| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0698/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0781 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2025/0781
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “И*******” ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Маргааны төрөл: “Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын MY-01******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч “И*******” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MY-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаартай шийдвэр хуульд нийцсэн эсэх ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*******, Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“И*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга холбогдуулан “Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын MY-01******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч “И*******” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MY-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын MY-01******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Улмаар дээрх шийдвэрийг үндэслэн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газраас нэхэмжлэгч “И*******” ХХК-д ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн MV-01******* дугаартай гэрчилгээг 2042 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаатай олгосон байна.
3.Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 100 дугаар тогтоолоор Д******* аймгийн Ч******* сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авчээ.
4.Дээрх 124.4 мянган га газартай нэхэмжлэгч “И*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-01******* дугаартай тусгай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 4509.44 га бүхий талбай нь бүхэлдээ дээрх тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай байна.
5.Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Д******* аймаг дахь Ч*******гийн аймаг дундын отрын бүс нутагт “И*******” ХХК-д MV-01******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6******* тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг тус шүүх хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэрээр “... нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И*******” ХХК-д Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 6******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлалаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
7.Харин Улс дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
8.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр тогтоол зэргийг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 150 дугаар шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс (хуучин нэрээр)-ийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И*******” ХХК-д Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 6******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
9.“И*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын МҮ-01******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, ашигт малтмалын ашиглалтын МҮ-01******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эрхийг сэргээж олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0213 дугаар шийдвэрээр “И*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
10.Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0336 дугаар магадлалаар “... И******* ГХОХХК-иас С.Баяраа, Б.Ганчимэг нарт олгосон итгэмжлэлд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн Ван Гүй Хуа-гаас өөр этгээд гарын үсэг зурсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж, нэхэмжлэгч компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж буй этгээдэд олгосон итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.4-т заасан шаардлыг хангахгүй итгэмжлэлийг нэг мөр тодруулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломж бүрдэхээр байна ...” гэж дүгнэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0213 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
11.Түүнчлэн тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0088 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар “И*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын МҮ-01******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, ашигт малтмалын ашиглалтын МҮ-01******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эрхийг сэргээж олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
12.Дахин “И*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.
13.Нэхэмжлэгч “И*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
...Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа УТУГ-аас 2020 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 839 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.
Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаар шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс (хуучин нэрээр)-ийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Ингө" ГХОХХК-д "Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай" 6******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон.
Дээрх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 16 жилийн хугацаанд ашиглах явцад ямар нэгэн олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд нөөц тогтоох, хайгуулын ажлын зардал, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, ажилчдын цалин зэргийг тооцож үзвэл үлэмж хэмжээний зардал гарахаар байгаа бөгөөд 50 орчим сая юанийн зөвхөн хайгуулын ажилд зарцуулаад байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.13-т" тусгай хэрэгцээний газар" гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20-р зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан болон хориглосон газрыг" гэж заасан. Гэвч 2009 онд Засгийн газрын тогтоол гарсан байхад 2012 онд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн давхцал, зөрчилгүй, хуулийн шаардлага хангасан гэж үзэн хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон олгосон. Хайгуулын ажил хийж тухайн тусгай зөвшөөрлийн талбайд зэс, холимог мын орд нээж нөөц тогтоосон.
Ашигт малтмалын ашиглалтын MV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон цагаас эхлэн Аймаг дундын отрын бэлчээрийн захиргаа УТУГ, Д******* аймгийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам зэрэг байгууллагад зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу хандсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг тус тус ирүүлсэн тул шүүхэд хандаад байна.
Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын MY-01******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2007 оноос иргэн н.Огаас Д******* аймгийн Ч******* сумын У******* т нэртэй ашигт малтмалын хайгуулын РП006 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч хайгуулын ажил гүйцэтгээд 2012 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. 2012 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай гэдэг асуудал тавиагүй. 2012 онд ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байтал 2021 онд аймаг дундын отрын бэлчээрийн газрын захиргаанаас захиргааны нэхэмжлэлтэй хэрэгт манайхыг гуравдагч этгээдээр оролцуулсан. Тухайн шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Тэр шүүхээр тусгай хэрэгцээнд авсан асуудлыг хэлэлцээд манай байгууллагад олгосон шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Манай байгууллага 2007 оноос эхлээд ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад нэлээд их хөрөнгө санхүү зарцуулсан. Энэ нь Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг гэж үзэж байгаа. Бусдын өмчлөлийн асуудал төрийн хүнд механизмаас болж хохирох вий гэдэг үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 14.4, 14.5, 14.6 дугаар зүйлүүдэд дэлгэрэнгүй заасан байдаг. Тэгэхээр манайх өмч хөрөнгөө хамгаалах буюу эрх зүйн байдлаа тодорхой болгуулах эрх нь нээгдсэн гэж үзэж байгаа.
Шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 14.4, 14.5, 14.6 дугаар зүйлүүдийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэрвээ төрийн байгууллагаас гаргасан аливаа нэгэн шийдвэр нь иргэн, аж ахуйн нэгж болон үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн өмчлөлийг хөндвөл Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг энэ хууль болон салбар хуулиар мөн адил хамгаалсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-т нь хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг нэг жилийн дотор олгоно гэсэн заалт байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага бусдын өмчлөлийг ямар нэгэн байдлаар хөндсөн тохиолдолд нэг жилийн дотор нөхөн олговор олгоно. Гэтэл нөхөн олговроо олгоогүй. Өмнө нь гуравдагч этгээдээр орсон асуудал дээр манайх нөхөн олговроо аваагүй гээд хүсэлт тавьчихсан байхад та нар өөрсдөө хүсэлт тавих ёстой гэдэг асуудал тавьсан. Уг нь Ашигт малтмалын тухай хуулиараа хэрвээ тусгай хэрэгцээнд авч байгаа бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учраас хориглох заалтууд байгаа. Үүнийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, та бүхний нөхөн олговрын асуудлыг шийдье гэж тусгай хэрэгцээнд авсан байгууллага нь энэ асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмалын тухай хуулийн 14.4 дээр тодорхой зааж өгсөн. Үүнийг шүүх анхаарч үзээрэй гэж хүсэж байна.
Тусгай хэрэгцээнд авсан талаараа өмчлөгчид мэдэгдэж байгаагүй учраас энэ олон жил их хэмжээний зардал гаргачихлаа. Энэ бол тухайн үед тусгай хэрэгцээнд авахад ашигт малтмал эзэмшиж байгаа компаниудын эрх ашгийг хэрхэн яаж зөрчих юм бэ, тэр талаар шийдүүлсэн асуудал байна уу гээд санал гаргасан байгууллага руу буцаасан байдаг. Гэтэл нөгөө байгууллага буцаж оруулж ирэхдээ манайх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй ямар нэгэн зөрчил үүсгэхгүй. Бид бүхэн хавар, намартаа отрын бэлчээрээр ашиглана. Тиймээс тэдгээрийн эрх ашгийг огтоосоо зөрчихгүй гэж байгаад Засгийн газраар батлуулчихсан байдаг. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хориглох заалтуудаа биелүүлээгүйн улмаас манайх ийм их хэмжээний зардал мөнгө гаргачхаад байгаа юм. Манай нэхэмжлэлийн шаардлагад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх гэж заасан. Үүн дээр нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож өгөөч гэж шүүхээс хүсэж байгаа. Нийтийн эрх зүйн харилцааг энэ асуудлыг хариуцаж байгаа хариуцагчгүйгээр ерөнхийд нь тогтоох бүрэн боломжтой. Биднийг өмнөх гуравдагч этгээдээр орсон асуудал дээр нөхөн олговор олгох хүсэлтээ тавиагүй байна гэсэн учраас бид Улсын дээд шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 14.4 дэх хэсгийг тайлбарлаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Үүнийг хавтаст хэрэгт хавсаргасан. Гэтэл шүүх үүнийг тайлбарлах шаардлагагүй тухайн үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явуулах эрх зүйн үндсийг тогтоосон нийтийн эрх зүйн харилцааны маргаантай 22 шийдвэр байна гэсэн. Бид судалгаа хийгээд үзэхээр “И м” ХХК-ийн асуудал яг манайхтай адилхан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газар нутаг нь хэсэгчлээд орчихсон байсан. Тэгээд Улсын дээд шүүх цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явах эрх зүйн үндэслэл байна, нийтийн эрх зүйн харилцаа мөн байна гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Энэ асуудлыг дурдаад байгаа нь Улсын дээд шүүх, шүүхийн тухай хуулиар эрх зүйн хэм хэмжээний нэгдмэл ойлголтыг хангах үүднээс тогтоол зөвлөмж гаргадаг. Тэгэхээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлээд явах эрхтэй гэдгийг тогтоосны дараа манай эрх ашиг сэргэх учраас бид бүхэн нэхэмжлэлийн шаардлагатаа эдгээрийг дурдсан” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмал газрын тосны геологи, уул уурхай, кадастрын албаны даргын 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр Д******* аймгийн Ч******* сумын нутаг У******* т нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XR006 тоот тусгай зөвшөөрлийг иргэн н.Од анх олгосон бөгөөд 2005 оны Кадастрын албаны даргын 08 дугаар сарын 11-ний 12 дугаартай шийдвэрээр Монгол Гуан Ян гэдэг компанид шилжээд 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2023 дугаартай шийдвэрээр “И*******” ХХК анх тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн байдаг. 2007-2012 он хүртэл тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл дээрээ ашигт малтмал эрэх, хайх ажлыг гүйцэтгэж, хуульд заасан онцгой бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагад гаргасан. Өөрөөр хэлбэл, хайгуулаа явуулаад тухайн хайгуултай холбоотой тайлангаа өгөөд хуульд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно уу гэдэг агуулгаар хандсан. Үүнийг Эрдэс баялгийн зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн XX1 дугаартай дүгнэлтээр нөөцөд бүртгэж авсан. Өөрөөр хэлбэл, Эрдэс баялгийн зөвлөлийн нөөцөөр бүртгэж авснаараа тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл маань ашиглалтын тусгай зөвшөөрөл болж өөрчлөгддөг зохицуулалттай юм байна лээ. Тэгээд нөөцийг хүлээж аваад, Д******* аймгийн Ч******* сумын нутагт байрших Лам чулуут молибдений ордод 2007-2011 онуудад гүйцэтгэсэн ажлын үр дүн, тайлан дээр тухайн талбайд молибдений хүдрийн эдийн засгийн үр ашигтай нөөц нь Б нөөц буюу 32,8 сая тонн буюу нийт талбайн 0,062%-тай тэнцэхээр, молибдены нөөц нь 19.900 буюу 20 орчим мянган тонн. Үүнээс ашиглах боломжтой 56,8 сая тонн гээд тухай бүрд нь оруулаад явсан. Мөн тухайн үед буюу 2012 онд хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагууд буюу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас саналыг авч байсан. Тухайн санал дээр хуулиар хориглосон зүйл байхгүй гэдэг саналаа өгч байсан. Усны газраас мөн тухайн саналыг өгч байсан. Аймгийн Засаг дарга, сумын Засаг даргаас саналуудыг авч байсан. Тухайн үедээ ямар ч давхцалгүй, хууль зөрчөөгүй гээд 2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас боломжтой гэж үзээд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна. Энэ асуудлаа 2020 онд ч шүүхээр шийдвэрлүүлээд гуравдагч этгээдээр орохдоо тайлбарласан байдаг юм байна лээ. Тэгээд 2023 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүртэл хуулиар хүлээсэн үүргээ нэхэмжлэгч маань биелүүлсээр ирсэн. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа аймаг дундын отрын бэлчээрийн захиргаанаас 2020 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад, үүнийг нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүнийг нь 3 шатны шүүх хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэн хүчингүй болгож, аймаг дундын отрын бэлчээрийн захиргааны нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Гэтэл тухайн үед энэ санал яригдаагүй биш яригдсан. Энэ нь 2009 оны Засгийн газрын тогтоол гарах үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, яамдаас ирүүлсэн саналууд зэргээр нотлогддог. Дээрх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 16 жилийн хугацаанд ашиглахдаа ажилчдын цалин, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр гээд зардлуудыг нийтдээ тооцоод үзэхээр 50.000.000 орчим юань буюу монгол төгрөгөөр өнөөдрийн ханшаар шууд дундажлаад үзвэл 25.000.000.000 орчим төгрөгийн зардлыг гаргачихсан байгаа. Яг энэ зардлууд нь бусад зардлаараа тооцогдоод үзэхээр гарах боломжгүй. Жишээ нь 2007 онд ашигт малтмалын төлбөрт нэхэмжлэгчээс 48.000.000 төгрөг тушаасан, төлсөн баримт нь хэрэгт авагдсан байгаа. Тэгээд тусгай зөвшөөрлөө цуцлуулчхаад Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн ашиглах эрхтэй болохыг тогтоолгохоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Анхан шатны шүүх үүнийг шийдвэрлэхдээ 14.5-д буюу танайх нөхөн олговрын хэмжээгээ хоорондоо тохироогүй байна гэдэг агуулгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг шийдвэр дээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад, давж заалдах шатны шүүхээс итгэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй байна гэдэг агуулгаар анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлгээр буцаагдсан. Дахин хэлэлцүүлгээр буцаагдаад дахиад шаардлага хангахгүй гээд нэхэмжлэлийг буцаасан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 14.4 дээр тухайн шийдвэр гаргасан байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг 1 жилийн дотор төлнө гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, 2009 онд Засгийн газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай байх үед нь давхцуулж тусгай хэрэгцээнд авахдаа нөхөх олговрынхоо хэмжээг талууд тохиролцоод явах нь зүйтэй байсан. Гэтэл үүнийгээ хэрэгжүүлээгүй. Үүн дээр тайлбар өгөхдөө зөвхөн өвөл, хавартаа буюу нийтдээ жилийн 150 хоног дотор тухайн хэсэг нутагт малчдын адууг, тэр тусмаа Сүхбаатар аймгийн малчдын адууг бэлчээж, оторлуулаад Д******* аймгийн Ч******* сум нь бусад сумуудаа бодвол өвсний ургац нь арай илүү байсан болохоор малынхаа бэлчээрийг тооцож зөвхөн отрын байдлаар ашиглуулна гэсэн нь ашигт малтмалын хайгуулыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй талбайтай эзэмшигчдэд ямар нэгэн байдлаар саад учруулахгүйгээр цаашид явах боломжтой гэдэг байдлаар саналуудаа өгөөд, үүнийг нь Засгийн газрын тухайн үеийн хуралдаанаар,хуралдааны тэмдэглэлдээ тусгаад ямар ч байсан энэ хүмүүсийн ашиг сонирхол хөндөгдөхгүй юм байна. Тиймээс үүнийг тусгай хэрэгцээнд авъя л гэдэг шийдвэр гарсан байдаг юм байна лээ. Түүнээс биш үүнтэй холбоотой нөхөн олговрын асуудлыг хуульд заасны дагуу Засгийн газар өөрөө 2009 ондоо шийдэх ёстой байсан ч шийдээгүй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 14.5-т зааснаар та нар хоорондоо тохиролцоогүй бол гээд байгаа. Гэтэл хуулийн хязгаар нь 1 жилийн дотор нөхөн олговрын асуудлаа шийднэ гэсэн байгаа. Хэрвээ шийдэх хугацаагаа тохироогүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно гээд дүгнэлт гаргуулах ёстой. Гэтэл энэ нь тухайн цаг үедээ хэрэгжих ёстой заалт байтал үүнийг одоо хэрэгжүүлэх ёстой мэтээр шат шатны шүүх тайлбарлаад байдаг. Гэтэл үүний хугацааг нь хязгаарлачихсан, үүрэг нь маш тодорхой, ойлгомжтой байгаа. “Имперал м г” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг манай итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьсан.. Яг энэ маань болохоороо тухайн үед Засгийн газрын 100 дугаар тогтоол дээр нийтдээ 6 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг давхцуулсан байдаг. Тэрний нэг нь “И м г” ХХК буюу тухайн үедээ Элчээ гэдэг нэртэй байсан санагдаж байна. Тэгээд үүнийг Улсын дээд шүүхээс нийтийн эрх зүйн харилцаа байгаа гэж үзсэн. Нийтийн эрх зүйн харилцаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бид 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гээд нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндсэн дээр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 150 дугаар тушаал хүчингүй болж, манай Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сэргэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хангагдана гэж үзээд байгаа юм. Үүнтэй холбоотой 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улсын дээд шүүх 52.5.3-ыг тайлбарлахдаа нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол нь сэргэх юм бэ гэдгийг нэлээн тодорхой тайлбарласан байна лээ. Шүүх үүнийг анхаарч үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
...Д******* аймгийн Ч******* сумын нутаг "У******* т" нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХR-006 тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 974 дүгээр шийдвэрээр иргэн Э.Од олгож, 2007 оны 2023 дугаар шийдвэрээр “И*******” ХХК-д шилжүүлсэн байна.
“И*******” ХХК нь ашигт малтмалын тухай хуульд заасан онцгой эрхийнхээ дагуу өөрийн эзэмшиж байсан XR-006 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлага хангасан өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн байна.
Төрийн захиргааны байгууллага дээр дурдсан өргөдлийг 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NM-02 дугаарт бүртгэж, өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт болон хуульд заасан хянан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 "хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх, " 26.3.3-т "хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх" гэж заасан онцгой эрхийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангаж, олгоход татгалзах зүйлгүй тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.
Ингээд Д******* аймгийн Ч******* сумын нутагт орших “У******* т” нэртэй газарт 4509.44 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-1******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6******* дүгээр шийдвэрээр “И*******” ХХК-д 2042 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал 30 жилийн хугацаагаар олгосон байна.
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төслийг 2009 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн ба тухайн саналд Д******* аймгийн Ч******* сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авахаар тусгасан байдаг.
Газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхөх олговрын асуудлыг урьдчилан шийдвэрлэж байж дараа нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХЭГ/22 дугаар албан бичгээр буцаасан байдаг.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, ХХААХУ-ийн сайд нараас дээрх тогтоолын төслийг дахин боловсруулж Засгийн газрын хуралдаанаар "...аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авч зөвхөн өвөл, хаврын улиралд мал оторлуулах зорилготой учир ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаанд нөлөөлөхгүй,..газруудын байршил нь өөр хоорондоо давхцаж байгаа нь ямар нэгэн хүндрэл бэрхшээл учруулахгүй" гэсэн санал дүгнэлтээр Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 100 дугаар тогтоолоор Д******* аймгийн Ч******* сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан байдаг.
Дээр дурдсан санал дүгнэлтийг үндэслэн "Ингө" ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д "Энэ хулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрэхгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно" гэж заасан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Д******* аймгийн Ч******* сумын нутаг дахь аймаг дундын отрын бус нутагт "И*******" ХХК-д ашигт малтмалын ашиглалтын MV-01******* дугаартай тусгай зөвшөөрөл олгох тухай Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6******* тоот шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 26 дугаар зүйлийн 26.3.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 839 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаар шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И*******” ХХК-д “Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай” 6******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д “тусгай хэрэгцээний газар гэж Газрын тухай хуулийн 17,18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг хэлнэ” гэж, 26 дугаар зүйлийн 26.3.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээнд ... нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгохоор”, 26.3.4-д “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 26.3.3-т заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзахаар ...” тус тус заажээ.
Дээрх 124.4 мянган га талбайтай нэхэмжлэгч “И*******” ХХК-ийн эзэмшиж байсан
Д******* аймгийн Ч******* сумын нутагт орших У******* т нэртэй 4509,44 га бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь бүхэлдээ давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар энэ үйл баримттай маргаагүй байна.
2.Тус шүүхэд хандан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Д******* аймаг дахь Ч*******гийн аймаг дундын отрын бүс нутагт “И*******” ХХК-д MV-01******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6******* тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг хүлээн авч, шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэрээр ... нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И*******” ХХК-д Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 6******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлалаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
5.Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 150 дугаар шийдвэрээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр тогтоол зэргийг тус тус үндэслэн дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс (хуучин нэрээр)-ийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И*******” ХХК-д Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 6******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
6.Нэхэмжлэгчээс “...Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоол гарснаас хойш нөхөх олговор олгох ёстой, олгоогүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах ёстой...” гэж маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар” гээд, 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж тус тус заажээ.
7.Хуулийн дээрх заалтын зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгчээс нөхөх олговор олгох асуудлаар зохих эрх бүхий албан тушаалтан, байгууллагад хандан холбогдох хүсэлтийг гаргаж түүнийг шийдвэрлүүлэх ба энэхүү хүсэлтийг шийдвэрлээд нөхөн төлбөрийг өгөөгүй тохиолдолд тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын талбайд үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрхтэй байна.
8.Харин нэхэмжлэгчээс хуульд заасан холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй атлаа тусгай хэрэгцээнд авснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн гэх агуулгаар ашигт малтмалын ашиглалтын MY-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар маргаж буй нь үндэслэлгүй.
9.Хэдийгээр хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсан хэдий ч эхлээд шийдвэр гаргасан байгууллагатай нөхөн төлбөрийн асуудлыг мөнгөөр эсхүл дүйцүүлэх талбай олгох эсэхийг зайлшгүй тохиролцох шаардлагатай бөгөөд уг тохиролцоонд хүрээгүй тохиолдолд эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор байна.
10.Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “И*******” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт хандан “...ашигт малтмалын ашиглалтын MV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон цагаас эхлэн Аймаг дундын отрын бэлчээрийн захиргаа УТГ, Д******* аймгийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам зэрэг байгууллагад зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу хандсан боловч өнөөдрийг хүртэл бодитоор хүлээн авч шийдвэрлэж өгөөгүй..., ...Засгийн газрын харьяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа, холбоогүй байдлын улмаас цаг хугацаа, эд хөрөнгөөрөө хохироод байгааг эрхэм Ерөнхий сайд та анхааралдаа авч, хуульд заасны дагуу асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч өгнө үү” гэх агуулгатай хүсэлтийг гаргасан байх бөгөөд энэ нь тусгай зөвшөөрөлтэй талбайг тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий байгууллага болох Монгол Улсын Засгийн газарт Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхөх олговрыг авахтай холбоотой агуулга бүхий хүсэлтийг гаргасан гэж үзэхээргүй байна.
11.Түүнчлэн нэхэмжлэгчээс эрх бүхий байгууллагуудад тусгай зөвшөөрөлтэй талбайгаа тусгай хэрэгцээнээс гаргуулах, үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах агуулга бүхий хүсэлтүүдийг гаргаж байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасан шаардлагуудыг биелүүлсэн гэж үзэхгүй юм.
12.Нэгэнт нэхэмжлэгч “И*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-д заасан ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон, түүнчлэн нөхөх олговрыг тогтоосон хугацаанд нь төлөхтэй холбоотой харилцаа нэгэнт үүсээгүй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
13.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
14.Харин нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагад нөхөн олговортой холбоотой асуудлаар өргөдөл, хүсэлт гаргах, эрх бүхий байгууллагаас нөхөх олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйтэйгээ холбогдуулан маргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 26 дугаар зүйлийн 26.3.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан “И*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох “Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын MY-01******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч “И*******” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MY-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын MY-01******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ