас зээлээ төл гэж шаардахад би зээл төлөх үүрэггүй гэх үндэслэлгүй тайлбар өгч манай байгууллагыг хохироосоор байна.
Иймд хариуцагч П.*******аас зээлийн төлбөр 2 200 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн алданги 1 100 000, нийт 3 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь корпораци нь тухайн анх нэхэмжлэл гаргах 2023 оны үед Өмнөговь аймгийн хөгжил хөрөнгө оруулалтын газар гэдэг нэртэй байсан. Орон нутгийн өмчтэй аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь *******д холбогдуулан нийтдээ 3 300 000 төгрөгийг гэрээний үүргийг биелэлтэд гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Үүнээс 2 200 000 төгрөг нь анх зээлийн гэрээний дагуу төлүүлэх нийт төлбөр, үлдэх 1 100 000 төгрөг нь алданги байгаа. Яагаад энэ алданги болон гэрээний үүргийн төлбөрийг нэхэмжилж байгаа гэхээр талуудын хооронд 2016 оны 08 сарын 15-ны өдөр дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ гэж байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үзэж байгаа. Уг зээлийн гэрээний дагуу нийтдээ 2 200 000 төгрөгийг тухайн хариуцагчийн суралцаж байсан Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн нэхэмжлэлийн дагуу сургалтын төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байдаг. Гэрээний 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг гэрээнд заасны дагуу хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зээлийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги тооцуулна гэсэн. Үүний дагуу 1 100 000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байгаа. 1 100 000 төгрөгийг яаж бодож олов гэхээр Иргэний хуульд заасан анз болон алдангийн зохицуулалт дээр гэрээний үүргийн гүйцэтгэлийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж байгаа. Тэгэхээр нийтдээ 2 200 000 төгрөгийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа юм бол хэдий хугацаа өнгөрсөн ч гэсэн анз бол 1 100 000 төгрөгөөс хэтэрч болохгүй гээд 1 100 000 төгрөгөөр нь бичсэн. Яагаад 1 100 000 төгрөг болчхов гээд тооцоод үзэхээр гэрээний 6.1 дээр энэ гэрээ нь 2016 оны 08 сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын гэчхээд өдөр хүртэл хүчин төгөлдөр байна, 6.2 дээр зээлийн гэрээний хугацаа 6 жил байна гэж байгаа. Тэгэхээр гэрээг нийтдээ 2016 оноос 6 жилийн хугацаанд буюу 2022 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл байгуулсан. Энэ хугацаандаа зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн гэж тооцоод 2022 оны 08 сарын 15-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2023 оны өдөр хүртэл 0.5 хувиар бодохоор 1 100 000 төгрөгөөс даваад явчихдаг. Тийм учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтаа баримтлаад нийтдээ 1 100 000 төгрөгийн алдангийг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Ингээд нийтдээ 3 300 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд тайлбарлахад гэрээний үүргийг 6.1-д зааснаар 6 жилийн хугацаанд буюу 2022 оны 08 сард төлж барагдуулах ёстой байсан. Нэхэмжлэлийг 2023 онд гаргасан. Мэдээж Иргэний хуулийн 74.1, 75.2.1-д зааснаар гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн. Ийм учраас бид 2025 оны 08 сарын 15-наас хойш нэхэмжлэл гаргасан тохиолдолд 7.5.2.1-ээр 3 жилийнхээ хугацааг хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхээ алдах байсан. Тэгэхээр 2023 ондоо гаргачихсан учраас Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны заалтын дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Гэрээ ёсоор ******* нь *******д 2016 оноос хойш нийтдээ 5 жилийн хугацаанд суралцаад төгсөнө гэсэн агуулгатай өргөдөл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Мөн *******ын хувьд 2022 оны 05 сараас эхлээд хөдөлмөрийн харилцаанд ороод нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн талаарх нотлох баримтыг хариуцагч талаас хавтаст хэрэгт гаргаж өгсөн байсан. Энэ нь хэргийн 64-65 дугаар талд авагдсан. 2022 оны 05 сараас мэргэжлээрээ Эм хангамжийн байгууллагад ажиллаж байгаа гэсэн нотлох баримт авагдсан. Тэгэхээр 2022 оны 05 сар гэхэд сургуулиа төгсчихсөн байсан. Ямар ч байсан хөдөлмөрийн харилцаанд ороод, ажил олгогчтойгоо гэрээгээ байгуулаад, нийгмийн даатгалын шимтгэлээ хуулийн дагуу төлөөд явж байсан юм билээ. Тэгэхээр 2022 оны 08 сарын 15-ны өдрөөс хойш төлж барагдуулах үүргээ биелүүлэхгүй байсан учраас бид шүүхэд хандсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэж хүсэж байна.
Дараагийн дугаарт хариуцагчийн хүсэлтээр шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан байгаа. Энэ нь 2016 оны 08 сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан хэсэг дээр сургуулийн сурагч ******* гэсний өмнө зурагдсан гарын үсэг нь *******ын одоо зурагдаад байгаа гарын үсэгтэй нь таарахгүй байна гэж шинжээчийн дүгнэлт байгаа. Шинжээчийн дүгнэлтэд энэ зурагдсан гарын үсэг *******ын гарын үсэг биш байна гэсэн дүгнэлт биш. Одоо шинжилгээний харьцуулсан хэвд ирүүлсэн гарын үсгийн чөлөөт загварууд нь л гэрээн дээр зурагдсан гарын үсэгтэй таарахгүй байна гэсэн дүгнэлт болохоос ******* энэ дээр гарын үсэг зураагүй шүү, *******ын гарын үсэг биш шүү гэсэн дүгнэлт биш. Тэгэхээр талуудын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдсан. Бид нар зээлийн гэрээний хүү нэхэмжлээгүй, мэдээж гэрээн дээр хүүгийн талаар ч дурдаагүй. Зөвхөн анзын талаар яригдаж байгаа. Хэдийгээр бид нар бичгээр гэрээ байгуулж байгаа нөхцөлд зөвхөн хүү нэхэмжлэх эрхээ алддагаас биш, анз болон зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх эрхээ алдахгүй. Заавал энэ гэрээ бичгээр байгуулагдсан байхыг шаардахгүй. Гэрээг огт авч үзэхгүй юм гэхэд хавтаст хэргийн 18-19 дүгээр талд авагдсан тухайн үеийн Хөгжил хөрөнгө оруулалтын газрын захирлын тушаалын хавсралтын 8 дугаарт нь *******д сургалтын зээл олгоё гэсэн шийдвэр зэрэг нотлох баримтууд байгаа. Хавтаст хэргийн 14 дээр гүйлгээний баримт байгаа. 15 дугаар хуудсанд сургуулийнх нь нэхэмжлэх, өөрийнх нь өргөдөл, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг энэ зээлийг авахад шаардлагатай гэсэн бүрдүүлбэрийг хангаж, манай байгууллагад өгч байсан. Ийм нотлох баримтуудаар ******* эргэн төлөх нөхцөлтэйгөөр сургалтын төлбөрт 2 200 000 төгрөг авч, *******д нь төлсөн байна.
Ингээд гэрээн дээр зурагдсан гарын үсэг *******ынх гэж бид үзэж байгаа. Тэгэхээр гэрээнд тохирсноор 0.5 хувийн алдангиа төлөөд, нийтдээ 3 300 000 төгрөгийн үүргийг биелүүлэх ёстой. Манай байгууллагын хувьд орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгаа. Тэгэхээр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэдэг утгаараа Өмнөговь аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгийн талаар яригдаж байгаа. Энэ дээр заавал эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ байгаа. Мөн ганц *******аас нэхэмжлээд байгаа ийм асуудал биш. Дээд боловсролын сургалтын зээл олгох, эргэн төлүүлэх гэрээнүүдийг 2012 оноос хойш л хийж эхэлсэн. Олон зуун хүүхдүүд энэ сургалтын зээлийн гэрээний үр шимийг хүртсэн. Зарим нь шударгаар үүргээ биелүүлсэн. Заримтай нь шүүхийн маргаан эцэслэгдээд шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр явж байгаа зэрэг асуудлууд байдаг. Ганцхан бид нар *******аас нэхэмжлээд байгаа асуудал биш. Хариу тайлбар дээр өөрөө дэмжлэг гэж ойлгосон юм гэж бичээд байгаа. Тэгэхээр *******ын хувьд 1997 онд төрсөн. Яг энэ гэрээ байгуулах 2016 оны 08 сарын 15-ны өдөр 19 нас хүрч байсан үе, тэгэхээр эрх зүйн бүрэн чадамжтай этгээд, өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулсан учраас энэ гэрээ бол хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Ийм учраас манай байгууллагад учраад байгаа 3 300 000 төгрөгийн хохирлыг гардуулж өгөөч. Мэдээж орон нутгийн өмчит үйлдвэрийн газар учраас Аудитын газраас байнгын акт тавигдаж байгаа. Сургалтын төлбөрийн зээлтэй холбоотой нөхөн төлөгдөөгүй асуудлууд байна, үүнийгээ төлүүл гэдэг. Энэ дунд нь *******ын *******ын асуудал орчихсон байгаа учраас бид нар шүүхэд 2023 онд анх хандсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэсэн хүсэлтэй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай үйлчлүүлэгч *******ын зүгээс тухайн үеийн Хөгжил хөрөнгө оруулалтын газарт хандаж сургалтын төлбөрийн дэмжлэг хүсэж 2016 оны 07 сарын 28-ны өдөр өргөдөл гаргасан. Тухайн өргөдлийг нэхэмжлэгч тал хүлээн авч 2016 оны 08 сарын 16-ны өдөр 2 200 000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэгийг үзүүлсэн. Тухайн үед сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхдээ ямар нэгэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр бичгээр гэрээ хэлцэл хийсэн зүйл байдаггүй. Тийм учраас манай үйлчлүүлэгчийн зүгээс суралцаж төгсөж ирээд, орон нутагтаа мэргэжлээрээ суралцах юм байна, тэгсэн тохиолдолд сургалтын төлбөрийн дэмжлэг олгосон мөнгө буцаан төлөгдөхгүй юм байна гэсэн ойлголтыг авсан. Улмаар 2016 оны 09 сараас 2020 оны 06 сарыг хүртэл сургуульдаа суралцаж төгсөөд 2020 оны 07 сараас үргэлжлээд Өмнөговь аймгийн орон нутагтаа эзэмшсэн мэргэжлээрээ сурч хөдөлмөрлөж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа.
Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээ байгуулагдсан, тухайн үед боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээг 2016 оны 08 сарын 15-ны өдөр байгуулсан. Энэ гэрээний 6.1-д зааснаар 6 жилийн хугацаатайгаар байгуулагдсан. Гэрээний хугацаа 2022 оны 08 сард дуусахаар байгуулагдсан гэдэг тайлбарыг гаргадаг. Гэтэл энэ гэрээ нь учир дутагдалтай. Яагаад гэвэл нэгдүгээрт 6.1 дээр баримтлаад байгаа гэрээний хугацааг балаар зассан байдаг. 2022 онд гэсэн хэсгийг зассан. Тэгээд 6.2 дээр нь 6 гээд балаар биччихсэн. Энэ гэрээг нь аваад үзэхээр мөн 4.4 дээр зээлийн гэрээний хугацаа 3 жил гээд компьютероор шивэлт хийгээд биччихсэн. Ингээд гэрээ маань хугацааны хувьд зөрүүтэй.
Хоёрдугаарт гэрээ маань Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг. Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээ юм бол энэ гэрээ маань зээлдэгч зээлдүүлэгч гэсэн хоёр талын хоорондох эрх үүрэг хариуцлагыг зохицуулсан хоёр талт гэрээ байгаа. Гэтэл энэ гэрээ байгуулсан дээр зээлдэгч тал дээр ******* гээд гарын үсгийг нь зурсан байдаг. Манай үйлчлүүлэгчийн зүгээс ******* гэж гарын үсгийг нэрээрээ бичдэг. Огт би ийм тайлалгүй, зүйлээр бичиж гарын үсгийг зурж байсан тохиолдол байхгүй гэдэг тайлбарыг гаргасан. Тэгээд энэ гарын үсэг минийх биш гэдгийг тогтоолгуулъя, шинжээчийн дүгнэлт гаргуулъя гэсэн хүсэлтийг гаргаад, улмаар 2024 оны 04 сарын 30-ны өдрийн билүү, 1103 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлтээр тухайн гэрээнд зурагдсан ******* гэсэн нэрийн урдах үл тайлагдах бичиглэл нь *******ын гарын үсэг биш байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Тийм учраас нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа Боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Ийм зүйл байгаа учраас үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа.
Үнэхээр зээлээ тухайн үед дэмжлэг хэлбэрээр олгоогүй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2 200 000 төгрөгийн сургалтын төлбөрийг олгосон гэж тайлбарлаж байгаа бол тухайн үед энэ гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй байхад амны хэлбэрээр байгуулагдсан гэж үзэж болох юм. Тэгээд аман хэлбэрээр байгуулагдсан гээд үзэхээр нэхэмжлэгч тал маань гэрээнийхээ хугацааг тодорхойлж чаддаггүй. Хэзээ дуусах, хэзээ хэдий хугацаанд хүчин төгөлдөр вэ гэдгийг тодорхойлж чадахгүй байна гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 74.1 дэх хэсэг дээр хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдэд ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж хуульчилсан. Мөн хуулийн 75.2 дахь хэсэг дээр энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаанд тусгай хугацаа үйлчилнэ гээд, 75.2.1 дээр гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж байгаа. Тэгэхээр энэ маань зээлийн гэрээтэй холбоотой учраас гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа маань 3 жилийн хугацаатай байна гэж үзэж байгаа. Мөн Иргэний хуулийн 76.1 дээр хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Тэгэхээр шаардах эрх маань хэзээ үүсээд байна, нэхэмжлэгч шаардах эрхийг нь хэзээ үүсээд байна гэхээр тухайн үед бичгээр гэрээ байгуулаагүй учраас аман хэлбэрээр гэрээ байгуулагдсан байна, гэрээнийхээ хугацааг тодорхойлж, нотолж чадахгүй байгаа учраас энэ гэрээ маань 2016 оны 08 сарын 16-ны өдөр байгуулагдсан байна. Тэгэхээр шаардах эрх маань 2016 оны 08 сарын 16-ны өдрөөс эхлээд үүссэн байна гэж үзэж байгаа. Энэ шаардах эрх үүссэн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа маань тоологдох учраас гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны 3 жил аль өмнө нь дуусчихсан байна. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Мөн гэрээний 5.3 дахь заалтыг бариад алданги нэхэмжлээд байдаг. Нэгэнт энэ гэрээг манай үйлчлүүлэгч байгуулаагүй, хоёрт бичгээр гэрээг байгуулаагүй учраас алданги нэхэмжлэх боломжгүй. Нэхэмжлэх эрх эдлэхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч П.*******д холбогдуулан 3 300 000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр П.******* нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ байгуулан 2 200 000 төгрөгийг сургалтын төлбөрийн зээл авсан. Тус гэрээний 4.4-т зааснаар сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш 3 жилийн хугацаанд эргэн төлөхөөр, гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээсэн. Иймд зээлийн төлбөр 2 200 000 төгрөг, алданги 1 100 000 төгрөг нийт 3 300 000 төгрөг гэж тодорхойлсон.
3. Хариуцагч П.******* нь татгалзлын үндэслэлээ тухайн цаг хугацаанд орон нутагтаа эргэн ирж ажиллах хүсэлтэй, эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад олгосон дэмжлэгт хамрагдсан. Зээл гэж гэрээ байгуулаагүй. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргадаг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.
5. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 14/08 дугаартай тогтоолоор Өмнөговь аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын оноосон нэрийг Өмнөговь корпораци ОНӨААТҮГ гэж өөрчлөн Гүйцэтгэх захирал нь ******* гэсэн байна. /хх-ийн 4-р хуудас/
6. Өмнөговь корпораци ОНӨААТҮГ болон П.******* нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ байгуулагджээ.
7. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн хөгжил хөрөнгө оруулалтын газраас 2 200 000 төгрөгийг Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн 468011389 дансанд ХХОГазар-с П.******* сур төлбөр зээл гэсэн утгаар шилжүүлжээ. /хх-ийн 14-р хуудас/
8. Эм зүйн шинжлэх ухааны их сургуулиас Сургалтын төлбөр П.******* 2016-2017 оны х. жил эм зүй 20 / анги гэсэн утгаар 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2 200 000 төгрөгний нэхэмжлэх бичсэн байна. /хх-ийн 15-р хуудас/
9. П.******* 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газрын захиргаанд төгсөж ирээд нутаг орондоо ажиллаж, гэрээнд заасны дагуу төлбөрийг төлнө. Сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ үү гэсэн агуулга бүхий өргөдөл бичсэн байна. /хх-ийн 16-р хуудас/
10. Өмнөговь аймгийн Хөгжил Хөгжил хөрөнгө оруулалтын газрын захирал ******* 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэдийн боловсролыг дэмжих үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу хавсралтаар нэр бүхий 10 оюутанд сургалтын төлбөрийн зээлийг олгож, зохих дансанд шилжүүлэхийг нягтлан бодогч *******д даалгаж хавсралтын 8.П.******* ******* 2 200 000 төгрөг гэсэн агуулгаар 19 дугаартай тушаал гаргажээ.
11. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2016 оны 08 дугаар сарын 15-ны огноотой Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ гэсэн баримтын Гэрээ байгуулсан гэсэн хэсгийн П.******* гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн П.*******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохиорохгүй байна гэж дүгнэжээ. /хх-ийн 44-52 хуудас/
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заажээ.
Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаардаг бөгөөд тус гэрээ нь өөртөө хөөн хэлэлцэх тусгай хугацааг агуулаагүй бол энэ зүйлд заасан хугацаа үйлчилнэ.
Түүнчлэн, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4.-т зааснаар шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болдог.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хугацааг тоолох журам зохицуулагдсан байх ба хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.
Талуудын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн байх бөгөөд хэрэгт авагдсан гэрээгээр гэрээний хугацаа зөрүүтэй, он сар засвартай байгаа нь нэхэмжлэгчийн шаардах эрх хэдийд үүссэн болохыг тодорхойлох боломжгүй байгаагаас гадна нэхэмжлэгч нь хэдийд шаардах эрх үүссэнээ болон хэдийд шаардах эрх нь зөрчигдсөн, эсхүл эрх зөрчигдсөн болохоо мэдсэн эсэхээ тайлбараар болон баримтаар нотлохгүй байна.
Түүнчлэн 2016 онд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2023 онд шаардаж байгаа нь өөрөөр хэлбэл 7 жилийн дараа шаардаж байгаа нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхээ тайлбараар болон баримтаар нотлохгүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч П.*******д холбогдох 3 300 000 төгрөг гаргуулах тухай Өмнөговь корпораци ОНӨААТҮГазрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Өмнөговь корпораци ОНӨААТҮГазрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН