Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

         Улсын яллагч Х.Гүнжидмаа

         Хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм

         Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Тд холбогдох 1816000000037 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Т: Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн ... сумын харьяат, 1997 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эмээ, эгч, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн ..... багт оршин суух хаягийн бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, .... тоотод түр оршин сууж байгаа, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Д-н Т, РД: .... гэв.

 

         Шүүгдэгч Д-н Т нь 2018 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлгийн дээд талын таксины зогсоол дээр Г.Эын нүүрэн тус газарт цохиж 21 дүгээр шүд хугарч хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлгийн дээд талын таксины зогсоол дээр Г.Эын нүүрэн тус газарт 1 удаа цохиж 21 дүгээр шүдний уг хэсгийн хөндлөн хугарал гэмтэл буюу шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% нөлөөлөх хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

        Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Т гэм буруутай болох нь:

 

        Шүүгдэгч Д.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Нэгдсэн эмнэлгийн таксины зогсоолын дээд талд Г.Э гэдэг залуу нэг эмэгтэй хүнтэй цуг явж байсан. Н, Д, А бид дөрөв явж байгаад А бид хоёр дуудаж уулзсан. Тэгээд Баянхонгор аймгийнх гэхээр нь за яв яв гээд явуулсан чинь А урд нь намайг зодож байсан банди байна та нар явуулчихаж байгаа юм уу гэхээр нь би Г.Э гэдэг залууг дуудаж ирээд цохисон. Хохирол төлөөгүй байгаа. 3.500.000 төгрөгийг ойрын хугацаанд төлнө. Одоо төлөх боломж арай байхгүй байна. Эхний ээлжинд өмгөөлөгчийн 250.000, шүдний 250.000 төгрөг, нийт 500.000 төлчих гэсэн сүүлд нь өөрөө шүдээ хийлгэчихээд иргэний журмаар нэхэмжилж би чамаас 3.000.000 төгрөгөө авна гэсэн. 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд 3.000.000 төгрөг өгч болно гэвэл боломжтой...” гэсэн мэдүүлэг,  

 

  Хохирогч Г.Эын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 4 дүгээр сарын 7-ны шөнө найзыгаа гэрт нь хүргэж өгөх гээд эмнэлгийн таксины зогсоолын дээр явж байсан. Гэтэл үл таних дөрвөн залуу дуудаад бид хоёр очоогүй чигээрээ урагшаагаа сонсоогүй юм шиг явсан. Тэгэхэд араас бүгд тойрч гүйж ирээд зогсоогоод уулзсан хаанахын залуу бэ Харзатын атманууд байна таних уу гэхээр нь би танихгүй, Баянхонгорын оюутан гэж хэлсэн. Тэгээд Баянхонгор аймгийн Өлзийтийн залуу намайг яв яв гээд салсан. Тэгээд бид хоёр эмнэлэг рүү орох гэж байхад Т араас уулзъя гэж дуудсан. Тэгээд би эргээд харсан шууд цохисон. А гээд залууг би мэдэхгүй, намайг зодож байсан гэж худлаа ярьсан байсан, өөрөө маргааш нь хэлсэн байсан. Шүд хугарчихлаа гээд бид хоёр эмнэлэг орсон. У цагдаа дуудъя гээд цагдаа дуудаж өгсөн. Би өмгөөлөгч авсан би өөрөө төлөх боломжгүй. Байнгын шүдгүй болчиж байгаа учраас түр ломбодуулсан  эмч нар дээд тал нь хоёр сар болоод унадаг гэж хэлсэн. Шүдгүй болохоор хэцүү юм билээ. Би 14 хоног хоол идэж чадаагүй бантан идэж байсан, хатуу зүйл идэж болохгүй хэцүү тэрнээс болж би бага зэрэг турсан. Би энэ залуугаас эмбиланд шүдний мөнгөө авмаар байна. Манай гэр бүл төлөх боломж муутай, манай ээж ганцаараа ажил хийдэг. Энэ залуутай уулзсан. Чи эхлээд гомдолгүй гээд хэлчих тэгээд 6 сард ноолуурын мөнгөөр төлье гэж хэлсэн. Эхний ээлжинд би өмгөөлөгчийн 250.000 төгрөг, шүд хийлгэсэн 250.000 төгрөгөө аваад сүүлд нь иргэний журмаар эмбиланд шүдээ хийлгэсний ард нэхэмжилмээр байна...”  гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.А-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...нэгдсэн эмнэлэгийн ард байх лабораторын байр руу Т, Н, Д нарын хамт явж байтал эмнэлэгийн дээд талын таксины зогсоол дээр зүс таних залуу, үл таних эмэгтэй хоёртой тааралдсан. Тэд замын нөгөө талд явж байсан ба Т бид 2 уг залууг дуудсан юм. Тэр залууг ирэхэд Т “чи хаанахых вэ” гэхэд “Баянхонгорынх” гэсэн юм. Тэгээд бид нар залууг явуулсан. Тэр залууг явсаны дараа би Т-д “наад банди чинь өмнө нь миний уруулыг цохисон хүүхэд байна” гэж хэлсэн чинь Т уг залууг дахин дуудаж, хүрээд ирэхэд нь уруулруу нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Э-ын уруулаас цус гоожиж байсан. Шүд хөдөлчихлөө гэж байсан...”  гэсэн мэдүүлэг /хх-20-рт/,

 

Гэрч Б.У-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хуучин чуулгын урд явж байтал замын хойд хэсэгт үл таних 4 залуу явж байснаа “хөөе” гэж Э-г дуудсан. Бид 2 зогссон. Гэтэл нөгөө 4 залуу гүйж ирснээ Э-г хаанахынх вэ? Оюутан уу? гэхэд Э “Баянхонгорынх, Анагаахад сурдаг” гэсэн юм. Тэдний нэг нь “нэг нутаг юм байна” гэж хэлсэн... Э бид 2 эмнэлэгийн дээд хашааны хаалгаар орох гэж байтал Т гэж дуудаж байсан залуу нь “хөөе нааш ир” гэж ахин дуудсан... Т гэдэг залуу нь Э-н нүүр шүдрүү нэг удаа их хүчтэй цохичих шиг болсон... та нар яаж байгаа юм бэ гэхэд “энэ өмнө нь манай найзыг зодсон байна” гэж байсан. Э Т-д цохиулчихаад шүд хугарчихлаа гэж байсан. Би Э-н утсаар цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-21-рт/,

 

Гэрч Т.Д-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Т Э гэх залууг дуудаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон чинь Э шүд гэх шиг болсон. Тэгээд бид нар Э-г эмнэлэгт ороод үзүүлсэн чинь үүдэн талын шүд нь хөдөлсөн гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-28-рт/,

 

1. Г.Э-н биед 21 дүгээр шүдний уг хэсгийн хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.1-т зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 94 дугаартай акт, амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй  байна.

 

Шүүгдэгч Д.Т нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогчийн өмгөөлөгчийн “...эмчилгээний зардал 250.000 төгрөг, гэм буруутай үйлдлээс болж өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулж байгаа үүнтэй холбоотой зардал 250.000 төгрөгний зардлыг нь хангаж өгнө үү” гэх хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь хохирогч Г.Э нь “...Эхний ээлжинд би өмгөөлөгчийн 250.000 төгрөг, шүд хийлгэсэн 250.000 төгрөгөө аваад сүүлд нь иргэний журмаар эмбиланд шүдээ хийлгэсний ард нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх ба хавтаст хэргийн материалаас үзэхэд өмгөөлөгчид өмгөөллийн хөлс төлсөн баримт байхгүй байх тул өмгөөлөгчид төлсөн хөлс болон хойшид шүд хийлгэхэд гарсан зардал зэргийн хохирлыг хохирогч Г.Э нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Д.Т нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй,  түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Г.Э нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж овогтой Д-н Т-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-г 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Т-д танилцуулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Т-гээс 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-т олгосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй,  түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Г.Э нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолт хүчин төгөлдөр болмогцшүүгдэгчийн цахим үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА