Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/522

 

С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч С.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2405 00000 0039 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн С-ийн Б-, 1970 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ...-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 515 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан;

С.Б- нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” шатахуун түгээх станцын байранд иргэн Т.М-тэй “Бензин өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар гараараа түлхэж, цээж хэсгээр нь ширээ мөргүүлсний улмаас баруун 7 дугаар хавирганы зөрүүгүй хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-аас 466.520 төгрөг гаргуулан хохирогч Т.М-д олгож, хохирогч Т.М өөрт учирсан хохирол, хор уршиг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.Б-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, С.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” шатахуун түгээх станцын 31 дүгээр байранд иргэн Т.М-тэй маргалдаж, улмаар биед нь гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн. Анхан шатны шүүх хуралдаан болох үед хохирогч Т.М-гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг төлж барагдуулах гэсэн боловч амжаагүй. Учир нь, миний бие өмнө нь цус харваж байсан бөгөөд үе үе эмчилгээ хийлгэдэг юм, тэр үеэр таарсан байсан учир төлж чадаагүй, гэхдээ төлөхөө илэрхийлж байсан. Шүүхээс хохирогч Т.М-д 466.520 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний бие энэ хохирлыг нь төлж, хохирогчийг хохиролгүй болгосон. Миний зүгээс өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг, хохирогчид хохирлыг барагдуулсан. Миний хувьд 1992 онд зүрхний гаралтай шалтгаан нөхцөлийн улмаас цус харвасан, үүнээс хойш эрүүл мэндийн хувьд хэцүүхэн болсон, эмч зөвлөхдөө зүрхэндээ болон эрүүл мэнддээ анхаарч явахыг зөвлөдөг. Миний бие эрүүл мэндээсээ болж их таргалж, хавантдаг болохоор нийтэд тустай ажил хийлгэх ялыг биеэр эдлэх боломжгүй байгааг анхаарч үзнэ үү, би хариуцлагаас зайлсхийх гэсэн зүйл байхгүй гэдгийг ойлгоорой. Иймд миний хувийн байдал, эрүүл мэндийн шалтгаан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгөхийг хүсэж байна. ... Би 12 дугаар сараас хойш ажил төрөл хийх боломжгүй болсон. Эмчилгээ хийлгэхээр 8 дугаар сард банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан байсан. Миний зүрхний гол судас бүдүүрсэн. 5 мм байх ёстой судас 8 мм болсон. Хэзээ ч хагарахад бэлэн байгаа. Би өглөө болгон эхнэртэйгээ салах ёс гүйцэтгээд явж байна. Миний эрүүл мэндийн байдал үнэхээр хүнд байна. Цаашдаа юу болохыг хэлж мэдэхгүй. Тухайн үед бензин, тос байхгүй машины шар гэрэл ассан, нялх хүүхэдтэй явж байсан болохоор би хэрэлдээгүй, зүгээр ярьж байхад намайг цохих гэхэд нь өөрөөсөө холдуулаад түлхсэн. Би анхнаасаа бичлэгт найдаад, бичлэг тод хийгдсэн байх гэж бодоод хэргээ хүлээгээд гарын үсгээ зураад явсан. Би өөрийгөө өнөөдөр үхэх үү, маргааш үхэх үү гэдгийг мэдэхгүй байна. ...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Б- нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоо нөхөн төлөөгүй байсан. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах үедээ хохирлоо нөхөн төлсөн байна. Шүүгдэгч С.Б-аас биеийн эрүүл мэндийн байдал тааруу, эмчилгээ хийлгэдэг гэх асуудлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд мэдүүлдэг боловч эмнэлгээр үйлчлүүлдэг гэх баримтаа гаргаж өгөөгүй. Мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй гэдэг нь тодорхойгүй байсан тул прокуророос нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс уг ялыг оногдуулсан. Торгох ялаар солих боломжгүй гэж үзэж байна. Учир нь, банкны зээлээ төлж чадахгүй байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа зэргийг харгалзаад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч С.Б- нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны оройн 19:00 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” шатахуун түгээх станцын ажлын байранд түгээгч Т.М-г “Бензин өгсөнгүй” гэх шалтгаанаар түүнийг түлхэн цээж хэсгээр нь ширээ мөргүүлж, эрүүл мэндэд нь баруун 7 дугаар хавирганы зөрөөгүй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
  • хохирогч Т.М-гийн: “…Үл таних ах дайрч орж ирээд “Чи яахаараа бензин өгдөггүй юм” гэхээр нь би “Ахаа, би мэдэхгүй шүү” гэж хэлтэл шууд намайг түлхээд, ажлын ширээний буланг баруун цээжээр минь мөргүүлсэн. …” /хх 12-13/,
  • гэрч Д.Н-ийн: “...Хүмүүс бүгд “Бензин авъя” гээд тухайн эмэгтэйн араас ажил руу нь орсон. ...Манай нөхөр шатахуун түгээх станц руу ороод 2-3 минут орчим болсон. Манай нөхөр “Түгээгч нь хэл амаар доромжлоод, намайг цохихоор нь би өөрийгөө хамгаалаад түлхчихээд гараад ирлээ” гэж хэлсэн. ...” /хх 15-16/,
  • шүүгдэгч С.Б-ын: “...Шатахуун түгээгч эмэгтэйтэй эвээр ярилцах гэтэл тухайн эмэгтэй сандлаасаа босч ирээд “Бензин хүрэхгүй байна, бага бензин ирээд дуусчихсан байхад та нар над руу дайрлаа” гээд над руу дөхөхөөр нь би тухайн эмэгтэйг цааш түлхэхэд баруун гараараа ширээгээ савж цохиод, газар унасан. ...” /хх 33/ гэсэн мэдүүлгүүд,
  • хохирогч Т.М-гийн эрүүл мэндэд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн баруун 7 дугаар хавирганы зөрөөгүй хугарал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 642 дугаар дүгнэлт /хх 23-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд С.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Хохирогч Т.М-гийн эрүүл мэндэд хууль бусаар халдаж, хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч С.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

  1. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг эс зөвшөөрч, уг ялыг торгох ялаар солиулахаар давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-аас гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд 466.520 төгрөг гаргуулан хохирогч Т.М-д олгохоор шийдвэрлэснээс шүүгдэгч уг хохирлыг бүрэн барагдуулсан талаарх баримтыг давж заалдах гомдолд хавсаргасан байх ба өөрийн хувийн байдалтай холбоотой оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт, бусад баримтуудыг хавсаргасан, давж заалдах шатны шүүхэд эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг гарган өгсөн.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний эрүүл мэндийн байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь уг ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс гурван сарын дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хугацаад биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан тэмдэглэж байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

                                                  

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ