Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01650

 

 

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01650

 

Л.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2021/02282 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Дд холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 11 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мядагбадам, хариуцагчийн өмгөөлөгч С.Цацралтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.О миний бие Ц.Дтэй 000000000 тоот гэрчилгээний дугаартай 0-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 45 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай орон сууцны хэсгийг кофе шопын зориулалттайгаар 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өөрийн үйл ажиллагаа эрхэлдэг объектыг хүлээлгэн өгч түрээсэлсэн. Ц.Д нь цар тахалтай хэдий ч би ажиллуулж чадна гэж 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 1 сарын 1 600 000 төгрөгөөр тохиролцсон. Та түрээсийн хөнгөлөлт үзүүлэх үү гэхэд нь би эхний 2 сарын түрээсийг 1 сараар бодож авсан. Ийнхүү Ц.Д нь миний объектыг түрээслэн ажиллаж эхэлсэн ба түрээсийн гэрээнээс хойш 4 сарын хугацааны түрээсийн төлбөрөө 2020 оны 9, 10 сард төлж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс төлбөр төлөөгүй. Би өөрөө мэргэжлийн хүн учир объектоо ажиллуулж чадах байсан. Мөнгөө өгч чадахгүй бол орон сууцыг чөлөөлж өгөөч гэж олон удаа хариуцагчид хэлсэн боловч орон сууцыг чөлөөлж өгөхгүй, холбоогүй болсон. Мөн би хариуцагчийг эвлэрүүлэн зуучлал дээр дуудаж уулзсан боловч эвлэрээгүй. Би 2 зээлтэй, зээлээ төлж чадахгүй байсан тул зуслангийн байшингаа зараад зээлээ төлсөн. Хариуцагчаас болж надад олон бэрхшээл учирч, би маш их хохирсон. Би өөрийгөө хохирогч гэж үзэж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Бидний хооронд байгуулсан гэрээ хэрвээ түрээсийн төлбөрийг төлөхгүй бол орон сууцыг хүлээлгэж өгнө гээд тодорхой заасан байдаг. Би хариуцагчид түрээсэлсэн орон сууцыг бусад этгээдэд түрээслээд ашиг олох боломжтой байсан. Гэвч хариуцагч нь өөр этгээдэд давхар түрээсэлж ашиг олох гэж байсан ба үүнийг би олон зүйлээр нотолж чадна. Хариуцагчийг намайг үл хүндэтгэсэнд би маш их гомдож байгаа. Намайг эвлэрье гэхээр хариуцагч эвлэрдэггүй. 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх 7 сарын түрээсийн мөнгө нэхэмжилж байгаа. Миний орон сууцыг зөвшөөрөлгүй янз бүрийн хэт тод өнгөөр будсан, гадна талыг хар өнгөөр будсан, өөр хүмүүст түрээслэх боломжгүй, дахин засвар хийхэд олон сая төгрөг зарцуулахаар байдалтай үлдээсэн, паарны ус алдуулж орон сууцны чанар байдлыг алдагдуулж, хөгц мөөгөнцөр үүсэж, хогоо хаяхгүй удаж ариун цэвэр эрүүл ахуйн чанар алдагдуулж байсан. Өмнө нь 5 000 000 төгрөгөөр засварлаж байсан, одоо хар ногоон, улаан өнгөөр будсан будгийг арилгахад их ажил орно. 2020 оны 10 дугаар сарын усны 128 151 төгрөг, цахилгааны ашиглалтын зардал 306 007 төгрөг, даарны ус алдаж төлбөрт үйлчилгээ авсаны 27 940 төгрөг зарцуулсан. Одоо албадан нүүлгэх шаардлагаасаа татгалзаж байна. Ус цахилгаан ашиглалтын болон төлбөрт үйлчилгээ авсан 462 098 төгрөгийн шаардлагаа барьцаа 500 000 төгрөгөөсөө суутган тооцох тул 7 сарын хугацааны түрээсийн төлбөрт 11 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д миний бие 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Л.Отэй түрээсийн гэрээ байгуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газраас тэг зогсолт хийж бүх нийтээр хөл хорио тогтоосон шийдвэр гарсан тул үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. 2020 оны 11 дүгээр сард би түрээсээ бүрэн төлсөн. Тухайн үеэс хойш үйл ажиллагаагаа явуулж чадаагүй тул түрээсээ төлөх боломжгүй байсан. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хөл хорио тавигдаад цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжтой юм байна гээд нэхэмжлэгчтэй ярилцах гэсэн боловч нэхэмжлэгч нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлал өргөдөл гаргасан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзээд өөр хүнтэй хамтарч ажиллах талаар ярилцаж байснаас давхар түрээслэх бодол байгаагүй. Цааш үргэлжлүүлж ажиллуулъя гэхээр нэхэмжлэгч нь өмнөх түрээсийн төлбөрөө төлж байж ажилла гэдэг шаардлага тавьж байсан тул ажиллах боломжгүй байсан. Нийтдээ би 4 сарын түрээс өгсөн. Нэхэмжлэгч нь намайг 2020 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй гэж байгаа боловч би 2020 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг тухайн хугацаандаа төлсөн байгаад нийтээр хөл хорио тогтоосон учир дараагийн сараас нь төлбөрөө төлж чадаагүй. 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр барьцааны төлбөрт 500 000 төгрөг, 2020 оны 7, 8 дугаар сарын төлбөрт тус бүр 800 000 төгрөгөөр тооцож 2 100 000 төгрөг нэхэмжлэгчийн дансаар төлсөн, мөн 9-11 сарын төлбөр бас төлсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Дгөөс 8 929 994 нэхэмжлэгч Л.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 270 006 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дгөөс 157 830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийг тус тус зөрчиж, нотлох баримтыг буруу буюу дутуу үнэлсэн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Улс оронд үүссэн бүх нийтийн хатуу хөл хорио цээр, онцгой нөхцөл байдлын улмаас түрээслэсэн байранд үйл ажиллагаа явуулах зорилго буюу кофе шопын чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй, ашиг орлого олоогүй, өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй гээд шүүх хуралдааны шатанд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нотриатаар гэрчлүүлсэн боловч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй болох талаар дурдаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалзалаа тайлбарласан байтал хариуцагчийг огт маргаагүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл болсон хүчин төгөлдөр бус гэрээнээс үүссэн маргааныг хуулийн дээрх тогтоосон шаардлагыг хангаагүй зөрчсөн гэж үзэж тайлбар татгалзал, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэж хууль буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэхээс гадна улсын бүртгэлд бүртгүүлэх тухайлсан нэмэлт шаардлага хуулиар тавигддаг тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зуйлийн 43.2.3-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй гээд зохигчдын хоорондын кофе шоп зориулалтаар амины орон сууцны талбай болон өргөтгөлийн хэсгийг түрээслэх түрээслүүлэх тохиролцоо нь хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэж хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг заахдаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч нь ашиг орлого олох үүднээс кофе шопын зориулалтаар үйл ажиллагаа явуулах байсан нь тодорхой ба үүссэн нөхцөл байдал, хөл хорионоос шалтгаалж үйл ажиллагаа явуулаагүй болох нь нийтэд илэрхий байсан байтал мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь устгаж гэмтээгүй, уг үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байхад хариуцагчийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл эзэмшиж ашигласан гээд түүнийг өөр зориулалт буюу цайны газрын чиглэлээр хүргэлтийн хоолны үйлчилгээ явуулах боломжтой байсан хэмээн шүүх хийсвэрээр дүгнэж төлбөр тооцох үндэслэл болгож тайлбарлаж байгаа нь хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болно гэж үзэж байна. Мөн биднийг үйл ажиллагаа явуулж байтал дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдал буюу коронавируст халдвар ковид-19 цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоолуудыг гаргаж өгсөн ба нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй нь буруу юм. Дээрх тогтоолуудаар авсан арга хэмжээ нь хариуцагчид тооцоолоогүй эрсдэл, гэрээнээс үүдэх гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл яах аргагүй мөн байтал ганцхан нэхэмжлэгч хохирсон мэт дүгнэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Ц.Дд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 11 200 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 45 дугаар байрны 1 тоот байрны ломбардны талбайг ажлын байрны зориулалтаар түрээслэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 45 дугаар байрны 00 тоот орон сууцны зориулалттай өргөтгөлтэй байрны ломбардны өрөөний ломбардны талбайг кофе шоп /цайны газар/-ын зориулалтаар, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбөрийг 1 600 000 төгрөгөөр, түрээсийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний барьцааг урьдчилан төлөхөөр тохиролцож талууд гэрээнд гарын үсэг зурсан боловч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн болох нь хэргийн 7-10 дахь талд авагдсан иргэний хувийн өмч болох Сүхбаатар дүүргийн 45 дугаар байрны 1 тоот байрны ломбардны өрөөний ломбардны талбайг ажлын байрны зориулалтаар түрээслэх гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Хариуцагч Ч.Д нь нэхэмжлэгч Л.Оийн Хаан банк дахь 0000000000 тоот данс руу Б.Отгонхүүгийн Хаан банк дахь 5087113263 тоот данснаас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 650 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 100 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 170 000 төгрөг, Б.Чимгээгийн Хаан банк дахь 5132068189 тоот данснаас 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1 600 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1 600 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 160 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 600 000 төгрөг, Ц.Дгийн Голомт банк дахь 2405118880 тоот данснаас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 350 000 төгрөг, 200 000 төгрөг, нийт 9 удаагийн гүйлгээгээр түрээсийн төлбөрт 6 430 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 68-84 дэх талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны дансны хуулга баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар 4 сарын дараа гэрчлүүлсэн байх боловч түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт түрээсийн гэрээг бичгээр байгуулах болон үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан байх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 

Иймд талуудын хооронд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэний хувийн өмч болох Сүхбаатар дүүргийн 45 дугаар байрны 1 тоот байрны ломбардны өрөөний ломбардны талбайг ажлын байрны зориулалтаар түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Харин энэхүү хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг баримтлан арилгахаар шүүхийн шийдвэрт заасан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус зааснаар 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд талууд нэг сарын түрээсийн төлбөрийг 1 600 000 төгрөгөөр, эхний 2 сарын төлбөрийг тал хувиар бууруулахаар тохиролцсон байх ба түрээсийн зүйлийг хариуцагч нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж байсан тул түрээсийн зүйлийн түлхүүр гардан авсан 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 10 сар 18 хоног эзэмшсэн хугацааны төлбөрт 15 359 994 /9*1 600 000+18*53 333=15 359 994/ төгрөгөөс хариуцагч Ц.Дгийн дансаар төлсөн 6 430 000 төгрөгийг хасч үлдэх 8 929 994 төгрөгийг хариуцагч Ц.Дгөөс гаргуулж нэхэмжлэгч Л.От олгох нь хуульд нийцнэ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул ковид-19 цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоолуудыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Учир нь энэ хугацаанд кофе шоп /цайны газар/-ын зориулалтаар хариуцагч нь дээрх талбайг ажиллуулаагүй гэж үзэх байдал тогтоогдоогүйгээс гадна уг талбайг нэхэмжлэгчид хариуцагч нар хүлээлгэн өгөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн хууль хэрэглээний талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2021/02282 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ