Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/470

 

Б.А, А.Н, Б.О

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,

хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж,

шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/121 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.А-, А.Н-, Б.О- нарт холбогдох 2308 02844 1904 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б овгийн Б-ийн А, 2006 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... оюутан, ам бүл 2, ...-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... хорооллын ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;
  2. Т овгийн А-ийн Н, 2004 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ... нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;
  3. Б овгийн Б-ийн О, 2004 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... оюутан, ам бүл 3, ...-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... хорооллын ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.А-, А.Н-, Б.О- нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө 03:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... дүгээр орц дотор, мөн байрны гадна хохирогч Б.Д-г үл ялих шалтгааны улмаас зодож, түүний биед хоншоор яс, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн 4, 5, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун дээд, доод зовхи, чамархайн хуйх, мөр, шуу, сарвуу, зүүн мөр, шуунд цус хуралт, дух, баруун тохой, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүдийг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.А-, А.Н-, Б.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт А-ийн Н, Б овогт Б-ийн О, Б овогт Б-ийн А нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Н, Б.О нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох тус тус албадлагын арга хэмжээг авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А-ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх тус тус үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,

,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Н, Б.О нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Б.А-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх тус тус албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А.Н, Б.О, Б.А нарт сануулж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Н, Б.О, Б.А нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж,

хохирогч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-, Б.О-, Б.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...1. Прокурор болон шүүхийн шатанд хохирогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.”, мөн Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “Хүний эрх, эрх чөлөөг сэргээх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх.” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтууд нь бусдын хууль бус үйлдлийн улмаас хохирч, эрх зүйн хамгаалалт хүсэж буй иргэний зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгдсэн. Гэтэл анхан шатны шүүх хүнд гэмтэл авч, 4 хавиргаа хугалуулж, буцаж ирэхгүй цаг хугацаа, боломж, эд хөрөнгөөрөө хохирсон иргэний зөрчигдсөн эрхийг 521.250 төгрөгөөр сэргэх үндэслэлтэй гэж үзсэнд гомдолтой байна. Учир нь, миний үйлчлүүлэгч Б.Д-д тухайн гэмт хэргийн улмаас бие махбодын хувьд хүндэвтэр гэмтэл учирсан боловч түүний сэтгэцэд мөн давхар хохирол учирсан. Б.Д- нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хацар ясны гэмтлийн улмаас ханиах, найтаах, нус нийхэд маш зовуурьтай байгаа. Мөн хавирга хугарсан гэмтлийн улмаас амьсгалах, хөдлөхөд өвдөлт өгсөөр байгаа болно. Мөн шилбэний хугарлын улмаас шилбэ хэсэг нь тэр чигтээ цусан тууралттай байна. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл, түүнээс улбаатай өвдөлт, зовуурь өнөөдрийг хүртэл арилаагүй байна. Энэхүү өвдөлт, шаналлын улмаас Д.Д- нь сэтгэл санааны хүнд цочролд орсон.

Иймд дээрх шалтгаан нөхцөлийн улмаас болон үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23/48 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Рэгзэдмаад хандан “....хохирогч Б.Д-гийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох...” агуулга бүхий хүсэлт, мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23/59 дугаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан бөгөөд тус урьдчилсан хэлэлцүүлгээр мөн л хохирогч Б.Д-гийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох хүсэлтийг тус тус гаргасан. Мөн хохирогч Б.Д-гийн зүгээс шүүхийн шатанд өөрийн сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох хүсэлт гаргасан боловч мөн л хүлээж аваагүй.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал", Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” болон “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан. Энэ нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхэд чиглэгдсэн чухал ач холбогдол бүхий юм. Нэгэнт сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох хохирогчийн эрх нь дээрх эрх зүйн актуудаар баталгаажсан байхад прокурор болон анхан шатны шүүх өмгөөлөгч болон хохирогчийн зүгээс гаргасан “Сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох хүсэлт”-ийг ямар ч үндэслэлгүйгээр удаа дараа хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн хохирогчийн эрхийг хязгаарласан нь миний үйлчлүүлэгч Б.Д-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааж өгсөн шүүхээр хамгаалуулах үндсэн эрхийг шууд зөрчсөн. Цаашлаад анхан шатны шүүх нь “Шүүхийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад заасан “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” эрхэм зорилгоо биелүүлж чадаагүй гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүх нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдал нийцээгүй.

Учир нь анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолд хохирол, хор уршиг төлөгдсөн байдлыг дүгнэхдээ “...33.604.052 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар тогтоодохгүй, шүүхэд ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. ...” гэсэн нь үндэслэлгүй юм. Хохирогчийн зүгээс бүх баримтуудыг эх хувиар, мөн баталгаат орчуулгаар орчуулж нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн. Хохирогч Б.Д-д учраад буй хохирол нь шүүгдэгч нарын хууль бус үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой. Гэтэл анхан шатны шүүх нь хохирогч Б.Д-д учирсан шууд хохирлыг гэм хор гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Тодруулбал, шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгч нь 2 жилийн хугацаанд төлөвлөж, бэлтгэж байсан Австрали Улсад очиж ажиллах, хөдөлмөрлөх зорилгоо биелүүлж чадсангүй. Учир нь шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал доройтож, ажиллаж хөдөлмөрлөх ямар ч боломжгүй болсон бөгөөд эсрэгээрээ Австрали Улсад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн нь баримтаар нотлогддог. Үүнээс үзэхэд Австрали Улсад очсон зорилгоо биелүүлж чадалгүйгээр эмчилгээ хийлгэж буй нь миний үйлчлүүлэгчийн биед шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас учруулсан гэмтэл, түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байна. Энэ нь шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч нь ажил хөдөлмөр эрхлэх зорилгоо биелүүлж чадалгүйгээр ирсэн байх тул Австрали, Солонгос Улсад гаргаад буй зардлууд нь бүгд бодит хохиролд хамаарч байна гэж үзэж байна.

Шүүгдэгч нар нь миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тул Австрали Улсад ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, түүний улмаас орлогогүй байсан тул өөрийн байрны түрээс, хоолны материал авах гэх мэт анхдагч хэрэгцээнүүдийг хангах зайлшгүй шаардлага бий болсон. Эдгээр анхан шатны хэрэгцээнүүдийг өөрийн Австрали долларын дансанд байсан мөнгөөр хангаж байсан. Энэ нь мөн л шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас учирч буй үр дагавар бөгөөд шалтгаант холбоотой. Иймд Австрали Улсад гарсан картын зардлын тооцоо нь мөн л бодит хохиролд хамаарч байгаа болно.

Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд анхан шатны шүүх нь хохирогчийн эрхийг хязгаарласан, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/121 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. “Могул клиник” эмнэлгийн дотоод заслын ажлыг хийж өгч байсан. Тухайн эмнэлэгт хэвтэн  эмчлүүлэх боломжгүй. Учир нь, тус эмнэлэг нь өглөө нээж, орой хаадаг. Эмчилгээтэй холбоотой бүх баримтуудыг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн. Эмнэлгийн дарга нь надаар 2 жил гаруй хугацаанд эмнэлэгтээ засвар хийлгэсэн. Энэ тооцоо дуусаагүй байгаа. : Би тухайн эмнэлэгт өглөө бүр очиж эмчилгээ хийлгэдэг байсан. Эмчилгээний төлбөрийн баримтыг асуухад “Чи манай эмнэлэгт жил гаруй ажиллаж засвар хийж өгсөн. Дараа нь болох байлгүй дээ” гэж хэлж байсан. Сувилагчийн эм тариа бүртгэж, нийт төлбөр тооцсон баримтыг хэрэгт хавсаргуулахаар өгч байсан. Хавтаст хэргийн 134-136 дугаар талд авагдсан байгаа. Сүүлд гаргаж өгсөн. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Эмчилгээний зардал, төлбөртэй холбоотой асуудал анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Энэ гэмт хэрэгт хохирогчийн зүй бус буруутай үйлдэл байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч нь өсвөр насны хүүхдүүдтэй таарч, түрүүлж гар хүрсэн үйл баримт байдаг. Үүнийг  анхан шатны шүүх харгалзан үзсэн. Би энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж оролцсон. Өмгөөлөгчийн зүгээс удаа дараа мөрдөгчөөс “Хохирогчоос нэхэмжилж байгаа зүйл байгаа юу” гэж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс удаа дараа асууж, тодруулахад “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэдэг. Гэтэл хэрэг анхан шатны шүүхэд шилжсэний дараа хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасан байдаг. Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогчийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол, төлбөртэй холбоотой асуудлаар хүсэлт гаргаагүй гэдэг үндэслэлээр түүний гаргасан хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Б.Д- нь өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон. Үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн төрсөн эгч оролцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох зорилгоор 2 удаагийн мэдүүлэг авах ажиллагааг хийсэн. Мөн мөрдөгч хохирогчтой фэйсбүүк хаягаар холбогдож, түүнээс “Та гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох уу” гэхэд “Би Монгол Улсад хэзээ очих эсэх нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар очих боломжгүй байна” гэж хариулсан байдаг. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохын тулд хохирогч өөрийн биеэр байх ёстой байсан бөгөөд тухайн үед тэрээр Монгол Улсад хэзээ ирэх нь тодорхойгүй байсан. Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн хохирогчийн өмгөөлөгчийг хүсэлт гаргах үед хэрэг аль хэдийн шүүхэд шилжсэн байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ.” гэж заасны дагуу хүсэлтийг шүүхэд шилжүүлсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох талаар асуудлыг хэлэлцсэн. Тухайн шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан гэж үзсэн тул яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн. Хохирогчийн зүгээс гаргаж 33.000.000 төгрөгийн баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, нотлох баримтын шаардлага хангасан 521.250 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, үлдсэн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...Гэмтэлтэй холбоотой эмчилгээ, үйлчилгээ биш байсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч “дархлаа муудсаны улмаас хатги гарч эмчлүүлсэн” гэж тайлбарласан. Үүнтэй холбоотой эмчилгээ, үйлчилгээ авсан байсан. Мөн хохирогчийн гаргасан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй байсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, Б.О-, А.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Б.А-, Б.О-, А.Н- нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... байрны ... дүгээр орц дотор болон байрны гадна хохирогч Б.Д-тай таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн хоншоор яс, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн 4, 5, 7 дугаар хавирганы зөрүүгүй, 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун дээд, доод зовхи, чамархайн хуйх, мөр, шуу, сарвуу, зүүн мөр, шуунд цус хуралт, дух, баруун тохой, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогч Б.Д-гийн: “…2023 оны 9 дүгээр сарын 17-ны шөнө 02:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... орцны урд үл таних залуучууд нийлж байгаад намайг зодсон. Намайг газар хэвтүүлж байгаад зодсон. Миний биеийн толгойн тус газарт олон удаа өшиглөсөн. ...баруун нүд хөхөрч хавдсан. Нүдний ухархай хугарсан. Зүүн хацрын яс цөмөрсөн. Духны голд хөхөрч хавдсан. Хоёр гарын бугалга улайж хөхөрсөн. Хоёр хөл, мөн мөр зулгарч хавдсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгэхдээ бага хэмжээгээр хэрэглэсэн байсан. ...биеийн бүх хэсэгт хөлөөрөө өшиглөж, гараараа цохисон. …” /1хх 8-9/,
  • гэрч Г.Э-ийн: “…Орцны үүдэнд үл таних согтуу хүн зогсож байхаар нь бид нар хажуугаар нь өнгөрч орох гэхэд тэр ах бид нарыг хэл амаар доромжлоод Б.А-ийг барьж аваад заамдаад, алгадсан. Б.А- нүүрээ дараад зогссон. А.Н-, Б.О- нар тэр ахыг заамдаж аваад, эхлээд А.Н- тэр ахын хацар луу нэг удаа алгадсан. Тэр ах нүүрээ дараад доошоо суусан. Б.О- тэр ахын гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Харин Б.А- тэр ахын толгой, нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд би “Одоо болно” гэж хэлсэн. Тэр гурав согтуу ахыг зодохоо болиод Б.А-ийн гэр лүү ороход Б.А- “Миний хүзүүний зүүлт тасарсан байна, үнэтэй зүүлт” гэж уурлаад, буцаад бид нар бөөнөөрөө гарсан. Нөгөө ах орцны хаалга гаднаас нь хаагаад нам дараад зогссон. Б.А- “Түлхээч ээ, ганц хүн дийлэхгүй байна уу” гэж орилоод байхаар нь би “Одоо болно, наад ах чинь бүүр айсан байна, бүгдээрээ оръё” гэсэн Б.А- гэр лүүгээ буцаж ороод, А.Н- тэр хоёр цонхоор үсрээд буусан. Тэгээд Б.О- бид хоёр араас нь шатаар буухад орцны хаалга онгойсон, орцны хажууд нөгөө согтуу ах зогсож байсан. ...Нөгөө согтуу ах Б.О-ын хамар луу мөргөөд цус гарсан. “Ахаа та яаж байгаа юм бэ” гэхэд нөгөө ах цаашаа яваад өгсөн. Тэгээд Б.О- бид хоёр Б.А-, А.Н- хоёрыг хайгаад байрны булангаар баруун эргээд зам руу гарсан. Тэнд Б.А- нөгөө согтуу ахыг газар унагаасан дээрээс нь дэвсээд зодож байсан. ...” /1хх 52-53/,
  • хохирогч Б.Д-гийн эрүүл мэндэд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүүн хоншоор яс, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн 4, 5, 7 дугаар хавирганы зөрүүгүй, 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун дээд, доод зовхи, чамархайн хуйх, мөр, шуу, сарвуу, зүүн мөр, шуунд цус хуралт, дух, баруун тохой, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11978 дугаар дүгнэлт /1хх 58-59/,
  • шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх  85, 94, 103, 2хх 46/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.А-, Б.О-, А.Н- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.А-, А.Н-, Б.О- нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч нар нь бүлэглэж хохирогч Б.Д-г өшиглөх, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг, түүний шинж, зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгтээ шүүгдэгч нарыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн” байдлаар техникийн шинжтэй алдаа гаргасныг шүүх өөрийн санаачилгаар зөвтгөн залруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

  1. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Н-, Б.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.А-д мөн зүйл, хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх арга хэмжээ авч, шүүгдэгч тус бүрт үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал буюу насны байдал, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзсэн талаар дурджээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хариуцлагын зорилго, харгалзан үзэх эрүүгийн эрх зүйн зарчим, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тохирсон байна гэж дүгнэв.

  1. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтад албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль дахь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, биелүүлэхтэй холбоотой хэм хэмжээ буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээг тогтоосон заалтыг баримталж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул энэ хэсгийг хасах нь зүйтэй гэж үзсэн болно.
  2. Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвадорж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг гомдолд “Австрали улсад эмчилгээ хийлгэсэн, байрны түрээс, хоол хүнс авсан, картын зардлын тооцоо бодит хохиролд хамаарна, Солонгос улсад зардал гарсныг шүүгдэгч нараас гаргуулах” гэсэн үндэслэлийг тусгажээ.

Хэргийн материалыг судлахад, хохирогч Б.Д-гаас “Могул клиник” эмнэлэгт эмчлүүлсэн тооцооны хуудас, эмчилгээний хуудас, мөн Австрали Улс дахь “Westmead” эмнэлгийн үзлэг хийсэн тухай тодорхойлолт, тус эмнэлэгт үйлчлүүлсэн баримтууд, Австралийн “Commonwealth” банк дахь хохирогч Б.Д-гийн дансны хуулга, “Богд” банктай байгуулсан зээлийн, барьцааны гэрээ, онгоцны тасалбар захиалсан баримтуудыг гарган өгсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзсэн.

Тодруулбал, хохирогчийн “Могул Клиник” эмнэлэгт эмчлүүлсэн буюу эмчийн үзлэгт орсон, эмийн болон эмийн бус эмчилгээ хийлгэж, 5.965.700 төгрөгийн зардал гарсан нь дээр дурдсан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 1.988.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Д- Австрали Улсад оршин суугаа үндэслэлээр түүний төрсөн эгч Б.Б-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон авсан мэдүүлгээр хохирогч нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө Австрали Улс руу зорчихоор төлөвлөсөн байсан тул онгоцны тасалбар захиалсан мөнгийг гэмт хэргийн хохиролд тооцох үндэслэлгүй юм.

Түүнчлэн, хохирогчоос гарган өгсөн баримтууд нь Австрали Улс дахь эмнэлэгт эмчийн үзлэг хийлгэсэн, зарим төрлийн эм, наалт, цацлага зэрэг зүйлсийг авсан баримт байх ба эмчийн үзлэг хийсэн тухай бичигт тэрээр “Дархлаа муудаж, хатиг гарсны улмаас эмчилгээ хийлгэсэн” байх тул энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш, өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “хоншоор яс, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн 4, 5, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун дээд, доод зовхи, чамархайн хуйх, мөр, шуу, сарвуу, зүүн мөр, шуунд цус хуралт, дух, баруун тохой, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт” гэмтлийг эмчлэх, сувилахтай холбоогүй зардлууд болно.

Хоол хүнс, өдөр тутмын амьдрал ахуйд шаардлагатай эд зүйлсийг худалдан авах, байрны түрээс төлөх зэрэг нь хүний амин хувийн хэрэгцээг хангахад зайлшгүй шаардлагатай зүйлс тул хохирогчийн Австрали Улсад оршин суух хугацаанд бараа бүтээгдэхүүн, хүнс худалдан авсан зардлыг гаргуулахаар давж заалдах гомдолд тусгасныг хангах боломжгүй юм.

Хэргийн 31-34 дүгээр талд байх хохирогчоос гарган өгсөн “Anan” эмнэлэг, “SoonChun” эмнэлэг гэсэн бичиглэл бүхий баримт нь эмнэлгийн байгууллагын үнийн тарифыг тусгасан баримт байх тул хохирогч нь Солонгос Улсад гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлыг эмчлэх, сувилахад гарсан гэх зардалгүй, баримтгүй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах тухайд давж заалдах шатны шүүх дараах хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж байна. Үүнд:

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 2.1-д “Сэтгэцийн хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгохоор заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч гадаад улсад зорчсон тул түүний эгчийг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон, Б.Д- нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй үндэслэлээр түүний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох талаарх ажиллагаа хийгдээгүй байх тул хохирогч нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг энэхүү магадлалд дурдаж байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/121 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/121 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус...” гэснийг хасаж,

тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-, А.Н-, Б.О- тус бүрээс 1.988.500 /нэг сая есөн зуун наян найман мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Д-д олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

                                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ