Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар  2024/ДШМ/391

 

 

 

 

 

 

  2024           03             28                                       2024/ДШМ/391

 

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

           прокурор Д.Түмэнжаргал,

           шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал,

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 05-ны 2024/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.Жаргал, Э.Ганбат нарын хамтран гаргасан гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-д холбогдох эрүүгийн 2308 00000 1123 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хаягт У.Бүл ялих зүйлээр шалтаглан маргалдан цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас У.Бын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокуророос: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д долоон жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан хоёр хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий сиди, нэг ширхэг плаш дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээл 8.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол 99.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний төрсөн дүү талийгаач У.Быг шүүгдэгч Б.Б нь зүүн чамархайд нь цохиж амь насыг нь хохироосон явдалд одоог хүртэл гомдолтой байна.  

            Б.Б нь гэм буруугийн шүүх хуралд гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөхгүй маргаж байсан. Гэтэл шүүхээс гэм буруутайд тооцсоны дараагаар л гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж байр сууриа өөрчилсөн, ажил явдлын зардалд 18.519.825 төгрөг төлснийг үндэслэж ялыг нь хөнгөрүүлж 7 жилийн хорих ял оногдуулсан нь хохирогчийн эрхийг ноцтой зөрчиж байна.

            Анхан шатны шүүхээс сэтгэл санааны хор уршиг Улсын дээд шүүхээс тогтоосны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 150*660.000=99.000.000 төгрөг байхаар тодорхой тусгасан байтал иргэний шүүхээр нэхэмжлэлээр шийдвэрлэсэн нь хохирсон дээр минь нэмж хохироож байна. Бид хорих ял эдэлж байгаа этгээдээс иргэний шүүхээр нэхэмжлээд юу авах вэ дээ.

            Мөн шүүгдэгчийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж байгаа нь буруу гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч  нь дүүгийн минь толгой руу санаатай цохисон гэдэг нь камерын бичлэгт тодорхой харагддаг. Энэ нь санаандгүй байдлаар цохисон асуудал огт биш юм хүний биед их бага ямар ч хэлбэрээр санаатай халдаж байгаа үйлдлийн хор уршиг нь бусдын амь нас байж болно гэдгийг ямар ч эрүүл ухамсартай хүн ойлгож ухамсарлах боломжтой юм.

            Түүнчлэн хүний амь насыг 18.519.825 төгрөгөөр үнэлж байгаа нь шударга бус байна. Миний дүү амьд байсан бол 18 настай залуу хүн, үлдсэн насандаа улс эх орондоо ихийг хийж бүтээх байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогч нас барсан гэдэг нь тодорхой байхад ямар нотлох баримт шаардаад байгааг огт ойлгохгүй юм. Улсын дээд шүүхээс маш тодорхой байдлаар хохирлын үнийн дүнг тогтоосон байтал бидний зүгээс өөр ямар баримт гарган өгөх нь ойлгомжгүй байна.

            Иймд сэтгэл санааны хор уршгийг эрүүгийн хэрэгтэй нь хамтад нь шийдвэрлэж өгнө үү. ...Давж заалдах гомдлоо дэмжин оролцож байна. Энэ гэмт хэргийн улмаас ээж минь ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа. Урьд нь ээж минь сургуульд ажилладаг байсан. Шүүгдэгч анхнаасаа бидэнтэй зүй зохистой харьцсан бол бид арай өөрөөр хандах байсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг эрүүгийн хэрэгтээ хамтад нь шийдвэрлэж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Анхан шатны шүүх гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоохдоо орцны камерын бичлэгт дүрслэгдсэн Б.Б-н хохирогчийн нүүрний зүүн хацар шанаа хэсэгт гараараа цохиж буй бичлэгт хэт үнэлэлт өгч гэмт хэргийг хэн үйлдсэн гэх асуудлыг эргэлзээгүй нотлогдсон гэж гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ 13-15 хуудас/ Б.Б нь баруун гараараа амь хохирогч У.Бын “зүүн чамархай хэсэгт 2 удаа цохиж байгаа харагдав” гэсэн нь камерын бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлахад зөрүүтэй гэж үзэхээр нөхцөл байдал харагдсан бөгөөд шүүхээс дүрс бичлэгт шинжилгээ хийлгэх, шинжээч томилох даалгавар өгч прокурор уг ажиллагааг хийлгүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт инженер техникийн хэлтсийн шинжээч Э.Дарханбаатарын 148 дугаартай шинжээчийн дүгнэлт 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гарсан. Уг дүгнэлтийн 2 дахь хэсэгт: “Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгээс амь хохирогчийн чамархай, эсхүл хацар хэсэгт цохисон аль нь болох дүрс дүрслэгдэхгүй байх тул тодорхойлох боломжгүй” гэсэн нь шүүхийн шийдвэрээ гаргахдаа таамаглаж гаргасныг нотолж байна. Мэргэжлийн дүрс бичлэгийн шинжээч уг бичлэгийг техник технологи ашиглаж томруулж шинжлэн судлаад зүүн чамархайд нь цохиж буйг тодорхойлоогүй байхад шүүх мөрдөгчийн тэмдэглэлийг “үнэн зөв” гэж шийтгэх тогтоолын үндэслэл болгож үндэслэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэснийг нотолж байна.

            2.Талийгаач У.Бын цогцост задлан шинжилгээ хийж гаргасан шинжээч эмч Баасанжавын 1635 дугаартай дүгнэлтэд /1-р ХХ 216-220-р талд/ Зүүн чамархай яснаас цөмөрч гавлын суурийн дунд хонхор луу хоёр салаалж үргэлжилсэн хугаралтай, тухайн цөмөрсөн хугарлын ирмэг хоорондоо зөрсөн” гэж тогтоосон бөгөөд уг хугарлын уртын хэмжээ хэд байсан, гавлын дунд хонхрын ямар хэсгийг дайрч хаана очиж төгссөн болох нь тодорхойгүй байсан тул анхан шатны шүүхээс дээрх асуудал болон хүний гараар цохиход үүсэх боломжтой эсэхийг тогтоолгохоор өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч шүүхээс 60 хоногт ажиллагааг хийлгүүлж мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шүүх-анагаах ухааны шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлт гаргасан шинжээч нар нь шинжээч томилсон тогтоолд тавигдсан 2, 3, 6 дахь асуултад шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаагүй, асуултад хариулаагүй төдийгүй шаардлагатай бол шинжээч нь нэмэлт материал шаардах эрхтэй гэдэг эрхээ хэрэгжүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл дүрс бичлэгийг шаардаж судлах, чамархайн ясны хугарлын шинж, урт, үргэлжлэл, хугарлын эхлэх төгсгөл урт зэрэг байдлыг дахин цогцост шинжилгээ хийж байж тогтоох ёстой атал шаардлага хүсэлтээр шинжээч томилсон этгээдэд асуулт тавиагүйгээр дараах агуулга бүхий дүгнэлтийг гаргасан. Үүнд:

            А.Задлан шинжилгээний бичигдсэн “зүүн чамархай яснаас цөмөрч суурийн хонхор луу хоёр салаалж үргэлжилсэн хугаралтай” гэсэн ба хугарлын эхлэлээс төгсгөл хүртэлх хэмжээ бичигдээгүй тул хугарал нь хэдэн см байгааг уртыг гэж ойлгоно/ хариулах боломжгүй гэж дүгнэлт гаргаагүй орхигдуулсан.

            Б. Шинжээч томилсон тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь асуулт болох “Бээлийгүй атгасан гараар тохойд цохиж гавал яс сууриа хүртэл үргэлжилж хугарал үүсгэсэн байж болох, эсхүл үүсгэсэн гэж үзвэл хуруу гаран цус хуралт, хавдалт үүсэх магадлалтай эсэх гэсэн асуултад тодорхой хариулт өгч дүгнэлт гаргаагүй болно.

            3. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд дүрс бичлэгийн шинжээч болон шүүх эмнэлгийн 103 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч нараас оролцуулж нэмэлт асуулт тавих, дүгнэлттэй нь холбогдуулан тодруулах, тайлбарлуулах, нотлох баримт болох камерын бичлэгийг шинжлэхэд байлцуулж асуулт асуух зэргээр талуудын мэтгэлцэх эрхийг хангах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй нь хэт нэг талыг барьж урьдаас шийдвэрээ гаргасан байсан гэж үзэх үндэслэлтэй болно.

            Анхны задлан шинжилгээ хийж 1635 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч эмч Э.Баасанжав нь 4 дэх жилдээ ажиллаж буй бөгөөд дүгнэлтдээ “гараар цохиход чамархай суурийн яс гэмтээнэ” гэж тусгаагүй атлаа мэдүүлэг өгөхдөө “боломжтой” гэж харьцуулсан нь мөрдөгчийн талыг хэт баримталж хөтлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь шинжээч дээрх асуултад хариулахдаа камерын бичлэгийг судалж гавлын ясны хугарлын байрлал, суурь хүрсэн урт зурагтай харьцуулж шинжээч мэдүүлэг өгөх ёстой байсан. Гэвч өөрөө шинжилгээг дутуу хийсэн нь үүнд нөлөөлсөн гэх үндэслэлтэй байгааг шүүх анхаарч үзээгүй болно. Б.Б-н биед 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ 162-р тал/-д түүний биед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй нь баруун гараар гавлын ясыг хугартал хүчтэй цохиогүй болохыг нотолно.

                   4. хаягт хэрэг гарсан өдрийн шөнийн 00:30 цагийн орчимд Ц.Б  /17 настай/, А.А  /18 настай/, Г.С /17 настай/ нарын хамт хохирогч У.Б ирсэн ба тухайн гэрт О.А /24 настай/, Х.Б /23 настай/, Б.М /20 настай/, Д.Д /14 настай/ Б.Х /15 настай/ эдгээр хүмүүс нийт 5 том пиво уусан. Уулзахаасаа өмнө талийгаач, түүний найзууд 3 пиво уусан, М, Б, О.А нар 2 том пиво уусан байдаг. Хохирогч 272 тоотод байхдаа Б маргалдаж байсан ба энэ талаар гэрч М, Д, А.А , Б нарын мэдүүлэгт байдаг ба энэ маргааныг зогсоох гэж Ц.Б  талийгаач У.Быг аваад 00-н өрөөнд орсон тэнд байхдаа хана цохиж байгаа чимээ гарахаар нь Х.Б очиж У. Б нүүрний зүүн хэсэгт цохисон тухай өөр өөр зөрүүтэй мэдүүлгүүдийг О.Анхбаяр, М, Ц.Б , Д. Д нар мэдүүлсэн. Талийгаач У. Б нь Б цохиулсныхаа дараа 272 тоотоос гарч явахдаа "ахыгаа авч ирж та нарыг алуулна" гэж хэлээд гарч явдаг. Хохирогч лифтээр доош нэг давхарт буухдаа Б тааралдсан байх ба Б.Б аав Б хамт лифтээр гэртээ орох гэж байгаа үйл баримт камерын бичлэгт дүрслэгддэг. 14:44 цагт 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл ирсэн байдаг ба 4 давхарт хэрүүл зодоон болсон байдаг. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгах ажиллагааг нэр төдий хийсэн ба бичлэг байгаа учраас камерын бичлэгт бичигдсэн бичлэгт тулгуурлаж хэргийг Б.Б  үйлдсэн гэдгийг нотлох гэж хэргийг бүрдүүлсэн. Хохирогчийн биед халдаж хоорондоо маргалдаж муудалцсан тухай 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрчүүд мэдүүлсээр атал хохирогчийн нас барсан 272 тоот байранд хамт байсан 8 гэрчийн мэдүүлгийг харьцуулан үйл баримтыг бодитой тогтоох талаар ажиллагааг хийгээгүй байна.

                   5. Б.Б "Миний хийсэн үйлдэл нь хохирогчийн амь насыг хохироосон гэж бодохгүй байна" гэдэг мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд мөн шүүхэд эцсийн үг болгон хэлж байсан. Б.Б нь У.Бтухайн үед үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас маргалдсан ба Б.Б-н үйлдэл нь санаа зорилгын хувьд хохирогчийг үхнэ гэж тооцоолоогүй, ганц удаагийн нүүрэн тус цохисон үйлдлээс болж хүний амь нас хохирох хэмжээний үйл явдал болно гэж гарах үр дагаврыг тооцоолоогүй хийсэн үйлдэл. Өөрөөр хэлбэл Б.Б-н үйлдэл нь санаатай хэдий боловч үхнэ гэж тооцоолоогүй хийсэн үйлдэлд гэм бурууд нь тохирсон байх мөн хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйл баримт нь гэмт хэргийн зүйлчлэлтэй тохирох давхар нотлогдох баримтуудыг шүүх анхаарч үзсэнгүй. Прокурор хэрэг дээр хяналт тавихдаа хэргийн үйл баримтад тохирсон хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, шүүх өрсөлдөх хэм хэмжээг бодитоор дүгнэлт хийж чадаагүй гэж үздэг. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар болгоомжгүйгээр үйлдэгдсэн, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг. Б.Б-н үйлдэл нь субьектив санаа зорилгын хувьд хүнийг алах санаа зорилго гэдэг хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байгаа гэж үзэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

            Прокурор Д.Түмэнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт 2 удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд амь хохирогчийн цогцост 2 удаагийн задлан шинжилгээ хийгдсэн. Шинжээч эмч нарын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гарсан бөгөөд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр гараар цохих 1 удаагийн үйлдлээр үүссэн талаар 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Б.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бэс “сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг эрүүгийн хэрэгтээ хамтад нь шийдвэрлэж өгнө үү” гэж гомдол гаргасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан. Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай нэмэлт хуулиар өмнөх харилцаанд үйлчлэх хугацааг тусгайлан заагаагүй. Өөрөөр хэлбэл, 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн энэ гэмт хэрэгт хууль буцаан хэрэглэх үндэслэл, үйл баримт байхгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хаягт У.Бүл ялих зүйлээр шалтаглан маргалдан цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас У.Бын амь нас хохирсон болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 5-6 тал/, 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-12 тал/, 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хэргийн газрын үзлэг болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-23 тал/, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-29 тал/, 2023 оны 6 дугаар сарын 11, 2023 оны 6 дугаар сарын 30, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрүүдэд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 31-37, 38-45, 46-65 тал/,  2023 оны 6 дугаар сарын 11, 12-ны ний өдрүүдэд хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 66-79 тал/, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7656 дугаартай шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 157-158 тал/, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7646 дугаартай шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 162-163 тал/, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7648 дугаартай шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 167-168 тал/, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7650 дугаартай шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 172-173 тал/, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7652 дугаартай шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 177-178 тал/, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7654,  7660, 7658, 7662 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 182-183, 187-188, 192-193, 197-198 тал/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 20-ны 2458 дугаартай, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2844 дугаартай хувцсанд үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 202-206, 211-213 тал/, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 1635 дугаартай шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 216-223 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 103 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн тухай шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 190-194 тал/, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хяналтын камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 101-106 тал/, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын 558 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 97-98 тал/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б “...19 цагийн үед “би 3-н найзтайгаа хамт ойрхон явчхаад ирье” гэхээр нь би орой 20 цаг гэхэд ирээрэй гэж хэлээд явуулсан. Тэгээд 20 цагт ирэхгүй байхаар нь би гэр рүүгээ явчихсан. Маргааш өглөө нь 9 цагийн үед ээжийн эгч над руу залгаж хэлсэн. ...оршуулгын зардал 18.519.825 төгрөг, цалингийн зээл 8.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 99.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92, 94 тал/,

гэрч А “...бид нар пиво хувааж уугаад дуусгасан. Тэгэхэд 6 цаг болж байсан, Батжаргал, Балжинням 2 хоорондоо жаахан муудалцаад Батжаргал “би ахыгаа дуудаж ирээд та нарыг зодуулна” гэж хэлээд хаалга саваад гараад явсан. Хамт ирсэн Анар гэх залууг араас нь гараач гээд гаргасан. Анар буцаж орж ирэхдээ Батжаргал шат нь дээр уйлаад сууж байна гэж хэлсэн. ...би дүү Д пивоны сав цэвэрлээд хог хаяг гээд гарахад Б шат нь дээр сууж байсан. Дүү бид 2 буцаж гэртээ ороод 7 цаг өнгөрч байхад ажилдаа явахаар гарсан. Д надтай хамт агаар амьсгална гээд гарсан ба тэр үед Б шатны хажуугийн лифтний үүдэнд хэвтэж байхаар нь буцаж ороод хамт ирсэн А, Б гэх 2 найзад нь хэлсэн ба өөрөө ороод ирэх байх гээд тоохгүй байсан. ...оруулаад суулгахад Батжаргал ёолоод байсан. Тэгээд би ажилдаа явлаа гээд гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-103 тал/,

гэрч Д “...талийгаач агсраад найз нартайгаа муудалцаад байх шиг байсан. Тэгээд би явлаа гээд гараад явсан. Би 5 орчим минутын дараа араас нь гарахад 1 давхрын шат нь дээр уйлаад сууж байсан. Би орооч гэхэд намайг түрүүлээд орж бай гээд байсан. Анхбаяр ажилдаа явах гээд гарсан ба Б оруулъя гээд гарахад цахилгаан шатны хажууд ухаангүй хэвтэж байсан. ...манай гэрт ямар нэгэн зодоон болоогүй, найз нь сэрэхгүй, ухаангүй гар уруул орчмоор нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-132 тал/,

гэрч Б “...хүү Б.Б-н хамт замын ажил шөнө хийж байгаад 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өглөөний 6 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, очир-2 хорооллын 70В байрны 1 давхарт цахилгаан шатанд суух гэж байхад уг цахилгаан шатны хаалга онгойход 1 согтуу залуу хаалга өшиглөөд орилоод хараалын үг хэлээд “ална, хядна, гөлөг өө” гэж хэлээд шатны чиглэлтэй явсан. Миний хүү Буянбаяр нь цүнхээрээ саваад, гараараа нэг удаа цохисон. ...тухайн үед Буянбаяр, би согтуу залуу бид 3 байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149 тал/,

шинжээч эмч Э.Баасанжавын “...талийгаачийн биед үүссэн зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарлын үед хатуу хальс нь дээр үүсэж буй цусан хураа нэмэгдэж тархийг дарах хүртэл идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гараар тухайн хэсэг газарт цохих үед үүсэх боломжтой. Шинжилгээгээр уг хугарал бүхий зүүн чамархайн ясны зузаан нь 0,2, 0,3 см хэмжээтэй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231-232 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Б.Б-г  хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүх, шүүгдэгч Б.Б-г  эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас У.Бын амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б нь “...Миний дүү амьд байсан бол 18 настай залуу хүн, үлдсэн насандаа улс эх орондоо ихийг хийж бүтээх байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогч нас барсан гэдэг нь тодорхой байхад ямар нотлох баримт шаардаад байгааг огт ойлгохгүй юм. Улсын дээд шүүхээс маш тодорхой байдлаар хохирлын үнийн дүнг тогтоосон байтал бидний зүгээс өөр ямар баримт гарган өгөх нь ойлгомжгүй байна. Иймд сэтгэл санааны хор уршгийг эрүүгийн хэрэгтэй нь хамтад нь шийдвэрлэж  өгнө үү...” гэсэн,

                   шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал нар “...Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар болгоомжгүйгээр үйлдэгдсэн, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг. Б.Б-н үйлдэл нь субьектив санаа зорилгын хувьд хүнийг алах санаа зорилго гэдэг хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байгаа гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

                   Энэхүү хуулийн үйлчлэлийг Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлахдаа сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгайлан заасан ба Б.Б-д холбогдох хэргийн үйл баримт нь 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгджээ.

 

                   Иймд Иргэний хууль, тогтоомжийг хуульд зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэх ёсгүй учир эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн нэмэлтийг Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн нэгэн адил 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд оруулсан “Эдийн бус гэм хорыг арилгах” тухай нэмэлт нь мөн үеэс хуулийн хүчинтэй болж үйлчилж байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

                  

Мөн шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны 2024/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 52 /тавин хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны 2024/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б-н 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТСАЙХАН 

 

  ШҮҮГЧ                                   Д.ОЧМАНДАХ 

 

                                       ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ