Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/044

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч Б.Б,

Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б-гийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ж овгийн З-гийн Б, 1969 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, барилгын материалын техникч мэргэжилтэй, хувиараа оёдлын газар ажиллуулдаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  регистрийн дугаар ТЕ00000000

 

Шүүгдэгч З.Б-гийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б нь согтуугаар хэрүүл маргааны улмаас хохирогч Х.Р-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Шүүгдэгч З.Б-ийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч З.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг Улаан загалмайн нийгэмлэгийн байрны нэг давхарт түрээсэлж буй оёдолчны өрөөнд согтуугаар хэрүүл маргааны улмаас хохирогч Х.Р-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Шүүгдэгч З.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие Өлгий сумын 13 дугаар багт Улаан загалмайн хорооны байрны нэг давхарт Х.Р-ын хамт нэг өрөө түрээсэлж оёдлын цех ажиллуулдаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажилд очиж ажил дээрээ сууж байх үед Х.Р үдийн цагийн өмнө ирсэн. Р ирэхээс өмнө манай ажлын газарт И гэдэг эмэгтэй ирж тархи доргисон байна. Бариач А-д бариулахаар ирлээ гэж ирсэн байсан. Тэрээр А-д бариулж манай өрөөнд буцаж ирээд А, түүний эхнэр Г /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй гэв/, И, Б бид хэд сууж пиво уусан. Р архи, дарс уухгүй гэж пиво уугаагүй. Ууж байсан пиво дуусаад би гарч дэлгүүрээс дахин урьд уусан шиг 2.5 литрийн пивоноос нэгийг авч ирж уусан. Тэгж сууж байх үед гаднаас манай нөхөр Ө ирэхээр нь И манай нөхөрт гаднаас 0.33 литрийн архинаас нэг шил архи авч ирж задалсан. Уг архийг манай нөхөр уусан. Цаг 18 цаг өнгөрч байх үед өрөөнд сууж байсан хүмүүс гадаа гарч бие засахаар гарч явах үед Р “Өрөөний хаалгыг хаачих. Тэр гадаа гарсан хүмүүсийг тэнээд явчихвий, хөлдөж үхчихвий” гэж хэлэхэд нь би түүнд "Зүгээр байлгүй, эмэгтэй хүмүүс сууж хэдэн пиво уулаа" гэж хэлэхэд тэрээр надад эцэг З-гийн энэ тэр гэж эрэгтэй хүний бэлэг эрхтнээр дуудаж хэрүүл маргаан үүсгэж суудлаасаа босож ирээд намайг үснээс зулгаах үед би өөрийгөө хамгаалж хойшоо хөдөлж байх үед өгзгөөрөө түүний оёдлын машиныг нь мөргөж түүний машин шаланд унасан. Би түүний машиныг босгож байх үед гаднаас цагдаа нар орж ирсэн. Түүний машин шаланд унах үед Р цагдаагийн газарт дуудлага өгч байсан. Цагдаа нар орж ирэх үед уурлаж гартаа шал арчиж байсан шалны алчуурыг хаяж гараараа Р-г нүүр рүү нэг удаа цохисон. Тэр үед цагдаа нар намайг дагуулж шууд авч явж цагдаагийн газарт авч ирсэн. Цагдаад очсоны дараа Р бид хоёр хоорондоо ойлголцож би түүнээс уучлалт гуйж явсан. Бид хоёр ажлын өрөөнд буцаж очиж би өрөөг цэгцэлж шаланд асгарсан машины тосыг арчиж байх үед Р надтай хэрэлдэж намайг пивоны саваар хүзүү, нуруу руу хэд хэдэн удаа цохичхоод яваад өгсөн. Маргааш нь би ажилд сууж байх үед Р өрөөнд орж ирж надтай хэрэлдэж, чиний цохисон нүдний хэсэг хөхөрсөн байна. Би чамд харуулах болно гэх мэтээр хэрэлдээд байсан. Би түүнд чи өчигдөр уучлалт өгч, хоёулаа эвлэрсэн биз дээ гэж хэлсэн. Тэрээр өдөржин надтай хэрэлдэж, үглээд суугаад байсан ба би ажлаас 17 цагийн үед буугаад яваад өгсөн. ...Х.Р-тай хэрэлдэж шаланд асгарсан тосыг арчиж байх үед цагдаа нар гаднаас коридорт орж ирснийг би харсан ба цагдаа нар манай өрөөнд орж ирэх үед би уурлаж гартаа барьсан алчуурыг хаяж Х.Р-г нүүр рүү нь нэг удаа цохисон. Маргааш нь түүний баруун нүдний доод зовхи хөхөрсөн байсан. Бид цагдаагийн газарт сууж байх үед тэрээр надад чи намайг нүд рүү гараараа цохилоо, хэрэв маргааш нүд минь хөхөрч ямар нэгэн гэмтэл учирсан байх юм бол би холбогдох газарт хандана шүү гэж хэлэн баруун нүдээ зааж харуулж байсан. ...Би түүний баруун нүүр рүү цохисноо хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 42500 төгрөгийн хохиролтой гэхээр би 50000 төгрөг өгсөн. Би прокурорын санал болгож байгаа торгох ялыг 5 сарын хугацаанд хувааж төлж хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч Х.Р-гийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: “...А-гийн эхнэр гараад явчихлаа, халамцуу явж байгаад гадаа ямар нэгэн юм болчихвий гэж хэлэхэд Б "Чи урьд нь уудаг байсан үедээ бидэнд юм хэлдэггүй байсан. Бид ганц өдөр уухад яагаад байгаа юм бэ? Чи нөхөр чинь нас бараад өөр хүнтэй сууж. хэнээс хүүхэдтэй болсноо мэддэггүй банзал, янхан авгай биз дээ" гэх мэтээр хэлэн баруун гараараа намайг баруун нүд рүү нэг удаа цохиход би сууж байсан сандлаасаа хойшоо унасан. Тэр үед би өрөөнөөс гараад явж А-гийн өрөөнд очиж түүнд болсон асуудлыг хэлж байх үед чанга дуу гарахад А, Ө бид гурав буцаж манай өрөөнд ороход Б миний оёдлын машиныг яаж унагаасныг мэдэхгүй шаланд унасан байдалтай байсан. Ө Б намайг анх гараараа цохих үед бидэнтэй хамт сууж байсан ба хэзээ гарч явсныг мэдэхгүй би А-гийн өрөөнд очиход уг өрөөнд сууж байсан. Дараа нь би цагдаагийн газарт дуудлага өгөх гэхэд тэд надад цагдаад хандаж яах юм бэ гэж хэлэхээр нь би “За цагдаад хандахгүй" гэж хэлэн оёдлын машинаа янзалж өрөөг цэгцэлж байх үед Б дахин хэрүүл маргаан үүсгэж улмаар намайг заамдаж барьж авч намайг гараараа баруун эрүү орчимд нэг удаа цохиход би өрөөнөөс гарч цагдаад дуудлага өгчхөөд буцаж ирээд өрөөг цэгцэлж байх үед гаднаас цагдаа нар орж ирээд түүнийг авч явсан. Би араас нь цагдаад очоод бид хоёр хоорондоо эвлэрч гомдолгүй хэмээн явсан юм. Намайг тэгж хэлэхэд Б бид нар ганц өдөр уухад чи бид нарт атаархаад байгаа юм уу, амаа хаагаад хуцаад байлгүй дуугүй суу гэж хэлээд баруун талын нүүрний тус газарт минь гараараа нэг удаа цохиод боомилоход нь би бөгсөөрөө газарт унаад босож ирэхэд хаалган дээр нэг үл таних залуу зогсож байсан. Уг залуу намайг газар унахыг болон Б намайг боомилсон эсэхийг нь харсаныг нь би анзаараагүй бөгөөд больцгоо гэж хэлээд хаалга хаасан. Уг хүнийг хаалга хаасны дараа би өрөөнөөс гараад А-гийн өрөөнд ороход оёдлын машины газарт унах чимээ сонсогдсон тул Ө-д хандаж эхнэр чинь агсам тавьж машиныг минь эвдчихлээ, ороод харцгаа гэж хэлээд Ө, А, И, К нарыг дагуулаад манай өрөөнд ороход миний машин газарт уначихсан машины тос асгарчихсан байсан тул бид нар машиныг буцааж оронд нь тавьсан. Тэгээд миний дургүй хүрээд бид хоёр хоорондоо хэрэлдэж цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгсөн юм. Удалгүй 15 орчим минутын дараа цагдаа нар ирж байхыг би шилэн хаалгаар харсан бөгөөд цагдаа орж ирж байхад Б миний баруун талын эрүүний тус газарт цохисон. Цагдаа нар ирээд биднийг цагдаагийн байгууллагад дагуулж ирээд үүдний өрөөнд сууж байтал Б надаас уучлал гуйхаар нь би уучлаад өөрөө гомдолгүй гэж хэлээд яваад өгсөн. Тэгтэл маргааш өглөө нь босоод иртэл миний нүүр хөхөрсөн байсан ба би ажил дээрээ очоод яагаад ичдэггүй юм бэ, миний нүүрийг хараач гэж хэлснээс болоод дахиад маргалдаад миний үснээс зулгааж авах үеэр түүний нөхөр Ө салгаж авсан. Тухайн үед манай нөхөр Х хараад зогсож байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-24-р хуудас/,

- Гэрч А.И-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгж сууж байх үед би гадаа гарч бие засаж, бөөлжиж буцаж орж ирэхэд тэд хоорондоо шуугилдаж хэрэлдэж байсан. Би гаднаас орж ирэхэд Х.Р Агийн өрөө рүү явж байсан ба би тэдний өрөөнд ороход Х.Р-гийн оёдлын машин шаланд унасан байсан ба Б түүнийг босгож тавьж байсан. Б-гээс юу болсныг асуухад Х.Р намайг үснээс зулгааж зодоход би өөрийгөө хамгаалж үсээ татахад Р-гийн машин шаланд уналаа гэж хэлсэн. Тэгж байх үед Х.Р би цагдаа дуудлаа чи яв гэж хэлсэн. Тэгж байх үед удалгүй гаднаас цагдаа нар орж ирж Р, Б нарыг авч явсан. Би тэднийг хүлээж сууж байх үед Р, Б нар хоорондоо учраа ололцож, нэг нэгнээс уучлалт гуйж буцаж ирсэн. Тэд буцаж ирсний дараа Б шаланд асгарсан машины тосыг арчиж цэвэрлэж байх үед тэд хоорондоо дахин хэрэлдэж Х.Р Бийг пивоны саваар нуруу руу нь цохиход би Р-ыг болиулж гадаа гаргаж явуулсан. Цагдаа нар ирэхээс өмнө Х.Р Б-ийг миний нүүр рүү цохилоо гэж орилж хэрэлдэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,

- Гэрч А.К-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед А-гийн өрөөнд А болон Б-гийн нөхөр хоёр сууж байсан ба бид уг өрөөнд байхад Р уг өрөөнд ирж Б бид хоёр хоорондоо хэрэлдлээ гэж ирсэн. Бид гарч тэдний өрөөнд ороход Б уг өрөөнд ганцаараа байсан. Бид уг өрөөнд очиход Р бидэнтэй дагаж өрөөнд орж Б-тэй хоорондоо хэрэлдээд байсан. Тэд хоорондоо хэрэлдэж байх үед Р Б-ийг чи миний оёдлын машиныг унагаасан гэж хэлээд байсан. И бид хоёр уг өрөөнд тэднийг болиулж сууж байх үед цагдаа нар ирж тэднийг цагдаагийн газарт авч явсан. Тухайн өдөр би нийлээд согтсон байсан тул тэдний хооронд юу болсныг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

- Гэрч Т.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед цаг 18 цаг болж байсан бөгөөд би өрөөндөө орж хүн үзэж миний хажууд Ө сууж байсан юм. Тухайн үед Д гэдэг хүний толгойг бариад сууж байсан бөгөөд Р миний өрөөнд орж ирээд Б миний машиныг унагаачихлаа. Надад агсам тавьж байна гэж хэлэхэд нь бид нар оёдлын өрөөний хаалганы хажууд очоод харахад Р-гийн оёдлын машин газарт уначихсан, тос нь асгарчихсан байхаар нь би тэдэнд хандаж, та нар хөгшин хүмүүс ичихгүй байна уу, энэ юм хумаа цэгцэл гэж хэлээд уурлаад гараад явсан. Намайг гарч явж байхад Р цагдаа дуудна гэж хэлж байсан ба би өөрсдөө мэдэцгээ гэж хэлээд гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

- Гэрч Х.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн үед Р гэртээ ирсэн бөгөөд ирэхэд нь баруун талын нүдний доод хэсэг нь улайсан байхаар нь би нүд чинь яагаад улайсан бэ гэж асуухад Б архи уухаар нь больцгоо гэж хэлэхэд нүд рүү минь цохчихлоо гэж хэлсэн. Маргааш өглөө нь Р босоод ирэхэд баруун талын нүд нь хөхөрсөн байсан ба ажилдаа явчихсан юм. Өдөр нь би 13 цагийн үед Р-гийн ажил дээр очтол Б дахин хэрүүл хийж Р-гийн үснээс нь зулгаахад нь Ө салгаж авсан бөгөөд би өөрсдөө учраа ололцоорой гэж хэлээд явсан." гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-гийн 76 дугаартай: “...Иргэн Х.Р-гийн биед тархины доргилт, баруун талын нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, баруун хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, дагзанд хавдартай зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд  нөлөөлөхгүй болно. Дээрх  гэмтэл нь эрүүл   мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/,

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шинжээч эмч К.Х-ын өгсөн: “...Х.Р-гийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэл буюу тодруулж хэлбэл 4 тусдаа гэмтэл байгаа бөгөөд энэ нь 4 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Баруун нүдний доод зовхинд байгаа хөх ягаан туяатай цус хуралт, бугалганд байгаа хөх ягаан туяатай цус хуралт, баруун хацарт байгаа хөх ягаан туяатай цус хуралт, дагзанд байгаа хавдар зэрэг гэмтлээс бугалганд байгаа хөх ягаан туяатай цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтлүүд дээр нь тархины доргилт хавсарч явагдана. Энэ гэмтлийг авахад заавал тархины доргилт үүснэ. ...Баруун нүдний доод зовхинд байгаа хөх ягаан туяатай цус хуралт нь тархины доргилт хавсарч үүсэж дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүдэнд цохиулах үед хүний тархины хэвийн физилоги алдагдаад дотор нь байгаа шингэнүүд нь саваж тодорхой хэмжээнд ухаан алддаг. Тийм болохоор тархины доргилт заавал үүснэ.” гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч З.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Р-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба уг хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 76 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Р-д  42500 /дөчин хоёр мянга таван зуу/ төгрөгийн хохирол учиржээ. Уг хохирол нь төлөгдсөн болох нь хохирогч Х.Р-гийн “З.Б-д зодуулаад нийт 42500 /дөчин хоёр мянга таван зуу/ төгрөгийн эм авсан. Надад З.Б хохирлын мөнгө гэж 50000 /тавин мянга/ төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Х.Б-гийн  “Хохирогчид 42500 төгрөгийн хохиролтой гэхээр би 50000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Б-ийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгч З.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл  тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч З.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлтийн орлого, ам бүлийн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч З.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

   Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.

   Шүүгдэгч З.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Ж овгийн З-гийн Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч З.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч З.Б-ийн 000000000 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч З.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.Д