Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандоржийн Өлзийсайхан |
Хэргийн индекс | 128/2016/0163/З |
Дугаар | 813 |
Огноо | 2016-10-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 813
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “3” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Х*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
“Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ц.Х*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч З.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Сургалт, сурталчилгааны байцаагчийн албан тушаалд 2008 оны 8 дугаар сард миний бие томилогдон ажиллаж, 2014 оны 4 дүгээр сар хүртэл өөрийн үүрэгт ажлаа идэвхи зүтгэлтэй сайн хийж, төрийн албанд чин шударгаар ажиллаж ирсэн.
2014 оны 4 дүгээр сарын эхээр эрүүл мэндийн байдал маань эрс муудаж, улмаар удаан хугацаанд хэвтэн эмчлүүлэх болсон. Мөн нэн яаралтай гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай чөлөө авч хэвтэн эмчлүүлсэн.
Харин миний бие 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад тус өдөр зохих журмын дагуу гаргасан боловч тодорхой албан ёсны хариуг ирүүлээгүй бөгөөд очиж уулзах бүрт тодорхой бус шалтгаан байнга хэлэн уулздаггүй байсан.
Улмаар аргагүйн эрхэнд 2015 оны 6 дугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад өргөдөл гаргасны дагуу тус Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 8/1163 дугаар албан бичгээр ажлын байраар хангах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, хариу ирүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан ба тус шийдвэрийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байдаг. Энэ шийдвэр гарснаас хойш Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ямар нэгэн хариу мөн л ирүүлээгүй.
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс намайг ажилд эгүүлэн томилохгүй байгаа нь миний ажил хөдөлмөр эрхлэх болоод холбогдох эрх ашгийг ихээхэн зөрчихөөс гадна санхүүгийн хувьд ихээхэн бэрхшээлтэй болоод байна.
Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сургалт, сурталчилгаа хариуцсан байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн гаргуулж, холбогдох нийгмийн даатгал болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зохих тэмдэглэгээг нөхөн хийлгүүлж өгнө үү.” гэв.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө*******гийн шүүхэд ирүүлсэн болон Н.Н*******ийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Иргэн Ц.Х******* нь тус хэлтэст 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сургалт, сурталчилгаа хариуцсан байцаагчаар, 2009 оноос хөдөлмөрийн гэрээгээр архивын ажилтнаар ажиллаж байсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс гадаад улсад суралцах хүсэлт гаргаснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Харин 2013 онд тус хэлтэст эргэн ажилд орох хүсэлт гаргасны дагуу 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон, 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар 23.3.1-д заасныг үндэслэн төрийн албаны нөөцөд бүртгэлтэйгээр 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1 жилийн хугацаатай төрийн албанаас түр чөлөөлөгдсөн.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан тушаалтны ажлын байрыг хэвээр хадгалах үндэслэл байхгүй бөгөөд Ц.Х*******гийн ажлын байр хадгалагдаагүй, уг сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар нөхсөн.
Нэхэмжлэгч Ц.Х******* нь 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус хэлтэст ажилдаа эргэн орох хүсэлт, өргөдөл гаргасан бөгөөд сул орон тоо байхгүй тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тэрээр хариуцагчтай өөрийн биеэр уулзсан ба мөн хариуг сонссон байдаг.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас Ц.Х*******г ажлын байраар хангах асуудлыг болон хуулийн дагуу уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн 8/1163 дугаар албан бичгийн, мөн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Ц.Х*******г тус хэлтэст ажилд авахгүй байгаа шалтгааныг албан бичгээр өгнө үү гэж бичсэн түүний өргөдлийн хариу тайлбарыг тус тус хариуцагчаас албан бичгээр хүргүүлсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19/41 дүгээр албан бичгээр дахин хариу тайлбар хүргүүлсэн.
Харин Нийгмийн даатгалын ерөнхий газар 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 1/24 дүгээр албан бичгээр иргэн Ц.Х*******г ажлын байраар хангах үндэслэлгүй тухай хариуг нэхэмжлэгчид ирүүлсэн. Тус хэлтсийн дарга иргэн Ц.Х*******тай уулзаж, ажилд авах боломжгүй байгаагаа хэлсэн байдаг. Түүнчлэн албан бичгээр хариуг өгсөн.
Иймд нэхэмжлэгч Ц.Х*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч Ц.Х******* нь шүүхээс хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсан , бөгөөд шүүх хуралдаанд оролцсон түүний өмгөөлөгч З.Н******* “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
“Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
“Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/50 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.10.2 дахь заалт, Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн дүрмийн 20 дугаар заалтыг тус тус үндэслэн тус хэлтсийн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Х*******г түүний гаргасан өргөдөл, хүсэлтийг харгалзан 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь 1 жилийн хугацаатай түр чөлөөлж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.Х******* нь 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хандаж “...зүрх судасны нарийсал гэх өвчнөөр оношлогдож, улмаар хүүхэд төрүүлэхэд хүндрэлтэй болж байгаа тул яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болов. ...Миний энэхүү байдлыг харгалзан хуульд заасны дагуу чөлөө олгоно уу.” гэсэн хүсэлт болон иргэний эрүүл мэндийн дэвтрээс үзэхэд Ц.Х******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдсон, талууд уг үйл баримттай маргаагүй бөгөөд харин:
-нэхэмжлэгч Ц.Х******* нь “...хариуцагчийн Б/50 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас 1 жилийн хугацаатай түр чөлөөлсөн хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болох байсан. Иймд миний бие 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хандаж ажилдаа эргэн орох хүсэлтийг гаргаж, ...ажлын байраар хангаж өгөхийг хүссэн” өргөдөл, хүсэлтийг гаргаж байсан боловч эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг удаа дараа гаргаж байгаа нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхийг минь зөрчиж байна гэж;
-Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан тушаалтны ажлын байрыг хэвээр хадгалах үндэслэл байхгүй бөгөөд Ц.Х*******гийн ажлын байр хадгалагдаагүй, уг сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар нөхсөн. Иймд ...2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус хэлтэст Ц.Х******* ажилдаа эргэн орох өргөдөл гаргасан бөгөөд сул орон тоо байхгүй тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. ...Ц.Х*******г ажлын байраар хангах хууль зүйн үндэслэлгүй” гэж маргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлнө:”, 23.3.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон;”, 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, ...төрийн албан хаагчийг нөөцөд тооцно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Х******* нь хариуцагчийн 2014 оны Б/50 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23.3.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тул төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох хууль зүйн үндэслэлтэй болно.
Нэхэмжлэгч Ц.Х******* нь:
нэгд, хариуцагчид ажилдаа эргэн орох өргөдлийг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр , мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд ;
хоёрт, хариуцагчийн Ц.Х*******г ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохгүй байгаа хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой гомдлыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад 2015 оны 6 дугаар сард , 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус хандаж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан өргөдөл, хүсэлт болон бүртгэл, хяналтын картаар тус тус нотлогдож байна.
Үүний дагуу нэхэмжлэгчид хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “...сул орон тоо байхгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй.” , “...Төрийн албаны тухай хуулийн 23.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан тушаалтны ажлын байрыг хэвээр хадгалах үндэслэл байхгүй...” гэж, харин Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “...сул орон тоо гараагүй тул Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.А******* ажилд эгүүлэн авах үүрэг хүлээгээгүй байна.” гэж тус тус хариу өгсөн нь хэрэгт авагдсан 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 8/1163, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19/808, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19/41, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/24 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна.
Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гаргасан удаа дараагийн өргөдөлд хариуцагчаас “сул орон тоо байхгүй” гэсэн үндэслэлийг хэлж татгалзсан хариуг удаа дараа өгч байсан боловч бодит байдал дээр Ц.Х*******гийн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байсан нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. Үүнд:
нэгд, хариуцагчаас 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19/808 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид татгалзсан хариуг, харин 2016 оны 01 сарын 29-ний өдрийн 19/41 дүгээр албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хариу тайлбар өгөх цаг хугацаанд:
1.1. хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Ч.С*******ийг ажилд томилох тухай” Б/07 дугаар тушаалыг гаргасан байна. Тус тушаалд “Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Э******* өөр албан тушаалд томилогдсон тул Ч.С*******ийг 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилсугай.” гэжээ.
Гэтэл хариуцагчийн гаргасан дээрх 2015 оны Б/07 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан ажил, албан тушаал дээр шинэ хүнийг томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
хоёрт, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/24 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Ц.Х*******гийн гаргасан өргөдлийн хариуд “...сул орон тоо гараагүй тул Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.А******* ажилд эгүүлэн авах үүрэг хүлээгээгүй байна.” гэх татгалзсан хариу өгөх хугацаанд:
2.1. хариуцагчаас 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Ч.С*******ийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/07 дугаар тушаалыг гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Тус тушаалд “Сургалт, сурталчилгааны мэргэжилтэн Ч.С*******ийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, ...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дотор хариуцсан ажлыг бүрэн хүлээлцүүлэхийг комисс /С.У*******/-т даалгасугай.” гэжээ.
гуравт, хариуцагчийн дээрх 2016 оны Б/07 дугаар тушаал гарснаас хойш нэхэмжлэгч Ц.Х*******гийнн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр хүн томилсон тушаал гаргаагүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдон, сул орон тоо гарсан нөхцөлд ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхтэй болох нэхэмжлэгчийг томилоогүй эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэтэл хариуцагч 2016 оны Б/07 тушаал гарснаас хойш 2 сарын дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Ө.Б*******г ажилд томилох тухай” Б/43 дугаар тушаалыг гаргажээ. Тус тушаалд “Ө.Б*******г 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилсугай.” гэж, мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх гэсэн заалтыг үндэслэн гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг хариуцагч тус тус зөрчсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1-д “...төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ.”, 3.3-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан гэдэгт дараахь тохиолдлыг тооцно:”, 3.3.1-д “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр түр чөлөөлөх ...”, 4.6-д “...түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна.” гэж заажээ.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдон, сул орон тоо гарсан нөхцөлд ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхтэй, төрийн жинхэнэ албан хаагч болох Ц.Х*******г урьд эрхэлж байсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилохгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйгээс нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой хөндөгдөж, зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.Х*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5 дахь хэсэгт заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Х*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.Х*******г Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу “Ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн гаргуулж, холбогдох нийгмийн даатгал болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зохих тэмдэглэгээг нөхөн хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙСАЙХАН