| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2025/0034/З |
| Дугаар | 116/ШШ2025/0043 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 116/ШШ2025/0043
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, сум, 1 дүгээр баг, , 3 дугаар гудамжны тоотод оршин суух, Хатиган овогт ******* *******, /РД: *******/
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны А/158 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” захирамжийн дагуу Дорнод аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны баруун талд байрлах нэгж талбарын ******* дугаартай, 225 м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн тус аймгийн Засаг даргын 2017 оны А/190 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” захирамжийн дагуу Дорнод аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт газрын баруун хойд талд байрлах, нэгж талбарын дугаартай, 800 м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус ******* надад олгосон юм. Миний бие өөрийн эзэмшиж буй газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах зорилгоор дор дурдсан зочид буудлын болон үйлчилгээний төвийн барилгын ажлыг тус тус эхлүүлэх зорилгоор эрх бүхий этгээдээс барилгын ажлын зөвшөөрөл олгоход шаардагдах хуульд заасан баримт бичгийг иж бүрнээр, зохих ёсоор бүрдүүлэн, барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтээ удаа дараа Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлсэн юм. Үүнд:
******* миний эзэмших эрх бүхий газарт баригдах дээрх барилгуудын аль аль аль нь “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-ын нэгдүгээр хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал”-ын жагсаалтын 3.2-т заасан “16-30 м өндөртэй 5-9 даюхар орон сууцнаас бусад зориулалттай олон давхар байгууламж”-д хамаарч байх тул Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан “дунд төвөгшилтэй барилга байгууламж”-д хамаарах юм. Иймд Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасны дагуу дунд төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд нь тус аймгийн Засаг дарга болно. Улмаар миний бие дээр дурдсан барилгын ажлыг эхлүүлэхийн тулд Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргах учиртай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу батлагдсан зураг төсөл, Зураг төслийн магадлалын дүгнэлт, Барилгын талбайн инженер-геологийн судалгааны ажлын дүгнэлт, ханган нийлүүлэгч байгууллагуудаас олгосон техникийн нөхцөл болон холбогдох бусад бүхий л баримт бичгийг тус тус бүрдүүлсэн барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасны дагуу Дорнод аймгийн Засаг дарга болон тус аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2021 оноос хойш удаа дараа аман болон бичгэн хэлбэрээр хүргүүлсэн билээ. Тодруулбал 225 м2 талбай бүхий газрынхаа 220.8 м2 талбайд нь зочид буудлын 6 давхар барилга төлөвлөж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрий До/Чо/2017- дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг 800м2 талбай бүхий газрынхаа 787.5 м2 талбайд худалдаа, үйлчилгээний 6 давхар барилга төлөвлөж 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн До/Чо/2017- дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг, 800м2 талбай бүхий газрынхаа 787.5 м2 талбайд худалдаа, үйлчилгээний 6 давхар барилга төлөвлөж 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн До/Чо/2017-12 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус батлуулж, холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот бхйшуулалтын газарт “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг хүссэн хүсэлтийг гаргаж байсан боловч надад зохих хариу ирүүлээгүй. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дахин барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад хандан хүсэлт гаргасан юм. Гэвч Дорнод аймгийн Засаг дарга нь Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д, мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 5 дугаар бүлэгт заасан барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл бүхий нөхцөл байдал бий болоогүй байхад миний хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэж өгөөгүй учир Барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг дарга эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан юм. Улмаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс П.******* нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дүгээр албан бичгээр “...Архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зургийг батлахдаа нийт талбайд барилгажилтыг төлөвлөж нийтийн эзэмшлийн газарт авто зогсоол, ногоон байгууламж төлөвлөсөн байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.2 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үржүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 5.1.2-т заасантай нийцээгүй” тул барилгын ажлын зөвшөөрөл олгох боломжгүй” хэмээн татгалзан шийдвэрлэсэн тухай захиргааны хэргийн шүүхэд тайлбар гаргасан байдаг. Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/064 дугаар албан бичиг болон аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/271 дүгээр албан бичгээр “...Уг барилга угсралтын ажлын зураг төсөл, барилгажилтын ерөнхий төлөвлөгөө нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8 дугаар заалтад заасан барилгажих талбай, цэцэрлэг, ногоон байгууламж, авто машины зогсоолын талбайн харьцааг хангаагүй, ...талбайн харьцааг мөрдлөг болгон хэрэгжүүлээгүй байна” хэмээн дахин татгалзан шийдвэрлэсэн тухай тайлбар гаргаж, баримтын шүүхэд хүргүүлсэн байдаг. Энэ хугацаанд Дорнод аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас миний дээрх хүсэлтүүдийг татгалзан шийдвэрлэсэн тухай ******* надад зохих ёсоор мэдэгдээгүй, зориудаар нуун дарагдуулснаар намайг шүүхэд хандаж, өөрийн эрхээ зохих ёсоор хамгаалах боломж олгосонгүй. ******* миний бие анх 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг хүссэн хүсэлтийг гаргаж, үүнээс хойш надад ямар нэг байдлаар хариу өгөөгүй учир Дорнод амйгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дорнод аймгийн Засаг даргад удаа дараа хүсэлт хүргүүлсээр байсан билээ. Гэтэл Дорнод аймгийн Засаг даргын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дугаар шийдвэр буюу захиргааны актыг ******* надад мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй байдаг. Захиргааы ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан байхад хариуцагч нь тус хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх журмыг ноцтой зөрчсөн байдаг. Нэхэмжлэгч ******* миний бие “Дорнод аймгийн Засаг дарга эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймгийн Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дүгээр албан бичгээр дээрх шийдвэр гарсан тухай мэдсэн учир ******* миний бие Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дугаартай “барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан” шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна.
Дорнод аймгийн Засаг даргын шийдвэр үндэслэлтэй эсэх тухайд:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т заасан Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тавигдах “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” шаардлагад цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины эзлэх хувийг тусд нь ялгаж, заагаагүй бөгөөд П.******* эзэмших эрх бүхий газарт баригдах дээрх барилгуудын аль аль нь газар доорх давхар буюу Б1 давхар, 1 дүгээр давхар автомашины зогсоолыг байгуулах боломжтой байдлаар зохион байгуулагдаж, архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан байгаа болно.
Иймд давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь бодит байдалд нийцэхгүй байгаа юм. Мөн түүнчлэн Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана” гэж,
27.3.1-д “хот байгуулалтын баримт бичиг заасан шаардлагыг хангахгүй”
27.3.2-т “зураг төсөлд магадлал хийгдээгүй”
27.3.3-д “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон” гэж тус тус заасан байдаг. Дорнод аймгийн Засаг дарга нь ******* миний барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтүүд нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8-д заасан шаардлага хангаагүй гэж дурдсан байлаг. Дээр дурдсанчлан Хот байгуулалтын тухай хуульд заасан шаардлагад цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоолын эзлэх хувийг тусд нь ялгаж заагаагүй бөгөөд дээр дурдсанчлан П.******* эзэмших эрх бүхий газарт баривчлагдах автомашины зогсоолыг байгуулах боломжтой байдлаар буюу Б1 давхар, 1 дүгээр давхарт автомашины зогсоолыг байгуулах боломжтой байдлаар зохион байгуулагдаж, архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсанаас гадна, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр дээрх барилгын гадна зогсоолын талбайг хоёр дахин сунгаж өөрчлөх боломжтой нөхцөл байдал тодорхой нотлогдсон билээ.
Энэ тохиолдолд Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Барилгын ажлын үйл ажиллагааны явцад гуравдагч этгээдийн ажиллаж, амьдрах орчинг болон барилга байгууламж ашиглах эрхийг нь дордуулахгүйгээр хууль тогтоомжид заасан хэмжээгээр өөрчилж болно” гэж заасны дагуу эрх бүхий этгээд нь газар эзэмшигчийн эрхийг дээрдүүлж хуулиар зөвшөөрөгдсөн боломжит хэм хэмжээг сонгон хэрэглэх боломжтой тул энэхүү маргаан бүхий нөхцөл байдлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалт байгаа юм. ******* миний барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтүүд нь аливаа гуравдагч этгээд болон нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөөгүй болно. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргах учиртай баримт бичгүүд байдаг. Барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тусгай эрх олгосон экспертийн эрх бүхий этгээд магадлагаа хийх баталгаажуулдаг байна. Тус эрх бүхий эксперт нь П.******* эзэмшил бүхий газруудад баригдах барилгын зураг төсөлд магадлал хийж, хуульд заасан шаардлага хангасан болохыг хуульд зааснаар баталгаажуулсан билээ. Өөрөөр хэлбэл архитектур төлөвлөлтийн даалгавар гарснаас эхлээд барилгын загвар зураг, зураг төсөл, техникийн нөхцөлүүд, бусад холбогдох зөвшөөрлүүд зэргийг Барилгын тухай хуульд заасны дагуу захиалагчийн зүгээс өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх хянан магадлагаа хийх экспертийн эрх бүхий этгээдэд шилжүүлснээр эксперт хянаж, хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад бүрэн нийцсэн болохыг хянан баталгаажуулдаг. Энэ бүх үйл ажиллагаа шат шатандаа төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын тавьж буй хяналтын дор гүйцэтгэгддэг болох нь бүгдэд илэрхий үйл ажиллагаа болно. Тодруулбал: Барилгын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д “Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаархи дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу ******* миний эзэмшил бүхий газарт баригдах барилга байгууламжуудын зураг төсөл болон бусад баримт бичгийг эрх бүхий эксперт хянаж, хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэн болохыг нотолсон юм. Мөн Донрод аймгийн Засаг даргын 2017 оны А/158 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” захирамжийн дагуу Дорнод аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны баруун талд байрлах нэгж талбарын ******* дугаартай, 225 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн тус аймгийн Засаг даргын 2017 оны А/190 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” захирамжийн дагуу Дорнод аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт газрын баруун хойд талд байрлах, нэгж талбарын дугаартай 800м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус ******* надад олгосон болно. Тус газар эзэмших эрхийн гэрчилгээг ******* надад олгох үед тухайн газруудын зориулалтын дагуу эзэмших ашиглах боломжтой, барилга байгууламжийг барьж байгуулах зөвшөөрөлтэй байсан тул тухайн газруудын зориулалтын дагуу ашиглах болом нь хуульд зөвшөөрөгдсөн болох нь давхар нотлогддог. Үүнээс гадна дээрх газруудад баригдах барилгуудын архитектур төлөвлөлтийн даалгаврыг эрх бүхий этгээд баталгаажуулж, хуулийн хүчин төгөлдөр баримт бичиг батлагдсан учир ******* миний бие өөрийн газар дээрх барилгуудын суурийг цутгах ажлыг аль хэдийн эхлүүлсэн байсан билээ. Гэтэл одоо хариуцагчийн зүгээс хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж, иргэн ******* миний эрхийн дордуулж байгаад гомдолтой байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзвэл Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дугаартай “барилгын зөвшөөрөл олгохоос татгалзсан” шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй, нотлох баримт цуглуулах, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүйн улмаас захиргааны актад тавигдах формаль эрх зүйн шаардлагад нийцээгүй, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт батлан гаргасан байна. ******* миний бие Дорнод аймгийн Засаг дарга д хандан Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дугаартай “барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан” шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан билээ. Гэвч иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх хугацаа дууссан байхад одоог хүртэл надад ямар нэг хариу ирүүлсэнгүй. Иймд миний бие арга буюу өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхийн хамгаалалт хүсч, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дугаартай “барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан” шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус захиргааны актад хамаарч байх тул мөн хуулийн 48 дугаар 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно” гэж заасны дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан” шийдвэрийг хүчингүй болгож, барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү. ...Нэхэмжлэгч ******* миний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн саналыг хүлээн авч, үүсээд буй маргаантай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх болсон учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд ...” гэж тус тус заасны дагуу ******* миний бие тус нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа учир энэхүү хүсэлтийг гаргаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргы шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар “Дорнод аймгийн Засаг даргын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дүгээр шийдвэр буюу захиргааны актыг ******* надад мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж заасан байхад хариуцагч нь тус хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх журмыг ноцтой зөрчсөн байдаг.” гэжээ. Иргэн ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох хүсэлтийг гаргасан. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар аймгийн Засаг даргад хандан 2021 оны 3/698 дугаар албан бичгээр сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлчилгээтэй зочид буудлын барилга барих барилгын ажлын зөвшөөрөл олгуулах тухай хүсэлтийг уламжилсаныг хянаж аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дүгээр албан бичгээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан иргэн *******т барилгын ажлын зөвшөөрөл олгох боломжгүй талаар дурдсан байдаг. Ингэхдээ иргэн *******т сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлчилгээтэй зочид буудлын барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зургийг батлахдаа нийт талбайд барилгажилтыг төлөвлөж (газрын хэмжээ 225 м2, үүнээс барилгажих талбай 220.8 м2), нийтийн эзэмшлийн газарт авто зогсоол, ногоон байгууламж төлөвлөсөн байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх”, 12.8-т “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна.” заалтыг тус тус зөрчсөн. Иймд Барилгын тухай хуулийн 14 дүгээрг зүйлийн 14.1.2 “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.2 “Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна.”, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 5.1.2. Баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрсөн)-д нийцээгүй” заалтыг тус тус үндэслэн барилгын ажлын зөвшөөрөл олгох боломжгүй байгааг мэдэгдсэн.
2. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т заасан шаардлагад цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоолын эзлэх хувийг тусад нь ялгаж, заагаагүй бөгөөд П.******* эзэмших эрх бүхий газарт баригдах дээрх барилгуудын аль аль нь газар доорх давхар буюу Б1 давхар, 1 дүгээр давхарт автомашины зогсоолыг байгуулах боломжтой байдлаар зохион байгуулагдаж, архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан байгаа болно.” гэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.2-т “Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараах төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно”, 26.1.1-д “Барилга байгууламжийг шинээр барих”, 27 дугаар зүйлийн 27.1.3-т “энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно”, 40 дүгээр зүйлийн 40.1.16-т “Барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” гэж, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30 хувиас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх”, 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч П.******* 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Ерөнхий архитектораар батлуулсан До/Чо/2017- болон До/Чо/2017-12 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь 6 давхар барилга буюу Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 2 дүгээр тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал”-ын жагсаалтын 3.2-т “16-30 м өндөртэй 5-9 давхар орон сууцнаас бусад зориулалттай олон давхар барилга байгууламж” гэж зааснаар дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжид хамаарахаар, нэхэмжлэгчийн өөрийн эзэмшиж буй газартаа 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлуулсан До/Чо/2017- болон До/Чо/2017-12 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан хэмжээгээр буюу 225 м.кв газрын 220.8 м.кв талбайд, 800 м.кв газрын 787.5 м.кв талбайд нь барилгын ажил эхлүүлэн, 2 давхар карказ цутгасан нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 болон 12.8 дахь хэсгийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүх хариуцагч Дорнод аймгийн Засаг даргыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хууль бус “эс үйлдэхүй” гаргасан хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгсон. *******т сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээний төв, зочид буудлын барилгын ажлын зөвшөөрөл олгох боложмгүй талаар хариуг удаа дараа өгч мөн тухайн асуудлаар захиргааны хэргийн анхан, давах, дээд шатны шүүхийн шийдвэр гарсан.
Иймд аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дүгээр “Барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан” албан бичгийг зөвшөөрөөгүй барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах саналгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* нь “...Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* “...Нэхэмжлэгч ******* миний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн саналыг хүлээн авч, үүсээд буй маргаантай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх болсон учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд ...” гэж тус тус заасны дагуу ******* миний бие тус нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа учир энэхүү хүсэлтийг гаргаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү” гэх хүсэлт гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэлээсээ татгалзсаны улмаас үүсэх үр дагаврыг ойлгож байгаагаа бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар нэхэмжлэгчид тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулсан ба холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, ******* *******, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ