Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/566

 

Н.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сүрмандах,

хохирогч “А-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж,

шүүгдэгч Н.Х-, түүний өмгөөлөгч С.Ялалт,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ялалтын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Х-д холбогдох эрүүгийн 2110 01881 1127 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-ийн Х, 1987 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ...-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Н.Х- нь “А-” банкны хуульчаар ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр албан тушаалын байдлаа ашиглаж Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... байрны зоорийн давхрын ... тоотод байрлах 000000000 тоот гэрчилгээний дугаартай, Ү-22222222222 бүртгэлийн дугаартай 46,47 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “А-” банкны итгэмжлэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаагаар 52.000.000 төгрөгөөр худалдан авч, уг байрыг А- банкинд мэдэгдэлгүйгээр иргэн А.О-д 25.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, “А-” банкинд 52.000.000 төгрөгийн,

“А-” банкнаас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоот 376 м.кв бүхий хувийн орон сууцыг худалдах албадан дуудлага худалдаанд оролцохдоо дэнчин болгож тавьсан 5.690.723 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр буцаан авч, А- банкны итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг тус тус завшиж А- банкинд нийт 57.960.723 төгрөгийн хохирол учруулсан буюу албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээнээс дээш хохирол учруулсан,

мөн А- банкны зээлийн барьцаанд тавьсан Ү-2222222222 улсын бүртгэлийн дугаартай 240 м.кв хувийн орон сууц, 0000000 улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв газрыг иргэн Э.Г-аар 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдаалуулж түүнийг А- банкны зээлийг барагдуулна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар түүнээс 15.000.000 төгрөгийг авч, албан тушаалын байдлаа ашиглаж иргэн Э.Г-т 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэггүй, өмгөөлөгч биш атлаа Б.Н-т хууль зүйн туслалцаа үзүүлнэ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2022 оны 11 дүгээр сарын 22, 26, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр түүний Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Арцат апартмент хотхоны 1429 дүгээр байрны 302 тоотоос нийт 5.500.000 төгрөгийг Хаан банкны 5555555555 тоот дансаар авч, хохирогч Б.Н-т 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Н.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлж авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-гээс 73.069.319 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч А- ХХК-д 70.691.701 төгрөгийг, хохирогч Б.Г-т 2.377.618 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч Н.Х- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж,

шүүгдэгч Н.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Х-гийн өмгөөлөгч С.Ялалт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хохирол төлөгдөөгүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.” гэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Х-д оногдуулсан дээр дурдсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй буюу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Н.Х-гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргалгүйгээр, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байсан. Энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд удаа дараа илэрхийлж байсан. Энэ байдлыг харгалзан үзэх боломжтой байтал харгалзан үзээгүй байна. Харгалзан үзсэн талаарх дүгнэлтийг шийтгэх тогтоолдоо хийгээгүй байх тул харгалзан үзсэн гэж үзэх боломжгүй байна.

Н.Х- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийн хамтаар учруулсан хохирлоо нөхөн төлөхөө анхнаасаа илэрхийлж, хохирол нөхөн төлөх талаар тодорхой арга хэмжээ авсан. Түүнчлэн хохирлын үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаарх боломж, нөхцөлөө тайлбарлаж холбогдох баримтыг үзүүлж байсан. Одоо ч гэсэн хохирлыг өөрийн хөрөнгөөр төлж барагдуулах талаарх бичиг баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэх нөхцөл боломжийг олгож, хохирол нөхөн төлөх талаар идэвх санаачилга гаргаж байгаа. ...Хохирол төлбөрт нэмж 10.000.000 төгрөг төлснийг баримтаар гаргаж өгсөн. ...Б.Н-т 5,5 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг нөхөн төлсөн. Хор уршгийн хувьд, хохирогч нь Б.Х-гийн хэлсний дагуу өмгөөлөгч Дагвадоржоос хууль зүйн туслалцаа авсан бөгөөд Б.Х- уг өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг төлсөн. Тиймээс өөр ямар нэгэн байдлаар Б.Н-т хохирол учирсан зүйлгүй. ...Э.Г-ын хохирол төлбөр төлөгдөөгүй, 2.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын үнийн дүнд маргалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас нэхэмжилсэн бүхий л хохирлыг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж, хохирол нөхөн төлбөр аpra хэлбэрээ тодорхойлж тайлбарлаж байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жил, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, нийт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хүнд хариуцлага гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ бусдад ял халдаалгүй гагцхүү өөрийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой арга хэмжээг авах боломж нөхцөлийг олгож, хохирол нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Н.Х- нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь харагддаг. Өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ял шийтгэлгүй нөхцөл байдал нь түүний хувийн байдалд хамаарах тул эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзвэл зохих нөхцөл байдлын нэг мөн юм. Эрүүгийн хууль тогтоомжид шүүгдэгчийн хувийн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзэхээр хуульчилсан байх тул анхан шатны шүүхээс заавал харгалзах учиртай байсан. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс харгалзаагүй тул Н.Х-д оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах боломжгүйд хүрч байна.

Н.Х- нь 85 настай тархины судас нарийсалтай өвөө (өвөг эцэг) болон үе мөчний эрматизм поли-артит хүнд өвчтэй байнгын асаргаа, эмчилгээ шаардлагатай төрсөн эх нарын хамт амьдардаг байсан бөгөөд түүнээс өөр энэ хүмүүсийг асран халамжлах хүнгүй болно. Энэ байдлыг давж заалдах шатны шүүхээс давхар харгалзан үзэхийг хүсэж байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.” гэжээ. Яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд заасан “5.690.723 төгрөгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дэнчинг завшсан” гэх үйлдлийн хувьд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, түүний хүрээнд гарсан шийдвэрүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийцээгүй байна. Учир нь, энэ асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй (ял сонсгоогүй), энэ үйлдэлд холбогдуулан хэн нэгнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/406 дугаар Хэргийг прокурорт буцаах тухай захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/Ш3/1902 дугаар Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжаар тус тус “5.690.723 төгрөгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дэнчинг завшсан” гэх үйлдлийн хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй гэж тус тус дүгнэж байсан хэрнээ захирамжийн биелэлт хангагдаагүй, дахин яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байхад залруулах талаар арга хэмжээ авахуулаагүй, энэ талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Шинээр үйлдэл эс, үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзсэн нөхцөлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах ёстой. Харин үүний дараагаар тогтоолд өөрчлөлт оруулж болно. Тогтоолд өөрчлөлт оруулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт нь шинэ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцоход хамааралгүй болно.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, Н.Х-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж шийдвэрлэж, дугаар шийтгэх тогтоол хуульд нийцсэн эсэхийг дээр дурдсан үндэслэлээр хянаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Г- гэх хүнийг хохирогчоор тогтоож, 2022 онд мэдүүлэг өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. 2024 онд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа түүнийг хохирогчоор тогтоож 2.377.000 төгрөгийн хохирлыг олгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч надад түүнтэй холбогдох боломж байгаагүй. Э.Г- нь 2022 оноос хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан хохирогч Э.Г-т шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр хойшилж байсан. Шүүхээс надтай адилхан холбогдож чадаагүй учраас 2.377.000 төгрөгийг төлж чадаагүй. Би уг хохирлыг төлөх бүрэн боломжтой гэдгийг шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзнэ үү. Мөн “А-” банкинд учруулсан 5.690.000 төгрөгийн дэнчинг завшсан гэх үйлдэлд намайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1, 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мэдүүлэг аваагүй, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаагүй. Энэ асуудлаар анхан шатны шүүх хуралдаанд ярилцаж байсан. Миний хувьд албан тушаал, ажил төрөл эрхэлж байх хугацаандаа хүмүүсийн үгэнд орж, алдаа дутагдал гаргаж, энэ нь гэмт үйлдэл болж хоригдож байгаадаа гэмшиж байна. Ард үлдсэн өвөө, эх хоёртойгоо дахин уулзаж чадахгүй байх вий гэхээс айж байна. Эцэг эх, ар гэр, хамаатан садан байхгүй, айлын ганц хүүхэд болж төрсөндөө гутарч байна.. ...” гэв.

Хохирогч “А-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш  хохиролд 10.000.000 төгрөг авсан. Н.Х-гийн нэр дээр 3 төрлийн буюу дэнчингийн мөнгө 5.690.000 төгрөг, хашаа байшин худалдан борлуулсны 12.600.000 төгрөг, орон сууц борлуулсны 52.000.000 төгрөгийн хохирол байгаа. Сүүлд ар гэрээс нь нэмж 10.000.000 төгрөг өгснөөс дэнчингийн 5.690.000 төгрөгийг хааж, үлдсэн мөнгийг хашаа байшингийн мөнгөнөөс хасаж тооцсон. Үлдэгдэл хохирол төлөгдөөгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал болон ял шийтгэлийн талаар тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдаанд болсон хэрэг явдлын үйл баримт, хохирогч нарын хохирлын тооцоотой холбоотой асуудал дэлгэрэнгүй яригдсан. Шүүх дүгнээд “А-” банкинд нийт 70.691.701 төгрөг, хохирогч Э.Г-т 2.377.618 төгрөгийг төлөөгүй гэж тогтоож, эдгээр төлбөрүүдийг шүүгдэгчээс гаргуулахаар заасан нь үндэслэлтэй. Хэдийгээр шүүгдэгч нь хохирогч Э.Г-ын хохирол төлбөрийг төлөх боломжтой байсан ч холбогдож чадаагүй, шүүх хуралдаанд ирээгүй гэж байгаа боловч өмнө нь төлөх хугацаа байсан. Шүүх хуралдаан болох хүртэл хохирол төлөгдөөгүй. Анхан шатны шүүх прокуророос зүйлчилж явуулсан хэргийг зүйлчлэлийг өөрчилж, хохирогч Э.Г-ын орон сууцыг худалдаж, “А-” банкны өрийг төлнө гэж хуурч мэхэлж залилсан үйлдэлдээ “А-” банкны хуульчаар ажиллаж байсан албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзсэн. Үүнийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг гэж өөрчилсөн учраас залилсан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хуульд заасан ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрч, эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүх болсон хэргийн үйл баримт, нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, заалтад заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн 4 жил хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдалд тохирсон. Давж заалдах шатны шүүх хуралдаанд зарим хохирлын талаар ярьж байгаа боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед хохирлын хэмжээ тогтоогдсон учраас шүүхийн шийдвэр хэргийн нөхцөл байдалтай тохирч гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулаагүй, ял сонсгоогүй гэх асуудлын хувьд хэргийн материалд шүүхээс буцсан ажиллагааны хүрээнд прокурор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгөсөн. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй талаар анхан шатны шүүхэд мэтгэлцээн явагдсан. Мөн шүүх энэ талаар асууж тодруулан, дүгнэлт хийж хэргийн материалыг судалж, хуралдааныг явуулсан. Тийм учраас хохирогч Э.Г-тай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй үйлдэлд шүүх хорих ял оногдуулж шийдвэрлэсэн гэсэн гомдол үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.Х-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

  1. Шүүгдэгч Н.Х- нь “А-” банкны хуульчаар ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр албан тушаалын байдлаа ашиглаж, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... байрны зоорийн давхрын ... тоотод байрлах 000000000 тоот гэрчилгээний, Ү-22222222222 бүртгэлийн дугаартай 46,47 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “А-” банкны итгэмжлэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаагаар 52.000.000 төгрөгөөр худалдан авч, уг байрыг “А-” банкинд мэдэгдэлгүйгээр иргэн А.О-д 25.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, “А-” банкинд 52.378.596 төгрөгийн хохирол учруулсан,

“А-” банкнаас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байрлах 376 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг худалдах албадан дуудлага худалдаанд оролцохдоо дэнчин болгож тавьсан 5.690.723 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өөрийн дансаар буцаан авсан,

“А-” банкны зээлийн барьцаанд тавьсан Ү-2222222222 улсын бүртгэлийн дугаартай 240 м.кв хувийн орон сууц, 3333333 улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв газрын гэрчилгээг “түр зарлага” гэж гаргуулж аван иргэн Э.Г-аар 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдаалуулж, “А- банкны зээлийг хаана” гэж Э.Г-аас 15.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгуулсан буюу албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • хохирогч “А-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдоржийн: “...2021 оны 7 дугаар сард “А-” ХХК өөрийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөхийн лавлагааг Улсын бүртгэлийн газраас гаргуулан авсан. Гэтэл өмчлөх бус үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоот орон сууц нь лавлагаагаар гарч ирээгүй. ...Тэгээд өөрсдөө тухайн үл хөдлөх хөрөнгө дээр очиж үзэхэд Б гэж хүн байсан. Тухайн хүнээс “Энэ орон сууцыг хэрхэн авсан талаар хэлээч” гэж асуутал “А.О гэх эмэгтэйгээс худалдаж авсан, танайд би гэрээ болон худалдаж авсан талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэж хэлээд А.О-ийн нэр дээр гарсан гэрчилгээний хуулбарыг өгсөн. Тэгээд бид нар А.О гэх эмэгтэйтэй холбогдоход “Би А- банкны хуульч Н.Х-гээс 35.000.000 төгрөгөөр худалдаж авсан, 35.000.000 төгрөгөөр худалдан авсан боловч гэрээг 20.000.000 төгрөгөөр гэрээг хийсэн, 10.000.000 төгрөгийг Н.Х-гийн данс руу АТМ-аас шилжүүлсэн, 5.000.000 төгрөгийг банкинд урьдчилгаанд тушаасан, 20.000.000 төгрөгийг мөн банкинд тушаасан, одоо ямар нэгэн тооцоо байхгүй” гэж хэлсэн.

...Мөн А- банкны зээлдэгч С.О-ы өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан дуудлага худалдаанд банк оролцох дэнчин 5.690.720 төгрөгийг байршуулсан байсныг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Н.Х- нь хүсэлт гарган буцаан авсан байсан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Бүртгэл тооцооны хэлтэст цахим шуудангаар өгсөн тайлбартаа “Тус мөнгийг буцаан аваагүй” гэж бичсэн байна.

...Ц.М 2013 оны 12 дугаар сарын 04-ний 13/173 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан манай банкинд өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ...-ын ... тоот хаягт 240 м.кв бүхий орон сууц, мөн тус хаягт байрлалтай 700 м.кв эзэмших эрхтэй зуслангийн газраа барьцаалан 29.500.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 04171 дугаартай иргэний шүүхийн шийдвэрээс Ц.М-аас 26.634.982 төгрөгийг гаргуулан “А-” банкинд олгохоор шийдвэрлэсэн. 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Н.Х- нь банкны барьцаанд байсан уг үл хөдлөх хөрөнгө болон газрын гэрчилгээг банкинд хүсэлт гарган түр зарлага хийхээр маягт дээр гарын үсэг зурж, Ц.Ц, Ц.Э хоёроос зөвшөөрөл гаргуулж, гэрчилгээг эх хувиар авсан байдаг. 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан тус үл хөдлөхийг газрынх нь хамт Ц.М-ын нэр дээрээс С.Б гэх хүний нэр рүү шилжсэн. Н.Х- нь Ц.М-ын нөхөр Э.Г-т “Танай хашаа байшинг зарснаас илүү гарсан мөнгө” гэж хэлээд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч Ц.М-ын зээлийн үлдэгдэл 12.622.382 төгрөгийг төлөөгүй, үл хөдлөх газрыг зарсан мөнгө банкинд ороогүй. ...” /1хх 10-11, 2хх 53-54/,

  • хохирогч Э.Г-ын: “…“А-” банкны хуульч Н.Х- залгаад “Танай зээл шийдвэр гүйцэтгэл дээр маш их удсан байна, зээлээ төлөөрэй, эсвэл барьцаа хөрөнгийг зарж зээлийг хаана” гэхээр нь би Н.Х-тэй уулзаж “Газар байшингаа алдчихмааргүй байна” гэж хэлэхэд ...“банкны шугамаар зарвал 15-16 орчим сая, илүү гарч чадахгүй” гэхээр нь ...зар тавихад нэг залуу надтай холбогдож 25.000.000 төгрөгөөр авахаар болсон. ...Н.Х-тэй уулзахад миний зээлийг 15.000.000 төгрөгөөр хаана гэж хэлээд мөнгөө байшин худалдаж авсан залуугаас авсан. ...Мөнгө надаар дамжаагүй тул би хэрхэн авсныг сайн мэдэхгүй. ...Үлдсэн 10.000.000 төгрөгийг манай эхнэрийн данс руу шилжүүлсэн. ...“Зээл чинь 12 сая гаруй байгаа, шимтгэл хураамжтайгаа 15.000.000 төгрөг болсон шүү” гэхээр нь би өгсөн. ...“Одоо ингээд болчихсон уу” гэхэд “Болсон” гэж хэлэхээр нь би зээл хаагдчихлаа гэж бодсон. Гэтэл ...А- банкнаас эхнэр рүү залгаад танай зээл хаагдаагүй байна шүү гэж хэлсэн. ...” /2хх 58-59/,
  • гэрч Ц.Ц-ийн: “...Манай түр дансанд уг байртай холбоотойгоор 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “О” гэсэн хүнээс Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоот байрны урьдчилгаа 5.000.000 төгрөг орж ирснийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2222222222 тоот дансанд О А гэх хүнд буцаан шилжүүлсэн байна. ...” /1хх 18-19/,
  • гэрч Г.Т-ийн: “...Шалгалтаар манай банкны зээлийн барьцаанд хураагдсан орон сууц болон үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулаад, орлогыг тушаадаг түр дансанд уг 40/50 мянгатын байрны мөнгө орж ирсэн талаар гүйлгээг шалгахад А.О гэх хүний Капитрон банкны данснаас шилжүүлсэн байдаг. Тэгээд тухайн мөнгө 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр буцаад “А-” банк дахь А.О-ийн 222222222 гэсэн данс руу манай банкны түр данснаас шилжүүлсэн байдаг. ...Х.С 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5.000.000 төгрөгийг “А.О-ийн данс руу шилжүүлж өгнө үү” гэж хэлсэн, Х.С-т Н.Х- нь и-мэйл бичиж “Тухайн мөнгийг А.О-д буцаан шилжүүлж өгнө үү” гэсэн байдаг. ...А.О-тэй холбоо барихад “Би Н.Х- гэх хүнд уг байрны төлбөр тооцоог өгсөн, Н.Х- банкиндаа тушаасан үгүйг би мэдэхгүй” гэж хэлээд А.О- нь Н.Х-гийн Хаан банкны данс руу мөнгө шилжүүлж байсан хуулгаа надад явуулсан. ...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 3.110.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 4.490.000 төгрөгийг тус тус Н.Х-гийн 5555555555 гэсэн данс руу шилжүүлсэн байдаг. Банк хоорондын гүйлгээгээр 15.000.000 төгрөгийг А.О-гээс Н.Х- авсан гэж хэлсэн...” /1хх 23-24/,
  • гэрч А.О-гийн: “...Н.Х-гээс 25.000.000 төгрөгөөр авахаар болж худалдах, худалдан авах гэрээн дээр 20.000.000 төгрөг гэж бичсэн. ...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 4.490.000 төгрөг, ...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөгийг Н.Х-гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөн уг өдрөө дахин 5.000.000 төгрөг “А-” банкны 2222222222 тоот данс руу байрны “Урьдчилгаа” гэж бичиж шилжүүлсэн. Уг 5.000.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байрны мөнгө гэж 600.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин 500.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 3.110.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Нийт 24.200.000. ...Тухайн мөнгийг “А-” банк дээр надад түр данс нээж байгаад шилжүүлсэн. Тэгээд “Тэр данснаас авч болохгүй байна, чи бэлнээр аваад өг” гэж хэлээд авхуулсан. Би Н.Х-тэй гэрээ байгуулсан учир Н.Х-гийн данс руу шилжүүлсэн. Н.Х- тухайн мөнгийг цаашаагаа банк руу шилжүүлсэн үгүйг би огт мэдэхгүй. ...Би Н.Х-гээс 10.000.000 төгрөг зээлж байсан зүйл байхгүй. ...” /1хх 27-30, 2хх 28-30/,
  • гэрч Р.Н-ын: “...Уг итгэмжлэл болон гарын үсгийг харахад миний гарын үсэг мөн байна. Захирлын ажил хашиж байх хугацаанд маш их гарын үсэг зурдаг байсан. ...Хэрэв худалдан борлуулсан тохиолдолд уг мөнгө итгэмжлэл олгосон хуульчид очих ёсгүй, шууд манай банкны дансанд орох ёстой. ...” /2хх 35-36/,
  • гэрч Ц.М-ын: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “А-” банкны хуулийн зөвлөх Н.Х- мөн ирчихсэн байсан. Н.Х- бид хоёр шийдвэр гүйцэтгэгчтэй хоёулаа уулзсан. Тэр үед манай байрыг “Хураан авна” гээд байхаар нь “Би өөрөө зараад “А-” банкинд өгөх ёстой төлбөрөө төлөөд үлдэгдэл мөнгөө өөрөө авна” гэж хэлсэн. ...Тэгээд “Байраа өөрөө зарж, “А-” банкийг хохиролгүй болгоно” гэж өргөдөл бичиж, нотариатаар гэрчлүүлэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн. ...Манай нөхөр зар тавиад байж байхад С.Б гэх залуу худалдан авахаар болсон. Уг залууд 25.000.000 төгрөгөөр байшин, газраа зарсан. Тэгэхэд С.Б гэх залууг Н.Х- “Энэ данс руу хийчих” гээд 15.000.000 төгрөгийг нь авсан. Харин над руу 10.000.000 төгрөгийг тав, таван саяар хоёр хувааж шилжүүлсэн. Тэгээд Н.Х- “Одоо энэ үйл ажиллагаа дууслаа, та одоо өргүй боллоо” гэж хэлээд байрны гэрчилгээг гарын үсгээ зураад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас аваарай гэсэн. ...Тэгээд би гарын үсгээ зурж, бичиг баримтаа авч, С.Б-тэй хамт Сонгинохайрхан дүүргийн газрын албаар явж түүний нэр рүү шилжүүлсэн...” /2хх 65-67/,
  • гэрч С.Б-ийн: “...Э.Г- гэх хүнээс байшин газрыг нь худалдан авахаар тохиролцсон. ...“Гэрчилгээ нь Эрэл банк дээр барьцаанд бүртгэлтэй байж байгаад зээлээ төлж чадахгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжчихсэн, хураагдах гээд байна, зарж зээлээ хаачихаад зөрүү хэдэн төгрөг гаргаж авмаар байна” гэхээр нь тухайн газрыг 25.000.000 төгрөгөөр авахаар болсон. Н.Х-д ...Хаан банкны АТМ-аас 5.000.000 төгрөгөөр хоёр удаа авч, нийт 10.000.000 төгрөг, цаг орчмын дараа 5.000.000 төгрөгийг Н.Х-гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...Ц.М эгч рүү 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /2хх 71-72/,
  • гэрч Н.Ш-ийн: “...2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн А.О-гээс 48.000.000 төгрөгөөр худалдаж авсан мөнгийг А.О- гэх хүний Капитрон банк дээр дундын данс нээж байршуулаад, гэрчилгээг миний нэр дээр шилжсэний дараа мөнгийг шилжүүлсэн. ...” /2хх 99-100/,
  • шүүгдэгч Н.Х-гийн: “...Би уг байрыг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр 20.000.000 төгрөгөөр зарсан. ...Би А.О- гэх эмэгтэйд 20.000.000 төгрөгөөр худалдан борлуулах асуудлыг тухайн үеийн удирдлагад танилцуулсан. Тэгээд надад итгэмжлэл олгосон. Тухайн үеийн удирдлага Н захирал итгэмжлэл олгосон. ...5.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэр дээр ажиллагаа хийгдэж байгаа байрыг банкинд шилжүүлэхээр албан бичиг гарчихсан байсныг болиулж, зарах боломж гаргаж өгсөнд баярлалаа гэж надад өгсөн. ...Дэнчингийн мөнгө 5.690.720 төгрөг миний данс руу орсныг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 42-43, 2хх 112-113, 249-250/ гэсэн мэдүүлгүүд,
  • “А-” банкнаас шүүгдэгч Н.Х-д Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... дүгээр байрны зоорийн давхрын ... тоот үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх эрх үүрэг, шаардлагатай баримт бичиг бүрдүүлэн өгөх эрхийг олгосон итгэмжлэлийн хуулбар /1хх 49/,
  • “А-” ХХК-ийн шүүгдэгч Н.Х-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүнийг ажилд томилсон тушаалууд, ажлын байрны тодорхойлолт /1хх 54-57, 60-67/,
  • “А-” ХХК-ийн дотоод дансны хуулга /1хх 71-76/,
  • Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... мянгат, ... гудамжны ... байрны зоорийн давхрын ... тоот үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, өмлөх эрхийг “А-” ХХК-д шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын бүртгэлийн байгууллагад хандсан баримтууд /1хх 118-130/,
  • шүүгдэгч Н.Х-гийн А.О-тэй байгуулсан Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... байрны зоорийн давхрын ... тоот 46,47 м.кв үл хөдлөх хөрөнгийг 20.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ /1хх 80-81/, тус үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээ /1х 82-84/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 85/,
  • Хаан банк дахь шүүгдэгч Н.Х- болон гэрч С.Б нарын эзэмшлийн данснуудын хуулга, уг данснуудад  үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд /1хх 105-116, 2хх 46-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Н.Х-г албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Х- нь “А-” ХХК-д хуульчаар ажиллаж байхдаа тус банкны өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэн хариуцсан үедээ бусдад худалдаж, мөнгийг хувьдаа авсан, мөн “А-” ХХК-иас орон сууцыг худалдан дуудлага худалдаанд оролцохдоо дэнчин болгосон мөнгийг өөрийн дансаар буцаан авсан, “А-” банкны зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түр зарлага хэмээн гаргуулан “банкны зээлийг хаана” гэж Э.Г-аар худалдуулан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгаж мөнгийг өөртөө авч, ашиглан шамшигдуулсан үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Прокуророос “А-” банкны зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “түр зарлага” гэж гаргуулан “А- банкны зээлийг хаана” гэж хохирогч Э.Г-аар худалдуулж, 15.000.000 төгрөгийг өөртөө авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан шүүгдэгч Н.Х-гийн үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэхдээ хөрөнгө завших болон залилах гэмт хэргийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

  1. Шүүгдэгч Н.Х- өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэггүй, өмгөөлөгч биш атлаа хохирогч Б.Н-т “Хууль зүйн туслалцаа үзүүлнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2022 оны 11 дүгээр сарын 22, 26, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр нийт 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан болох нь:
  • хохирогч Б.Н-ын: “...Н.Х-тэй уулзаад “Өмгөөлөгч авах шаардлагатай” гэсэн чинь “Би тусалж өгнө, бүх хохирлыг чинь барагдуулж өгнө” гэхээр нь би үнэ хөлсний талаар асуухад “Чамд хямдхан 5.000.000 төгрөгөөр өмгөөлж өгье” гэж тохирсон. ...Н.Х-гийн дугаараас миний дугаарт Б гэх хүний данс ирсэн. Тухайн үед би Н.Х-гийн өөрийнх нь данс биш болохоор Н.Х-гээс асуухад “Өмгөөллийн хөлс авдаг хүний данс” гэхээр нь би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа би Налайх дүүргийн цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр очихдоо Н.Х- рүү залгахад “Би Сэлэнгэ аймагт шүүх хуралтай явж байна, дараагийн мэдүүлэг дээрээ намайг дуудчих, би туслах өмгөөлөгчөө явуулна” гэсэн. ...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Н.Х- над руу залгаж “Үлдэгдэл 2.500.000 шилжүүлчих, би туслахдаа хөлсийг нь өгөх гэсэн юм” гэхээр нь “Өмгөөлөгчийн хөлс Н-оос Х-д” гээд нийт 5.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Н.Х-тэй холбогдоод “Яагаад алга болчихов, би хохирол, төлбөрөө бүрэн гаргуулж чадсангүй” гэхэд Н.Х- “Иргэний журмаар нэхэмжлэл гаргаад шийдвэрлэнэ, асуудалгүй, нэхэмжлэл гаргахад судалгаа хийх шаардлагатай байна, 500.000 төгрөг өгчих” гэхэд 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр би шилжүүлсэн. ...Би Өмгөөлөгчдийн холбооноос “Н.Х- гэх өмгөөлөгч байдаг уу” гэж асуухад “Н.Х- гэж өмгөөлөгч байхгүй” гэхэд нь Н.Х-г өмгөөлөгч биш гэдгийг мэдсэн. ...” /2хх 240-241/,
  • гэрч И.М-ын: “...Б.Н- “Хүнд зодуулчихлаа, өмгөөлөгч хэрэгтэй байна, шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүнд гаргуулмаар байна, мөнгийг нь өгөөд” гэж дуудлага хийсэн. Тухайн үед би “Шүүхийн эмнэлгийн дүгнэлтийг бол чадахгүй, харин өмгөөлөгчтэй холбож өгч чадна” гэж хэлсэн. ...Би өөрийн танил дүү болох Н.Х-тэй холбогдож “Энэ хэрэг дээр ажиллах зав байна уу” гэхэд Н.Х- зөвшөөрсөн. Тэгээд Н.Х- надад Б.Н-ын хэргийг “5.000.000 төгрөгөөр өмгөөлөхөөр боллоо, Б.Н-той холбож өгсөнд баярлалаа” гээд 1.000.000 төгрөг манай дүүгийн данс руу шилжүүлсэн. ...” /2хх 245-246/,
  • гэрч Б.Д-ийн: “...Миний хувьд Б.Н-ыг өмгөөлөөд 1.500.000 төгрөг авсан, өөр мөнгө аваагүй. Н.Х- Б.Н-оос 3.000.000 төгрөг авсан. “1.500.000 төгрөгийг нь би авъя, надад мөнгөний хэрэг гараад байна, чамд 1.500.000 өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. ...” /2хх 247/,
  • шүүгдэгч Н.Х-гийн: “...2022 оны 11 дүгээр сард Б.Н-т өмгөөллийн туслалцаа үзүүлэх зорилгоор танилцаж, аман хэлбэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор үнэ хөлсөө тохирсон. ...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлын хөлс 2.500.000 төгрөг, 4 хоногийн дараа 2.500.000 төгрөг авсан. ...2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б.Н над руу залгаж “Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргамаар байна” гэсэн санал тавьсны дагуу би холбогдох материалыг бүрдүүлсэн. ...Б.Н- надад урьдчилгаа 500.000 төгрөг өгсөн...” /3хх 2-4/ гэсэн мэдүүлгүүд,
  • Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд “Н-ийн Х” гэх өмгөөлөгч бүртгэлгүй болохыг тодорхойлсон Монголын Өмгөөлөгчдийн холбооны 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 01/894 дугаартай албан бичиг /3хх 53/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогджээ.
  1. Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Н.Х-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлж авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Х- нь бодит байдал дээр өмгөөлөгч биш, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй атлаа эрхтэй мэтээр хохирогч Б.Н-ыг хуурч, “Шүүх хуралтай байна, туслах өмгөөлөгчөө оролцуулна, туслахдаа хөлсийг өгнө, нэхэмжлэл гаргахад судалгаа хийх хэрэгтэй” гэж хохирогчийг төөрөгдөлд оруулж, өмгөөллийн үйлчилгээний хөлс хэмээн 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэдийгээр хохирогч Б.Н-ын оролцож байсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхийн шийтгэх тогтоол гарснаар дуусгавар болсон гэх боловч шүүгдэгч Н.Х- нь анхнаасаа өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхгүй атлаа эрхтэй мэтээр хуурч, түүнээс мөнгө шилжүүлэн авснаар залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.

Шүүгдэгч Н.Х-, түүний өмгөөлөгч С.Ялалт нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

  1. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ялалт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “хорих ялыг торгох ялаар солиулах” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг гомдолдоо “А-” ХХК-д 10.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан талаарх баримтыг хавсаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах, хорих ялыг торгох ял болгон өөрчлөх боломжгүй, харин давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүгдэгч Н.Х-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

Тодруулбал, шүүгдэгч Н.Х- нь урьд гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

  1. Анхан шатны шүүх хуульд зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд нийт 73.069.319 төгрөгийг гаргуулан хохирогч “А-” ХХК-д 70.691.701 төгрөг, хохирогч Б.Г-т 2.377.618 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ялалтын “хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтийг оруулав.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Н.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтыг “Шүүгдэгч Н.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

5 дахь заалтын “...4 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...3 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ялалтын гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Шүүгдэгч Н.Х- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд 10.000.000 /арван сая/ төгрөгийг “А-” ХХК-д төлсөн болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-гийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 114 /нэг зуун арван дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

                                                  

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ