| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0056/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/057 |
| Огноо | 2018-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/057
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.С,
Орчуулагч Т.М,
Улсын яллагч Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С,
Шүүгдэгч Д.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-гээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн би Е-гийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Б овгийн Д-гийн Е, 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд 2012 оны 09-р сарын 05-ны өдөр тус аймаг дахь Сум дундын шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 500 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар БВ00000000
Шүүгдэгч Д.Е-гийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Е нь Ш-тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний толгой руу нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Е нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19-20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах бүрэн дунд сургуулийн байрны хойно дотуур байрны зуухны өрөөнд Ш-тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний толгой руу нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч Д.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие 2018 оны 02 дугаар сарын 28-ны орой хадам ахын гэрт очоод олс аваад буцаад гэртээ очсон. Тэгээд 18 цагийн үед хадам ах Н болон зүс таних Ө нар машинтай хүрч ирээд намайг дуудахаар нь би очсон. Тэр үед намайг машинд суучих гэхээр нь би машинд сууж аваад шууд сургуулийн дотуур байрны зуухны байр луу очсон. Бид нар машинаас буугаад шууд сургуулийн дотуур байрны зуухны байр луу ороход тэнд байсан хүмүүс “Сангийн далай” нэртэй архи задлаад ууж байсан. Тэгж байтал тэдний нэг нь “Бидэнд архи байгаа. Та нар идэх хуушуур аваад ир” гэхээр нь Н болон тэнд байсан галч С нар хуушуур аваад ирэхээр явсан. Зуухны байранд Ө, М, Б, Е нар байсан. Тэр үед Ө надад нэг хундага архи хундгалж өгөхөөр нь би уухгүй гэж буцаад өгөөд Ш-д амар мэнд асуугаад “Чи дээр намайг хүмүүстэй нийлээд зодоод явсан. Бид хоёр хөрш болоод удаж байгаа биз дээ. Яагаад өөр хүмүүстэй нийлэв” гэж асуухад Ш надад "Чи намайг тэр үед цагдаад өгөөд надаас юу олж идэв" гэж хэлээд намайг цээж тус газар гарын гадна талаар нэг цохиод авсан. Тэгээд би усны сав байсан буланд хойшоо ухрахад Ш миний урд хүрч ирсэн.Тэгэхэд миний баруун хойд байсан усны савны дээр байсан архины шил гарт минь баригдсан. Тэгээд би архины шилээр Ш-ын толгой хэсэг рүү цохиод авсан. Ш-ыг цохиход толгойноос цус гарах шиг болсон. Тэнд байсан хүмүүс бүгд гадаа гарсан ба Ш цагдаад очно гээд яваад өгсөн.Тэхээр нь тэнд хараад зогсож байсан галч нар Ш-ын толгойноос цус гарч байна эмнэлэгт хүргээд өг гэхээр нь Ш-ын хойноос нь Н бид хоёр очсон. Би Ш-ын хойноос гүйж очоод “Дүү уучлаарай наад толгойг чинь эмнэлэгт үзүүлье” гэж хэлсэн. Ш бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй ба 2017 оны 12 дугаар сард намайг А.Ш хоёр залуугийн хамт нийлж зодсон байсан. Тухайн үед миний халаасанд байсан гар утас алга болсон би биедээ гэмтэл авсан байсан. Тэр үед хэсгийн төлөөлөгчид гомдол гаргах гэж байгаад больсон байсан. Бид хоёр хөрш хүмүүс. Мөн миний бие А.Ш-д хохирлыг нь бүрэн барагдуулж өгсөн. Бид хоёрын хооронд одоо ямар нэгэн гомдол байхгүй болсон. Хохирлыг бүрэн арилгасан болно. Би бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө хийсэн үйлдлээ ч гэсэн сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Харин учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч А.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......Миний бие 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өглөөний 11 цагаас оройн 19 цагийн хооронд сургуулийн зуухнуудаас гарсан үнсийг ачсан. Тэгээд цайнд гараад 20 цагийн үед сургуульд ирсэн ба сургуулийн хойно байрлах дотуур байрны зуухнаас утаа гарч байхаар нь би Ө гал түлж байгаа байх гэж бодоод дотуур байрны хойно байрлах зуухны байр луу очсон. Тэнд Ө, М, Е, Д.Е, Н.Б нар байсан. Тэгээд дотор нь байж байтал Д.Е нэг шил Сангийн далай нэртэй архи задлахад манай галч нар уугаагүй ба сүүлд нь надад хундагалж өгөхөд би уухгүй гэж хэлсэн. Тэгэхэд Д.Е надад “Чи яагаад уудаггүй юм бэ” гэж хэлээд хундага архийг миний нүүр рүү цацсан. Тэр үед миний нүд хорсоод нүдээ маажих гэж байтал миний толгой руу Д.Е гартаа байсан архины шилээр цохиж аваад дахиад хагархай шилээр миний зүүн хацар хэсэгт зүсэж авсан. Тэр үед Е, Ө нар салгаж аваад бид нарыг гадаа гаргахад би “Цагдаад очно” гэж хэлээд цагдаагийн хэсэг рүү яваад өгсөн. Тэгээд би цагдаа руу явж байтал Д.Е миний араас хүрч ирээд “Би чамайг ална” гэж хэлээд гартаа байсан хурц иртэй зүйлээр сүрдүүлэхэд Е-гийн гарт байсан хурц иртэй зүйлийг баруун гараараа барьж аваад зүүн гараараа Д.Е-гийн хувцаснаас барьж аваад түлхсэн. Тэгж байтал Д.Е надад “Намайг уучлаарай” гэж надаас уучлалт гуйгаад бид хоёр сургуулийн үүд хүртэл алхаж ирэхэд Д.Е дотуур байрны зуух руу гүйгээд явсан ба би тэнд сандалд хэсэг суухад миний зүүн духнаас их хэмжээгээр цус гарсан. ...Д.Е миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн ба бид хоёрын хооронд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Сайн дураараа эвлэрсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 33-37-р хуудас/,
- Гэрч М.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 12 цагаас 20 цаг хүртэл сургуулийн зуухнаас гарсан үнсийг галч М, Ш, Ө, С нарын хамт ачсан. Тухайн өдөр Ш, Ө нар цайндаа гарна гээд яваад өгсөн. Үлдсэн нэг машин үнсийг М, С бид гурав 20 цаг хүртэл ачиж дуусгасан. Тэгж байтал Ө машинтайгаа бид нар дээр хүрээд ирсэн. Тухайн үед Ө-гийн машинаас Д.Е, Н.Б, М.Н Ө нар буугаад ирсэн. Тэгээд бид нар дотуур байрны зуухны байр луу орсон. Тэр үед Д.Е ханцуйнаасаа “Далай” нэртэй архи гаргаж ирээд задлах гэхэд бид нар Д.Е-д “Бид нар өдөржин үнс ачлаа. Хоол, цай ч уугаагүй, өлөн яаж архи уух вэ” гэж хэлээд С-ыг хуушууранд явуулсан. Тэгж байтал Д.Е Ш-д хандаад “Чи нагацыгаа дуурайсан” гэж хэлэхэд Ш "Хуцаад бай. Нагацыгаа дуурайж болохгүй юм уу" гэж хэлэхэд Д.Е "Чи намайг хуцуулдаг юу вэ" гэж хэлээд маргаж зогсож байхад Е гартаа байсан задлаагүй архиар Ш-ын толгой руу цохиж авахад тус архи хагараад дотор нь байсан архи асгарч, Ш-ын зүүн талын духны хэсгээс цус гарсан. Тэгээд бид нар тэднийг гадаа гаргахад Ш Е-д “Чамайг цагдаад өгнө” гэж хэлээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
- Гэрч Ж.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 12 цагаас 20 цаг хүртэл сургуулийн зуухнаас гарсан үнсийг галч М, Ш, Ө, Е нарын хамт ачих ажил хийсэн юм. Тухайн өдөр нийтдээ 3 машин үнс ачсан ба 2 машин үнсийг ачиж дуусах үед Ш, Ө нар 19 цагт цайндаа гарна гээд яваад өгсөн. Үлдсэн нэг машин үнсийг М, Е бид гурав 20 цаг хүртэл ачиж дуусгасан. Тэгж байтал Ө машинтайгаа бид нарт хүрээд ирсэн. Тухайн үед Ө-гийн машинаас манай сумын иргэн Д.Е, Н.Б, М.Н Ө дөрвүүлээ байсан ба Ө зууханд гал түлж байхад Д.Е “Надад нэг шил архи байгаа” гэж хэлэхээр нь “Бид нар өдөржин хоол ундгүй ажил хийлээ, эхлээд хоол идэж авъя" гэж хэлээд Н бид хоёр хуушуур авч ирэхээр яваад өгсөн. Бид хуушуур аваад ирэх хүртэл 15 минут гаруй болсон байх. Тэгээд сургууль руу ирэхэд Е бид хоёрт гүйж ирээд “Би сая Ш-ын толгойг хагалчихлаа. Ш цагдаагийн хэсэг рүү явлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
- Гэрч А.Ө-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 11 цагаас 19 цаг хүртэл сургуульд үнс ачих ажил хийсэн юм. Би өглөө 11 цагаас 19 цаг хүртэл М, С, Е, Ш тавуулаа 2 машин үнс ачсан. Тэгээд 19 цагт Ш бид хоёр өнөөдөр ээлжтэй гэж хэлээд цайндаа гараад яваад өгсөн юм. Тэгээд би 20 цагийн үед машинтайгаа сургууль руу ирж байхад замдаа Е, М.Н. Н.Б нар тааралдаад намайг зогсоохоор нь би зогсоод тэд нар миний машинд суусан. Тэгээд би шууд гал түлэхээр сургуулийн дотуур байрны гадаа ирсэн. Тэр үед С, М, Е гурав нэг машин үнс ачиж дуусаж байхаар нь би зуухны байр луу ороод галаа түлж байхад хойноос миний машинд сууж байсан Д.Е, М.Н, Н.Б болон С, М, Е нар ороод ирсэн. Тэгж байтал Б баруун талын ханцуйнаас нэг шил архи гаргаж ирээд Д.Е-д өгөхөөр нь “Би зуухны байранд архи ууж болохгүй” гэж хэлсэн. Тэр үед С болон М.Н нар хуушуур аваад ирье гэж хэлээд яваад өгсөн ба хэсэг хугацааны дараа Ш мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд би галаа түлж байтал зуухны байрны дотор Д.Е болон Ш нарын хооронд маргаад эхлэх шиг болсон. Яг юунаас болж маргалдсаныг нь анзааралгүй зуухтай зууралдаад байж байтал Е гартаа байсан нэг шил архины шилээр шууд Ш-ын толгой хэсэг рүү цохиод авсан. Тэр үед би шууд гүйж очиход Ш-ын зүүн духны хэсгээс гараад эхлэхээр нь бид тэр хоёрыг гадагшаа гаргасан. Ш гадагшаа гараад “Би хуулийн байгууллагад хандана” гэж хэлээд яваад өгөхөд Е, Б нар яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
- Гэрч М.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өдөржингөө Е, С, Ө, Ш нарын хамт сургуулийн үнс ачсан. Бид нар 2 машин үнс ачаад орой 19 цаг өнгөрөөд дуусахад Ш, Ө хоёр цайндаа гарна гээд яваад өгсөн юм. Е, С бид гурав үлдсэн үнсийг ачаад 1 машин болгож дуусгаад байж байтал 20 цаг өнгөрч байхад Ө машинтай хүрээд ирсэн. Тэрэнтэй хамт манай сумын иргэн Д.Е, Н.Б, М.Н нар ирсэн. Тэд нар хүрч ирээд дотуур байрны зуухны байранд бүгдээрээ орсон. Тэгтэл би хойноос нь хувцсаа янзлаад ортол зуухны хажууд Е, Ш хоёр хоорондоо маргаж байх шиг харагдсан. Е-гийн гарт нэг шил архи барьсан харагдсан. Миний мэдсэнээр хоорондоо урьд өмнө ямар нэгэн маргаантай байсан гэж бодсон. Тэгж байтал Е гартаа байсан архины шилээр Ш-ын толгой хэсэг рүү цохиж авсан. Тэр үед бид нар салгаж аваад гадагшаа гаргахад Ш “Цагдаад очно” гэж хэлээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
- Гэрч М.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ний өдөр орой 18 цагийн үед би гэртээ байж байгаад гадаа гараад хашааны гадна явж байсан машиныг зогсоосон. Тухайн машин Ө гэх таньдаг нөхрийн машин байхаар нь зогсоосон байсан. Тэгээд тус нөхрийг зогсооход Ө халамцуу байсан. Тэгэхээр нь би чи уугаад явж байгаа юм уу гэж хэлсэн. Тэр үед Ө нэг юм аваад өгөөч гэж хэлээд бид хоёр манай хашааны өмнө зогсож байхад мотоциклтой Е, Б-тай хамт хүрээд ирсэн. Тэгээд би тэр хоёр нөхөрт “Нэг юм аваад өгье. Та хоёр очих уу" гэж асуухад Б Ө-гийн машинд суусан. Харин Е мотоциклтой гэр лүүгээ яваад өгсөн ба бид Ө-гийн машинтай хөдлөөд сумын төв орж ирээд миний бие Д гэх хүний дэлгүүрээс "Сангийн далай" нэртэй архи авсан. Тэгээд Б-ийг дотуур байрны зуух руу очиж байгаарай гэж хэлээд бид хоёр Ө-гийн аксент маркийн машинаар Е-гийн гэрт очоод Е-г суулгаж аваад шууд дотуур байрны зуухны байранд очсон. Тэнд очиход сургуулийн бүх галч нар зуухны байранд сангийн далай нэртэй 2 шил архи задлаад ууж байсан. Нэг шил архийг тал хүртлээ уусан нөгөө нэг шил нь задлагдаагүй байсан. Тэгж байтал тэд нарын нэг нь “Хоол идэх хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь С бид хоёр Ө-гийн машиныг асууж аваад Ж-гийн ажиллуулж байсан гуанзнаас 20 ширхэг хуушуурыг зээлдэж аваад С бид хоёр тэнд 6 хуушуурыг нь гуанзанд идсэн. Бид хоёр гуанзанд 30 минут гаруй суусан. Тэгээд С бид хоёр Ө-гийн машинтай хөдлөөд сургуулийн дотуур байрны зуухны байр луу очиход бүх галч нар зуухны байрны гадаа зогсож байсан ба Ө надад "Сая Ш-ын толгойг танай хүргэн Е архины шилээр цохиж хагаллаа. Тэд нар цагдаа руу явлаа" гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 47-48-р хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Е-гийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Е нь хохирогч А.Ш-гийн толгой руу нь архины шилээр цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-гийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 143 дугаартай: “...Иргэн А.Ш-гийн биед тархи доргилт, зүүн талын шанаа, хацарны хэсэгт мэс заслын оёдол тавьсан зах ирмэг нь тэгш бус язарч зүсэгдсэн шархтай, зүүн талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх шарх нь хурц ир үзүүртэй, хөхрөлт цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-ийн 57-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Е-гийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Е-гийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Ш-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Д.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Ш-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд үүссэн хохирол, хор уршигийг шүүгдэгч Д.Е төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Е-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг бүрэн барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Е-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Е нь урьд шийтгүүлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч А.Ш-гийн зодуулах үед өмсөж явсан гэх хар өнгийн өвлийн куртка 1 ширхэг, хар өнгийн даавуун материалаар хийгдсэн урдаа дөрвөн өөр өнгийн товчтой хантааз 1 ширхэг, хар өнгийн урд хэсэгтээ дугуй хээтэй, малгайтай цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн цээжин хэсэгтээ цагаан өнгийн цэцгэн хээтэй цамц 1 ширхэг, улаан өнгийн босоо захтай, урдаа цахилгаантай зах хэсгээсээ хоёр ханцуйн үзүүр хүртэл хар өнгийн канттай би Е-гийн тамирын цамц 1 ширхэг, улбар шар өнгийн даавуун материалаар хийгдсэн футволка 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Е-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.Д