| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/00070/И |
| Дугаар | 191/ШШ2025/00655 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/00655
2025 01 27 191/ШШ2025/00655
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, Б овогт Ц.О
Ч.Рийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 11 цаг 10 минутад өөрийн өмчлөлийн улсын дугаартай Сүзүки Жимни маркийн суудлын автомашинтай Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гэмтэл Согог судлалын Үндэсний Төвийн урд замаар зүүнээс баруун чиглэлд 2-р эгнээгээр дөлгөөнд оролцож байтал баруун гар талаас буюу нэгдүгээр эгнээнээс иргэн Ч.Р нь улсын дугаартай Приус 30 маркийн машинаараа мөргөж хохирол учруулсан. Улсын үнэлгээгээр автомашинд нийт 14 сая 160 мянган төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Машинд хийгдэх засварыг нийт 11 сая 989 мянган төгрөгөөр хийлгүүлсний 9.000.000 төгрөгийг шилжүүлээд үлдсэн 2 сая 989 мянган төгрөгийг шилжүүлж хохирлыг барагдуулахгүй байгаа тул Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг үүсгэсэн боловч хариуцагч хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь Ч.Рийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оийн өмчлөлийн улсын гаартай Сүзүки Жимни маркийн авто машинд 14.160.000 төгрөгийн хохиролыг учруулсан байх бөгөөд 2.989.000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлд Ч.Р нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
Ч.Р нь Баянгол дүүрэг, тоотод бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь төрийн мэдээллийн “Хур” системийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ч.Р нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.О нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн дугаар регистртэй, эрэгтэй, С овогт Чын Рийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ч.Рийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Ц.О //-т мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН