Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/046

 

 

 

 

 

 

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.С,

Улсын яллагч М.Ф,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф-гаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 181300000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах,1990 оны 06 дугаар сарын 30-ны Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш Ж овгийн М-гийн Б, регистрийн дугаар БГ00000000.

 

Шүүгдэгч М.Б-гийн  холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М-гийн Б нь Баян-Өлгий аймгийн Б сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай Т.Б-г албаны өрөөнд ажил үүрэгтэй нь холбогдуулан хэрүүл маргаан гаргаж улмаар түүний зүүн талын чих рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 09 цагийн үед Баян-Өлгий аймгийн Б сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай Т.Б-г албаны өрөөнд ажил үүрэгтэй нь холбогдуулан хэрүүл маргаан гаргаж улмаар түүний зүүн талын чих рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Шүүгдэгч М.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өглөө 10 цаг 30 минутын үед болов уу сумын Засаг даргын тамгын газарт Т.Б-г өрөөнд очсон. Миний араас Б-гийн Е орж ирсэн. Би орж ирэхэд жолооч А мөн Т.Б сууж байсан. Би Б-гаас ахын талаар асуух гээд очсон юм. Манай ах М.М сумын байгаль хамгаалагчийн ажил хийдэг ба Б-тай хамт ажилладаг. ...Миний ах Баян-Өлгий аймгийн Б сумын байгаль орчны хамгаалагч ажил хийдэг. Т.Б миний ахын ажил, албан тушаалтай холбоотой албан тоотыг Байгаль орчин аялал жуулчлалын газарт өгсөн байна. Үүнээс болж би уурандаа Т.Б-ыг алгадсан. Т.Б миний ахыг ажилдаа цагтаа ирдэггүй, байнга ажил тасалдаг тул арга хэмжээ авч өгнө үү гэсэн утгатай албан бичиг явуулсан байсан. Хохирогчид хохирлын төлбөрт 200000 /хоёр зуун мянга/ төгрөг өгсөн. Би тус үйл явдал болсноос хойш 30 минутын дараа ээжийгээ дагуулж хохирогчийн гэрт нь очиж түүнээс уучлалт гуйсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тогтворгүй ааш зангаасаа болж анх удаа гэмт хэрэгт холбогдож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 22-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч Т.Б-г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад албан өрөөндөө ажил үүргээ гүйцэтгээд сууж байхад гаднаас засан даргын тамгын газрын жолооч З.А орж ирээд надтай ярилцаад сууж байхад Мы Б, мөн Б-гийн Е орж ирсэн. М.Б ууртай байсан ба мэндэлсний дараа шууд миний толгойн хэсэгт 1 удаа шанаадсан. Би тухайн үед компьютерт юм бичээд сууж байсан. Яаж байгаа юм бэ гээд хэлэх хооронд зөв талын чихэнд баруун гараараа алгадаж цохисон. ... Эхний удаагийн алгадалтыг миний хажууд байсан З.А, Б.Е нар анзаараагүй байж магадгүй сүүлийн удаагийн алгадалтыг тэд лав харсан. Миний чихэнд хүчтэй өвдөлт мэдрэгдэж өөрийн эрхгүй нүднээс нулимс гарсан.

...Би зодуулснаас болж учирсан хохирлоо бүрэн барагдуулж 200.000 төгрөг авсан. Уг мөнгөөр эмчилгээ хийлгэх болно. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. М.Б буруугаа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан. Хоёулаа сайн дураараа эвлэрсэн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,

- Гэрч  З.А-гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өглөө 09 цаг өнгөрч байхад Т.Б-г өрөөнд сууж байсан юм. Т.Б компьютер дээрээ юм бичээд сууж байсан. Гаднаас М.Б, Б.Е нар орж ирсэн. М.Б орж ирэхдээ ууртай байсан ба ирэнгүүт үгийн зөрүүгүй Т.Б-г зүүн талын чихэнд хүчтэй алагдаж цохисон. Бид нар юу болсныг мэдээгүй. Т.Б чих гээд чихээ дараад сууж байсан. Чи миний ахаас арга хэмжээ авхуулах гээд албан тоот аваачсан байна. Май чи олж долоогоорой гээд гээд салаавч гаргасан. Б.Е огт юм дуугараагүй. Би ч гэсэн яриагүй. Тэгээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

- Гэрч Б.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр хэдэн цагийг нь мэдэхгүй байна. Би хүн хайгаад Б-гийн албан өрөөнд орж ирсэн чинь өрөөнд жолооч А, Т.Б, М.Б нар байсан. А, Б нар сандалд сууж байсан. Б Б-гийн зүүн талд нь босоо байдалтай зогсож “Чи миний ахын ажлын газарт яагаад албан тоот өгсөн юм бэ?” гэж ажлын шугамаар хэрэлдэж байснаа Т.Б-г зүүн талын чихэнд хүчтэй алагдахад дуу гарсан. Тэр үед Б “Миний чих” гээд гараараа зүүн чихээ бариад сууж байхад нь би гараад явсан юм.” /хх-ийн 11-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б-гийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б нь хохирогч Т.Б-г зүүн чихэнд алгадсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-гийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаартай: “...Иргэн Т.Б-г биед зүүн чихний хэнгэрэг хальс шинэ цооролттой, сонсгол бууралт 2-3 зэрэгтэй, чихний дэлбээнд хавдартай гэмтэл тогтоогдлоо. Иргэн И.Б-гийн   биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” /хх-ийн 13-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б-гийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б-гийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Б-г эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Мөн шүүгдэгч М.Б нь хохирогч Т.Б-ыг түүний эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж зодсон болох нь шүүгдэгч М.Б-гийн “Т.Б миний ахын ажил, албан тушаалтай холбоотой албан тоотыг Байгаль орчин аялал жуулчлалын газарт өгсөн байна. Үүнээс болж би урандаа Т.Б-ыг алгадсан. Т.Б миний ахыг ажилдаа цагтаа ирдэггүй, байнга ажил тасалдаг тул арга хэмжээ авч өгнө үү гэсэн утгатай албан бичиг явуулсан байсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ нь хохирогч М.Б, гэрч З.А, Б.Е нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

            Иймд шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-г эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг болох эмчилгээний зардлыг шүүгдэгч М.Б төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Б-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийг бүрэн барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч М.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ял шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ нэгжийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

   Шүүгдэгч М.Б-гийн “Toyota Corolla” маркийн 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

ТОГТООХ нь :

  1. Ш Ж овгийн М-гийн Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч М.Б-гийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
  7. Шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Б-гийн 00000000 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  9.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.Д