Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/594

 

Г.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор  Г.Ариунзул,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,

шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Л.Чинбат,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/230 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Т-д холбогдох 2305 00000 0342 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ын Т, 1997 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ... нарын хамт Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Г.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод иргэн Н.У-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хөлөөрөө хэвлийн тус газарт нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас Н.У- нь Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хүргэгдэн, эрчимт эмчилгээний тасагт 12 хоног хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: Г.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Г-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Г.Т-ыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Г.Т-ын цагдан хоригдсон 260 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Г.Т-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор,

хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Т- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.4.1 дэх заалтад тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х нь гэм хор учруулсны төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т-оос 2.599.700 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. ...Анхан шатны шүүхээс Г.Т- нь Н.У-ын үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтлийг учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж, Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар гэм буруутайд тооцож, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Амь хохирогч Н.У-ын хувьд Г.Т-ыг огт танихгүй бөгөөд хувийн таарамжгүй харилцаа огт үүсгээгүй, тухайн хэрэг болсон өдөр Г.Т- нь Н.У-ын байсан газар нь явж очин, үгийн зөрүүгүй, ямар ч шалтгаангүйгээр Н.У-ыг өшиглөж унагаан, тархи толгой, гэдэс хэвлий рүү нь олон удаа өшиглөж, босч чадахгүй байхад нь хаяад явсан. Г.Т-ыг анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээсэн гэж дүгнэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдэл дээр маргасан гэж үзэхээр буюу аргагүй хамгаалалтын улмаас хохирогчид хохирол учруулсан мэтээр мэдүүлэг өгсөн нь иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтэд нөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл, хэргийн бодит байдлын хувьд гэрч Т.Б-ийн “Үгийн зөрүүгүй Д, У-, Д бид нарыг зодсон, У-ыг газар унагаж, нүүр болон гэдэс, нуруу, толгой хэсэг рүү өшиглөж, дэвсэж, зодсон”, гэрч З.Г-ын “Т- хашаа руу ороод дотор нь байсан эрэгтэй хүмүүс рүү дайрч давшлан, хүн бүрийг 1-2 удаа гараараа цохиж, зодсон. Мөн ганцаараа зогсож байсан эрэгтэй хүн рүү явж очоод нүүр рүү нь цохиход Б- ах явж очоод хамт ноцолдож байгаад Т- араас нь нугас руу нь хөлөөрөө тийртэл нөгөө эрэгтэй газарт унахад Т- баруун хөлөөрөө гэдэс рүү нь 1-2 удаа өшиглөөд, үргэлжлүүлэн толгой руу нь бас 1-2 удаа өшиглөсөн, газар унасан хүний нүүр нь цус болсон байсан”, гэрч П.Д-н “У- манайд ирэхдээ ямар нэгэн шарх сорви байхгүй, эрүүл, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ирсэн. У-ыг Б-тай ирсэн хүмүүс л зодсон”, гэрч О.Д-гийн “Тухайн залуучууд гав, бороохой, хутга гартаа барьсан байсан. У-ын гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн”, гэрч Э.З-ын “Б-ын дагуулж ирсэн залуучууд хүн бүрийн нүд рүү шингэн цацаад байсан, монгол гэрийн гадаа пижигнэлдээд Б-ын дагуулж явсан залуучууд монгол гэрээс гарч ирсэн хүмүүсийг зодоод байсан” гэсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэд үхэлд хүрсэн гэмтлээс гадна талийгаачийн биед хийгдсэн Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн толгойн соронзон резонаст компьютер томограф шинжилгээгээр талийгаачид бага тархины зүүн дэлбэн, уртавтар тархины голомтлог няцрал гэмтэл тогтоогдсон.

Түүнчлэн, мөрдөгчийн тогтоолд тусгасан амь нас аврагдах боломжтой гэсэн асуултад Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 674 дугаартай дүгнэлтийн 10, 11-д талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн байна гэж оновчгүй хариулсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс дээрх шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлэгтэй холбоотойгоор шинжээч эмчийн мэдүүлэгт тусгагдаагүй зүйлийг тодруулахаар анхны шүүх хуралдаанаар шинжээч эмчийг оролцуулах хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжаар шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшилсон боловч дараагийн шүүх хуралд шинжээч эмч ирээгүй тул шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Үүнд амь хохирогчид учруулсан гэмтэл нь яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байсан, аль эсхүл анхнаасаа амь нас аврагдах боломжгүй гэдэгт ямар ч хариултгүй, шинжээч эмчээс тодруулах зүйлээ тодруулж чадаагүй, оролцогчийн эрх хязгаарлагдсан шүүх хуралдаан болсон.

Хүнийг алах гэмт хэргийг гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцдог бөгөөд үхэлд шууд хүргэсэн, эсхүл хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Анх прокурорын зүгээс Г.Т-ыг хүнийг алах гэмт хэргээр зүйлчлээд явж байсан боловч хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө хэргийн зүйлчлэлийг өөрчлөөд шүүхэд шилжүүлсэн. Тиймээс хэргийг тал бүрээс нь бодитой хянаж, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Л.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан” гэж байна. Гэвч энэ талаар давж заалдах гомдолдоо дурдаагүй орхигдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор  Г.Ариунзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээч ирээгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх хойшилсон. Дараагийн хурал дээр мөн адил хүсэлт гаргахад шинжээчийн мэдүүлэг хавтаст хэрэгт дэлгэрэнгүй авагдсан, заавал оролцуулах шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааныг явуулсан. Хувийн таарамжгүй харилцаанаас шүүгдэгч Г.Т- өөрөө Ж.Б- гэх хүнийг дагаж очсон байдаг. Амь хохирогч Н.У- нь Ж.Б-тай өмнө нь хувийн таарамжгүй харилцаатай байсан. Шүүгдэгч Г.Т-ын хувьд хамт очсон ахыг нь зодож зохиж, өшиглөхөд нь очиж өшиглөж байгааг прокурорын зүгээс ингэж дүгнэсэн. Хүнийг алах гэмт хэрэг нь хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүссэн хохирлыг санаатайгаар учруулдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн хувьд хөнөөх санаа зорилго агуулаагүй, гэмтэл учруулдгаараа ялгаатай. Анх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг санаатай алахаар зүйчилсэн байсан. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 3 удаагийн дүгнэлт гарсан. Дараа нь бүрэлдэхүүнтэй шинжээч томилон шинжилгээ хийлгэхэд хуучин гэмтэл байна гэсэн дүгнэлт гарсан Хэргийн материалтай танилцаж, нотлох баримтыг үндэслээд шүүгдэгчийн үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас шүүгдэгч Г.Т-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзээд анхан шатны шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. П.Д-, Н- гэх хүмүүс зодсон гэж ярьдаг. Дараа нь гэрчийн мэдүүлэг авахад зодож, цохиогүй, зугтааж явж байгаад толгойгоо бэртээсэн, амь хохирогчийн заазуурыг авах гэж байгаад гараа бэртээсэн гэдэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж үзнэ үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос Г.Т-ыг “2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Н.У-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хөлөөрөө хэвлийн тус газарт нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас Н.У- нь Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хүргэгдэн, эрчимт эмчилгээний тасагт 12 хоног хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6 дахь заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь буруу байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

  1. Хэргийн зүйлчлэл тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

      Гэмт хэргийг субъектив шинжээр зүйлчлэхэд нийгэмд аюултай хэрэгт гэм буруутай этгээдийн хандсан сэтгэхүйн харьцааны бодит агуулга болон тодорхой төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийн хоорондын нийцэл тохироог анхаарч үздэг. Гэм буруутай этгээдээс тухайн төрлийн гэмт хэрэгт харьцсан оюун санааны болон хүсэл зоригийн агуулгаар санаатай болон болгоомжгүй гэмт хэргийг ялган зүйлчилдэг.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргээс ялган зүйлчлэхийн тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг тал бүрээс нь харгалзан үзэж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т-ыг амь хохирогч Н.У-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулахдаа амь насыг хохирооход чиглэсэн санаа зорилгогүй байсан гэсэн үндэслэлээр прокуророос Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд, Ж.Б- нь гар утсаар Э.З-, П.Д- нартай маргалдаж, улмаар Б.С-, Э.Бямба-Очир, Б.Баяржаргал, З.Гантогтох, шүүгдэгч Г.Т- нарын хамт бороохой, хутга, гав, газ зэрэг эд зүйлсээр зэвсэглэж Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-1 дүгээр гудамжны 11 тоотод очсон, тухайн хашаанд байсан олон хүнийг зодсон,

улмаар Г.Т- нь амь хохирогч Н.У-ыг өшиглөж унагаан, улмаар хэвлий, толгой хэсэг рүү нь өшиглөсний улмаас Н.У-ын эрүүл мэндэд нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт бүхий хүнд хохирол учирч, Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, үхжилээр хүндэрч 12 хоногийн дараа нас барсан байна.

Хүний халдашгүй байдалд хууль бусаар халдаж, хэвлий хэсэг рүү цохих буюу өшиглөхөд хохирогчийн бие махбодид аливаа гэмтэл, хохирол учирч болохыг, учрахыг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлах боломжтой юм.

Шүүгдэгч нь ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хохирогчийг өшиглөж унагах, унасан байхад нь хэвлий, толгой руу нь олон удаа өшиглөсөн санаатай үйлдлээрээ шууд бий болгосон гэж үзэхээр байна.

Түүнчлэн, хүнийг санаатай алах болон хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхэд амь хохирогч гэмт этгээдийн хууль бус үйлдлийн улмаас авсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотойгоор нас барсан эсэх буюу үхлийн шалтгаан нь гэмтэлтэй шууд холбогдох эсэх, нас барахад хохирогчийн архаг хууч өвчин, гэмт этгээдээс өөр эх сурвалжаас авсан гэмтэл нөлөөлсөн эсэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн эсэх нь ач холбогдолтой.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 674 дүгээр дүгнэлтээр амь хохирогч нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, үхжилээр хүндэрч нас барсан, үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байснаас гадна түүнд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн болох нь тогтоогдсон ба энэхүү дүгнэлтийг Шүүх шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 713 дугаар дүгнэлтэд үндэслэлтэй болохыг дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, амь хохирогч Н.У-ын хэвлийдээ авсан гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан байх тул Г.Т-ыг үйлдэлдээ санаатай, хохирогчийн амь насанд болгоомжгүй хандсан гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай, хэргийн үйлчлэл хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн нь шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

  1. Нотолбол зохих байдал бүрэн гүйцэд нотлогдоогүй, шалгавал зохих зарим зүйлсийн талаар.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд Г.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхаарч үзээгүй орхигдуулсан нөхцөл байдлын талаар зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай ба энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” зарчимд нийцнэ гэж үзэж, дараах хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийлээ.

    1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг мөрдөн шалгах, шүүх хуралдааны явцад нотлохоор заасан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Г.Т- нь ямар сэдэлт, зорилгоор нэр бүхий хүмүүсийн эсрэг халдан довтолсон болох, ийнхүү хүч хэрэглэн халдах болсон шалтгаан, нөхцөлийг бүрэн тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл, гэрч Ж.Б- нь гэрч П.Д-тай маргалдаж, улмаар Г.Т-, Б.С-, Э.Б, Б.Б, З.Г нарын хамт тэдний гэрт очсон гэх боловч ийнхүү очих болсон шалтгаан, тэдгээр нь гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн байсан эсэх, шүүгдэгчээс бусад оролцогчид гэмт хэрэг үйлдэхээр хамтран оролцсон эсэх зэрэг нөхцөл байдлыг оролцогчийн үйлдэл, оролцоо тус бүрээр нарийвчлан, зааглаж дүгнэлт хийх шаардлагатай.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газар байсан этгээдүүдийн зан үйлийг тус тусад нь биш, харин бүх оролцогчдын зан үйлийг нарийн уялдаа холбоотойгоор хамтатгаж авч үзвэл зохино.

Хэрвээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэвэл хамтран оролцогчдын хамтын хүчин чармайлтын үр дүнд ямар хор уршиг учирсан, учирч болох байсныг тодруулах шаардлагатай ба энэ нөхцөл байдлыг тодруулах нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болох хэмжээ хязгаарын тухай асуудалд зөв хариулт өгөх үндэс болно.

    1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Н.У- “...Намайг Ж.Б- хавирч унагаасан. ...Ж.Б- нь нүүр, ам руу цохисон. ...” гэж /1хх 47-48/,

гэрч Т.Баясгалан: “…175см орчим өндөртэй, 20 орчим насны залуу Н.У-ын гэдэс хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Түүний араас ганц нэг өөр залуучууд ирээд Н.У-ын толгой, нуруу руу нь өшиглөөд байсан. ...Тэр олон залуучуудыг хар өнгийн савхин хүрэмтэй, цэнхэр жинсэн өмдтэй, 40 орчим насны, 170 см орчим өндөртэй, туранхай, бараан царайтай эрэгтэй гартаа хүрзний иш ариад удирдаад яваад байсан. Мэр сэр тэр хүрзний ишээрээ П.Н- ахын нуруу руу нэг удаа, Н.У-ын нуруу хэсэгт нэг удаа цохисон. ...тэнд байсан залуучууд бүгд зодсон. Өндөр, савхи өмссөн залуу голчлон зодсон. ...” гэж /1хх 55, 96/,

гэрч С.Э: “...Ж.Б- бид нарын нүд рүү газ цацаад, улмаар бид нартай зодолдож эхэлсэн. ...” гэж /1хх 51-52/,

гэрч З.Г: “...Хугарсан хүрзний ишийг Б.С- аваад буцаагаад хашааны дотор талд байсан хэн нэгнийг цохиход эмэгтэй хүн “Ёооё, хүн аллаа шүү дээ” гээд чанга орилсон. ...Б.Т- хашаа руу ороод дотор нь байсан эрэгтэй хүмүүс рүү дайрч давшлан хүн бүрийг нэг хоёр удаа гараараа цохисон. ...Ж.Б- ах явж очоод хамт ноцолдсон. ...” гэж /1хх 111-113/,

гэрч П.Д-: “...Нэг залуу нь шууд миний нүүр рүү газ цацсан. ...газ цацсан залуу нь шууд миний нүүр рүү цохисон. ...Манай эхнэр цагдаад дуудлага өгөх гэсэн чинь шууд газ цацаад, хүрзний иш хугалж байгаад дух руу нь цохиод гараад явчихсан. ...” гэж /1хх 63/,

гэрч Э.З-: “...Нэг нь намайг танихгүй, нүүр лүү цохиод, тэр залуутай барьцалдаж авсан. Монгол гэрийн гадаа пижигнэлдээд, Ж.Б-ын дагуулж явсан залуучууд монгол гэрээс гарч ирсэн хүмүүсийг зодоод байсан. ...” гэж /1хх 73/,

гэрч Б.Б: “...Б.С- хүрзээр цохиулсандаа хальт унаад буцаж босч ирээд Н.У-ын нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. ...Ж.Б-д хавируулж газар унасан Н.У-ын нүүр нь цус болчихсон. ...Ж.Б- Н.У- руу явж очоод хавирч газар унагаачихаад Г.Т-той хамт заазуур барьсан эрэгтэйн гаран дахь заазуурыг нь тавиулах гээд хэсэг ноцолдсон. ...Ж.Б-ын хувьд тэнд дагуулж очсон Б.С-, Г.Т-, Э.Б болон “Prius”-ын жолооч эрэгтэй нарыг хэл амаараа удирдаад, Н.У-ыг хавирч унагасан. ...” гэж /1хх 83-84/ тус тус Г.Т-оос гадна хэрэг үйлдэгдэх үед байсан бусад хүмүүс бусдын халдашгүй байдалд халдсан, амгалан тайван байдлыг алдагдуулсан хууль бус үйлдэл гаргасан асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогоогүй, прокурор зохих хяналт тавиагүй байна.

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2898 дугаартай дүгнэлт /1хх 160-161/-ээр гэрч О.Д-ын биед духанд сорви гэмтэл учирсан болохыг, 2891 дугаартай дүгнэлт /1хх 165-166/-ээр гэрч П.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан буюу сарвуунд шарх гэмтэл тогтоогдсон болохыг, 2893 дугаартай дүгнэлт /1хх 169-170/-ээр гэрч П.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан буюу зулайд шарх гэмтэл тогтоогдсон нь дээр дурдсан үйл явдлыг давхар нотолж байна.

Гэтэл, хохирогч, гэрч нарын эрүүл мэнд, халдашгүй байдалд нүд рүү нь шингэн цацсан /газ гэх/, хүрзний ишээр цохисон, хавирч унагасан, цохисон зэрэг үйлдлүүд нь Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд дүгнэлт өгөлгүй орхигдуулжээ.

Шүүгдэгч, нэр бүхий гэрч нар нь бусдын халдашгүй байдалд хууль бусаар, хүч хэрэглэж халдсан, зүй бус авирласан, амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

    1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Н.У-, гэрч О.Д-, Э.З-, П.Д- нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Ж.Б-, Г.Т-, Б.С-, Э.Б, Б.Б нар нь ирэхдээ хутга, бороохой, гав, газ зэрэг эд зүйлсийг барьж ирсэн, улмаар бусдын эсрэг халдах, зодохдоо тэдгээр эд зүйлсийг ашигласан талаар тус тус мэдүүлжээ.

Энэ нь гэмт хэрэг үйлдэгдэх үед байгаагүй боловч гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанаас өмнө шүүгдэгч болон нэр бүхий гэрч нартай хамт байсан гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...Ж.Б-, Э.Б, Б.С-, Г.Т-, Б.Б нар буудлаас гарахдаа ширээний шургуулгад байсан нэг ширхэг газыг Б.С- ах аваад гарсан. ...Ж.Б- ах биедээ байнга газ авч явдаг. ...Г.Т- согтуудаа Э.Б ах руу уурлаад “Та яах гэж хутга авч гарсан юм бэ” гээд уурлаад байсан. Г.Т-ыг тэгж хэлж, уурлахад нь би 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тэр хэдийг буудлаас гарахад Э.Б ах бид нарын хоол хийдэг хутгыг авч гарсныг мэдсэн. ...” /1хх 79-81/ гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл нь эд мөрийн баримт болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...техник, хэрэгслийг ойлгоно” гэж зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл нь анхдагч, шууд нотлох баримт болох тул хуульд зааснаар тэдгээрийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцох учиртай.

Гэвч мөрдөн шалгах ажиллагаагаар гэрчийн мэдүүлгүүдэд дурдагдсан эд зүйлийг олж тогтоох, үзлэг хийх, хураан авах ажиллагаа огт хийгдээгүй, прокурор хяналтаараа энэхүү дутагдал, зөрчлийг илрүүлээгүй, зохих ёсоор хяналтаа тавьж чадаагүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/230 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Г.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/230 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Шүүгдэгч Г.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ