| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/00907/И |
| Дугаар | 210/МА2021/01641 |
| Огноо | 2021-11-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2021/01641
| 2021 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 210/МА2021/01641 |
А.Аийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/01939 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Зд холбогдох 00000000 дугаар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, хариуцагч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, Б.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би танил Б.Зтай уулзаж үүрэн холбооны М ХХК дахь өөрийн эзэмшлийн 00000000 дугаарыг барьцаалан 10 000 000 төгрөгийг зээлэхээр, барьцааны зүйл болох 00000000 дугаарыг хариуцагчийн нэр дээр шилжүүлж, миний бие тус дугаараа ашиглах бөгөөд 10 000 000 төгрөгийг төлмөгц дугаар эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхээр амаар тохиролцож, 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дээрх дугаарыг хариуцагч Б.Зы компани болох Н ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Барьцааны зүйлийг хариуцагчид шилжүүлснээс хойш 00000000 дугаарыг би ашиглаж байсан учир сар бүрийн төлбөрийг М ХХК-д төлж байсан. Аман гэрээгээр тохиролцсоны дагуу зээлсэн 10 000 000 төгрөгийг хариуцагчид төлж, өр төлбөрийн үлдэгдэлгүй болоод өөрийн эзэмшлийн дугаарыг буцаан авахаар шаардахад намайг 20 000 000 төгрөг өгөөд дугаараа ав гэсэн шаардлага тавьсан. Нэгэнт төлбөрөө төлсөн учраас уг шаардлагыг биелүүлэх боломжгүй гэдгийг хэлсэн боловч тус дугаарын сим картыг хааж, хариуцагч Б.З өөрөө ашиглах болсон. Энэхүү дугаар нь үүрэн холбооны М ХХК-ийн өмч боловч эзэмших эрхийн зах зээлийн үнэлгээ нь 70 000 000 төгрөгөөс 80 000 000 төгрөг байдаг. Хариуцагч Б.З өнөөдрийг хүртэл 00000000 дугаарыг миний эзэмшилд буцаан шилжүүлэлгүй намайг хохироосоор байна. Зээл авсан нь 2012, 2013 оны асуудал тул би анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа дугаараа хэнд, хэрхэн шилжүүлснээ санахгүй байсан бөгөөд М ХХК-ийн теллерээс дугаар шилжүүлсэн тухай лавлагааг асуутал Н ХХК-аас Б.Зд шилжсэн байна гэсэн. Харин дэлгэрэнгүй лавлагаа М ХХК-аас ирсний дараа хартал би дугаараа хоёр, гурван газар барьцаанд дамжуулж барьцаалсан, Н ХХК-аас Д ХХК руу шилжүүлээд, Д ХХК-аас Н.М руу, Н.Мгаас Б.З руу гээд дамжуулж шилжүүлсэн байсан. Энэ талаараа сайн санахгүй байсан учраас нэхэмжлэлдээ алдаатай бичсэн. Би 2012 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Н.Мгаас 10 000 000 төгрөг зээлж дугаараа барьцаалж, энэ зээлээ хаахын тулд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Заас 10 000 000 төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэй зээлж, дугаараа Б.Зы нэр дээр шилжүүлсэн. Сар бүр зээлийн төлөлтөд 600 000 төгрөг төлж байсан, дунд нь нэг, хоёр сар тасалдсан ч 2015 оны дуустал мөнгө төлсөн, ерөнхийдөө би зээлсэн мөнгөө төлж дуусгасан гэж үзэж байгаа. Ингээд төлбөр төлөгдсөн гэж үзээд дугаараа буцааж авъя гэтэл Б.З намайг 20 000 000 төгрөг өгөөд аваарай гэсэн, би 20 000 000 төгрөг өгч чадаагүй учир 2016 оны 7 дугаар сард дугаарыг хаалгасан. Энэ хугацааг хүртэл би дугаараа өөрөө ашиглаж байсан. Би 20 000 000 төгрөгийг өгөхөөр мөнгөтэй болох гээд харж байгаад хугацаа алдсан, мөн хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан тул шүүхэд хандаж чадалгүй өдийг хүрсэн. Б.З надад хэзээ ч барьцаагүйгээр мөнгө зээлэх хүн биш, учир нь намайг танихгүй. Надад ямар нэгэн барьцаагүйгээр мөнгө өгөөгүй. Хариуцагчийн тайлбар бодит байдалтай нийцэхгүй байна, А.Аээс төлбөрөө авчихсан байж нэмээд мөнгө нэхээд энэ хүний дугаарыг өгөхгүй, анхны хэлэлцэж тохирсон гэрээний үүргээ биелүүлэхгүй яваад байгаа гэдэг нь харагдаж байна. Иймд би Б.Зд тодорхой хэмжээгээр мөнгө төлсөөр зээлсэн 10 000 000 төгрөгөө бүрэн төлж дуусгасан тул тус 00000000 дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А нь 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 00000000 дугаарыг Н ХХК-д шилжүүлсэн гэж нэхэмжлэлдээ бичсэн бөгөөд уг компанийн талаар би огт мэдэхгүй. Мөн А.А нь миний хамт ажилладаг байсан н.Отгончимэг гэдэг хүнтэй найзууд байсан бөгөөд уг хүнээр дамжуулан надаас 2013 оны 12 дугаар сард 15 000 000 төгрөгийг, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Нэхэмжлэгч нь зээлээ төлөөгүй бөгөөд 2 удаа цагдаад энэ талаар өргөдөл өгч байсан. Тухайн дугаарыг би 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.М гэдэг хүнээс тусад нь 10 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Зээлийн гэрээ үүссэн байгаа нь тэр дугаартай холбоогүй, тусдаа асуудал. Надад А.А сар бүр 600 000 төгрөг өгч байсан нь үнэн. Гэхдээ тэр мөнгийг надад 4 бил үү 5 удаа л өгсөн санагдаж байна. А.А нь надад уг дугаарыг өөр хүнд алдах гээд байна, чи түр авч бай, бид хятадуудтай хамтарч бизнес хийх гэж байгаа, өөр олон ч ажлууд хийх гэж байгаа, тэр ажлыг бүтэх хүртэл дугаарыг түр худалдаж аваад өөрийн нэр дээр байлгаж байгаач, ажил бүтээд мөнгөтэй болчихвол чамаас буцаагаад авчихъя гэж гуйж байсан учраас дугаарыг худалдаж авч өөрийн нэр дээр шилжүүлсэн. Тэгээд А.А энэ дугаараар би хятадуудтай бизнес хийх гээд харьчихсан байгаа, хөрөнгө оруулалт, замын тендерт оролцож байгаа гэх мэт яриад дугаараа өөрөө барьж байсан. Би дараа нь зээлсэн 15 000 000 төгрөгөө аваад, дугаараа хаалгаад өөрөө эзэмшилдээ шилжүүлнэ гэж бодож байсан. Надад А.Ат 15 000 000 төгрөг өгсөн баримт байхгүй, харилцан тохиролцоод явсан. Энэ 15 000 000 төгрөг бол тусдаа асуудал. Би сайн ойлгохгүй л байна. Би энэ Н.М гэдэг хүнийг угаасаа танихгүй учраас бид ямар нэгэн хэлцэл хийгээгүй, тэр дугаар Н.Мгийн нэр дээр байсан учраас л би энэ хүнээс авсан гэж хэлээд байгаа юм. А.А энэ дугаарыг зарах гэж байгаа гэж хэлээд намайг дагуулж очоод би мөнгийг нь өгөөд дугаарыг шилжүүлж авсан. Буцаан төлсөн гэх мөнгөний тухайд, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А.Аээс 2 352 000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь нэхэмжлэгч А.А биш. М ХХК-д ажилладаг мөн А.А гэдэг нэртэй миний нэг танил маань над руу мөн мөнгө шилжүүлж байсан. Адилхан нэртэй болохоор түүнтэй андуурч хольж солих магадлалтай байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан 00000000 дугаар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Зд даалгах тухай нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: А.А миний бие Б.Зтай зээлийн гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн 00000000 дугаарыг зээлийн барьцаанд шилжүүлсэн бөгөөд түүнд худалдах хүсэл зориг байгаагүй, зээлийн гэрээний үүрэгт тооцон шилжүүлээгүй, харин зээлийн гэрээний зүйл болох мөнгийг төлж дуусгаснаар буцаан шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байсан гэдгийг гэрч Н.Мгийн мэдүүлэг, М ХХК-ийн 00000000 дугаарыг миний бие ашиглаж байсан гэсэн баримтуудаар тогтоогдож байдаг. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор барьцааны зүйл болох миний 00000000 дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэх байтал энэ үүргээ биелүүлээгүй, дугаараа буцаан авахаар шаардахад дугаар үнэтэй болсон байна гээд нэмж хүүний мөнгө шаардаж байсан бөгөөд дугаарыг буцаан шилжүүлээгүйгээс болж миний эрх зөрчигдөж, хохирсон байхад анхан шатны шүүх шаардах эрх үүссэн гэдгийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчид давуу байдал олгож зээлийн гэрээний дагуу мөнгөө, хүү тооцохоор бичгээр байгуулаагүй боловч хүүгээ бүгдийг нь авчихаад барьцааны зүйл болох миний дугаарыг ч өөртөө үлдээсэн байгаад дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч Б.З нь намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа, дугаарын эзэмших эрхтэй холбоотой маргаж байхад шүүхийг үл хүндэтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох 00000000 дугаарын эзэмших эрхийг өөрийн хамаарал бүхий этгээд болох Т.Дулмаагийн эзэмшилд шилжүүлсэн болохыг шүүхийн шийдвэрт тусгасан. Миний бие зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлж өөрийн 00000000 дугаарын эзэмших эрхийг шилжүүлж авахын тулд 2014 оны оноос 2015 оныг хүртэл сар бүр төлөлт хийж байхад нэмж мөнгө шаардаж, үндэслэлгүйгээр хүү нэхэж байсан бөгөөд миний 00000000 дугаарыг 2016 оны 7 сард өөртөө шилжүүлж авсныг мэдээд очиж уулзахад нэмж 20 000 000 төгрөг шилжүүлж өгөөд буцаагаад аваарай гэсэн болно. Гэтэл анхан шатын шүүх миний шаардах эрх 2016 оны 7 сард үүссэн 2019 оны 7 сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн боловч бидний хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон боловч барьцааны зүйлийг буцаан өгөөгүй эзэмших, ашиглах эрхийг өөртөө шилжүүлж авсан, миний нэхэмжлэлийн шаардлага эрх шилжүүлэх тухай тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74.2-т заасан зохицуулалтыг шүүх тайлбарлан хэрэглээгүй, энэ талаар шүүх хуралдааны мэтгэлцээний явцад тодруулаагүй, нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь миний бие энэ хугацаанд хариуцагч Б.Заас удаа дараа дугаараа буцаан шилжүүлэхийг шаардаж утсаар ярьж, уулзаж байсан бөгөөд надаас өөрөө мөнгө нэмж шилжүүлвэл өгнө гэдгээ өнөөдрийг хүртэл хэлж байсан. Ингээд намайг шүүхэд нэхэмжлэл гаргангуут дугаарыг өөр хүнд хурдан шилжүүлснээр нотлогдож байна. Хэрэв хууль ёсоор авсан өөрийнх нь дугаар байсан бол ингэж яарч сандран хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дугаарыг шилжүүлэх үү гэдгийг харгалзан үзнэ үү. Б.З нь нэмж 20 000 000 төгрөг өгчих юм бол дугаарыг буцаагаад шилжүүлчихнэ гэж хэлж байсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрч байсанд тооцогдох бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Мөн хуульд шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, миний зөрчигдсөн эрхийг хамгаалах эрх нь анхан шатны шүүхэд байсан тул давж заалдах шатны шүүхээс хүсэхэд хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзвэл сэргээж иргэн миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, А.Аийн зөрчигдсөн эрхийг сэргээж, 00000000 дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б.Зд холбогдуулан 00000000 дугаар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд зээлийн мөнгөн хөрөнгийг харилцан шилжүүлсэн түүнтэй холбоотой 00000000 дугаарын эзэмших эрхийг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчдын гаргасан тайлбарт талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж заасан байх боловч зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний харилцаа үүссэн эсэхийг анхан шатны шүүх дүгнэх учиртай.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж заасан бөгөөд уг шаардлагыг биелүүлээгүй бол хүчин төгөлдөр бус байх талаар мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дах хэсэгт заасан байдаг. Иймд зохигчдын хооронд байгуулагдсан гэх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх дүгнээгүй байхад барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх нь эргэлзээтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Аийг хариуцагч Б.Заас зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор барьцааны гэрээний үүрэг дуусгавар болж, барьцаа хөрөнгийг буцаан шаардах эрхтэй боловч талуудын хэн алины шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Талуудын хооронд тухайн дугаар эзэмших эрх буюу эд хөрөнгийн ямар эрх, түүнтэй холбоотой харилцаа үүссэнийг зөв тодорхойлсноор шаардах эрхийн үндэслэл, уг эрхийг үгүйсгэх нөхцөл байдал буюу хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь хамаарна. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч А.А нь өөрийн 00000000 дугаарыг эзэмших эрхээ Б.Зтай байгуулсан зээлийн барьцаанд түүний нэр дээр шилжүүлсэн, зээлийн төлбөрийг төлж дуусгаснаар барьцааны гэрээ дуусгавар болсон гэж, харин хариуцагч Б.З А.А надаас 2013 оны 12 дугаар сард 15 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Харин тухайн дугаарыг би 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.М гэдэг хүнээс 10 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэж талууд өөр өөрөөр тайлбарлаж байгаа тохиолдолд зохигчдын хэн нь маргааны зүйл болох 00000000 дугаарыг хууль ёсоор эзэмших эрхтэй этгээд болохыг тодруулах шаардлагатай.
Нэхэмжлэгч нь 00000000 дугаарын эзэмших эрхийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор, барьцаа хэлбэрээр 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Н ХХК-д, 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Д ХХК-д, 2012 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Н.Мд, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Н.Мгаас Б.З нарт шилжүүлж, дээрх хугацаанд тус дугаарыг өөрөө ашиглаж байсан. Харин хариуцагч нь 00000000 дугаарыг хууль ёсоор өөрийн эзэмшилд ямар үндэслэлээр шилжүүлэн авсан нөхцөл байдлын талаар эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Дээрх үндэслэлээр шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/01939 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ