Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 313/ШШ2025/00208

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: ******* овогт *******ын *******

Хариуцагч: *******

Хариуцагч: ******* овогт *******ы ******* 

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах Ахмадын 3-323/1 дугаартай байрны 5 давхрын 30 тоот, 43.78 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.*******той орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээгээр ******* нь барьж буй барилгын 30 тоот орон сууцыг барилга баригдаж дууссаны дараа С.*******д хүлээлгэн өгөх, С.******* нь захиалсан 30 тоот орон сууцны төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлснөөр орон сууцны өмчлөгч болох үүргийг тус тус хүлээнэ.

*******ийн барьсан барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд шаардлагатай ажлыг захиалагч бусад иргэдийн хамт биечлэн гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэн өгснөөр тухайн барилга ашиглалтанд орох нөхцөл бүрдсэн.

Энэ гэрээний үүргээ талууд буюу гүйцэтгэгч *******, захиалагч ******* миний бие бүрэн биелүүлсэн тул иргэн Д.******* нь төлбөр тооцоо дууссан тухай ...орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Д.******* миний өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, Ахмад 3-323/1 дугаартай байрны 05 давхар, 30 тоот, 43.78 м.кв 2 талбай бүхий орон сууцыг С.Солонгын өмчлөлд бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгнө үү гэсэн агуулга бүхий баримтыг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргаж өгсөн.

Энэ баримт нь дангаараа *******ийн гэрээний 1.7-д Гүйцэтгэгч нь захиалагчийн худалдан авсан орон сууцны байшингийн өмчлөх эрхийг баталгаажуулах зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх... 5.2.3-т төлбөр төлөгдөж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх гэж үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Учир нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хууль, түүнийг хэрэгжүүлэхээр гарсан журамд зааснаар холбогдох бичиг баримт гэдэгт төлбөр тооцоо дууссан баримтаас гадна барилгыг Улсын комисс хүлээн авсан дүгнэлт, барилгын анхны зураг төсөв, баригдсан барилгын 4 талыг болон доторхи зохион байгуулалтыг харуулсан гэрэл зураг, захиалагч нарын нэрс, өмчлөгч нарын нэрс зэрэг баримтууд ордог.

Гэтэл ******* нь дээрх материалыг бүрдүүлж шинээр баригдсан нийтийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх мэдүүлгээ тухайн үл хөдлөх хөрөнгө байршиж буй Улсын бүртгэлийн байгууллагад гарган өгөхгүй байна.

Мөн Д.*******ийн барьсан уг барилгыг ашиглалтанд оруулах тухай Улсын комиссын шийдвэр нь түүний *******-ийн нэрээр гаргасан тул хамтран хариуцагчаар оролцуулах шаардлага бий болсон юм. Эдгээр байдлаас шалтгаалан С.******* миний бие нь гэрээний 5.3.2-т заасан ...захиалсан байр буюу орон сууцны төлбөрийг 100% төлсний дараа байрыг хүлээн авах..., 5.3.3-т заасан ...гэрээгээр тохиролцсон төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар байрны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах... эрхээ хэрэгжүүлж, орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болох эрхээ баталгаажуулж чадахгүй хохироод байгаа тул Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах ахмадын 3-323/1 дугаартай байрны 5 давхрын 30 тоот хаягт байршилтай, 43.78 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр ******* овогт *******ын Солонгыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага тайлбартаа: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах Ахмадын 3-323/1 дугаартай байрны 5 давхрын 30 тоот, 43.78 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай тухайн барилгын орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалт буюу өөрт холбогдох хэсэг болох *******-ийн барьсан ахмадын барилгын 3-323/1 дугаартай орон сууц захиалсан захиалагчдын нэрийн жагсаалтаас С.*******д холбогдох хэсгийг гаргуулах, барилгын зураг болон өөрчлөлтийн зураг, барилга анх ашиглалтад ороход улсын комисс анх хүлээж авсан акт, үл хөдлөх эд хөрөнгийн байршлын өмчлөх, ашиглах эзэмших эрх олгосон шийдвэр, барилга барьсан газрын өмчлөх эрх олгосон шийдвэр, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримтуудыг хариуцагчид даалгах болгож байна.

Иргэн С.******* миний бие Тод бат андууд буюу иргэн Д.*******той орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу төлбөрөө хэсэгчлэн төлж өмчлөгч нь болохоор Иргэний хуульд заасны дагуу хууль ёсны гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Төлбөрийг бүрэн төлж барагдуулж Улсын комисс хүлээж авсны дараа орон сууцаа 8, 9 сарын хугацаанд ашиглаад явж байна. Тэгээд гэрээнийхээ дагуу өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага гарч ирсэн. Д.******* буюу *******-ийн захирал өөрөө шүүхийн шийдвэр дээр өр төлбөрийн асуудалтай байгаа учраас энэ асуудал шийдэгдэхгүй удааширсан. Тийм учраас шүүхэд өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийнхээ дагуу шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч талтай барилгын материалын үнийн дүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор төлбөрөө 1 метр квадратыг 500 000 төгрөгөөр нэмэгдүүлэн харилцан тохиролцоод хариуцагч талд төлж барагдуулсан. Гэхдээ 5 000 000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Энэ нь зуун хувь өмчлөгчөөр тогтоолгоход нөлөөлөхгүй байх гэж найдаж байна. Өөр тайлбар алга гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг яриад байна. Уг нь шинээр баригдсан орон сууц, оффис, үйлчилгээ, авто зогсоол зэрэг нийтийн зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх материал дөрөвхөн ширхэг байдаг. С.******* жоохон андуураад байх шиг байна. Хоёрдугаарт шүүх хуралдаанаар эвлэрлийн гэрээг баталгаажуулахаар нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээгээ байгуулаад харилцан тохиролцоод шүүхэд гаргаж өгсөн. Уг нь шүүх хуралдаан хийхгүйгээр эвлэрлийн гэрээгээр баталгаажуулаад С.*******той холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэе гэсэн зорилгоор эвлэрлийн гэрээг байгуулсан. Тэгээд эвлэрлийн гэрээний зорилго нь зургаан нөхцөлөөр илэрч байгаа. Зургаан нөхцөл дотор С.Солонгын гаргаад байгаа хоёр нэхэмжлэлийн шаардлага хоёулаа тусгагдсан байгаа. Өөрөөр хэлбэл Тод бат андууд компани болон иргэн Д.******* гэрээ байгуулагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн өмчлөгчөөр С.Солонгыг тогтоолгоход татгалзах зүйлгүй. Нэхээд байгаа дөрвөн баримт бичгийг Тод бат андууд компанийн зүгээс гаргаад өгөхөд татгалзах зүйл байхгүй. Тодорхой үнийн дүн дээр өөрчлөлт ороод үүнийгээ баталгаажуулаад хоёр тал асуудлаа шийдвэрлээд явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн шүүх хурал дээр эвлэрлийн гэрээний асуудлыг яриад явах нь зөв болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг хэлэлцэх ёстой. Өнөөдөр бид Улсын бүртгэлийн байгууллага, захиргааны үйл ажиллагаатай холбоотой маргаан шийдвэрлэх асуудал биш. Тэгэхээр нэхэмжлэгчийн тодруулга жоохон учир дутагдалтай байна. Асуудлын гол мөн чанар нь зөвхөн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг компанийн зүгээс гаргаж өгөх тухай асуудал байгаа. Үүнийг эвлэрлийн гэрээн дээр маш тодорхой тусгаад, дурдаж өгсөн байгаа учраас эвлэрлийн гэрээг баталж өгөөч. Мөн төлбөрөө зуун хувь төлсөн байгаа, тодорхой үнэ дээрээ өөрчлөлт оруулаад хоорондоо харилцан тохиролцсон байгаа учраас иргэдийн асуудлыг түргэн шуурхай, аль болох хурдан шийдвэрлэе гэдэг зорилгоор эвлэрлийн гэрээг байгуулаад аль аль тал энэ асуудал дээр дахин санал, хүсэлт гомдол гарахгүйгээр эцсийн байдлаар шийдвэрлүүлье гээд энэ асуудлыг оруулж ирсэн байгаа. Мөн шүүхийн шийдвэрээр өмчлөгч тогтоогддог. Жишээ нь Улаанбаатар хотод өмчлөгчөөр тогтоогдоод явсан тохиолдолд Улсын бүртгэлийн байгууллага баримтуудыг нэхэхгүйгээр шууд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгчийг тогтоогоод гэрчилгээг нь олгоод явдаг зарчим үйлчилж байгаа. Тэгэхээр заавал энэ бичиг баримтуудыг компаниас гаргуулж авах гээд байдаг нь ямар учиртай юм. Тэртээ тэргүй шүүх энэ асуудалд эцсийн цэгийг тавина, эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Тийм учраас шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага бүгд биелүүлэх үүрэгтэй. С.******* маань өөрөө шүүхэд хандаж асуудлаа гаргаж ирж тавьсан. Тэгээд хариуцагч өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд харилцан тохиролцоод талууд шүүхийн журмаар шийдвэрлүүлээд явъя гэсэн байр суурьтай байгаа.

Манайхаас хамааралтай бичиг баримтуудыг бүгдийг нь гаргаад өгнө. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа.

Хариуцагч Тод бат андууд компани нь С.Солонгын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. С.******* нь тоот бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох мөн орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгүүдийг Тод бат андууд компаниас гаргуулахыг даалгах гэсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гарсан байдаг. Бид эвлэрлийн гэрээ байгуулаад шүүхэд гаргаж өгсөн боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсангүй. Ер нь Тод бат андууд компани С.*******той гэрээ байгуулсан тал дээр маргадаггүй. Орон сууцны үнийн дүн дээр 1 метр квадрат талбай дээр 500 000 төгрөг нэмээд зөрүү гэж тодорхой хэмжээний мөнгө авсан. Одоо үлдэгдэл 5 000 000 төгрөг үлдсэн байгаа. Үүнийг дараа дараагийн төлөлтөөр авъя гэдэг байдлаар хоёр тал харилцан тохиролцоод өнөөдрийг хүртэл ойлголцоод явж байгаа. Компанийн зүгээс ямар 7 төрлийн бичиг баримт авах гээд байгаа гэдгээ С.******* тайлбарлалаа. Тэгэхээр хариуцагчийн зүгээс нэгэнт С.Солонгын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагийн хүрээнд нэмэлт тодруулга, тайлбар өгөхөд шинээр баригдсан орон сууц, оффис, үйлчилгээ, авто зогсоол зэрэг нийтийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд дараах 4 төрлийн баримт бичгийг гаргаж өгдөг. Энэ баримт бичиг нь нэгдүгээрт гүйцэтгэгч болон захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн тодорхойлолт. Энэ нь төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт байгаа. Хоёрдугаарт тухайн иргэн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ байгаа. Энэ нь худалдах, худалдан авах гэрээ юм уу, орон сууц захиалсан гэрээ юм уу, хөрөнгө оруулалтын гэрээ юм уу, захиалан бариулах гэрээ юм уу, гэдэг нь ордог компани дээр олгосон гэрээ байгаа. Гуравдугаарт тухайн үл хөдлөх эд хөрөнгө, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг байдаг. Дөрөвдүгээрт барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын дүгнэлт, акт байдаг. Тавдугаарт барилга байгууламжийн зураг төсөл тухайн давхар, тоот, талбайн зураг төслийг гаргаж өгнө. Зургаадугаарт барилгын гэрэл зургийг дөрвөн талаас нь авч өгдөг. Нийт 6 төрлийн баримт бичгийг гаргаж өгдөг. Нэхэмжлэгч түрүүн ярихдаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дотроос газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг дурдаад 7 болгоод байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дахиад газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх гэдэг тусдаа бүртгүүлдэг зүйл байгаа. Манай тохиолдолд орон сууц буюу нийтийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа юм. Энэ нийтийн зориулалттай үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн сайт дээр маш тодорхой байна. Миний дурдсан 6 төрлийн бичиг баримтыг компаниуд гаргаж өгдөг. Тэгэхээр энэ 6 төрлийн баримт бичгийг компанийн зүгээс гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйл байхгүй гэдгийг шүүхэд хэлье гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч тал Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах Ахмадын 3-323/1 дугаартай байрны 5 давхрын 30 тоот, 43.78 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах Ахмадын 3-323/1 дугаартай байрны 5 давхрын 30 тоот, 43.78 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай тухайн барилгын орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалт буюу өөрт холбогдох хэсэг болох *******-ийн барьсан ахмадын барилгын 3-323/1 дугаартай орон сууц захиалсан захиалагчдын нэрийн жагсаалтаас С.*******д холбогдох хэсгийг гаргуулах, барилгын зураг болон өөрчлөлтийн зураг, барилга анх ашиглалтад ороход улсын комисс анх хүлээж авсан акт, үл хөдлөх эд хөрөнгийн байршлын өмчлөх, ашиглах эзэмших эрх олгосон шийдвэр, барилга барьсан газрын өмчлөх эрх олгосон шийдвэр, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгахыг шаарджээ.

Хариуцагч *******, Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж, С.*******той эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталгаажуулахыг хүссэн.

1. Шүүх нэхэмжлэгч С.******* болон *******, Д.******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзав.

Талууд 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Энэхүү гэрээг нэг талаас *******, /*******/ иргэн Д.******* /*******/, нөгөө талаас иргэн С.******* // нар харилцан тохиролцож дараах нөхцөлөөр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэхэмжлэгч С.******* нь Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хариуцагч ******* болон иргэн Д.******* нарт холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг хариуцагчаас гаргуулаx шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлага нь энэхүү эвлэрлийн гэрээг байгуулах гол үндэслэл болсон болно.

Эвлэрлийн гэрээний гол нөхцөлүүд:

1. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23/08 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээнд заасны дагуу иргэн С.******* нь орон сууцны анх тохиролцсон үнэ болох 105 072 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан;

2. Талуудын хооронд хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23/08 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний 3.1-д заасан орон сууцны нийт үнийг 1м.кв талбайн үнийг 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж 1 м.кв талбайн үнийг 2 900 000 төгрөгөөр тооцож орон сууцны нийт үнийг 129 962 000 төгрөгөөр тогтоох;

3. Орон сууцны 1 м.кв талбайн үнийг 500 000 төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор (43.78 х 500 000) зөрүү 21 890 000 төгрөгийг С.******* нь ******* болон иргэн Д.*******ид төлж барагдуулах;

4. Орон сууцны нэмэгдүүлсэн үнийн зөрүү 21 890 000 төгрөгөөс 16 890 000 төгрөгийг С.******* урьдчилан төлсөн бөгөөд үлдэгдэл 5 000 000 төгрөгийг ******* болон иргэн Д.*******ид орон сууцны гэрчилгээ гарсан үед төлөх;

5. Орон сууцны өмчлөгчөөр иргэн С.*******ог тогтоолгох;

6. Орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг (Улсын бүртгэлийн байгууллага болон бусад холбогдох төрийн байгууллагуудаас гаргуулж өгөх компаниас хамаарах баримт бичиг хамаарна) ******* болон иргэн Д.******* нь захиалагч иргэн С.*******д гаргаж өгөх нөхцөлөөр тус тус байгуулав.

Энэхүү эвлэрлийн гэрээг хоёр тал хүсэл зоригоо сайн дураар илэрхийлж харилцан тохиролцож байгуулсан ба цаашид дээрх асуудлаар ямарваа нэгэн гомдол, санал гаргахгүй эцсийн байдлаар шийдвэрлэсэн болно гэжээ.

Эвлэрлийн гэрээ нь тодорхой биш байна. Орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай ямар ямар бичиг баримт шаардаж байгаа нь тодорхойгүй байх тул эвлэрлийн гэрээг тодорхойгүй гэж үзэн баталгаажуулахаас татгалзав.

2. Нэхэмжлэгч С.******* 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Д.*******той Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ нэртэйгээр 42 айлын орон сууцны 5 давхрын 30 тоот, 43.78 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалж, 1м2-ын үнэ 2 400 000 төгрөг нийт төлбөр 105 072 000 төгрөг байхаар тохиролцон улмаар тухайн 2 өрөө орон сууны 1м2-ын үнийг 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж 1м2-ын үнэ 2 900 000 төгрөг нийт 129 962 000 төгрөг болсон байх ба С.******* нь 124 962 000 төгрөгийг төлсөн, одоо байрны төлбөрт 5 000 000 төгрөг төлөөгүй байгаа болох нь талуудын тайлбар, орон сууц захиалагчтай байгуулах гэрээ зэргээр тогтоогдож байна.

3. Хэргийн үйл баримт, 2023.02.15-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулсан гэрээнээс үзэхэд С.******* болон Д.******* нарын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, Д.******* нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг С.Солонгын өмчлөлд шилжүүлэх, С.******* нь Д.*******ид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авахаар харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд байгуулсан дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх заалтад нийцэж байх тул тэдний хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Худалдагч Д.******* нь худалдсан эд хөрөнгийн өмчлөлийг худалдан авагчид шилжүүлэх үндсэн үүрэгтэй байх бөгөөд тэрээр эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Төлбөрийг бүрэн төлж барагдуулж Улсын комисс хүлээж авсны дараа орон сууцаа 8, 9 сарын хугацаанд ашиглаад явж байна гэсэн тайлбараар нотлогдож байна.

5. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд Иргэний хуулийн 109 дүгээр зүйл болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт Хуульд заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж зааснаар нотариатаар гэрчлүүлсэн гэрээг өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийн хамтаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргаж өгөх бөгөөд дээрхи хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн ч гаргах эрхтэй байдаг.

Энэ тохиолдолд Худалдагч өмчлөх эрх эрхийг шилжүүлэх үр дүнг хариуцахгүй хэдий ч өөрийн зүгээс шаардлагатай үйлдлийг хийх ёстой. Тодруулбал тэрээр гэрээг нотариатаар гэрчлүүлэхэд хамтран оролцох, өөрийн зүгээс өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг биечлэн гаргах эсвэл худалдан авагчийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг зөвшөөрч буйгаа зохих хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй. Өөрөр хэлбэл тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт шаардлагатай бүхий л хүсэлт, зөвшөөрлийг зохих хэлбэрээр өгнө.

Худалдагч Д.******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн эсэх нь баримтаар болон тайлбараар нотлогдохгүй байх тул С.*******д тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжээгүй байна. Иймд С.Солонгыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч С.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай гэх Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах Ахмадын 3-323/1 дугаартай байрны 5 давхрын 30 тоот, 43.78 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай тухайн барилгын орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалт буюу өөрт холбогдох хэсэг болох *******-ийн барьсан ахмадын барилгын 3-323/1 дугаартай орон сууц захиалсан захиалагчдын нэрийн жагсаалтаас С.*******д холбогдох хэсгийг гаргуулах, барилгын зураг болон өөрчлөлтийн зураг, барилга анх ашиглалтад ороход улсын комисс анх хүлээж авсан акт, үл хөдлөх эд хөрөнгийн байршлын өмчлөх, ашиглах эзэмших эрх олгосон шийдвэр, барилга барьсан газрын өмчлөх эрх олгосон шийдвэр, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримтуудыг гаргуулахыг шаарддаг бөгөөд хариуцагч тал энэ шаардлагыг хүлээн зөрсөн болох нь түүний тайлбараар нотлогддог тул хариуцагчаар дээрхи баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Солонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Солонгын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах Ахмадын 3-323/1 дугаартай байрны 5 давхрын 30 тоот, 43.78 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.******* болон *******-аас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах Ахмадын 3-323/1 дугаартай байрны 5 давхрын 30 тоот, 43.78 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай тухайн барилгын орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалт буюу өөрт холбогдох хэсэг болох *******-ийн барьсан ахмадын барилгын 3-323/1 дугаартай орон сууц захиалсан захиалагчдын нэрийн жагсаалтаас С.*******д холбогдох хэсгийг гаргуулах, барилгын зураг болон өөрчлөлтийн зураг, барилга анх ашиглалтад ороход улсын комисс анх хүлээж авсан акт, үл хөдлөх эд хөрөнгийн байршлын өмчлөх, ашиглах эзэмших эрх олгосон шийдвэр, барилга барьсан газрын өмчлөх эрх олгосон шийдвэр, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримтуудыг гаргуулж С.*******д олгосугай.

2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт баригдсан ахмадын 3/323/1 дугаартай байрны 5 давхрын 30 тоот, 43.78 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.******* болон *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан С.*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ