Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01582

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01582

 

 

 

хххххх-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/01483 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч хххххх-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.И-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч хххххх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Х.И-тай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Зээлдүүлэгч нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж 12 500 000 төгрөгийг зээлдэгч Х.И-ын эзэмшилд шилжүүлсэн боловч зээлдэгч нь төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй. Хариуцагчаас мөнгөө төлөхийг шаардахад удахгүй өгнө гэх мэтээр хойшлуулж, сүүлд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлнө, хохирлыг барагдуулна гэж өөрийн гараар баримт үйлдэж өгсөн боловч үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна.

Иймд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 12 500 000 төгрөг, 3 сарын хүүд 375 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар тооцож 2 250 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 131 хоногийн алдангийг хоногийн 0,5 хувь буюу 62 500 төгрөгөөр тооцоход үндсэн зээлийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт зааснаар 6 250 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөгийг Х.Иаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.И шүүхэд гаргасан тайлбартаа: Би ххххххийг ажил хэргийн шугамаар таньдаг болсон. Найз М.Ө-тай хамтарч чихрийн үйлдвэр байгуулахаар тохиролцсоны дагуу би ххххххэд чихрийн үйлдвэр байгуулах санал тавихад тэрээр зөвшөөрсөн. Бид гурав уулзаж ярилцаад ажил хэрэг болгон "АМЧ" ХХК-ийг 2018 оны 9 сард байгуулж, хххххх 34 хувь, М.Ө бид хоёр 33.3 хувийн эзэмшигч болсон.

Үүний дараа хөрөнгө оруулалт хийхийн тулд хххххх надтай 2018 оны 10 сарын 22-ны өдөр 12 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч би энэ мөнгийг гар дээрээ болон дансаар огт аваагүй. М.Ө, хххххх бид 3 чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдаж авахаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуанжү хотод очиж чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмжөө 37 000 000 төгрөгөөр худалдаж авч, 2019 оны 01 дүгээр сард үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн. Үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш 5 сарын дараа чихэр үйлдвэрлэх түүхий эдийн мөнгөгүй болж үйлдвэрээ хаасан.

хххххх манай компани дээр ирж, хэл ам хэрүүл шуугиан тариад байсан хүмүүсээс ичихдээ 12 500 000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн баримтанд гарын үсэг зураад өгсөн. Нэхэмжлэгч 12 500 000 төгрөгийг бодитоор олгогдоогүй байхад зээлийн хүү, алданги шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Х.И-аас 21 000 000 төгрөг гаргуулах тухай хххххх-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хххххх-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 262 950 /хоёр зуун жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь М.Ө, хххххх нартай хамтран чихрийн үйлдвэр байгуулахаар тохиролцож, тоног төхөөрөмж худалдан авах, үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд, ажлын байрны зардалд нийт 50 000 000 орчим төгрөг зарцуулахаар урьдчилан тооцоход М.Ө, Х.И нар тус тус 12 500 000 төгрөг, хххххх 25 000 000 төгрөг гаргахаар тохиролцсон. Х.И нь өөрт ногдох зардлыг гаргах мөнгө байгаагүй тул ххххххтэй 2018 оны 10 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан.

хххххх нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын уруу аялах тээврийн болон байр, хоолны зардал, тоног төхөөрөмж худалдан авах, түүний тээвэр болон гаалийн татвар, Улаанбаатар хотод ажлын байр түрээслэх, түүнд хийх засвар, чихрийн түүхий эд зэрэг бүх зардлыг өөрийн Юнион пэй картаар төлж байсан.

Дээрх мөнгийг хххххх ганцаараа захиран зарцуулаагүй бөгөөд Х.И, М.Ө нарын зөвшөөрснөөр хамтдаа захиран зарцуулсан. Тухайлбал хэрэгт авагдсан чихрийн тоног төхөөрөмж худалдан авах тухай хятад хэл дээр байгуулагдсан гэрээ болон түүний монгол орчуулга дээр худалдан авагч нь Амин монгол чихэр ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч нь хххххх, Х.И, М.Ө гэж бичигдсэн байгаа. ТүүнчлэнБП XXК-тай байгуулсан түрээсийн гэрээг Х.И баталсан ба уг гэрээний дагуу хххххх төлбөрийг төлсөн байна.

Ж..С Х.Иын банкны дансанд эсвэл бэлнээр 12 500 000 төгрөгийг төлөөгүй боловч Х.И-ын нэрийн өмнөөс түүний зөвшөөрснөөр төлбөрийн гүйлгээ хийж байсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв үнэлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч хххххх нь хариуцагч Х.И-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...чихрийн үйлдвэр байгуулж, хамтран ажиллахаар тохиролцсон, хөрөнгө оруулалт хийхийн тулд зээлийн гэрээ байгуулсан, ... зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй... гэх үндэслэл заан маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч хххххх нь 12 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдэгч Х.И-т зээлдүүлэх, зээлдэгч Х.И гэрээгээр тохирсон хугацаанд шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. Улмаар мөн өдрөө зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Х.И-ын эзэмшилд бүртгэлтэй ххххх улсын дугаартай, Тоёото приус маркийн автомашиныг барьцаалах гэрээ бичгээр байгуулжээ.

Дээрх үйл баримтад зохигчид маргаагүй, зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлж авсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

Талууд гэрээний 7-д 12 500 000 төгрөгийг ХААН банкны 50ххххх тоот дансанд шилжүүлнэ. гэж тохиролцсныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлавал зээлийн гэрээний зүйл болох 12 500 000 төгрөгийг нэхэмжлэгч хххххх нь хариуцагч Х.Иын дээрх дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн гэж үзнэ. Уг үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн гэдгээ өөрөө баримтаар нотлоогүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

Талууд хамтран ажиллах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Амин монгол чихэр ХХК-ийг байгуулан ажиллаж байсан агуулга бүхий тайлбарыг тэдгээрийн хэн аль нь шүүхэд гаргасан, мөн тус компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Гэвч дээрх нотлох баримтуудад үндэслэн, нэхэмжлэгч ххххххийг зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн гэж шууд дүгнэх боломжгүй. Учир нь талуудын байгуулсан зээлийн гэрээний 7-д компанийн хөрөнгө оруулалттай холбоотой зээлийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх агуулгыг тусгаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/01483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД