Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2025/0880

 

 

 

 

   2025         12           01                                    128/ШШ2025/0880   

 

                            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

                                      татгалзсаныг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, "А*******" ХХК-ийн эхэмжлэлтэй, *******холбогдох захиргааны хэргийг хянаад,   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “Тус компани нь 2025 оны 7-р сарын 8-ны өдөр Танай шүүхэд БГД-ийн Засar Даргын 2025 оны 05-р сарын 29-ний өдрийн "Газрын зөрчил арилгах тухай" А******* дугаар захирамжийг илт хууль хууль бус болохыг тогтоолгох, компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахыг даалгах нэхэмжлэлийг гаргасан. Дээрх А******* дугаар захирамж гаргах гол үндэслэл нь манай эзэмшил газрын зурвас газар болон холбогдох өмч хөрөнгө “Геологийн төв лаборатори хүртэлх нүхэн гарц”-ын нөлөөлөлд өртсөн асуудал байсан бөгөөд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалт асуудлыг Нийслэлийн Газар Зохион Байгуулах Алба, Баянгол дүүрэг хариуцсан Газар Чөлөөлтийн Хэлтэстэй ярилцах шаардлагатай гэсний дагуу манай байгууллага дээрх хоёр байгууллагатай 2024 оны 9-р сараас өнөөг хүртэл яриа хэлцэл хийж эцсийн байдлаар тохиролцоонд хүрч газар чөлөөлөлтийн гэрээ байгуулсан болно (гэрээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбарыг хавсаргав).

Уг гэрээний дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас манай газрын эзэмших эрхийг сунгах зөвшөөрөл олгож Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаар дамжуулж газар эзэмших эрхийг сунгуулах, нүхэн гарцын трасст өртсөн газар, өмч хөрөнгийн нөхөн олговор шийдэгдэж газар чөлөөлөлт хийгдэх бүрэн боломжтой болсноор манай нэхэмжлэлийн шаардлага хангагдсан болно. Иймд манай компани Танай шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгааг үүгээр уламжилж хэргийг хаах шүүгчийн захирамж гаргаж өгөхийг хүсье.гэжээ.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын *******-ний өдрийн “Газрын зөрчил арилгах тухай” А******* дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.        

Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “ ... хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:  

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын *******-ний өдрийн “Газрын зөрчил арилгах тухай” А******* дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.         

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.    

3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.     

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                  С.ГАНБАТ