| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | Шийдвэр 128/2025/0707/З |
| Дугаар | 128/ШШ2025/0719 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2025/0719
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “” ХХК /РД:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С, Ц.Ч,
Хариуцагч: Т улсын байцаагч Р.Б,
Хариуцагч: Т улсын байцаагч С.Г,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А,
Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн НА- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Ц.Ч, хариуцагч Р.Б, С.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: “Т улсын байцаагч Р.Б, С.Г нарын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн НА- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
Нэг. Хэргийн үйл баримт, процессын талаар:
1. Т улсын байцаагч Р.Б, С.Г нар Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн татварын хяналт шалгалт хийх 2124602675 тоот албан томилолтын дагуу "" ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Хялбаршуулсан-Хэсэгчилсэн” хяналт шалгалтыг хийж, тус хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актаар 8,536,567,638.35 төгрөгийн нөхөн татвар, 4,268,283,819.2 төгрөгийн торгууль, 1,331,178,216.89 төгрөгийн алданги, нийт 14,136,029,674.44 төгрөгийн татвар төлүүлэхээр шийдвэрлэжээ.
2. "" ХХК-аас дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, маргаан таслах зөвлөлөөс гомдлыг хянаж 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Улмаар Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч "" ХХК нь Т улсын байцаагч Р.Б, С.Г нарт холбогдуулан тус шүүхэд гаргасан 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн НА- дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2025/5088 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Хоёр.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ... Хариуцагч нь “Нөхөн ногдуулалтын акт"-ыг үйлдэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 хэсэг "Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:", 14.6.4 заалт "тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;" заалтыг үндэслэжээ.
2. Тодруулбал, Нэхэмжлэгч нь тайлант хугацаанд 27,677,327,502.49 төгрөгийн дүн бүхий 189 удаагийн худалдан авалт хийсэн баримт байх ч эдгээр бараа материал нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар зохицуулсан "тайлант хугацааны татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй байна” гэж дүгнэн “Акт"-ын "Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар" хэсгийн 2 дахь заалтаар хариуцлага оногдуулсан.
3. Нэхэмжлэгчийн 189 удаа бараа материал худалдан авсан, ажил гүйцэтгэсэн гэх боловч хий бичилт бүхий баримтаар албан татвараас хасагдах зардалд тусгасан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага:, 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.3. "зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх", 13.1.4. "доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх", 13.1.4.а. “энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил үйлчилгээний зардал” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэн "Акт"-ын "Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар" хэсгийн 1 дэх заалтаар хариуцлага оногдуулсан.
4. Түүнчлэн, “нөхөн ногдуулалтын акт”-д “... бараа материал худалдан авсан, ажил гүйцэтгэсэн гэх боловч хий бичилт бүхий баримтаар албан татвараас хасагдах зардалд тусган...” гэх агуулга тусгажээ.
5. "Хий бичилт" гэх ойлголт нэр томьёо татварын хууль тогтоомжид огт байхгүй тус захиргааны актын үндэслэл болохгүй юм. Харин агуулгын хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 хэсэгт "Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасаж тооцохгүй.” хэмээн хуульчилсантай уялдах боломжтой гэж үзэж болох юм. Тус зохицуулалт нь татвар төлөгчийн худалдан авалт хууль бус, худалдан авалтын явцад албан татвар огт төлөөгүй эсхүл албан татвар төлсөн нь нотлогдохгүй байгаа тохиолдолд хэрэглэгдэхээр хуульчлагдсан.
6. “Төлбөрийн баримт"-ын "Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан"-аас ялгарах гол онцлог нь "нэгдсэн системээр баталгаажсан байх” бөгөөд тус ялгааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 4.1.14 хэсэгт тодорхой хуульчилсан.
7. Нэхэмжлэгчийн 189 удаагийн худалдан авах ажиллагаа бодитой хийгдсэн болох нь дахин давтагдашгүй дугаар бүхий татварын нэгдсэн системээр баталгаажсан төлбөрийн баримт, банкны харилцах дансаар хийгдсэн гүйлгээний баримтуудаар нотлогдох бөгөөд тухайн цаг хугацаандаа хийгдэж баталгаажсан, хэн ч нөхөн үйлдэх боломжгүй. Түүнчлэн хуульд заасан бусад баримт бичгүүдээр нотлогдож байгаа тул хий хоосон бичилт гэж үзэх үндэслэлгүй.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Хариуцагч нөхөн ногдуулалтын актын зөрчил гэж үзэж хариуцлага оногдуулсан. Энэ хуулийн үндэслэлийн талаар товчхон тайлбарлая. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.4-т тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ гэсэн заалтыг зөрчсөн гэж акт тавьсан. Тодруулбал, 27 тэрбум төгрөгийн дүн бүхий худалдан авалт хийж 2,2 тэрбум төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн баримт бичиг байх ч эдгээр бараа материал нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар зохицуулагдсан тайлант хугацааны татвар ногдох бараа, ажил үйлчилгээтэй хамааралгүй байна гэж дүгнээд актын 2 дахь заалт дээр 14 дүгээр зүйлийн 14.6.4-г үндэслэжээ. Мөн нэхэмжлэгч нь 189 удаагийн бараа материал худалдаж авсан, ажил гүйцэтгэсэн гэх боловч хий бичилт бүхий баримтаар албан татвараас хасагдах зардалд тусгасан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.4 гэсэн заалтыг зөрчсөн байна гэх үндэслэлийг актын 1 дэх заалтаар оруулсан. 2 дахь заалтыг эхэлж дурдаж байгаагийн тухайд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.4-ийг зөрчсөн, үүнтэй холбоотойгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа учраас 2 дахь заалтыг нь эхэлж тайлбарлаж байгаа. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчимтай. Акт дээр “...энэ хуулийн зүйл заалтыг зөрчсөн байна” гээд тодорхой бичих ёстой. Гэтэл “хий бичилт бүхий баримтаар” гэсэн байх бөгөөд хий бичилт гэсэн нэр томьёо орж ирээд байгаа нь захиргааны актын үндэслэл мөн эсэх. Хэрэв хий бичилт гэдэг нь захиргааны актын үндэслэл юм бол хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэж ямар хуулийн зүйл заалт байгаа нь ойлгомжгүй байна. Хий бичилт гэх нэр томьёо олон жил татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд яригдаж байгаа. Гэтэл энэ нэр томьёо нь 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль батлагдахаас өмнө, цаасаар 3 хувь үнэт цаас дээр бичигддэг байсан бөгөөд 1 хувь нь борлуулагчид, бэлтгэн нийлүүлэгчид, дараагийн хувь нь татварын албанд очдог байсан. Харин борлуулагч этгээд зөвхөн 2 дахь хувийг бэлтгэн нийлүүлэгчид өгөөд үлдсэн 2 хувийг нь хаячихдаг байсан. Тэр нь цахим систем хэрэгжээгүй байсантай холбоотойгоор зөрчил үүсгээд, тухайн үед 3 мянган аж ахуйн нэгжийн 5 мянган иргэнд холбогдсон том эрүүгийн хэргийн процесс үргэлжилж байсан. Өнөөдөр бид цахим системд шилжсэнтэй холбоотойгоор хий бичилт гэх нэр томьёог хэрхэн ойлгоод байгааг мэдэхгүй байна. Хэрэв хий бичилт гэж үзэж байгаа бол үндэслэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт буюу албан татвар суутган төлөгч нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримт бичигт огт тусгагдаагүй бол хий бичилт рүү дөхөх боломжтой байдаг. Хэрэв тэгж үзэж байгаа бол үндэслэлээ 14 дүгээр зүйлийн 14.5-аар авах ёстой байсан уу гэх ойлголт гарч ирж байна. Төлбөрийн баримтын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаас ялгарах гол онцлог нь нэгдсэн системээр баталгаажсан байх бөгөөд энэ ялгааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 4.1.14-д тодорхой тусгаж өгсөн байгаа. Бидний зүгээс татварын хяналт, шалгалтад өгсөн материал, үйл ажиллагаа хууль тогтоомжид бүрэн нийцсэн учраас актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дүгээр зүйлийн 17.1.3-т Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй гэж заасан. Хууль зөрчсөн бол Зөрчлийн тухай хууль яригдана. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1.2.4-т энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан байна. Татварын ерөнхий хуульд төсөөтэй хэрэглэж болно гэсэн заалт байхгүй. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.1-д Үндсэн хууль Татварын хууль тогтоомжийг бүрдэл хэсэгт хамгийн эхэнд бичигддэг дээд эрэмбэтэй байгаа. Татварын ерөнхий хуулиар татварын хуулийг төсөөтэй хэрэглэх талаар зохицуулаагүй бөгөөд Үндсэн хуулийн зарчим нь төсөөтэй хэрэглэхгүй гэсэн зарчимтай. Дээрхээс дүгнэвэл Татварын ерөнхий хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэдэг логик дүгнэлт гарч ирж байна. Татварын хэмжээг бууруулсан гэдгийг задлаад Татварын ерөнхий хуулиас харахад 3 зорилгыг бичсэн байна. 1. Татвар төлөхгүй байх, 2. Төлөх татварын хэмжээг бууруулах, 3. Татвар ногдох зүйлийг нуух зорилгоор гэж байна. Манайх татвар ногдох зүйлийг нуугаагүй гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Учир нь орлого дээр ямар ч асуудал байхгүй гэж тайлбарласан, үүнтэй санал нэг байна. Одоо эндээ татвараас зугтаасан уу, татварын хэмжээг бууруулсан уу гэдэг асуудал үлдсэн. Татвар төлөгч хуулийг төсөөтэй хэрэглээд байгаа учир үүнд анхаарал хандуулна уу гэх саналыг гаргаж байна. Манай төлөөлөгч Д.С тайлбартаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөр 2 нь тусдаа ойлголт гэдгийг хэллээ. Хууль болон хэм хэмжээний актуудыг хооронд нь харьцуулаад харахаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон төлбөрийн баримт нь хоорондоо адилхан харагдаад байгаа. Гэхдээ хамгийн гол нь нэгдсэн систем баталгаажих тухай асуудал. Нэгдсэн систем гэдэг нь баталгаажуулах, хянах бүх процесс. Д.С төлөөлөгчийн хэлсэнчлэн өмнө нь 3 хувь үйлдээд 2 хувийг хаядаг байсан бөгөөд түүнээс сэргийлж хяналт, шалгалтыг цахимаар хянаж, шалгаж, баталгаажуулж байгаа” гэв
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:
1. НА- дугаартай нөхөн ногдуулалтын актын хувьд: Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас "тус газрын эрүүгийн 2302003760085 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад "" ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар бүрдүүлэн татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэнэ үү" гэсэн утгатай 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16/418 дугаар албан бичгээр холбогдох мэдээллийг Татварын ерөнхий газарт ирүүлсэн.
2. Дээрх мэдээллийн дагуу Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т "Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана", 41.11.1-т "Татварын алба, татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийхийг хориглоно", 35 дугаар зүйлийн 35.10-т "Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно", 35 дугаар зүйлийн 35.11-т "Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны журмыг эрсдэлийн удирдлагын стандартад нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж, Сангийн сайдын 2019 оны 305 дугаар тушаалаар баталсан "Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-ын 6.8-д "Татварын албаны холбогдох нэгжийн болон хувь хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт, гомдол, удирдамж, чиглэлийн дагуу тухайлан баталсан шалгуур үзүүлэлтээр тооцоолсон татвар төлөгчийн эрсдэлийн түвшин, татварын албаны тодорхойлсон бусад эрсдэлд үндэслэн хяналт шалгалтад шилжүүлж болно" гэж тус тус заасан хууль журмын зохицуулалтаар татвар төлөгчийг хүсэлтээр нь, эсхүл эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт шалгалтад хамруулах ба эрсдэлийг хуульд заасан хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу холбогдох шалгуур үзүүлэлтээр тооцоолсон эрсдэлийн түвшинд үндэслэн Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын Хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн татварын хяналт шалгалт хийх 2124602675 тоот албан томилолтын дагуу "" ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “хялбаршуулсан-хэсэгчилсэн” хяналт шалгалтыг хийсэн.
3. Бараа материал худалдах, худалдан авах гэрээ хийсэн нэр бүхий 31 компанийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн сан "opendata" нээлттэй сайтаас нягталж үзэхэд ихэнх компаниуд 2020 оны 6-10 дугаар саруудад Улаанбаатар хот, Б,,, тоот хаягт (нэг хаягт) иргэн Х.Х үүсгэн байгуулсан, гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн. Санхүү татварын тайлан нь нягтлан бодох бүртгэлийн стандартын бодит байх зарчмыг хангаагүй байсан.
4. Тухайн нэр дурдсан борлуулагч нараас бараа материалын худалдан авалт хийсэн талаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт нь хэлбэрийн хувьд бүрэн байгаа боловч, уг худалдан авалт нь бодитой байсан эсэхийг нягтлахаар татвар төлөгчөөс нэмж 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр (баримт бичгийн хүсэлт-2)-оор худалдан авсан бараа материалаа "" ХХК-д борлуулсан, борлуулагч тал хүлээн авсан талаарх тооцоо нийлсэн акт (бусад нотлох баримт) байгаа эсэхийг татвар төлөгчөөс удаа дараа шаардсан боловч, томилолтын хугацаанд ирүүлээгүй тул татвар төлөгчөөс ирсэн баримтын хүрээнд татварын хяналт шалгалтыг хийж дуусгасан.
5. Иймд "" ХХК-ийн худалдан авалт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан "Нягтлан бодох бүртгэлийн зарчим", 5.1-д "Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална: /.../ 5.1.3. жинхэнэ хэрэгжилтийн; 5.1.4. үнэн зөв байх; 5.1.5. хэмжигдэхүйц байх; /.../" гэх мэт зарчимд нийцээгүй.
6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл "Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага", 13.1-д "Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:", 13.1.3-т "зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх;" Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд "Албан татварт хасалт хийх" 14.6-д "Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.6.4.тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ" гэж заасан заалтуудыг зөрчиж байх тул Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу "Нөхөн ногдуулалтын акт" үйлдсэн.
7. Хариуцагч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Тагнуулын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16/418 тоот албан бичгээр “” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамчаар бүрдүүлэн татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хянан үзэж зохих журмын дагуу шийдвэрлэнэ үү гэх албан бичиг манайд ирсэн. Үүний хавсралтын тогтоогдсон нөхцөл байдалд “” ХХК-ийн зарим баримт жинхэнэ боловч баримтаар нотлогдоогүй, мөн хуурамч баримт шивүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэх 2 нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн. Бид 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2124602675 тоот татварын хяналт шалгалтыг хэсэгчилж хийх томилолт орсон. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Энэ хугацаанд баримтуудыг хүлээж авсан, ажлын байранд ажилласан. Нийт нэр бүхий 31 худалдан авагчаас “” ХХК худалдан авалт хийсэн байсан. Уг 31 компанийг Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлах opendata нээлттэй сайтаас нягталж үзэхэд бүгд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 15 дугаар байрны 29 тоот хаягт бүртгэлтэй иргэн Х.Хын үүсгэн байгуулсан компани байсан. Бид тухайн худалдан авалт нь бодитой эсэхийг нягтлахаар хяналт шалгалтыг хийсэн. Биднийг очиход нягтлан бодох бүртгэлийн хувьд анхан шатны баримтыг хангахуйц байсан. Бидний зүгээс анхан шатны баримт бодитой эсэхийг нотлоход “” ХХК-аас барааг нийлүүлсэн гэдэг худалдан авах гэрээ, акт хүлээлцсэн баримт байвал ирүүлээч гэхэд хяналт шалгалтын явцад ирүүлээгүй. Энэ худалдан авалт нь үнэхээр бодитой байсан уу гэдгийг тогтоохын тулд татварын нэгдсэн системд бүртгэлтэй нэр бүхий 31 компанийн борлуулалтыг харах эрхтэй байдаг. Мөн тухайн компаниуд нь үнэхээр бараа материал борлуулдаг эсэх зэргийг санхүүгийн программаас шүүгээд харахад 2020 онд 5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгээд, борлуулсан бүтээгдэхүүний өртөг гэж зардалдаа оруулаад төсөвт төлөх татвараа бууруулсан байсан. Нөгөө компани нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй байсан бөгөөд орлогоо тайлагнасан эсэхийг харахад тухайн компани татвараа тайлагнаад явж байгаад, чөлөөлөгдөх хэсэгт тайлагнаад татварын үлдэгдэл 0 гэж тайлагнасан байсан. Өөрөөр хэлбэл татвар ногдуулаагүй гэсэн үг. Бусад худалдан авалт, падааны тухайд тухайн 31 компанийн санхүүгийн бүртгэл, татварын тайлан ямар байдаг, тухайн компаниуд үнэхээр үйл ажиллагаа явуулдаг уу гэдгийг бид шалгасан. Тэгэхэд бараа материалын үлдэгдэл байхгүй, татварын ногдол дээр худалдан авалт, борлуулалт, худалдан авалт, борлуулалт гэж тэнцүү явсан, ноогдол нь маш бага буюу 100 төгрөг, 200 төгрөг байсан. Дансаа хөдөлгөх зорилгоор 100 төгрөг төлөлт хийдэг компани байсан. Эдгээр 31 компани бүгд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй. “” ХХК-ийн хувьд нягтлан бодох бүртгэлийн дахин давтагдашгүй дугаар, нэр бүхий 31 компаниас авсан гэрээ зэрэг бүгд байгаа боловч энэ нь тухайн компани үнэхээр “” ХХК-д бараа материал нийлүүлсэн эсэхийг нотлох баримт болж чадаагүй. Үүнийг нотлох баримтыг ирүүлээгүй. Мөн нэр бүхий 31 компани нь үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь нотлогдоогүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т хасагдах зардалд тавигдах шаардлага байгаа. 1-т зардал бодитой гарсан байх ёстой. Зардал бодитой гарахын тулд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүх баримтууд байх ёстой. Анхан шатны баримтыг үндэслэн бодитой худалдан авалт хийгдсэн эсэхийг хяналт, шалгалтаар нотолно. Хэдийгээр нэхэмжлэгчээс барааг авсан гэх боловч “” ХХК авсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй. Тийм учраас бид хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 буюу зардал бодитой гараагүй байна гэж үзсэн. Нягтлан бодогч нь анхан шатны баримтыг үйлдэхдээ хуульд заасан зарчимд нийцүүлэн үйлдэх ёстой. Гэтэл уг зарчимд нийцүүлээгүй байна гэж үзэж энэ заалтыг хэрэглэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д нийт дүнгээс хасахгүй байх зардлыг хуульчилсан. Харин 14 дүгээр зүйлийн 14.6.4 нь үнэхээр бараа байхгүй байхад хасалт хийсэн байна гэж үзвэл хэрэглэдэг заалт. Бид “” ХХК ажил гүйцэтгээд орлого олсон гэдгийг няцаагаагүй. Харин энэ орлогыг олоход энэ бараа гараагүй байна гэж үзэж 14.6-д зааснаар зөрчил гэж үзсэн” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч “” ХХК-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.4 заалт болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13-р зүйлийн 13.1.3, 13.1.4, 13.1.4.а заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан,
1.2. Нэхэмжлэгчийн “татварын нэгдсэн системээр баталгаажсан, дахин давтагдашгүй дугаар бүхий 189 төлбөрийн баримт”-ыг хариуцагч нь "нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж үзсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд ялгаатай ойлголт, татварын нэгдсэн системийг ч үгүйсгэж буй үйлдэл болно,
1.3. Нэхэмжлэгч нь “төлбөрийн баримт”-ын дагуу "” ГХОХХК-аас орлого олж байгаа нь хууль ёсны хэмээн хариуцагч хүлээн зөвшөөрч буй атал "төлбөрийн баримт"-ын дагуу үндсэн үйл ажиллагаандаа зориулан худалдан авалт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй, “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” хэмээн нэрлэж буй нь хуульд нийцэхгүй байна,
1.4. Нэхэмжлэгчийг 26,285,595,911.57 төгрөгийн барилгын материал худалдан авсан гэсэн атал үндсэн үйлдвэрлэлдээ ашиглаагүй буюу үндсэн үйл ажиллагааны бус зардал гэж дүгнэсэн хариуцагчийн шийдвэр хууль бус,
1.5. Татварын удирдлагын нэгдсэн системийн давхар хянан баталгаажуулсан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг падаан хэмээн дүгнэж, түүний дагуу нэгэнт төлөгдсөн татварыг төлөөгүй мэтээр дүгнэн “нөхөн ногдуулалтын акт” гаргах хууль зүйн үндэслэл байхгүй гэж тайлбарлан маргасан.
2. Хариуцагч нарын зүгээс “Төрийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Сангийн сайдын 2019 оны 305 дугаар тушаалаар баталсан "Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-ын 6.8-д "Татварын албаны холбогдох нэгжийн болон хувь хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт, гомдол, удирдамж, чиглэлийн дагуу тухайлан баталсан шалгуур үзүүлэлтээр тооцоолсон татвар төлөгчийн эрсдэлийн түвшин, татварын албаны тодорхойлсон бусад эрсдэлд үндэслэн хяналт шалгалтад шилжүүлж болно" гэж заасны дагуу эрсдэлтэй гэж үзэж, татварын хяналт шалгалтыг хийсэн. Тухайн нэр бүхий борлуулагч болон худалдан авагчийн Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй санхүү татварын тайлангийн мэдээлэл болон худалдан авагчийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад тулгуурлан татварын хяналт шалгалтын ажлыг Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.6 дах заалтад заасан зарчмын дагуу татварын улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажилласан,
3. “Нөхөн Нэхэмжлэгч компанийн худалдан авалт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан "Нягтлан бодох бүртгэлийн зарчим", 5.1-д "Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална: /.../ 5.1.3. жинхэнэ хэрэгжилтийн; 5.1.4. үнэн зөв байх; 5.1.5. хэмжигдэхүйц байх; /.../" гэх мэт зарчимд нийцээгүй,
4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл "Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага", 13.1-д "Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:", 13.1.3-т "зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх;" Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд "Албан татварт хасалт хийх" 14.6-д "Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.6.4-т тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ" гэж заасан заалтуудыг зөрчсөн...”, Тодорхой бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй компаниас худалдан авалт хийж, зарцуулалт хийсэн мэтээр аж ахуйн нэгжийн орлогыг бууруулсан зөрчилд хариуцлага ногдуулсан нь хууль зөрчөөгүй...гэж хариуцагчаас тайлбарлан маргасан.
5. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэгч компанийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаас үзвэл,
5.1. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд: 2020 онд "" ХХК, "" ХХК-аас 5,080,542,500.00 төгрөгийн, 2021 онд “*******" ХХК-аас 909,090,909.10 төгрөгийн, 2022 онд " ХХК, “" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "*******" ХХК, "" ХХК, "” ХХК-иас 2,463,458,429.76 төгрөгийн, 2023 онд "" ХХК, "" ХХК, "" ХХК, "” ХХК, “" ХХК, "" ХХК, "" ХХК, "” ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, “Г" ХХК, "" ХХК, "" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК, "*******” ХХК, “*******" ХХК, "*******” ХХК, “*******" ХХК "*******" ХХК-аас 17,832,504,072.71 төгрөгийн бараа материал худалдан авсан, ажил гүйцэтгэсэн гэж,
5.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан (ТТ-0За маягт)-д 2021 онд "*******" ХХК-иас 909,090,909.10 төгрөгийн, 2022 онд " ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "*******" ХХК, "" ХХК, "" ХХК-иас 2,463,458,429.76 төгрөгийн, 2023 онд "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "Г" ХХК, "" ХХК, "" ХХК, "*******” ХХК, "*******" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК, "Экстра стайл фүлл" ХХК-иас 17,832,504,072.71 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сард "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК-иас 1,391,731,590.92 төгрөгийн бараа материал худалдан авсан, ажил гүйцэтгэсэн гэж тайлагнасан байна.
6. “” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгосон нэр бүхий 31 компаниудын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сан, татварын удирдлагын нэгдсэн систем дэх аж ахуйн нэгжийн худалдан авалтын баримтын мэдээлэл зэргээс үзэхэд ихэнх компаниуд нь 2020 оны 6-10 дугаар саруудад Улаанбаатар хот, Б, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 15 дугаар байр 29 тоот хаягт суух иргэн Х.Х үүсгэн байгуулсан,гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн. Санхүү татварын тайлан нь нягтлан бодох бүртгэлийн стандартын бодит байх зарчмыг хангаагүй байсан гэж,
7. Үүнийг хариуцагч улсын байцаагчид хий бичилттэй падаан гэж үзсэн үндэслэлээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан.
8. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т дараах нөхцөлийг нэгэн зэрэг бүрэн хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.1-т тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх, 13.1.2-д албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх, 13.1.3-д зардал бодитой гарсан бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй, 14.6.4-д тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заажээ.
9. Дээрх хуулийн зохицуулалт нь бодитой хийгдсэн худалдан авалт борлуулалтад төлбөрийн баримт падааныг үйлдэж үүнд үндэслэн татварын хасалт хийгдэхээр байх бөгөөд хавтаст хэрэгт маргаан бүхий 189 төлбөрийн баримтын хуулбар, анхан шатны баримтаар нэр бүхий 31 компанитай хийсэн гэрээ авагдсан байх боловч худалдан авсан уг бараа материалыг “” ХХК-д хэзээ нийлүүлсэн, ямар ажил хийж, гүйцэтгэсэнтэй зэрэг нь баримтаар тогтоогдоогүй ба татвар төлөгчийн зүгээс нотлох баримтыг гаргаж өгөөгүй зэргээс үзэхэд маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй гэж үзэхээр байна.
10. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “албан татварын хасалт хийх” гэсэн нь татвар төлөгчийн худалдан авах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулж, тухайн татвар төлөгч бараа, ажил үйлчилгээ авсан эсэх, уг худалдан авалт хуулийн шаардлагад нийсэн эсэхийг татварын албанаас хянахад оршино.
11. Тодруулбал, нэр бүхий 31 компани Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй байсан бөгөөд орлогоо тайлагнасан эсэхийг харахад тухайн компани татвараа тайлагнаад явж байгаад, чөлөөлөгдөх хэсэгт тайлагнаад татварын үлдэгдэл 0 гэж тайлагнасан буюу татвар ногдуулаагүй байсан.
12. Тухайн 31 компанийн санхүүгийн бүртгэл, татварын тайлан, тухайн компаниуд үнэхээр үйл ажиллагаа явуулдаг эсэхийг татварын улсын байцаагчид шалгасан байх бөгөөд татварын ногдол дээр худалдан авалт, борлуулалт, худалдан авалт, борлуулалт гэж тэнцүү явсан, ноогдол нь маш бага буюу 100 төгрөг, 200 төгрөг байсан. Дансаа хөдөлгөх зорилгоор 100 төгрөг төлөлт хийдэг компани байсан зэргээс үзэхэд нөхөн ногдуулалтын актаар зөрчилтэй гэж үзсэн худалдан авалтууд нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн буюу хуулийн энэхүү заалтад нийцэхгүй байна.
13. Учир нь “” ХХК-ийн гаргасан зөрчлийг тогтоох үүргийг татварын улсын байцаагч нар хүлээх бөгөөд холбогдох баримтуудыг хүрээнд шалган тогтоох ажиллагаа хийж гүйцэтгэсэн, хавтаст хэрэгт цугласан баримтаар тухайн бараа материалыг бодитоор худалдан авч борлуулсан, үйл ажиллагаандаа ашигласан болох нь нотлогдохгүй байна.
14. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т "Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно", 13.1.1-т "тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх", 13.1.2-т "албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх", 13.1.3-т "зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх" гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1-т "Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно", 14.1.1-т "Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн", 14.1.2-т "худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн" гэж тус тус заасан.
15. “” ХХК нь хий бичилт бүхий баримтаар албан татвараас хасагдах зардалд тусган, албан татвар ногдуулах орлого бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага: "13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал, Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх, 13.1.4.а-д энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал" гэснийг,
16. Мөн хий бичилт бүхий баримтаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн "нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ" хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл. Албан татварт хасалт хийх: "14.6. Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй, 14.6.4.тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ" гэж тус тус заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.
17. Өөрөөр хэлбэл, “” ХХК-ийн албан татвар ногдох орлогоос хасаж тооцсон бараа материалын зардал нь хавтаст хэрэг авагдан, шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан нотлох баримт, талуудын тайлбар мэдүүлэг зэргээр орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон бодитой гарсан бараа, материал, ажил үйлчилгээ гэдэг нь тогтоогдохгүй байх тул Т улсын байцаагч Р.Б, С.Г нарын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын акт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
18. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “” ХХК-аас Т улсын байцаагч Р.Б, С.Г нарт холбогдуулан гаргасан “2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1, 13.1.2, 13.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.6, 14.6.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т улсын байцаагч Р.Б, С.Г нарт холбогдуулан гаргасан “2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ