| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0888/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0792 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2025/0792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Гомдол гаргагч: иргэн С.Г*******,
Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий прокурорын газар,
Маргааны төрөл: Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/2******* тоот албан бичиг хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.иргэн С.Г*******аас Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт холбогдуулан “Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/2******* дүгээр албан тоотыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Улсын Их Хурлын хэдэн гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа талаарх мэдээлэл өгөхийг даалгах” тухай гомдлын шаардлага гаргасан.
2.Гомдол гаргагч иргэн С.Г*******аас Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хандан “2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Монгол Улсын Их Хурлын хэдэн гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа талаарх мэдээллийг ажлын 5 хоногт багтаан өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна.
3.Хариуцагчаас “2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2/2******* тоот албан бичгээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүсэлтэд дурдсан мэдээллийг хүргүүлэх боломжгүй” гэсэн хариуг иргэн С.Г*******т өгчээ.
4.Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын үндэслэл:
...Улсын Их Хурлын 126 гишүүнээс хэдэн гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан талаарх мэдээлэл нь статистик мэдээлэл гэж ойлгож байгаа бөгөөд энэ талаарх статистик мэдээлэл нууц байх талаар хууль тогтоомжид заагаагүй болно. Энэ ч агуулгаар Улсын Ерөнхий прокурор Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд мэдээлэл хийсэн гэж ойлгож байна. Гэвч Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2/2******* дүгээр албан бичгээр уг мэдээллийг өгөхөөс татгалзсан хариуг өгсөн.
Уг татгалзлын хуулийн үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл 2 дахь хэсэгт "... шүүх, прокурор, мөрдөгч... хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” гэж дурджээ.
Миний бие “хэн гэдэг хүн”-ийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдээлэл авах талаар хүсэлт гаргаагүй. Зөвхөн төрийн эрх барих дээд байгууллагын хэдэн гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай мэдээлэл авахаар хүсэлт гаргасан гэдгээ энд дахин тэмдэглэж байна. Тиймээс нээлттэй мэдээлэл өгөхөөс татгалзсан хариуг үндэслэлгүй гэж үзэн, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн мэдээлэл авах талаар дараах эрх эдэлнэ:... 14.1.6. мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж 14.1-д “Хүсэлт гаргагч үзвэл... бол шүүхэд гомдол гаргах” гэж заасан эрхийн дагуу шүүхэд гомдол гаргасан болно. заасан эрхийн хүрээнд гомдол гаргаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д иргэн нь төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Энэ дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахтай холбоотой харилцааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар зохицуулж байна. байна. Уг хуулийн 8.1-д зааснаар “хуулиар хаалттай, хязгаарлалттай” гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл нэгэнт хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоогоогүй нээлттэй мэдээллийг иргэн хайх, хүлээн авах эрхтэй. Нөгөө талаас нээлттэй мэдээллийг нийтийн мэдээлэл хариуцагч иргэнд өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй.
Тиймээс “2025-08-08-өдрийн байдлаар Улсын Их Хурлын хэдэн гишүүн холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, ялалдагчаар татан шалгаж байгаа талаарх мэдээлэл” нь нээлттэй мэдээлэл байхад нийтийн мэдээлэл хариуцагчаас уг мэдээллийг өгөхөөс татгалзаж байгаа нь иргэний нээлттэй мэдээлэл, хайх хүлээн авах эрхийг зөрчсөн гэж үзэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 14.1.6-д заасны дагуу шүүхэд гомдол гаргах үндэслэл болж байна” гэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын Үндсэн хуульд зааснаар иргэн хүн төрийн нууцад хамаарахгүй мэдээллийг хайх, хүлээн авах үндсэн эрхийг заасан. Энэ эрхээр хангах, зохицуулах үүднээс хууль тогтоогчоос Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталж хүчин төгөлдөр мөрдөж байгаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хаалттай эсвэл хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээлэл нээлттэй байх хуулийн зохицуулалт явж байгаа. Энэ хүрээнд төрийн байгууллага нээлттэй мэдээлэл, хаалттай мэдээллийг иргэдэд тодорхой мэдээллийг хүсэлт гаргасны дагуу өгөх, өгөхгүй гэдгээ мэдэгдээд явж байгаа. С.Г******* нь Монгол улсын Ерөнхий прокурорт хандаж өргөдөл гаргасан. Тодруулбал улсын Ерөнхий прокурор Улсын Их хурлын чуулган дээр хэд хэдэн Улсын Их хурлын гишүүд яллагдагчаар татсан мэдээлэл байгаа талаар хэлдэг. Гэвч тоо хэлээгүй. Энэ мэдээлэл нь олон нийтэд мэдээлэгдсэн мэдээлэл гэж ойлгож байгаа. С.Г******* өргөдөл гаргасан. Хэдэн Улсын Их хурлын гишүүнийг яллагдагчаар татсан байгаа вэ энэ талаар мэдээлэл хүссэн. Гэвч Монгол улсын Ерөнхий прокурорын газраас н.Ч******* гэх хүн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын явц, үр дүнгийн талаар нууцлалтай тул хүргүүлэх боломжгүй гэж хариу өгсөн. Үүнд нь Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар мэдээлэл авч чадахгүй бол шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу захиргааны эрх зүйн шинжтэй, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаан гэж үзсэн тул захиргааны шүүхэд гомдол гаргасан. Гомдлын үндэслэл нь хэн нэгэн Улсын Их хурлын гишүүн н.Д*******, н.Д гэдэг хүнд эрүүгийн хэрэг үүссэн үү гэж нэр зааж хүсэлт гаргаагүй. Зүгээр л статистик мэдээлэл өгөөч гэж хүссэн. Авлигатай тэмцэх газар болон Улсын Ерөнхий прокурорын газраас жил болгон статистик мэдээллийг зарладаг. Манай байгууллага дээр 685 мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна гэж мэдээлэл өгдөг. Ийм мэдээллийн нэг хэсэгт Улсын их хурлын гишүүн ******* байгаа. Ард түмнээс сонгогдог хүн. Ийм статистик мэдээллийг авах гэтэл шууд мөрдөн байцаалтын нууц гэж хэлсэн. Үүнд ямар ч мөрдөн байцаалтын нууц алдагдуулах зүйл байхгүй. Ямар нэгэн мөрдөн байцаах ажиллагааны нууцад нэвтэрсэн, хаасан зүйл болохгүй гэж үзэж байна. Нэр зааж шүүхэд гомдол гаргаагүй. Яллагдагчаар татсан яллах дүгнэлт гэдэг нь прокурорын шийдвэр түүнээс биш мөрдөн байцаалтын явцын үр дүнгийн мэдээлэл биш. Мөрдөн байцаалт хэрэг бүртгэлтийн явц гэдэг нь тодорхой нэг хэмжээгээр мөрдөн байцаах янз бүрийн ажиллагаа явуулж н.Д******* гэдэг хүн гарцаагүй гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг үр дүн. Прокурорын шийдвэр гарч байгаа гэж ойлгож байгаа. Энэ агуулгаар үе үе Нийслэлийн Прокурорын газраас энэ энэ хүмүүсийг яллагдагчаар татсан мэдээлэл хийдэг. Холбогдох улс төрчид ямар нэгэн мэдээлэл авч түрүүлж заралдаг. Энэ нь нууц мэдээлэл биш байх гэж бодож байгаа. Нэхэмжлэгч үед нэр зааж шаардаагүй. Хэдэн улсын их гишүүд байгаа вэ гэдэг мэдээлэл хүссэн. Мэдээлэл хүсэгч авах гэж байгаа зорилгоо тайлбарлахгүй байх эрхтэй гэж хуульд заасан. С.Г******* одоо болтол Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байгаа. Өөр дээр нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байх шиг байна. Энэ талаараа надад хэлээгүй. Мэдээлэл гэдэг юу ч байж болно. Өнөөдөр Захиргааны шүүх дээр хэдэн хэрэг шийдвэрлэлтийн явцад байна гэхээр тоо мэдээлэл өгөөд явдаг. Үүнийг нууц байна гэсэн зүйл хууль тогтоомжид харагдахгүй. Мөн статистик мэдээлэл гаргаснаар хэн нэгэн этгээдийг гэм буруутай юм шиг олон нийтэд зарлахгүй, мэдэгдэхгүй. Мөн хэн нэгэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулахгүй. Нэг бол авахгүй байж болох ч нэг хүнээс дээш хүн байх шиг байгаа юм.
Бид нарын мэдэж байгаагаар С.Г*******, Д.А******* гэх 2 хүнийг яллагдагчаар татсан байгаа нь тодорхой байгаа. Иймд тус мэдээлэл хуулиар хязгаарлагдаагүй, төрийн нууцад хамаарахгүй. Мөн мөрдөн байцах ажиллагаанд хамааралгүй. Прокурорын байгууллагаас үе үе өөрсдөө заралдаг мэдээлэл байгаа тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар гомдлоо гаргаж байгаа. Захиргааны эрх зүйн маргаан мөн үү, биш үү. Улсын Ерөнхий прокурор захиргааны байгууллага мөн үү? биш үү. Шийдвэр гаргаж татгалзсан захиргааны акт нь үйл ажиллагаа юу гэдэг асуултыг хариуцагч талаас хариу тайлбар дээрээ дурдсан байдаг. Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хуульд зааснаар мэдээлэл авч чадахгүй байгаа бол шүүхэд гомдол гаргах эрхтэй гэдгийг заасан. Гэвч аль шүүхэд гэдгийг нь зааж өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс дүгнэлт өгч иргэний эрх зүйн маргаан биш, нийтийн эрх зүйн маргаан буюу төрийн байгууллагаас мэдээлэл хүсэхэд татгалзсан байгаа тул ийм агуулгаар Улсын Ерөнхий прокурорыг хариуцагчаар татсан. Захиргааны ерөнхий хуульд хэрэг бүртгэх, мөрдөн байцаахтай холбогдолгүй асуудалтай бол захиргааны байгууллагыг татах зохицуулалт байдаг. Энэ агуулгаараа Улсын дээд шүүх болон бусад шат шатны шүүх захиргааны үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хариуцагч болоод асуудлаа шийдвэрлүүлж мэдээлэл өгөөд явдаг. Бидний зүгээс иргэний маргаан биш нийтийн эрх зүйн хүрээнд Улсын Ерөнхий прокуророос нээлттэй мэдээлэл өгөх, өгөхгүйтэй холбоотой маргаан байгаа тул захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс урьд өмнө хэдэн удаа өргөдөл гомдол гаргаж болохгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байсан. Шүүхийн улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Тус баримт нь хэрэгт хамааралгүй боловч улсын хэмжээнд Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зохицуулалттай болсон. Энэ агуулгаараа мэдээллийг хүлээж авахаас татгалзсан хариу дээр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар анхан, давах, хяналтын шатны шүүх шийдвэрлээд явж байсан. Эс үйлдэхүй биш гэж үзэж байна. Мэдээлэл өгөөч гэж захиргааны байгууллага болох Улсын Ерөнхий прокурорт хүсэлт өгөхөд татгалзсан хариу өгч байгаа тул эрх зүйн харилцаа дуусгавар болж эрх зүйн харилцаа үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл С.Г******* мэдээлэл авч чадахгүй дуусаж байгаа. Энэ агуулгаар татгалзсан үр дагавар үүссэн гэдэг байдлаар захиргааны актын шинжтэй гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр гэж байгаа нь мэдээллийг өгөхөөс татгалзсан шийдвэр гэж ойлгогдож байгаа” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
...Иргэн С.Г******* Улсын ерөнхий прокурорын газарт хандан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.1 дүгээр зүйл, 15.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн, “Улсын Их Хурлын хэдэн гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа талаар мэдээлэл авах” тухай хүсэлтийг ирүүлсэн.
Улсын ерөнхий прокурорын газраас хүсэлттэй танилцаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч ...хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно”, мөн хуулийн 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн талаар нууцлалыг хангаж ажиллана" гэж заасныг үндэслэн, мэдээллийг хүргүүлэх боломжгүй талаар хүсэлтийн хариуг 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2/2******* дүгээр хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь хэсэгт "оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” ойлгохоор тодорхойлж, эрх, үүргийг хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг ... сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө" гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах шийдвэртэй танилцах эрх олгосон хэм хэмжээг тодорхойлсон.
Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 30.17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдгээрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах шийдвэр гаргадаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5, 31.3 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын шийдвэртэй тухайн хэргийн оролцогч буюу сэжигтэн, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч танилцах, мөн яллагдагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүх, прокурор, мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өгөхийг зөвшөөрсөн мэдээллийг авах эрхтэй.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3, 32.4 дүгээр зүйлд заасны дагуу, мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийг хянаж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг хараат бусаар гаргадаг бөгөөд тодорхой албан тушаалтан, хуулийн этгээд, хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар нийтэд мэдээлэх нь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх үр дагавартай.
Энэ агуулгаараа Эрүүгийн хэрэг хянан шийтгэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “Гэм буруугүйд тооцох” зарчмыг тодорхойлж, шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглодог.
Улсын Их Хурлын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан шийдвэрийн талаарх эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөвхөн тухайн хэргийн оролцогч буюу яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид өгөх бөгөөд оролцогчоос бусад хүн, хуулийн этгээдэд өгөхийг хязгаарласан болно.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршдог.
Энэ хүрээнд хуулийн 15.6 дугаар зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол хүсэлтийг хүлээн авсан мэдээлэл хариуцагч шууд өгөх боломжтой мэдээллийг хүсэлтийг хүлээн авсан даруй, бусад мэдээлэл авах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор өгөхөөр хуульчилсан.
Харин хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийг тодорхойлж, 9.2.1 дэх заалтад “хуульд өөрөөр заагаагүй бол гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл”, 9.2.2 дахь заалтад "төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэл”-г хамруулсан. Тухайлбал, эрүүгийн хэргийн талаарх бүхий л мэдээлэл нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээлэл юм.
Прокурорын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх болон хуулиар хориглосноос бусад тохиолдолд прокурор, түүний зөвшөөрснөөр холбогдох албан тушаалтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шийдвэрлэлтийн талаар олон нийт, албан тушаалтан, хүн, хуулийн этгээдэд мэдээлэл өгч болох бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бусад хүн, хуулийн этгээдэд хэргийн талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй.
Улсын Их Хурлын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан шийдвэр, эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны талаарх мэдээлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар тогтоосон хязгаарлалттай мэдээлэл болно. Тодруулбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байхаар хуульчилсан.
Иргэн С.Г******* нэхэмжлэлдээ "Захиргааны ерөнхий хуулийн 5.3-т "бүх шатны ... прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно" гэж заасны дагуу Монгол Улсын ерөнхий прокурорын газрыг захиргааны байгууллага буюу төрийн байгууллагад тооцон нээлттэй мэдээлэл өгөхөөс татгалзсантай нь холбогдуулан гомдол гаргаж байна... Нээлттэй мэдээлэл өгөхөөс татгалзсан албан тоот нь ... захиргааны актын шинжийг бүрэн агуулсан гэж үзсэн учир захиргааны хэргийн шүүхэд хандсан болно.
Захиргааны ерөнхий хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршдог.
Хуулийн 5.1 дүгээр дүгээр зүйлд “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно” гэж тодорхойлон төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага, захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд, үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагыг хамааруулахаар заасан.
Мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно” гэж хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Улсын ерөнхий прокурорын газрын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2/2******* дүгээр хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн "2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Улсын Их Хурлын хэдэн гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа талаарх мэдээлэл"-ийг хүргүүлэх боломжгүй талаарх шийдвэр нь прокуророос хуульд заасан эрхийн хүрээнд гэмт хэрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр, мөрдөн шалгах ажиллагааны явцад, үр дүнтэй холбоотой байх тул прокурорын байгууллагыг тус шийдвэртэй холбогдуулан захиргааны байгууллага гэж үзэх хууль зүйн үндэслэл юм.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Захиргааны акт зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно"; мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно" гэж заасан байна.
Улсын ерөнхий прокурорын газрын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2/2******* дүгээр хариу мэдэгдэх хуудас нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан буюу иргэд, байгууллагад холбогдолтой, тэдгээрийн эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр биш бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын гаргасан шийдвэр, мөрдөн байцаалтын явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй тухай мэдэгдсэн баримт тул гадагш чиглэсэн, захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ, мөн захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж заасан байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт" тус хуулийн үйлчлэлд хамаарахгүй талаар хоёрдмол салаа утгагүйгээр тодорхой хуульчилжээ.
Нийтийн эрх зүйн маргаан гэж хүн, хуулийн этгээд болон захиргааны байгууллагын хооронд нийтийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр үүссэн маргааныг ойлгохоор байна. Хуулийн энэхүү хязгаарлалт тогтоосон хэм хэмжээ нь прокурор шийдвэрээ хуульд нийцүүлэн хараат бусаар гаргах, прокурорын байгууллагын үйл ажиллагаанд албан тушаалтан, хүн, хуулийн этгээд хууль бусаар нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглосон прокурорын хараат бус, бие даасан байх зарчмыг хэрэгжүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явц үр дүн нууцлалыг хангах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтад нийцсэн байна.
...Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд байгууллагын ямар мэдээлэл ил тод байх талаар тодорхой зааж өгсөн. Байгууллагын үйл ажиллагааны явцад цуглуулсан статистик мэдээлэл байдаг. Манай байгууллагын статистик мэдээлэл нь байгууллагын цахим хуудас болох веб сайтад тогтмол байршдаг. Энэхүү статистик мэдээлэл дэлгэрэнгүй гардаг. Үндэсний статистикийн хорооны даргын баталсан статистик үзүүлэлт гэж байгаа. Энэ үзүүлэлтийн хүрээнд улирал бүр мэдээллээ тогтмол тавьж байгаа. Иргэн С.Г*******аас гаргаж хүсэлт нь Улсын Их хурлын гишүүнтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсантай холбоотой мэдээлэл хэнд байгаа вэ гэж гаргадаг. 126 гишүүний хэдэд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бэ гэж тодорхой албан тушаал зааж мэдээлэл хүсэж байгаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд хязгаарлалттай болон хаалттай мэдээллээс бусад мэдээлэл ил байна гэж заасан. Хязгаарлалттай мэдээлэл гэдэг нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д тодорхойлж өгсөн. Гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх явцад цуглуулсан мэдээлэл гэж байгаа. Гэтэл Улсын их хурлын гишүүн 126 гишүүнээс хэдэд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан мэдээлэл нь гэмт хэрэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулах мэдээлэл буюу хязгаарлалттай мэдээлэлд багтаж байгаа. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой хэдэн мэдээлэл нь нууцлалтай байна гэж заасан байгаа. Үүнийг хариу тайлбар дээрээ хууль зүйн үндэслэлийг тодорхой зааж өгсөн. Прокурор Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүн, хуулийн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татдаг. Үүнтэй холбогдуулж тодорхой шийдвэр гаргадаг. Энэ тодорхой шийдвэртэй холбогдох мэдээллийг тухайн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан сэжигтэн, түүний өмгөөлөгчид энэ талаар мэдээллийг авах эрхтэй байдаг. Үүнийг олон нийтэд мэдээлэх нь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Гомдол гаргагчаас “2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Монгол Улсын Их Хурлын хэдэн гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа талаарх мэдээллийг ажлын 5 хоногт багтаан өгнө үү” гэсэн хүсэлтийг хариуцагчид гаргажээ.
2.Хариуцагчаас “2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2/2******* тоот албан бичгээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүсэлтэд дурдсан мэдээллийг хүргүүлэх боломжгүй” гэжээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.1-д “Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана”, 15.6.2-т “энэ хуулийн 15.6.1-д зааснаас бусад мэдээлэл авах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-д “"оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” хэлнэ, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж тус тус заажээ.
3.Дээрхээс дүгнэвэл иргэн, хуулийн этгээдийг яллагдагчаар татахын тулд тодорхой гэмт хэрэгт холбогдуулан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг, ингэснээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлддэг байх тул тухайн мэдээлэл нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 9.2.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл” гэж заасан хязгаарлалттай мэдээлэлд хамаарахаар байна.
4.Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Энэ хуулийн 9.2.1, 9.2.2-т зааснаас бусад хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийг хуульд заасан үндэслэл, журам, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулна” заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэж буй мэдээлэл нь нээлттэй бус хязгаарлалттай мэдээлэлд хамаарч байх тул дээрх үндэслэлээр татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ.
5.Хэдийгээр гомдол гаргагчаас нэр дурдаж мэдээлэл хүсээгүй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, шинжээч, мэргэжилтэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно”, мөн хуулийн 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” гэж заасан агуулгаар татгалзсан нь үндэслэлтэй байна.
6.Өөрөөр хэлбэл хязгаарлалттай мэдээллийг зөвхөн эзний зөвшөөрөлтэйгөөр бусад танилцуулахаар хуульчилсан, өөрийн бус бусдын яллагдагчаар татагдсан мэдээлэл нь нэр заасан эсэхээс үл хамаарч хязгаарлалттай мэдээлэл байх тул дээрх агуулгаар татгалзсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 9.2.1, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт тус тус баримтлан С.Г*******ын гомдолтой Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт холбогдох Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2/2******* тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Монгол Улсын Их Хурлын хэдэн гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа талаарх мэдээлэл өгөхийг даалгахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол
гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ