Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/469

 

О.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

хохирогч Г.Э-ийн өмгөөлөгч Ж.Баасанжав,

яллагдагч О.М-гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/606 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Эрдэнэчимэгийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Ж.Баасанжавын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.М-д холбогдох 2303 00299 0277 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн О-ын М, 1993 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбоо мэдээллийн инженер мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, ...-ийн хамт Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Яллагдагч О.М- нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 13:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансарын шатахуун түгээх станцын уулзварын урд замд “Toyota Prius” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах: 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас “Toyota Prius” загварын 00-00БББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: О.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэргийн 2 дугаар хавтас 30 дугаар хуудас дахь өмгөөлөгч Ж.Тэгшмандалын хүсэлтэд “...шүүх эмнэлгийн шинжээч эмч, техникийн шинжээч нарыг тус тусад нь томилсноос хэргийн талаар эргэлзээ үүсгэсэн нөхцөл байдлыг арилгах гэсэн миний хүсэлтийг хангаагүй байна.” гэж, түүнчлэн “...гэмтлийн болон зам тээврийн ослын талаар хамтарсан шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэйгээр гаргуулахаар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж өгнө үү...” гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргасан байхад өөр өөр мэргэжлийн шинжээчийг оролцуулахгүйгээр дүгнэлт гаргажээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн 2-оос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно.” гэж заасан. Яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын өөр өөр мэргэжлийн шинжээч оролцуулж дүгнэлт гаргуулах хүсэлтүүдийг гаргасан байхад шийдвэрлээгүй байна. Мөн хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд яллагдагч “хамтарсан бүрэлдэхүүнтэй шинжээч нар томилуулах хүсэлтэй байна” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “...оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана” гэж заасан. Гэтэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй байна. “Кости Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд /1хх 70/ “машины хойд буфер хуучин сэвэн дээр нэмж зурагдаж будаг цуурсан байв” гэжээ. Хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн буфер бага эвдрэл учирсан гэж үнэлгээ гарсан байдал, гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой эсэхийг шалгах шаардлагатай байна. ...” гэж дүгнэж, О.М-д холбогдох 2303 00299 0277 дугаартай эрүүгийн хэргийг Тээврийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Эрдэнэчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Шинжилгээний хураамж, зардал”, 21.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 201.1-д заасны дагуу зарим төрлийн шинжилгээ хийхэд улсын тэмдэгтийн хураамж авна” гэсэн хуулийн заалтыг үндэслэн ...ижил буюу өөр өөр мэргэжлийн 2-оос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно.” гэж заасан. Яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын өөр өөр мэргэжлийн шинжээч оролцуулж дүгнэлт гаргуулах хүсэлтүүдийг гаргасан байхад шийдвэрлээгүй...” гэж, хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн, хуульд байхгүй зүйл заалт дурдан дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь өмгөөлөгч Ж.Тэгшмандал нь хэрэгт дахин хэд хэдэн тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг томилж гэмтлийн болон зам тээврийн ослын талаар хамтарсан шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэйгээр гаргуулах” тухай хүсэлтийг прокурорын шат шатанд гаргаж байсан бөгөөд хавтаст хэрэгт:

  • Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүхийн анагаах ухааны шинжилгээний газрын ахлах шинжээч Н.Туяагийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 5881 дугаартай дүгнэлт /1хх 49-50/,
  • Шүүх шинжилгээний Ерөнхий газрын “хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Чулуунсүх, Б.Сэргэлэн, О.Нансалмаа нарын гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 840 дугаартай дүгнэлт /1хх 228-232/,
  • дүрс оношилгооны /MRI/ шинжилгээний хариу /1хх 53-55, 61, 65/,
  • Гэмтэл согог судлалын төвд үзлэг хийлгэсэн талаарх баримт /1хх 56-60/,
  • гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /1хх 88-91/,
  • Г.Э- нь эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ үйлчилгээ авч байсан талаарх баримтууд /1хх 93-121/
  • хөрөнгийн үнэлгээний “Кости-Эстимэйт ХХК”-ний 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “...“Toyota Prius” загварын 00-00БББ ...үнэлгээгээр тогтоогдсон дүн: 100.000 төгрөг...” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 70/
  • Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /хх 76-80/
  • 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 06/09 дугаартай Техникийн шинжээч И.Базаррагчаа, Н.Мөнхзул, Г.Удвал нарын хамтран гаргасан дүгнэлт /1хх 222-223/
  • шинжээч эмч Б.Сэргэлэнгийн мэдүүлэг /2хх 50/,
  • шинжээч эмч С.Чулуунсүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /2хх 52/,
  • шинжээч эмч О.Нансалмаагийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /2хх 54/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад үндэслэн О.М-д холбогдох хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийгдсэн гэж үзэн оролцогчийн зүгээс “Хэргийн материалтай танилцах” үед гаргасан дээрх утга ижил хүсэлтийг мөрдөгч шийдвэрлэлгүйгээр 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай” санал гарган хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр прокурорт ирүүлсэн бөгөөд Улсын Ерөнхийн прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргалаас 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/2376 дугаартай “Хэрэг татаж хянах тухай” прокурорын тогтоол ирүүлсний дагуу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийг Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн байна.

Өмгөөлөгч Ж.Тэгшмандалаас Улсын Ерөнхий прокурорын газарт хандан “хэрэгт дахин хэд хэдэн тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг томилж, гэмтлийн болон зам тээврийн ослын талаар хамтарсан шинжээчийн дүгнэлтийг гаргуулах” тухай гомдол гаргасны дагуу Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ариунаа хэргийг бүхэлд нь хянаад хавтаст хэрэгт авагдсан тусгай мэдлэг бүхий салбарын шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд болон дүгнэлттэй холбоотой шинжээч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу “...үндэслэлгүй, эсхүл эргэлзээтэй гэж үзэн, шинжээчдийн багаар дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 4/65 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол үйлдэж, 2024 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 4/811 дугаартай албан бичгээр хэргийг Тээврийн прокурорын газарт ирүүлсэн бөгөөд прокурор хэргийг хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, хувийг О.М-д 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гардуулан хэргийг харьяалах шүүхэд хүргүүлсэн байна.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ослын бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, ослын дараах үеийн дүрс бичлэг, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар “зам тээврийн осол гарах болсон шалтгаан, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” эсэх нотолбол зохих байдлыг тал бүрээс бүрэн шалгаж, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүхийн анагаах ухааны шинжилгээний шинжээч, техникийн шинжээч нараас тусгай мэдлэгийн хүрээнд өөр өөрийн мэргэжлийн чиглэлээр дүгнэлтүүдийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэт нэг талыг барьсан, хэрэгт нэмэлт яг ямар ажиллагаа хийлгэх талаар тодорхой зааж өгөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд яллагдагч О.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/606 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон атал хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдаж, нотлогдвол зохих үйл баримт бүрэн тогтоогдсон, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5881 дугаартай дүгнэлт, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 9/5-13 дугаартай мөрдөгчийн магадлагаа, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 840 дугаартай дүгнэлт, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 06/09 дугаартай техникийн дүгнэлт зэргээр тус гэмт хэрэгт нотлогдвол зохих байдлууд хангалттай нотлогдон тогтоогдож байх атал хэрэгт хамааралгүй буюу өөр өөр мэргэжлийн 2-оос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийлгэж болно гэсэн хүсэлтийг шийдвэрлээгүй байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил, эсхүл өөр өөр мэргэжлийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй багаар хийлгэж болно” гэж заасан бөгөөд зайлшгүй биелэгдэх буюу заавал дагаж мөрдөх императив хэм хэмжээ биш байтал дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлын хэмжээ бодитой тогтоогдсон, нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж, цуглуулж, бэхжүүлсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ойлгомжгүй, хууль зүйн үндэслэл муутай, хуульд нийцэх шаардлага хэрэгжээгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч О.М-гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. Осол гарах үед Дарь-Эх рүү чиглэж байгаа гэрлэн дохионы уулзвар дээр О.М-гийн тээврийн хэрэгслийн урд Г.Э-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл зогсож байсан. Урагшлаад хажуугаар нь багтах хэмжээний зай байна гэж үзэж хажуугаар нь гарч явахдаа өөрийнхөө автомашины зүүн хэсгээр хохирогчийн автомашины баруун хойд хэсэгт шүргэсэн. Хохирогч, иргэний нэхэмжлэгээр мэдүүлэг өгөхдөө “Ардаас хүчтэй ирж мөргөсөн” гэдэг. Харин хохирогчоор өсгөн мэдүүлэгт “2 гараараа жолооны хүрдийг барьж, тоормос дээр гишгэсэн байсан. Машин хөдлөөгүй, би толгойгоороо юм мөргөөгүй” гэдэг. Энэхүү эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгахын тулд цагдаагийн байгууллагад болон бүх шатны прокурорын байгууллагад өмгөөлөгчийн зүгээс “Зам тээврийн осолтой холбогдуулан гаргасан дүгнэлт нь зөвхөн энэ чиглэлээр, хүний биед учирсан гэмтлийн дүгнэлт нь зөвхөн энэ чиглэлээр асуугаад байна. Гэтэл энэ ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учрах боломжтой эсэх, энэ нь О.М-гийн хохирол, хор уршигтай шалтгаант холбоо үүсэх эсэх нь эргэлзээтэй байгаа тул багаар хамтарсан шинжээч томилуулах шаардлагатай байна” гэж удаа дараа хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан. Тухайн тээврийн хэрэгслийн хүчний үйлчлэлийн асуудал яригдана. Мөн өөр бусад нөхцөл байдлуудаас шалтгаалж хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл үүсэх боломжтой эсэхэд техникийн болон өөр бусад тусгай мэдлэг бүхий шинжээч нарын тус тусдаа дүгнэлтийг гаргаж, эдгээр дүгнэлтүүдийг хооронд нь харьцуулсан байдлаар дүгнэж, нэгдсэн нэг дүгнэлтэд хүрэх боломжтой. Хэрэв нэгдсэн нэг дүгнэлтэд хүрэхгүй байгаа тохиолдолд тус тусдаа шинжээчийн дүгнэлтүүдийг хооронд нь харьцуулан шинжлэх нь гэм бурууг тогтоох, хэргийг үнэн, зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой. Гэтэл мөрдөгч, прокуророос “өөр өөр байгууллагын шинжээч нараар шинжилгээ хийлгэхэд хэцүү, боломжгүй. Хуульд заасан боловч практикт байхгүй” гэдэг. Гэтэл практикт байхгүй гэдэг үндэслэлээр хуулийг хэрэгжүүлэхээс татгалзах нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн шүүгчийн захирамжид Шүүх шинжилгээний тухай хуулийн зүйлийг буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Анхан шатны шүүхээс өөр өөр шинжээч томилж дүгнэлт гаргах нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар О.М-д холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагаагаар О.М- нь “Toyota Prius” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөний улмаас “Toyota Prius” загварын 00-00БББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдалтай холбоотой баримтууд болох:

хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нараас мэдүүлэг авсан, хохирогчийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, хохирогчийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг гаргуулсан, яллагдагчийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан, мөрдөгч магадлагаа гаргаж О.М- нь тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэхийг тогтоосон, хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой, яллагдагчийн хувийн байдалтай холбоотой баримтууд цугларчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалаас Тээврийн прокурорын газарт хандаж, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Хохирогчоос дахин мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул бүрэлдэхүүнтэй шинжээчдээр дүгнэлт гаргуулах, мөрдөгчийн магадлагааг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасныг тус прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Өмгөөлөгч Ж.Тэгшмандалаас дээд шатны прокурорт хандаж 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр мөн адил агуулга бүхий гомдол гаргасныг тус прокурорын газрын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоолоор хүлээн авахаас татгалзсан байна.

Дээрх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гомдлыг Улсын Ерөнхий прокурорын газрын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 4/77 дугаар тогтоолоор хэсэгчлэн хангаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд хэргийн газарт нөхөн үзлэг хийж, хохирогч, нэр бүхий гэрч нараас мэдүүлэг авсан, техникийн шинжилгээг бүрэлдэхүүнтэй шинжээчдээр хийлгэсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгохоор гурван бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж, тус дүгнэлтийг гаргасан шинжээч тус бүрээс мэдүүлэг авч, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болох бусад баримтуудыг цуглуулжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалаас Улсын Ерөнхий прокурорын газарт дахин гомдол гаргасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэргийг татаж хянаад 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 4/65 дугаар тогтоолоор “...хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, ...дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүй, эсхүл эргэлзээтэй гэж үзэн, шинжээчдийн багаар дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй...” гэж дүгнэж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын прокурор, дээд шатны прокуроруудад хандаж гаргаж байсан хүсэлт, гомдлуудыг тухай бүрт нь хянаж, хариу өгч байсан, дээд шатны прокуророос яллах дүгнэлтийг хүчингүй болгон хэрэгт нэмэлт ажиллагаа хуульд нийцүүлэн хийлгэх, мөрдөгчөөс шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах зэргээр зохих ажиллагааг хийж, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 48 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь оролцогч талуудын эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах, гомдол гаргах, гомдлоо хангуулах эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт шинжилгээг шаардлагатай тохиолдолд ижил, эсхүл өөр өөр мэргэжлийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй багаар хийлгэж болохоор заасан.

Прокуророос О.М-д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд авагдсан нотлох баримтуудад үндэслэн эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн гэм бурууг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, шүүгдэгч тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд гэм буруугийн зарчмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх, тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг биш, эсхүл шүүгдэгч гэм буруугүй болох нь тогтоогдвол хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх бүрэн эрх анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон болно.

Иймд, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах”-аар бичсэн прокурор Д.Эрдэнэчимэгийн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Ж.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/606 дугаар захирамжийг хүчингүй болгов.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч О.М-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/606 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Д.Эрдэнэчимэгийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Ж.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангасугай.

2. Яллагдагч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                                                 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

     ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ

     ШҮҮГЧ                                                       Ц.ОЧ