Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/468

 

О.Ө-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

цагаатгагдсан этгээд О.Ө-ын өмгөөлөгч П.Амгаланбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/130 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Тэгшбаярын бичсэн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцэлд үндэслэн О.Ө-т холбогдох эрүүгийн 2305 000000 2583 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О-ын Ө, 1986 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн ... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, ...-ийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

О.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотод иргэн Б.Б-тэй маргалдаж, гал тогооны өрөөнд байсан шаргал өнгийн модон сандлаар иргэн Б.Б-ийг цохихоор далайх үедээ 3 сартай, эмэгтэй, Б-ийн Э-г болгоомжгүйгээр цохисны улмаас амь хохирогч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн очиж, нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Ө-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ө-т холбогдох хэргийг прокурорт буцааж, хэрэгт О.Ө цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж байсан ягаан өнгийн хүүхдийн цус мэт зүйлээр ар хэсэгтээ бохирлогдсон цамц нэг ширхэг, БНМАУ гэх бичиглэлтэй хар өнгийн энгэр хэсэг урагдсан футболк нэг ширхэг, нэг талын хөл хэсэгт углуургаараа салсан шар өнгийн модон сандал нэг ширхгийг тус тус хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Тэгшбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43а байрны 8 тоотод иргэн Б.Б-тэй маргалдан, уг маргаанаас үүдэлтэй гал тогооны өрөөнд байсан шаргал өнгийн модон сандлаар иргэн Б.Б-ийг цохихоор далайх үедээ 3 сартай, эмэгтэй, Б овогтой Э-г болгоомжгүйгээр цохисны улмаас амь хохирогч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн очиж, нас барсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Тухайлбал:

Хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн “... Манай эхнэр хэлэхдээ Ө- нь намайг сандлаар цохих гэж байгаад миний охин Э-ийн толгой руу санамсаргүй байдлаар цохисон учраас надад гомдол санал байхгүй...” гэж /хх 32-34/,

гэрч Н.С-ийн “...архийг Б, Ө, Б нар уусан. Энэ 3 архиа ууж байхдаа морь ярьж байгаад гэнэт муудалцаад эхэлсэн. Би энэ үед жижиг өрөөнд байсан. Нөхөр Б явъя, хүүхдээ хувцасла гэхээр нь би бага охиноо хувцаслаад үүдэнд зүүн гартаа охиноо бариад, баруун гараараа гутлаа өмсөх гээд доош тонгойж байхад араас тас гээд юм дуугарсан. Харахад тэдний гэрийн шар өнгийн модон сандал миний охины толгойн баруун хойд хэсэгт оноод газарт унасан. ... Ө, Б нар маргалдаад гал тогооны өрөөнд хоорондоо барьцалдаж аваад байсан Б Ө-ын нүүр, хөмсөг хэсэгт 1 удаа гараараа цохисон. Мөн Б Ө- луу мөнгөн аяга шидсэн. Аяга нь Ө-ыг оноогүй. Ө- нь Б-ийг гараараа 2-3 удаа нүүрэн тус газарт нь цохисон. Уг зодооныг Б, С нар салгасан. Би хүүхдээ хувцаслаад тэврээд зогсож байсан. Ингээд салгасны дараа явах гээд гутлаа өмсөх гээд тонгойж байхад ийм асуудал болсон” гэж /хх 46-49/,

гэрч Б.Б-ийн “... Миний харснаар Ө нь сандлыг аваад Б- рүү далайж байсан. Талийгаач охин руу далайсан зүйл байхгүй. Би сандлыг хүн оноогүй гэж харсан. Гэтэл хүүхэд оногдсон гээд талийгаач охины ээж нь орилж эхэлсэн ... баруун гараараа шаргал өнгийн модон сандал аваад толгойны ойролцоо гаргаад сандал нь шууд газар унах шиг харагдсан...” гэж /хх 60-61/,

гэрч Н.С-ын “... Тэгээд манай нөхөр лүү Б- ах ширээн дээр байсан архи ууж байсан жижиг мөнгөн аягыг авч шидээд нэг удаа шанаа хэсэгт нь цохисон, тэгээд тэр хоёр заамдалцаад хаалганы дэргэд ирсэн. Тэгсэн хүргэн Б дундуур нь орж салгасан, тэр үед Б- ах манай нөхрийг хэд хэдэн удаа толгой хэсэгт нь гараараа цохисон, тэгсэн чинь манай нөхөр ширээний хажуу талд байсан түшлэгтэй 4 хөлтэй модон сандлыг аваад Б- ах руу далайгаад ... би зуурсан чинь сандалд нь сэгсрэгдээд газар унаад өгсөн, тэгээд миний хамраас цус гараад би босож ирээд та хоёр болиоч гэсэн чинь манай эгч С нь Ө-ыг хүүхэд цохичихлоо, царай нь хөхрөөд сонин болоод байна гэсэн...” гэж /хх 63-66/ тус тус мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Ө-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан, маргалдах явцдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- нь шүүгдэгч О.Ө- руу архи ууж байсан мөнгөн аяга шидэх, нүүрэн тус газар нь 2-3 удаа цохих зэрэг хууль бус үйлдэл хийж, улмаар шүүгдэгч О.Ө- нь гал тогооны өрөөнд байсан шар өнгийн модон сандлыг авч Б.Б- рүү далайх явцад 3 сар 7 хоногтой амь хохирогч Б.Э-ийн толгой оногдож нас барсан үйл баримт тогтоогдсон.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, бодитой дүгнэлт хийж чадаагүй, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, санаа зорилго, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй, шүүгдэгч О.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэсэн атлаа ямар шинжээрээ санаатай гэмт хэрэг болохыг сэргээн тогтоож, дүгнэлгүйгээр О.Ө-т холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийг хүнийг алах гэмт хэргээс ялган зүйлчлэх гол шинж нь гэм буруугийн хэлбэр бөгөөд санаатай гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдэж, түүнийг хүсэж үйлдсэн шууд санаатай, эсхүл тэрхүү хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шууд бус санаатай байдаг бол болгоомжгүй гэм буруугийн хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг мэдсэн боловч түүнийг бий болгохгүй байж чадна гэж өөртөө найдсан, эсхүл үйлдлийнх нь улмаас нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан харах ёстой, боломжтой ч харж чадалгүйгээр хор уршигт хүргэсэн байдаг.

Шүүгдэгч О.Ө-ын хувьд гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа “хохирогчийг алах” гэм буруугийн санаатай хэлбэр, сэдэлт зорилготой байсан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ө-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан шинжүүдийг хангаж байх ба шүүгдэгчийн хувьд анхнаасаа түүнтэй маргаж эхэлсэн Б.Б-ийн биед халдаж хохирол учруулаагүй, Б.Б-тэй маргалдаж байх явцдаа сандал авч далайсан хэдий ч уг сандлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийг цохих юм уу эсвэл цохихоор довтолсон үйлдэл, үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй юм.

...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-, шүүгдэгч О.Ө- нар хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч О.Ө- нь Б.Б-ийг сандлаар цохих гэж далайсан. ...Тухайн сандал нь том хэмжээтэй байсан. Хэрэв сандлыг шидсэн бол гол хэсэгт унах байсан. ...О.Ө-ын Б.Б- рүү чиглэж сандал далайсан нь санаатай үйлдэл.

...Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээргүй байна гэж дүгнэн хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг харьцуулан тайлбарласан нь шүүгдэгч О.Ө-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэх хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж шүүгдэгчийг цагаатгасан нь мөн үндэслэлгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/130 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн баз хүргэн болох О.Ө-тай үл ялих зүйлээс болж маргалдан, түүн рүү аяга авч шидэж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж гэмтэл учруулсан бөгөөд үүнээс үүдэн О.Ө- нь над руу сандал авч далайх үед миний төрсөн охин болох 3 сар 7 хоногтой Б.Э санамсаргүй оногдож амь нас нь хохирсон. Хэрэг болсон газар нь их давчуу бөгөөд бага орон зайтай, хүмүүс бие биедээ их ойрхон байсан.

Миний буруутай үйлдлээс болж О.Ө- нь санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэгт холбогдсон. О.Ө-ын зүгээс оршуулгын зардал болон бусад зардлыг төлсөн. Иймд цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирогч миний буруутай үйлдлээс болж энэхүү үйлдэл гарсан учир миний бие болон манай гэр бүлийн зүгээс гомдол санал байхгүй. О.Ө- нь өөрийнхөө ахуй амьдрал, манай болоод бүхий л ах дүү нарынхаа ахуй амьдралд боломж бололцоогоороо тусалж явдаг хүн юм. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Миний хүсэлтийг хүлээн авна гэдэгт итгэж байна.

Миний зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй учир миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү. Хяналтын прокурорын хувьд ажлаа хийж байгаа учир эсэргүүцэл бичих байх. Гэхдээ уг эсэргүүцлийг хүлээж авахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч П.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж илэрхийлдэг. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “О.Ө-ын болгоомжгүй үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарсан” гэсэн байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч миний анзаараагүй, хараагүй зүйлийг анхан шатны шүүх дүгнэж, хуульд нийцсэн дүгнэлт хийсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...Анхан шатны шүүх санаатай болон болгоомжгүй гэмт хэргийн шинжүүдийг хооронд нь харьцуулж, О.Ө-ын үйлдэл нь санаатай болон болгоомжгүй гэмт хэргийн шинжийг хангаагүй байна гэж дүгнэсэн. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Ө-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурор Б.Тэгшбаярын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос О.Ө-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Б-тэй маргалдаж, гал тогооны өрөөнд байсан шаргал өнгийн модон сандлаар иргэн Б.Б-ийг цохихоор далайх үедээ 3 сартай, эмэгтэй, Б.Э-г болгоомжгүйгээр цохисны улмаас нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд О.Ө-ыг “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр цагаатгаж, хэргийг прокурорт буцаасан 2024/ШЦТ/130 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шүүхийн шийдвэрийн шаардлагыг хангаагүй, цагаатгах тогтоол дахь хууль зүйн дүгнэлт нь логикийн зөрүүтэй, эрх зүйн зөрчил бүхий байх тул түүнийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, дараах үндэслэл бүхий дүгнэлт хийв.

  1. Шүүх хууль хэрэглэсэн аливаа шийдвэрээ хуульд тулгуурласан үндэслэлээр зөвтгөх, түүнийгээ тайлбарлах үүрэг хүлээх бөгөөд ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр цугларсан хууль ёсны нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоохоос гадна материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв дүгнэлт хийснээр хангагдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн “хууль ёсны байх” шаардлага болно.

Шүүх хууль дээдлэх ёсыг сахиулахын зэрэгцээ өөрөө түүндээ захирагдах ёстой учраас өөрийн шийдвэрийг хууль зүйн оновчтой үндэслэлээр зөвтгөх бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх, ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийн хүрээнд шүүхээс хангалттай ойлгомжтой, хариулт өгөхүйц шийдвэр авах эрхтэй холбогдохоос гадна маргааныг эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зарчимд нийцнэ.

Анхан шатны шүүх О.Ө-ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгахдаа үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхийн шийдвэрт бүрэн тусгаж чадаагүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг жагсаан бичсэнийхээ эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий анги дахь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулаагүй хэмээн дүгнэсэн атлаа хүнийг алах гэмт хэргийн объектив болон субъектив шинжийг тайлбарлан бичиж, улмаар “...улсын яллагчаас О.Ө-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй...” хэмээн хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, түүний агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талаар хуульд заасан шаардлагад нийцүүлж огт бичээгүй алдаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Учир нь, шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэг бүрчлэн заасан бөгөөд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талуудын дүгнэлт, саналын үндэслэл болгосон баримт, яллах баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг нэг бүрчлэн няцаан үгүйсгэх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх прокуророос О.Ө-ыг яллах үндэслэл болгосон нотлох баримтуудыг нэг бүрчлэн няцааж, үгүйсгэлгүйгээр “прокурорын саналыг хүлээн авах боломжгүй” гэсэн хэт ерөнхий дүгнэлт хийн, түүнийг цагаатгасан нь дээрх шаардлагыг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл, прокурорын санал, дүгнэлтэд заасан үндэслэл, хохирогч, гэрчийн мэдүүлэгт дурдсан нөхцөл байдалтай шүүх санал нийлэхгүй байгаа бол нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах үүрэгтэй боловч ийнхүү үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилсан гэж үзэхэд хүргэж байна.

  1. Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд эрүүгийн процесс нь мөрдөн байцаалтын буюу шүүхийн өмнөх үе, шүүн таслах ажиллагааны буюу шүүхийн шатны гэсэн хатуу зааглагдсан хоёр үе шаттай байдаг бөгөөд хэргийн хувь заяа нь мөрдөн байцаалтын үр дүнгээс ихээхэн хамаарах ба прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хэмжээнд шүүн таслах ажиллагаа явагддаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар” гэснээр тусгалаа олсон.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй буюу хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулж, улмаар прокуророос хэргийн зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, зүйлчлэл өөрчилсөн яллах дүгнэлтийг гардуулах ажиллагааг явуулан дахин шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгүүдэд хуульчлагджээ.

Хэрвээ анхан шатны шүүх шүүгдэгчийг прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл дээр дурдсанаар шүүх хуралдааныг хойшлуулан, холбогдох ажиллагааг явуулсны эцэст шүүх хуралдааныг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлээр “Цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн прокурор Б.Тэгшбаярын эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/130 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгов.

Давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан О.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/130 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Тэгшбаярын бичсэн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцлийг хангасугай.
  2. Цагаатгагдсан этгээд О.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ