Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 532

 

С.М, С.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын  хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 541 дүгээр магадлалтай, С.М, С.М нарт холбогдох 1808012761028 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Ц овогт С-ийн М,

2.Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан  бодогч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Ц овогт С-ийн М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар прокуророос С.М, С.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, С.М, С.М нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М-ийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, С.М-ыг 1 жил хорих ял шийтгэж, С.М-ад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.М-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч С.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.М гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа хангалттай нотлох баримтад үндэслээгүй бөгөөд гэмт хэргийн гол шинжүүд тогтоогдоогүй юм. Миний бие иргэн А-ээс 3,500,000 төгрөгийн авлагатай бөгөөд энэ мөнгөө авах зорилгоор удаа дараа шаардсан боловч дахин мөнгө өгвөл уг мөнгөөр өрийг чинь төлье гэх зэргээр басамжлан доромжилж байсан тул түүний унаж явсан “Приус-20” загварын 42-23 УБЧ улсын дугаартай машиныг зөвшөөрөлгүйгээр авч яваад 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр буцааж өгсөн. Надад ямар нэгэн шунахайн сэдэл байгаагүй болно. Харин бусдын машиныг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, хураагдсан машиныг буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Г.Тамир гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Нийслэлийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.М-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч С.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, улмаар 10,800,000 төгрөг гаргуулж хохирогч Б.У-т олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Мөн магадлалдаа Шүүгдэгч С.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..” гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “..Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээш хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэсэн заалтад хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод, дээд хэмжээний хүрээнд хамааруулахаар заасан бөгөөд зөвхөн хорих ялын доод хэмжээгээр хөөн хэлэлцэх хугацааг хамааруулахаар хуульчлаагүй болно гэж шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг баримталж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өмгөөлөгчийн хувьд С.М-ийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны болж чадаагүй гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. С.М-ийн холбогдсон гэмт хэрэг нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн...” гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын хувьд “..зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэх ялын санкцтай. Үүнээс үзэхэд дээрх зүйл ангид заасан 6 сараас 3 жил хүртэлх хорих ялын хугацаа дээрх хоёр зохицуулалтын хорих ялын интервалын алинд ч хамаарахгүй байгаа болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хоёр өөр байдлаар хуульчилж Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа тул шүүгдэгч С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жилээр тооцож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо уг зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж С.М-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсч байна. Хохирлын тухайд хохирогч Б.Уранхишигийн өмчлөлийн 42-23 УБЧ улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгслийг хохирогч Б.У-т хүлээлгэн өгч нотариатаар баталгаажуулж, хохирогч Б.У нь санал хүсэлт гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-эс 10,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уранхишигт олгох, шүүгдэгч С.М-ийн өмчлөлийн 89-91 УНР улсын дугаартай, “Тоёота приус” загварын автомашиныг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлснийг тус тус өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн. Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.М-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч С.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүгдэгч нар үйлдсэн хэргээ хүлээхгүй байснаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо хүлээн зөвшөөрсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан гомдлыг үндэслэн С.М, С.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Б.А нь С.М-ээс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөгийг 77 өдрийн дараа 5,082,000 төгрөг болгож төлөхөөр харилцан тохиролцож зээлж авсан боловч эрүүл мэндийн байдал болон бизнесийн үйл ажиллагаанаас шалтгаалж тохиролцсон хугацаанд зээлсэн мөнгөө эргүүлэн төлж чадахгүйд хүрсэн байна. Зээлийн гэрээг сунгахаар С.М-тэй холбогдож, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчим өөрийн хүргэн Б.Уранхишигийн өмчлөлийн 42-23 УБЧ улсын дугаартай “Приүс-20” загварын тээврийн хэрэгсэлтэй уулзахаар очиход С.М нь Б.А-ийг иргэний үнэмлэхээ хуулбарлаад ир гэж явуулаад дүү С.М-ын хамт тээврийн хэрэгслийг авч явсан байна.

Прокуророос С.М, С.М нарыг бүлэглэн уг тээврийн хэрэгслийг дээрэмдэж Б.У-т 10,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн болон энэ хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэт шалгаж дуусаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсний улмаас бодит байдалд нийцээгүй  шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаанд саад учирч, тэдний үйлдэлд өмчлөх эрхийн эсрэг дээрэмдэх, хулгайлах, залилах гэмт хэргийн алиных нь шинж байгаа талаар дүгнэлт хийхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгожээ.

Харин шүүгдэгч С.М нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлээ хүлээн зөвшөөрч хууль ёсны эзэмшигчдэд нь хүлээлгэн өгсөн тухайгаа дурдаж, хохирогч тээврийн хэрэгслээ авсан байгаа зэргээс үзэхэд түүний үйлдлийг гүйцээж шалган хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох боломжтой гэж үзнэ.

Тиймээс шүүгдэгч С.М-ын үйлдэл, оролцоо, хамтран оролцсон байдал, С.М нь бусдын тээврийн хэрэгслийг ямар зорилгоор авч явсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар бодитойгоор тогтоосны дараа шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, иргэний нэхэмжлэл, хохирлын төлбөрийн асуудлыг хамтатган шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр шүүгдэгч С.М, С.М нарт холбогдох хэргийг прокурорт буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 541 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.М, С.М нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

 

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч С.М, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН