Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв,

улсын яллагч Г.Энхмаа,

хохирогч Б.Мөнхбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

шүүгдэгч Р.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Мт холбогдох 1834001630096 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны  өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5-3-129 тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймгийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №354 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Дархан-Уул аймгийн шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Сум дундын 22 дугаар шүүхийн 53 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн Олхонууд овогт Р.М  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.М нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 04 цагийн үед Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан 2 дугаар багийн төв сумын Соёлын төв дотор Б.Мөнхбаярын цээжин тус газар нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас Р.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.М нь: “ ...Тухайн өдөр мартын 8 нь болж байгаа учраас соёлын төвд нь очиж ээжийгээ баярлуулаад энэ дүүтэй таарсан. Орой нь бид хоёр уулзаж дүүтэй нэг шил юм хувааж уусан. Хоорондоо жаахан маргалдсанаас болж хутгаар айлгах гэж байгаад хатгачихсан. Миний хувьд архи уухаараа амар тасарчихаад байдаг. Ийм үйлдэл хийсэн нь миний буруу” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Мөнхбаяр нь: “Миний хувьд энэ гэмт хэргийн улмаас 6 сарын хугацаанд ажлын чадвар алдсан. Иймээс ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Би Хятад улс руу циркийн үзүүлбэр үзүүлэхээр байгууллагатай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу сард 3000 юан авах ёстой байсан” гэв.

Хоёр:Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:

            мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнхбаярын мэдүүлсэн: “Дархан-Уул аймгаас ирж Цээл суманд мал, мах авдаг Р.М гэдэг хүнтэй 2018 оны 03 дугаар сарын 08-ны орой сумын Соёлын төвд тааралдсан бөгөөд тухайн шөнийн 03 цагийн үед би тэр хүнд үхэр адуу өгсөн байсан үлдэгдэл мөнгөө авах гээд асуусан чинь чам шиг бацаанд өгөхгүй гэсэн тэгээд Т.Булгаамаатай хэрэлдэж маргалдаад байхаар нь та болиоч гэхэд чамд хамаагүй алаад хаяхад яадаг юм гээд байхаар нь өөрийн найз Н.Ганбаярыг дуудсан. Н.Ганбаяр ирээд юу болоод байгаа юм гэж Р.Маас асуусан би Р.Мын сууж байсан сандалыг өшиглөж та түрүүн томроод байсан гэхэд Р.М гараад явсан гарахдаа Одноо, Гангаасүрэн нартай явсан эргээд ирэхдээ майга хочит Даваа, Б.Баасандорж нартай үүдэнд таараад Р.М миний цээж рүү нэг зүйлээр цохих шиг болохоор би ухраад би үзвэрийн заалны тайзан дээр гарсан. Н.Ганбаяр Р.Мыг хутга гартаа барьсан байна гэж хэлсэн миний цээжний зүүн талаас нойтон оргиод байхаар нь гараараа дарж үзэхэд цус болсон байхаар нь хутгалчихлаа гэж мэдсэн. Би Соёлын төвийн арын хаалгаар гарч шууд сумын төвийн эрүүл мэндийн төв орж эмнэлэгийн тусламж авсан.  Нийт 6 хүн байсан бид бүгдээрээ 0,75 л соёрхол, 2,5 л пиво хувааж уусан тухайн архийг хэн авч ирсэнийг мэдээгүй соёлын төвийн эрхлэгч Ч.Минжбадгарын өрөөнөөс энийг авчих гээд авахад тортой архи пиво байсан хэн авч хэнд тавьсаныг би мэдэхгүй. Ч.Минжбадар, Ц.Алтанцэцэг, Сувдаа, Булгамаа, Одноо, Галсандулам, Ариунаа, Р.М бид хэд байсан би Р.Мын сууж байсан сандалыг нэг удаа өшиглөсөн харин биед нь хүрээгүй. Цээжний хэсэгтээ хэвлийгээ хавж хутгалуулсан шархтай байнга эмчилгээ хийгдэж байгаа шинжээч эмчийн дүгнэлттэй санал нийлж байна. Эмчилгээндээ хэрэглээрэй гэж манай эгч Б.Оюунчимэг, Ч.Төмөрчөдөр нарын дансаар нийт нэг сая хоёр зуун мянган төгрөг шилжүүлэн авсан тухайн мөнгийг  нь бүгдийг нь  эмчилгээнд зарцуулсан. Би тухайн хүний өгсөн мөнгийг бүгдийг нь эмчилгээнд зарцуулсан одоо дотор шархаа цээжний гэрэл зураг авахуулах хэвлий эход харуулах хэрэгтэй миний бие ерөнхийдөө зовиур ихтэй хөндүүр тэгшхэн явж чадахгүй байна цаашид гарах эмчилгээний зардлыг буруутай этгээдээр гаргуулмаар байна. Өвчтэй байх хугацаанд ажил хийх боломжгүй байгаа тул хохирлыг гаргуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-09 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Ч.Минжбадгар мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 08-ны орой сумын соёлын төвд эмэгтэйчүүдийн баярын үйл ажиллагааны орой 03 дугаар сарын 09-ний 1 цагийн үед тарсан тараад гарч байхад Цээл сумын 03 дугаар багийн дарга асан Ц.Алтанцэцэг, Ж.Сарангэрэл нар нь багийн иргэдтэйгээ хамт караоке авъя гэхээр би өгөх боломж байхгүй угаасаа одоо ажил дууссан маргааш дахиад ажилтай тул харьж амармаар байна гэхэд тэгвэл дуулахгүйгээр үзвэрийн зааланд чинь жоохон суучихъя гээд суусан энэ хугацаанд ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй Б.Мөнхбаяр, Галсандулам нар нь жоохон маргалдаж би “одоо явцгаа би амармаар байна гэж шаардлага тавьсан” тэгтэл Т.Булгамаа, Р.М нар хоорондоо маргалдаж хэрэлдсэн Т.Булгамааг өмөөрөөд Б.Мөнхбаяр Р.Мыг сууж байхад нь хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэнд байсан хүмүүс маргааныг зогсоосон Б.Мөнхбаяр нь Н.Ганбаярыг дуудаж Н.Ганбаяр ирээд юу болоод яагаад байгаа юм гэсэн Р.Мыг тайвшуурлах зорилгоор Одноо, Галсандулам нар аваад гарсан. Би Н.Ганбаяр, Б.Мөнхбаяр нарт хүнтэй битгий маргалд ямар нэгэн зодоон хийж болохгүй шүү гээд яриад гараад явж байхад үүдэн дээр Р.М хутга бариад ороод ирсэн хутгаар дээгүүр хоёр тийшээ далайгаад л байсан Б.Мөнхбаяр буцаад дотогшоо гүйгээд орсон Галсандулам, Р.Мыг боль гээд барьж авсан тэгээд бүгд гарцгаасан” гэх мэдүүлэг /хх-17 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Т.Булгамаа мэдүүлсэн: “Болсон зүйлийн урьд орой нь сумын эмэгтэйчүүдийн баяр сумын соёлын төвд болсон тухай үед багийн засаг дарга асан Ц.Алтанцэцэг ирж оролцсон соёлын төвийн үйл ажиллагаа 01 цагийн тарж соёлын төвийн эрхлэгч Ч.Минжбадгараас 1 цаг караоке өгчих гэж гуйсан боловч өгөөгүй тэгэхээр нь үзвэрийн зааланд чинь жоохон сууж байгаад гаръя гэж гуйсан тэнд Б.Мөнхбаяр, Минжбадгар, Ц.Алтанцэцэг, Ариунаа, Сувдаа, Галсандулам, Одноо бид хэд 0,75 л Соёрхол архи 1 шил 2,5 л пиво нэгийг хувааж уугад юм яриад сууж байхад гаднаас Р.М орж ирээд хамт сууж дуулж байгаад Р.М хүн болгон руу үсчээд сонин сонин зүйл яриад байсан тэгсэнээ архи аваад өгье гээд мөнгөө өгөхөөр нь тийм зүйл байхгүй уухаар бол өөрсдөө аваад ууж чадна гэсэн тэгтэл намайг элдэв үг хэллэгээр доромжлоод байхаар нь Б.Мөнхбаяр чи болиочээ хүн болгон руу дайраад байх юм гээд Н.Ганбаярыг намайг ирээд аваадах гэсэн тэгтэл Н.Ганбаяр орж ирээд юу болоод байгаа юм гэхэд Б.Мөнхбаяр та түрүүнээс хойш баярахаад байх юм надаас үхэр, адуу аваад мөнгийг нь өгөөгүй биз дээ гэж хэлээд сандал руу өшиглөсөн Ч.Минжбадгар одоо больцгоо гарцгаа гэхэд Одноо, Галсандулам, Р.М нар гараад явсан би буцаад заал руу ороход Мөнхбаяр намайг хутгалчихлаа гээд орилсон Р.Мыг харахад гартаа том хутга барьсан яг ямар хутгыг нь хараагүй. Би хутгыг нь сайн хараагүй том урт хутга байсан Б.Мөнхбаярыг хутгалахыг нь хараагүй. Р.М хүн харахад эрүүл тэгсэн хэрнээ хүнтэй харьцаж байгаа нь сонин байсан. Б.Мөнхбаяр Р.Мыг согтуу хүн рүү үсчээд онгироод байхаар нь та тийм баян юм бол миний 300000 мянган төгрөгийг өгчих гэсэн тэрнээс биш хоорондоо зодолдсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-19 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Н.Ганбаяр мэдүүлсэн: “..2018 оны 03 дугаар сарын 09-ний өглөөний 04 цаг 47 минутанд над руу 88845480 дугаарын утаснаас Б.Мөнхбаяр над руу найз нь сумын соёлын төвд байна ирээд аваадах хүн томроод байна гэсэн би соёлын төв рүү ороход дотор Минжбадгар, Б.Мөнхбаяр, Ц.Алтанцэцэг, Одноо, Сувдаа, Галсандулам, Булгамаа, Р.М энэ хэд юм яриад сууж байсан тэгэхээр нь юу болоод байгаа юм гээд Мөнхбаярыг явъя гэсэн тэгтэл Р.М Б.Мөнхбаяр нар хоорондоо маргалдаж Б.Мөнхбаяр мөнгө төгрөг яриад байсан тэгээд Одноо, Галсандулам, Р.М нар гарсан бид юм ярьж байгаад гарч явахад Б.Мөнхбаяр миний өөдөөс гүйгээд ороод ирсэн араас нь Р.М томроод байсан гөлөгнүүд хаана гээд гартаа хутга бариад орж ирсэн араас нь Бандиа Даваа нар орж ирсэн би зөрөөд гараад гүйсэн тэгтэл Булгамаа над руу залгаж Б.Мөнхбаяр хутгалуулчихлаа гэхээр би эргэж очоод Б.Мөнхбаярыг аваад эмнэлэг орсон. Би хутгыг нь сайн хараагүй том урт хутга байсан Б.Мөнхбаярыг хутгалахыг нь хараагүй. Р.М хүн харахад эрүүл тэгсэн хэрнээ хүнтэй харьцаж байгаа нь сонин байсан хоорондоо маргалдсан харин зодолдож барилцаагүй. Жижиг өрөөндөө өдрөөр ажилуулдаг цагийн 8000 төгрөг гэдэг байх би жилийн өмнө орж байсан” гэх мэдүүлэг /хх-21тал/,

                мөрдөн байцаалтад гэрч А.Баасандорж мэдүүлсэн: “..Р.Мыг танина жил болгоны хавар манай суманд ирж ноос, ноолуур авдаг 2018 оны 03 дугаар сарын 08-ны орой манай гэрт 16 цагийн үед портер машинтай ирээд ах нь танайд хонох гэсэн юм гэхээр нь орой ор засаж өгсөн сумын соёлын төвд эмэгтэйчүүдийн баярт зориулсан арга хэмжээ болж тоглолт үзнэ гээд явган явсан шөнө 04 цагийн үед манай эхнэр хүүхэд бид хэд гэрэлээ асаалттай унтаж байсан тэгтэл гаднаас хүн ороод ирэхээр нь өндийгөөд хартал Р.М гал тогооны шургуулганаас юм аваад гарч машинаа унаад явахаар нь араас нь хувцасаа өмсөөд гартал манай хүргэн ах Даваа нойлд сууж байхаар хоёулаа Р.Мын араас явъя гээд амхан гүйгээд соёлын төв рүү орсон чинь Р.М гартай хүрэн иштэй хутга барьсан алаад өгнө гээд зогсож байсан. Тэгээд та боль гээд би хутгыг нь авах гэтэл Галсандулам эгч хутгыг нь булааж авсан Р.Мыг тайвшруулаад гадаа үүдэнд гарчихаад эргэж ороод Б.Мөнхбаярыг хартал цээжний зүүн хэвлийгээ гараараа дарсан зогсож байхаар нь үзтэл хутгалсан цус гоожиж  байсан. Соёлын төвийн гадна хаалга нь дээр ирэхэд Галсандулам эгч хутгыг хогийн саванд хийсэн байсан ба хутгыг нь аваад би гэр лүүгээ явсан. Манай хутга Р.М ямар нэгэн зүйл хэлээгүй нэлээн ууртай гаднаас орж ирээд гал тогооны шургуулганаас юм аваад гарахаар нь хутга аваад гарчихлаа гэж бодоод араас нь гүйсэн. Би тэрийг мэдэхгүй. Уртдуу хүрэн иштэй  иш нь шар хадаасан түгжээтэй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй хэнтэй эвтэй нийтэч зантай хүн” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Т.Галсандулам мэдүүлсэн:” Тухайн орой сумын соёлын төв дотор эмэгтэйчүүдийн баярт зориулсан олон нийтийн арга хэмжээ болж орой 01 цагийн үед таарсан соёлын төв дотор Ц.Алтанцэцэг, Булгамаа, Сувдаа, Мөнхбаяр, Минжбадгар, Одноо, Р.М бид хэд үзвэрийн заалан дотор юм ярьж сууж байгаад тарах болсон тэгээд Р.М түрүүлээд гарсан араас нь Одноо бид хоёр гарсан тэгээд Р.М яг хаашаа явсаныг нь мэдэхгүй бид хоёр нойл орж бие засчихаад ортол үүдэнд А.Баасанжав, Даваа нар Р.Мыг хоёр талаас барьсан зогсож байсан тэгтэл цаанаас нэг нь наадах чинь Б.Мөнхбаярыг хутгалчихлаа ш дээ гэсэн Р.М руу харахад хутга байхаар нь би шууд булааж аваад хогийн саванд хийсэн сүүлд тэр хутгыг нь А.Баасандорж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-25 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч А.Сувдаа мэдүүлсэн: “2018 оны 03 дугаар сарын 08-ны орой сумын Соёлын төв эмэгтэйчүүдийн баярт зориулсан баярын арга хэмжээ болж шөнө тарсан тэгээд Булгамаа, Ц.Алтанцэцэг, Мөнхбаяр, Галсандулам, Одноо бид хэд байсан Минжбадрагаас 1 цаг караоке дуулчихъя гэхэд болохгүй гээд өгөөд үзвэрийн зааланд бид 0,75 л Соёрхол, 2,5 литр пиво хувааж уугаад сууж байхад Р.М гаднаас орж ирсэн ирэхдээ яриа нахаалны сонин хараалын үгээр хүмүүстэй харьцаж Булгамаатай маргалдахаар нь Б.Мөнхбаяр та одоо болиоч түрүүнээс зөндөө л тэвчлээ гэхэд чамд хамаагүй чи юу юм чам шиг бацаан надтай юм ярьдаггүй юм гээд маргалдаж зодолдоогүй удалгүй гаднаас Н.Ганбаяр орж ирээд юу болоод байгаа юм гэсэн. Р.М түрүүлээд гарсан араас нь Галсандулам, Одноо нар гарсан бид хэд тэнд удаагүй дуусгаад гарч явтал өөдөөс Б.Мөнхбаяр гарч явсанаа буцаад гүйгээд ороод ирсэн араас нь Р.М орж ирээд хаана байна томроод байсан пизда нар гээд гартаа хутга барьсан орж ирсэн араас нь А.Баасандорж, Даваа нар орж ирээд Р.Мын барьж авсан гаднаас Т.Галсандулам орж ирээд хутгыг хаашаа хийснийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-27 тал/,

                -Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

                -Эд мөрийн баримтыг хураан авах тухай /хх-04 тал/,

                -“Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-05 тал/,

                -Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-06 тал/,

                -Хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-07 тал/,

                -2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны №163 тоот шинжээчийн дүгнэлтэд /хх-30 тал/, 

                1. Б.Мөнхбаярын биед цээжний зүүн талд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                2. 3. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

                5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ        

                -Ялын төрөл хэмжээний тухай санал /хх-69 тал/,

    -Шүүгдэгч Р.Мын ял шийтгэлийн тэмдэглэл, урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлгүүд болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шүүх нотлох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гурав: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Р.М нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 04 цагийн үед Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан 2 дугаар багийн төв сумын Соёлын төв дотор Б.Мөнхбаярын цээжин тус газар нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

            Шүүгдэгч Р.М, хохирогч Б.Мөнхбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнхбаярын : “.... Н.Ганбаяр Р.Мыг хутга гартаа барьсан байна гэж хэлсэн миний цээжний зүүн талаас нойтон оргиод байхаар нь гараараа дарж үзэхэд цус болсон байхаар нь хутгалчихлаа гэж мэдсэн” гэх мэдүүлэг /хх-09 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Ч.Минжбадгарын: “......Би Н.Ганбаяр, Б.Мөнхбаяр нарт хүнтэй битгий маргалд ямар нэгэн зодоон хийж болохгүй шүү гээд яриад гараад явж байхад үүдэн дээр Р.М хутга бариад ороод ирсэн хутгаар дээгүүр хоёр тийшээ далайгаад л байсан” гэх мэдүүлэг /хх-17 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Т.Булгамаагийн: “....Ч.Минжбадгар одоо больцгоо гарцгаа гэхэд Одноо, Галсандулам, Р.М нар гараад явсан би буцаад заал руу ороход Мөнхбаяр намайг хутгалчихлаа гээд орилсон Р.Мыг харахад гартаа том хутга барьсан яг ямар хутгыг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хх-19 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Н.Ганбаярын: “.....би зөрөөд гараад гүйсэн тэгтэл Булгамаа над руу залгаж Б.Мөнхбаяр хутгалуулчихлаа гэхээр би эргэж очоод Б.Мөнхбаярыг аваад эмнэлэг орсон” гэх мэдүүлэг /хх-21тал/,

                мөрдөн байцаалтад гэрч А.Баасандоржийн: “.... шөнө 04 цагийн үед манай эхнэр хүүхэд бид хэд гэрэлээ асаалттай унтаж байсан тэгтэл гаднаас хүн ороод ирэхээр нь өндийгөөд хартал Р.М гал тогооны шургуулганаас юм аваад гарч машинаа унаад явахаар нь араас нь хувцасаа өмсөөд гартал манай хүргэн ах Даваа нойлд сууж байхаар хоёулаа Р.Мын араас явъя гээд амхан гүйгээд соёлын төв рүү орсон чинь Р.М гартай хүрэн иштэй хутга барьсан алаад өгнө гээд зогсож байсан. Б.Мөнхбаярыг хартал цээжний зүүн хэвлийгээ гараараа дарсан зогсож байхаар нь үзтэл хутгалсан цус гоожиж  байсан” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Т.Галсандуламгийн: “...ортол үүдэнд А.Баасанжав, Даваа нар Р.Мыг хоёр талаас барьсан зогсож байсан тэгтэл цаанаас нэг нь наадах чинь Б.Мөнхбаярыг хутгалчихлаа ш дээ гэсэн Р.М руу харахад хутга байхаар нь би шууд булааж аваад хогийн саванд хийсэн сүүлд тэр хутгыг нь А.Баасандорж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-25 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч А.Сувдаагийн: “Р.М орж ирээд хаана байна томроод байсан пизъда нар гээд гартаа хутга барьсан орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-27 тал/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай /хх-04 тал/, “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-05 тал/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-06 тал/, Хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-07 тал/, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны №163 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.   

             Иймд шүүгдэгч Р.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэстэй байна.

 

                Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Р.Мыг Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Р.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                Улсын яллагч шүүгдэгч Р.М-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Р.М болон түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нь хүлээн зөвшөөрсөн болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна

                Шүүх Р.М-т торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал /гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг болон зэвсгийн чанартай эд зүйл болох хутга хэрэглэсэн/, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын санал болгосон торгох ялаас дээгүүр буюу 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ .

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Р.М-т оногдуулсан 1300000 төгрөгөөр торгох ялыг /5 сарын 18-ны дотор 750000 төгрөг/ 2018 оны 6 сарын 18-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

Тав: Бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Р.М нь гэм хорын төлбөрт 1200000 төгрөгийг хохирогч Б.Мөнхбаярт өгсөн байна.

Хохирогч Б.Мөнхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “гэрээний дагуу ажиллах хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс Р.Маас нэхэмжилж байна” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хохирогч Б.Мөнхбаяр нь хэдэн төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болон Хятад болон Монгол улсын хооронд ямар гэрээ байгуулагдсан эсэх, юань хэдэн төгрөгийн ханштай байсан эсэх талаар нотлосон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул Б.Мөнхбаяр нь “гэрээний дагуу ажиллах хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж шүүх шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1834001630096 тоот хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О овгийн Р.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1300000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-т оногдуулсан 1300000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 6 сарын 18-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 

6. Хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Мөнхбаяр нь “ гэрээгээр ажиллах хугацааны ажилгүй байх хугацааны цалин хөлс” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгахийг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай. 

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ