Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01678

 

 

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01678

 

Х ХХК дахь

Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2021/02488 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК дахь Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э, Т.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17 123 057.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баттуяа, хариуцагч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Бсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголшуудан банк, Хны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монголшуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр Монголшуудан банкны зарим шаардах эрхийг Ханд шилжүүлсэн. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай" тушаалаар Х ХХК дахь Б томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Бид шилжсэн. Баас Хны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банканд шилжүүлж Хны чанаргүй актив нь Бийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Б.Эад олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд Баас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Хариуцагч Б.Эын үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүний үлдэгдэл 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 4 752.43 ам.доллар, зээлийн хүүний үлдэгдэл 1 257.98 ам.доллар, нийт 6 010.41 ам.долларын үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэл гаргах өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Монголбанкны зарласан ханш 1 ам.доллар 2 848.90 төгрөг байх тул энэхүү ханшаар тооцон 6 010.41*2 848.90=17 123 057.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тус хэрэгт хамтран хариуцагчаар тухайн үеийн Монголшуудан банкны картын төвийн захирлаар ажиллаж байсан Т.Быг татсан. Нэмж хариуцагч татсантай холбогдуулан хариуцагч тус бүрээс 8 563 361.07 төгрөг, нийт 17 123 057.05 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дүү 1997 онд БНСУ руу сургуульд сурахаар явсан. Тэнд одоог хүртэл ажиллаж Солонгос хүнтэй гэр бүл болоод амьдарч байгаа. Хадгаламж Баас хайж байгаа гэхээр нь очиж уулзахад БНСУ-д ажиллаж байхдаа Монгол талын картын төвийг хариуцсан хүн байсан. Б.Эын хувьд Монгол Улсад ямар ч банканд хадгаламжийн болон картын данс нээлгэж байгаагүй. Ямар нэгэн зээл болон зээлийн карт, бусад байдлаар хаана ч зээл аваагүй байгаа бөгөөд одоог хүртэл энд ирээгүй. Тухайн үед Монголшуудан банк Солонгос улсад өөрийн картаа захиалан хэвлүүлдэг байсан ба манай дүү Солонгост энэ ажлыг нь хариуцаж, хэвлүүлсэн картыг нь нааш нь Монгол Улс руу илгээдэг байсан тул Т.Бтой харилцаж ажиллаж байсан. Б.Эын хувьд хэзээ ч зээл болон зээлийн карт авч байгаагүй, нэхэмжлэгчээс ийм баримт огт гаргаагүй байж Б.Эаас зээл шаардаж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ картын зээлийг Б.Э аваагүй. Зээл авч ашиглаж байгаагүй гэжээ.

 

Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хнаас зээлдэгч Б.Этай холбогдсон зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлийн асуудал яригдаж байгаа бөгөөд зээлийн эрхтэй кредит картыг ашиглуулах тухай тухайн үеийн банкны удирдлага, зээлийн газрын журам шийдвэрийн дагуу зээлийн эрхийг холбогдох дансанд нээх, олгох гэрээ хийгдсэн байдаг /Энэ нь олгосон зээл биш/. Банкны материал, бусад холбогдох баримтууд үзэх боломжгүй байсан тул бусад картын зээлийн адил эргэн төлөгдөх нөхцөл нь 24 сарын хугацаатай олгогдсон байсан ёстой байдаг. Энэ нь картын зээлийн эрхийн гэрээ бөгөөд ашигласан хэмжээгээр харилцах дансанд тусгагдаж байдаг. Тухайн үеийн манай харилцагч байсан Б.Э нь тухайн зээлийн алтан картыг өөрөө хэрхэн ашигласныг би мэдэхгүй бөгөөд зээлийн картыг хамтарч ашиглах тал дээр ямар ч боломж байхгүй бөгөөд зээлдэгчтэй харилцан тохирч уг асуудлаар уулзаж байгаагүй болно. Зээлийн эрхийг ашиглах гэрээ хийгдэж, зээлийн карт эзэмшигчид байгаа нөхцөлд хэн ч тэр дансаар ашиглан мөнгө ашиглах боломжгүй одоогийн карттай адил. Картын төвийн захирал зээлийн эрх нээдэггүй, тийм боломжгүй. Түүнчлэн Б.Этай ямар ч мөнгө төгрөг өгөлцөж авалцаагүй, бидэнд тухайн үеэс хойш мөнгө төгрөгтэй холбогдох харилцаа, ямар нэгэн маргаан үүсээгүй болно. Ийм болохоор нэхэмжлэгчийн гаргасан Т.Б намайг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлтийг гаргаж байна. Миний хувьд 2010 оны үед байнга карт хэвлүүлдэг байсан. Монгол шуудан банкны картын төвийн захирал байсан. Б.Этай холбогдох энэ хэрэгт банкны бүртгэлийн болон балансаас баланст шилжүүлж байгаа алдаа юм уу. Зээл гэж ойлгоод хаанаас хэдэн төгрөг яаж авсан тодорхойгүй байхад хэрэг үүсгэсэн байна. Б.Э зээл авч ашиглах залуу байгаагүй. Миний хувьд нэхэмжлэгч талаас баланс дээр байгаа дүн нь өөрөө зээлийн гэрээгээрээ хүлээж авсан, ашигласан байх ёстой. Зээл нь наад зах нь батлагдсан байх ёстой. Энэ 4,000 ам.доллараа яаж тооцож гаргасан, зээлийн гэрээ нь хаана байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч талын зээл авсан өгсөн баримт мөнгөн дүн тодорхойгүй. Ийм тодорхойгүй зүйлээр шүүхэд дуудагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодорхойгүй, ямар ч баримтгүй зүйлээр зээлийн төлбөр шаардаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э, Т.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17 123 057.05 төгрөг гаргуулах тухай Х ХХК дахь Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК дахь Бийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт хэдэн ам.долларын зээлийг, хэзээ олгосон талаараа бичгийн нотлох баримтгүй байх тул хариуцагч Б.Эад зээл олгосон гэж үзэхгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон" гэж нэгэн зэрэг өөр агуулга бүхий дүгнэлт гаргажээ. Учир нь шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа бол талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрч буй агуулгыг илэрхийлнэ. Гэтэл шүүх гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн хэрнээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэж буй нь логикийн алдаатай, хууль зүйн хувьд зөрүүтэй дүгнэлт болсон. Шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ" гэж зохицуулсан, шүүхэд цугларсан баримтад зээлийн гэрээ гэх баримт байхгүй гэж ганц үндэслэлээр зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзжээ. Гэтэл Монголшуудан банк, Хны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот "Монголшуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай" гэрээгээр Монголшуудан банкны зарим шаардах эрхийг Хинд шилжүүлсэн. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн "Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай" А-153 дугаар тушаалаар Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Б томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Бид шилжсэн. Баас Хны зарим актив, пассив, хөренгийг Төрийн банкинд шилжүүлж Хны чанаргүй актив нь Бийн тэнцэлд үлдсэн гэх мэтээр урт хугацаанд олон байгууллагаар дамжисны дүнд зээлийн хувийн хэрэг үрэгдэх, материал дутах тохиолдол байдаг. Гэвч зөвхөн хувийн хэрэг байхгүй үндэслэлээр талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй гэж дүгнэх боломжгүй. Учир нь Х нь хэвийн үйл ажиллагаатай байх үед банкны системийн нийт хадгаламж эзэмшигчдийн 15.9 хувийг эзлэх системийн нөлөө бүхий банк байсан тул хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөд учрах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монголбанкнаас хадгаламжийн даатгалын корпорациар дамжуулан Хны актив, пассив хөрөнгийн зөрүүг (Хны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дутагдсан мөнгө) нөхөхөд зориулж 119.9 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд энэ хэмжээгээр Төрд хохирол, зардал учирсан. Баас Хны чанаргүй зээл, авлагыг төлүүлсэн хөрөнгөөр төрд хохирол, зардлыг нөхөн төлүүлэх, түүн дээр нэмж Хнаас татварын байгууллагад төлөх буюу ард иргэдэд зарцуулагдах ёстой 530.6 сая төгрөгийн татварын өрийг төлөх үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь төрд учирсан хохирлын дүнд нэмэгдэх юм. Хнаас зээл авч, зээлийг эргэн төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа этгээд нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгө болон төрөөс гарсан зардлаар хөлжих, Х ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгах ажиллагааг дуусгасны дараа зээлийг эргэн төлөхгүй үлдэх нь шударга бус явдал юм. Хөөн хэлэлцэх хугацааны тасалдлыг буруу дүгнэсэн. Дээр дурдсанаар 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Х ХХК-д Бийг томилсон ба өнөөдрийг хүртэл хугацаанд Бийг солих, хугацааг сунгах зэргээр Монголбанкны ерөнхийлөгчийн 12 тушаал гарсаныг хавтас хэрэгт цугларсан баримтаас шүүх өөрөө мэдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Бийг томилох, түүний хугацааг сунгах бүрд хөөн хэлэлэх хугацаа тасалдаж, шинээр тоологдох зарчимтай. Иймдээ ч Бийн ажлын алба нь цөөхөн ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 1000 гаруй зээлдэгчийн зээл төлүүлэх ажиллагааг гүйцэтгэж байна. Түүнчлэн хариуцагч нарт зээлийг төлөх талаар шаардлагыг тавьж, утсаар ярьж, уулзаж, зээлийн өр төлбөрийг төлөх боломжит хугацааг тогтоон өгч байсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасны дагуу Х ХХК дахь Бийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хууль буруу хэрэглсэний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК дахь Б нь хариуцагч Б.Э, Т.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 123 057.05 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахаар зохицуулсан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн банкнаас хариуцагчийн зээлийн талаарх мэдээлэл болох хэдэн төгрөг зээлсэн, зээлийн гэрээний эргэн төлөлт баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч нь дээрх баримтыг өөрөө бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох нь түүний үүрэг гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан журмыг зөрчсөн байна. /хх-64-68 дах тал/

 

Нэхэмжлэгч нь Бийн хувьд шилжүүлэн авсан шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байх тул дээрх баримтыг өөрөө олж авах боломжтой биш юм. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарласан гэж үзнэ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар дүгнэлт хийхийн тулд Иргэний хуулийн 79, 80 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсхүл зогссон нөхцөл байдлууд байсан эсэхийг тодруулах шаардлагатай. Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2021/02488 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ