| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0054/Э |
| Дугаар | 00058 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 00058
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн,
Шүүгдэгч Ч.Э , Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч.Э , Б.Н нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000340031 дугаартай, 163/2018/0054/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, селесарь мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт, Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух, малчин, Ө овогт Ч. Э
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хотонд суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг Цагаанчулуут багт оршин суух, Тайж нар овогт Б. Н.
Холбогдсон хэргийн талаар:
Ч.Э , Б.Н /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ нар нь бүлэглэн Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Мааньт” гэх нэртэй газраас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
1815000340031 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.Б өгсөн: ...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Бугат сумын 3-р багийн нутаг “Мааньт” гэх газраас Орхон аймаг Баян-Өндөр сумын харьяат Б.Н, Ч.Э нар хууль бусаар түлээний мод бэлтгэсэн байсан. Учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч Ч.Б өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой Бугат сумаас Орхон аймгийн чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад хууль бусаао түлшний мод тээвэрлэж явахад нь саатуулсан. Тухайн үед хөх өнгийн 38-45 ОРХ улсын дугаатай “Супер портер маркийн” авто машин, 14-90 ОРХ улсын дугаатай “Бонго” маркийн авто машинаар түлшний мод хууль бусаар тээвэрлэж явсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,
Гэрч Э.О өгсөн: Ч.Э нь миний аав байгаа юм. Б.Н нь манай аавын найз юм. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байтал манай аав Ч.Э ирээд Бугат сум руу модонд явмаар байна машинаа өгчих гэхээр нь өгөөд явуулсан. Тэгтэл Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Мааньт” гэх газраас Нацагаа ахын хамт 2 машин мод бэлтгэн хувааж ачаад Эрдэнэт явах замдаа Бугат сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны улсын байцаагч нарт саатуулагдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/,
Гэрч Н.М өгсөн:...14-90 ОРХ дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай аав Б.Н ирээд Бугат сум руу түлээний модонд яваад ирэе гээд машин аваад явсан. Өөр хүнд өгөөгүй. Тэгтэл Бугат суманд саатуулагдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,
2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №04 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээний акт /хх-ийн 40 хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18/37 дугаартай “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-50 хуудас/, гэмт хэргийн гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10 хуудас/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15 хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 16-20 хуудас/, эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-63 хуудас/, хохирол төлсөн баримуудт /хх-ийн 76-78 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Э , Б.Н нар бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Мааньт” гэх нэртэй газраас 10,416м3 хэрэглээний модыг бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Н...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймаг Бугат сумын нутаг “Мааньт” гэх газар луу найз Э хамтаар түлшний мод бэлтгэх ажлаар 2 машинтай явсан...Мааньт гэх газар очсон..., газарт унасан байсан модыг цахилгаан хөрөөгөөр тайрж бэлтгээд 2 машиндаа хувааж ачсан гэх, шүүгдэгч Ч.Э гийн...түлшинд хэрэглэх зорилготой байсан учраас унасан моднуудыг тайрч бэлтгээд машиндаа ачиж тээвэрлэсэн гэх, хохирогч Б.Б өгсөн...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Бугат сумын 3-р багийн нутаг “Мааньт” гэх газраас Орхон аймаг Баян-Өндөр сумын харьяат Б.Нацагдорж, Ч.Э нар хууль бусаар түлээний мод бэлтгэсэн гэх, гэрч Ч.Б...2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой Бугат сумаас Орхон аймаг чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэхщж яваад хууль бусаао түлшний мод тээвэрлэж явахад саатуулсан гэх, гэрч Э.О...манай аав Ч.Э ирээд Бугат сум руу модонд явмаар байна машинаа өгчих гэхээр нь өгөөд явуулсан гэх, гэрч Н.Мөнгөнхүүгийн...манай аав Б.Н ирээд Бугат сум руу түлээний модонд яваад ирэе гээд машин аваад явсан гэх мэдүүлэгүүд, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №04 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээний акт, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 18/84 дугаартай Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Э , Б.Н нар бүлэглэж хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тэдгээрийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 296856 төгрөгийн шууд хохирол учирч, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 890568 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч Ч.Э , Б.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Э , Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч гомлро саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ө овогт Ч. Э, Т нар овогт Б. Н нарыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э , Б.Н нарыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э , Б.Н нарт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э , Б.Н нарт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тус тус тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э , Б.Н нар нь оршин суух газар, ажил, сургууль өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа харъяа орон нутгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э , Б.Н нарт авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс эхлэн тус тус тоолсугай.
6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Прокурорын 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/08 дугаартай эд хөрөнгө битүүмжимлэх тогтоолоор битүүмжилсэн 14-90 ОРХ улсын дугаартай портер маркийн машин, 38-45 ОРХ улсын дугаартай машинуудыг эзэмшигчид нарт нь буцаан олгож, шинэс төрлийн 10.416 м3 80 ширхэг мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хүрэн өнгийн цахилгаан хөрөө зэргийг тус тус улсын орлого болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Э , Б.Н нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН