Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/523

 

Х.Ч-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч Х.Ч-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Ч-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2205 03592 1940 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн Х-ын Ч, 1999 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ...-ын хамт Орхон аймгийн ... сум, ... баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД: ... /, урьд:

- Орхон аймаг дахь сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

- Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан;

Х.Ч- нь Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны орчимд бусдын тээврийн хэрэгсэл дотор хохирогч Г.П-тай архидан согтуурч байгаад 2022 оны 10 дугаар сарын 19-ний өглөө түүний эзэмшлийн Хаан банкны 5555555555 дугаарын данс бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2.431.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Ч-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-ийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Х.Ч- цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-оос 2.431.200 төгрөг гаргуулан хохирогч Г.П-т олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Ч- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрт холбогдох хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргах шалтаг байхгүй. Өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.П-т 2.431.200 төгрөгийн хохирол учруулсандаа гэмшиж, харамсаж байна. Хохирол барагдуулах тухай: Миний бие Г.П-ын Хаан банкны 5555555555 дугаарын дансанд 431.200 төгрөгийг хийсэн. Нийт хохирол болох 2.000.000 төгрөгийг нэн даруй болон өөрийн боломжит бүхий л аргыг ашиглан төлөхөө илэрхийлж байна. Би бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын засал чимэглэл хийж өөрийн аав Х-ын хамт Орхон аймгийн ... сумын ... багийн ... тоотод оршин суудаг. Аав минь хүнд хортой нөхцөлийн улмаас тэтгэвэрт гарч, эрүүл мэндийн байдлын 65 хувийг алдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул Ч- миний бие хувиараа ажил хийж өрхийн орлого болон ахуйн амьдралын амьжиргааг өнөөдрийг хүртэл залгуулж ирсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Ч-оос гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Шүүгдэгч Х.Ч-ийн хувийн байдлыг нь харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан. Учир нь, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг өсвөр насандаа хоёр удаа үйлдэж шүүхээр хэлэлцэж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан байсан. Шүүгдэгч Х.Ч- нь өөрийн хийж буй үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь засрал хүмүүжил олоогүй байгаагийн илрэл гэж үзсэн. Гэм буруу дээр маргаагүй боловч уг гэмт хэрэг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байхад хохирогчид хохирол төлбөрийг төлөөгүй. Хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байх боловч ямар эх үүсвэрээс төлөх нь тодорхойгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал нь тодорхойгүй, нийгмийн даатгал төлдөггүй байсан. Хийсвэр байдлаар хохирлоо төлнө гэж илэрхийлснийг төлнө гэж ойлгох боломжгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт биеийн эрүүл мэндийн байдлын талаар ярьдаг боловч мөн энэ талаарх баримтаа гаргаж өгдөггүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзаад хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Харин хорих ялын хэмжээг багасгах эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Х.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Х.Ч- нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны гадаа хохирогч Г.П-тай архидан согтуурч, улмаар түүний эзэмшлийн Хаан банкны 5555555555 дугаарын данс бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2.431.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогч Г.П-ын: “...2022 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих 04:00 цагийн үед шөнө найз Х.Ч-той манай гэрийн гадаа буюу Баянгол дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны хажууд уулзсан. Нэг шил “Eden” нэртэй архи уусан. Миний нойр хүрээд байхаар нь түрүүлээд унтсан. Өглөө 09:00 цагийн үед сэрэхэд Х.Ч- “Явлаа” гээд салаад, би гэртээ ороод унтсан. Өдөр нь хүнд мөнгө шилжүүлэх гээд данс руугаа орсон чинь 800.000 төгрөгөөр 3 удаа гүйлгээ хийсэн байсан. Х.Ч-той холбоо барих гээд залгахад утсаа аваагүй. ...” /хх 19-21/,
  • шүүгдэгч Х.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Г.П-тай гэмтлийн автобусны буудлын хажууд, машин дотор уулзсан. ...Машин дотор бид хоёр 0.75 литрийн нэг шил архи уусан. ...Би тэр өдөр гэртээ байхдаа халаасаа үзтэл Г.П-ын виза карт байсан. Би Г.П-ын картын кодыг орой надтай дэлгүүр ороод кодоо хэлж байсан болохоор мэдэж байсан тул АТМ орж, дансны үлдэгдлийг нь шалгаж, 2.400.000 төгрөг үлдсэн байхаар нь 800.000 төгрөгөөр гурван удаа гүйлгээ хийж, бэлэн мөнгө авсан. ...” /хх 64/ гэсэн мэдүүлгүүд,
  • Хаан банк дахь хохирогч Г.П-ын эзэмшлийн данснаас 800.000 төгрөгөөр гурван удаа, 31.200 төгрөгөөр нэг удаагийн зарлага гарсан болохыг тогтоосон дансны хуулга /хх 22-23/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 24-25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Х.Ч-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Х.Ч-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Х.Ч-ийн хохирогч Г.П-ын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авч, 2.431.200 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч Х.Ч- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

  1. Шүүгдэгч Х.Ч- нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг эс зөвшөөрч, “хохироос өөр төрлийн ялаар солиулах”-аар давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдолдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, өөрийн хувийн байдлыг дурджээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Шүүгдэгч Х.Ч-ийн хувьд хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн тэрээр урьд хоёр удаа хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан боловч энэхүү үйлдлүүддээ дүгнэлт хийлгүйгээр дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Иймд, шүүгдэгч Х.Ч-ийн “Хорих ялыг хорихоос бусад төрлийн ялаар солиулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-ийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 48 /дөчин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ