Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 232

 

 Д.М-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч шүүгч:           Л.Атарцэцэг,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж  

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажил, албан тушаалд эгүүлэн томилох тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, иргэн Д.М-ыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ажилд томилох тухай Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0077 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0247 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, түүний өмгөөлөгч Ц.Ж нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0077 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.М-ыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0247 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0077 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.М-ыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.          

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Иргэн Д.М-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, түүний дарга Х.Хэрлэнд холбогдох захиргааны хэрэгт давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд, 221/МА2019/0247 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу дараахь үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гол үндэслэлээ Магадлалын “Хянавал” хэсэгт “Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь ажлаас түр чөлөөлсөн тушаал гарснаас хойш 6 сар гаруй хугацааны дараа ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, 23.5 дахь заалтуудад заасантай нийцэхгүй төдийгүй хариуцагчийг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, түүнийг тус газрын Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд томилохгүй  хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж буруутгах үндэслэлгүй юм” гэж дүгнэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

4. Нэхэмжлэгч Д.М нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Хэрлэнд хандаж, удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, албан ажлын хажуугаар эмчилгээ хийлгэх боломж тааруу байгаа тухайгаа илэрхийлж, эмчилгээ сувилгаа хийлгэх боломжоор хангаж өгөхийг хүссэний дагуу хариуцагч нь Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлсөн бөгөөд Д.М нь эмчилгээ хийлгэсний үр дүнд 6 сарын дараа ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан боловч хариуцагч уг асуудлыг огт шийдвэрлээгүй, ямар ч арга хэмжээ аваагүй орхигдуулж, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн болно.

5. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан хугацаанаас өмнө ажилтан нь ажил, албан тушаалдаа эргэн ажиллах талаар хүсэлт гаргасан тохиолдолд хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасныг баримтлаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй юм. Учир нь Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6/192 дугаар тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Д.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон бөгөөд Д.Мыг ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тухайн албан тушаалд сул орон тоо байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх атал энэ талаар давж заалдах шатны шүүх ямар ч дүгнэлт хийсэнгүй.

6. Анхан шатны шүүх дээрх тогтоогдож буй үйл баримтын талаар “...Төрийн жинхэнэ албан хаагч 1 жилээс доош хугацаагаар буюу 6 сар 18 хоног түр чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасны дагуу Д.М-ыг ажил албан тушаалд нь ажиллуулах бүрэн боломжтой байсан талаар зөв зүйтэй дүгнэсэн болно. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 11-д Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “Ажил, албан тушаал хэвээр хадгалах” гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг ойлгоно. Энэхүү хүсэлтийг ажил олгогч хүлээж аваагүйгээс үүссэн маргааныг энэ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан гомдолтой адилтган шүүх хянаж шийдвэрлэнэ” гэж хуулийг тайлбарласан байна.

7. Иргэн Д.М нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр биеийн байдал эмчлэгдэж, бүрэн эдгэрсэн тул ажил, албан тушаалдаа эргэж орох хүсэлт гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан үндэслэл шалтгаан арилсан гэж үзэж, ажил олгогч нь тухайн ажил, албан тушаалд ажиллуулах үүргийг хуулиар хүлээлгэсэн атал давж заалдах шатны шүүх заавал нэг жил өнгөрсөн тохиолдолд үндэслэл шалтгаан арилсан гэж үзэж, ажилтныг ажлын байраар хангах үүрэгтэй байхаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч төрийн албанааас түр чөлөөлсөн б/191 дүгээр тушаалтай маргаагүй бөгөөд тэрээр түр чөлөөлсөн хугацаанд сул орон тоо гарсан албан тушаалд гуравдагч этгээдийг томилсон маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй төдийгүй тухайн актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй юм” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

8. Иргэн Д.М-ыг захиргааны санаачлагаар түр чөлөөлөгдсөн үндэслэл шалтгаан 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар арилж, ажил албан тушаалдаа ажиллах хүсэлт гаргасныг шийдвэрлэх үүргээ Ашигт малтмал газрын тосны газрын дарга огт шийдвэрлээгүй атлаа үүнээс хойш 2 сарын дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Д.Д-ийг Кадастрын хэлтсийн даргаар томилсон нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11-т “... Хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгааг хангах” төрийн албаны зарчмыг зөрчсөн, мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасны дагуу хариуцагчийн гаргасан эс үйлдэхүй гэж үзнэ.

9. Гэтэл давж заалдах шатны шүүх илэрхий нэг талын эрх ашгийг хамгаалж, хариуцагчийн эс үйлдэхүйг шууд зөвтгөж, төрийн албан хаагч түр чөлөөлөгдсөн бол ажилдаа 1 жилээс доош хугацаанд эргэн орох боломжийг төрийн албан хаагчид хуулиар хязгаарласан гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ...” хүний үндсэн эрхийг зөрчсөн шийдвэр болж байна. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэхүү журмын 2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж заасныг зөрчиж, хориглолт хязгаарлалт нь 1 жилийн туршид үйлчлэх ёстой мэтээр хуулийг тайлбарлан хэрэглэж иргэнийг хүчээр ажиллах эрхийг нь хязгаарлан хохироож байгааг буруутгахаас аргагүй байна.

10. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Төрийн албаны зөвлөлөөс иргэн Д.М-ын гаргасан гомдлыг хянан шалгаад нэгэнт тухайн ажлын байранд сул орон тоо байгаа учраас 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 921 тоот албан бичгээрээ “Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байгаа Д.М-ыг ажлын байраар хангах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа болон танд хандан гаргасан өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа Төрийн албаны зөвлөлд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны дотор хариу ирүүлнэ үү” гэж мэдэгдсэн боловч Ашигт малтмал газрын тосны газрын дарга ямар ч хариу өгөөгүй, харин ч шалгалтанд тэнцээгүй этгээдэд дахин шалгалт өгөх боломжийг давуу олгож, төрийн удирдах албан тушаалд томилж байгааг хэрхэн зөвтгөж байгаа нь ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн “Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд “...Д.Д-ийг сорилын урьдчилсан шалгалтанд тэнцээгүй хэрнээ хожим дахин шалгалт өгч тэнцсэн болох...” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн” гэж анхан шатны шүүхийг буруутгасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлаас түр чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан ба түүний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь ч тодорхойгүй байхад мөн өдөр нь гуравдагч этгээд Д.Д-ээс хариуцагчид хандан ажилд орох хүсэлт гаргаж, улмаар нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлөх тушаал гарснаас хойш 1 хоногийн дараа Ашигт малтмал, газрын тосны газарт бус огт өөр байгууллага болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дэд даргаар ажиллаж байсан гуравдагч этгээд Д.Д-ийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1, 4.1, 4.3.3, 5.4-д заасныг зөрчсөн үйлдэл болсон талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхой зааж маргадаг.

11. Ингээд дээрх журмыг зөрчиж томилсон түр орлон гүйцэтгэгч Д.Д нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс явуулсан 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй болох нь анхан шатны үзлэгийн явцад Төрийн албаны зөвлөлийн мэдээллийн сангаас гаргаж өгсөн шалгалтын дүнгээр нотлогддог бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажил, албан тушаалдаа эргэн ажиллах тухай хүсэлтээ гаргах үед Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан үндэслэл шалтгаан арилсан гэж үзэж, Д.М-ыг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлэх боломжтой байсан болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ийнхүү тухайн албан тушаалд ажиллаж байсан, Кадастрын хэлтсийн даргын ажлын байрны чиг үүргийг мэргэшсэн түвшинд хэрэгжүүлэх шаардлагыг хангасан, уул уурхайн салбарт 16 жил ажилласан Д.М нь эрхэлж байсан албан тушаалаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлсээр байхад хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг шийдвэрлэлгүй орхигдуулж, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албан тоотод хариу огт өгөлгүйгээр түр орлон гүйцэтгэгч Д.Д-ийг Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан “Төрийн алба мэргэшсэн байх” зарчим, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэлт баталгаагаар хангах” зарчмыг зөрчсөн үйлдэл болсныг анхаарахыг хүсье.

12. Давж заалдах шатны шүүх “хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийн чөлөөний хугацаа дуусахад ажил, албан тушаалаар хангах боломжийг үгүйсгээгүй гээд .... төрийн жинхэнэ албан тушаалд томилогдоход энэхүү шүүхийн магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй” гэж дүгнэхдээ хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын дарга нь иргэн Д.М-ыг хүсэлт гаргаад бүтэн 1 жил, түр чөлөөлөгдсөн хугацаа дуусаад 6 сар өнгөрсөн боловч одоог хүртэл түүнийг ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлээгүй, дахин ажил албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаад ч эрх зүйн үр дагавар гарахгүй нь тодорхой нөхцөл байдал тогтоогдсоор атал түр чөлөө аваад төрийн албаа үргэлжлүүлэн хашиж чадаагүй, төрийн албанд ар өврийн хаалгаар ажилд томилдгоос үүдэн ажиллах боломжоо алдсан олон арван иргэнийг хохироож байгаа захиргааны байгууллагын хууль бус үйлдлийг шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэн, таслан зогсоох байтал харин ч өөгшүүлсэн, дэмжсэн шийдвэрийг шүүх гаргаж байгаад туйлын гомдолтой байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0077 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0247 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

13. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасантай нийцээгүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

14. Нэхэмжлэгч Д.М нь “Ажил, албан тушаалд эгүүлэн томилох тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.  

15. Давж заалдах шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж, “...нөөцөд байгаа төрийн албан хаагчид өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа шууд томилогдох давуу эрхийг хуулиар олгоогүй, зохицуулаагүй байхад Ашигт малтмал, газрын тосны газрын даргыг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийг томилоогүй эс үйлдэхүй гаргасан, албан тушаалыг хэвээр хадгалаагүй гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцээгүй байна.

16. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Д.М нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “...удаан  хугацаагаар эмчилгээ хийлгэх болсон” шалтгаанаар төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн б/191 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23.3.1, 23.5-д заасныг үндэслэж төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд байгаад тооцож шийдвэрлэн, мөн даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн б/192 дугаар тушаалаар Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Д-ийг томилсон байна. Улмаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш, 6 сарын дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид “биеийн эрүүл мэндийн байдал сайжирсан тул өмнө эрхэлж байсан албан ажилдаа буцаж орох”-ыг хүссэн өргөдлийг гаргажээ. 

17. Нэхэмжлэгч Д.М-ыг ажилдаа буцаж орохыг хүсч өргөдөл гаргасан тухайн үед Д.Д нь Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, уг албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18/13 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах комиссыг байгуулж, улмаар 2018 оны 9 дүгээр сард сонгон шалгаруулалт явуулсан зэргээс үзэхэд тухайн албан тушаалын сул орон тоо гарсан гэж үзэхээр байна.

18. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөж болохоор заасан.

19. Гэвч хариуцагчаас, нэхэмжлэгч Д.М-ын урьд эрхэлж байсан ажилдаа орох хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж хариу өгөөгүй, нөөцөөс нэр дэвшүүлэх боломжтой талаар мэдэгдээгүй мөртлөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс явуулсан сонгон шалгаруулалт, тус зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 18/15 дугаар тогтоолыг үндэслэн, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн б/112 дугаар тушаалаар Д.Д-ийг Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд томилсон нь хуулийн дээрх заалтуудад нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргажээ.

20. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад Төрийн албаны тухай 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагаас Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Мөнхтамирын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв байна.

21. Харин анхан шатны шүүх “...хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй байсан” гэсэн буруу дүгнэлт хийсэн, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас, нэхэмжлэгчийг тус газрын Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь, Д.М /нөөцөд бүртгэлтэй байгаа/-ыг тухайн албан тушаалд томилоход Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 14-ийн а, б-д заасан журмын дагуу нэр дэвшүүлж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай, иймд энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

22. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгон, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0247 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0077 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч Д.М-ыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгасугай” гэснийг “...нэхэмжлэгч Д.М-ын хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Л.АТАРЦЭЦЭГ

                ШҮҮГЧ                                                                     Б.МӨНХТУЯА