Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/595

 

Ж.М, П.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор  Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ж.М, П.О нарт холбогдох 2302 00000 0338 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Цагаатгагдсан этгээд М овгийн П-ын О, 1977 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, /РД: ... /,
  • Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар 3 жилийг өршөөн хасаж, 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хуулийн тэгшитгэлд хамрагдаж, ялын хугацаа дуусч, суллагдсан:
  1. Шүүгдэгч Б овгийн Ж-ы М, 1989 оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математик-мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Ж.М, П.О нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” зочид буудлын ... тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй, нийт 1,9053 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Ж.М-, П.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М овогт П-ын О-т Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, П.О-ыг цагаатгаж,

шүүгдэгч Б овогт Ж-ы М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ж.М-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ дээр давхардуулан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан нийт 1,9053 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, шар өнгийн сойз мэт зүйл 1 ширхэг, AQ6831263 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цагаан өнгийн хуванцар зүйл 4 ширхэг, цагаан өнгийн цаас мэт 2 ширхэг зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлэн авсан бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч Ж.М-ийн 2006 оны 6 дугаар сарын 15-нд төрсөн хүү М.З, 2012 оны 01 дүгээр сарын 22-нд төрсөн охин М.Х нарын асрамжийн асуудлыг ... аймгийн ... сумын Засаг дарга шийдтэл шүүгдэгч Ж.М-ийн төрсөн эх Ж.Э-т хариуцуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.М- давж заалдах гомдолдоо: “...Би хоригдсон цагаасаа эхлэн олон зүйлийг бодон, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгийг ойлгож, харамсаж, гэмшиж байна. Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйн, дахин ийм зүйл хэрэглэхгүй гэдгээ амлаж байна. Би ам бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ээж нас өндөр, одоогоор хэвтэрт, биеийн байдал муу, яаралтай нуруу нугасны хүнд хагалгаанд орж, цаашид байнгын сахих шаардлагатай байгаа ба хоёр хүүхдийг маань харж, асрамжлах хэн нэгэн байхгүй. Гэр бүл минь хүнд байдалд байгааг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон өмгөөлөгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Ж.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон хэргийнхээ нийгмийн аюулын шинж, хор уршиг зэргийг бүрнээ ухамсарлан ойлгож, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд энэ байдлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад ч, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед ч илэрхийлж байсан. Ж.М- нь ... аймгийн ... багт эх, 2006 оны ... дугаар сарын ...-нд төрсөн хүү, 2012 оны ... дүгээр сарын ...-нд төрсөн охин нарын хамт амьдардаг. Хэдийгээр түүний хоёр хүүхдийн асрамжийн асуудлыг ... аймгийн ... сумын Засаг дарга шийдтэл эх Ж.Э-т хариуцуулахаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн талаар шүүгдэгч, өмгөөлөгч нарын хувьд маргаан байхгүй ч хүндэтгэн үзэх нэг шалтгаан байгааг анхааралдаа авахыг хүсч байна. Учир нь Ж.М-ийн төрсөн эх Ж.Э нь зүрх судасны архаг хууч өвчтэйгөөс гадна нурууны L3-L5 үений дарагдал, S2-3 нугалмын хугарал, дефармаци өвчний учир хэвтрийн дэглэмд эмчлүүлж байгаа тул бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх ашигт ноцтой хохирол учруулж болзошгүй байна. Иймд Ж.М-ийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн хүндэтгэн үзэх дээрх шалтгаануудыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхийн эрх хэмээг заасан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу өөрчлөлт оруулж, Ж.М-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар хөнгөрүүлэн сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор  Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.О-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гаргасан гомдолтой нь холбогдуулаад шүүгдэгч Ж.М-т оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж нийгмийн аюулын хэр хэмжээ сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Нийт 2 хэсэг газраас хурааж авсан. Яллах дүгнэлтэд нийт 1.9 грамм гэж бичигдсэн. Мөрдөгчийн тэмдэглэл дээр хурааж авсан мөс гэх нэршилтэй зүйл уутанд байсан. Мөн ширээн дээрээ байсан мөс гэх нэршилтэй зүйлийг мөнгөн тэмдэгтийн хамт хурааж авсан. Бодит жин нь бол 1,9 грамм. Хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол авагдсан байгаа. Энэ гэмт хэргийг тусад нь шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвэр үлдээж өгнө үү. ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.М, П.О нарт  холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос Ж.М, П.О нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын ... тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй, нийт 1,9053 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2024/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолоор Ж.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэж, П.О-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгахдаа хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь давж заалдах шатны шүүхээс уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна гэж үзэв.

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.О- сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ /1хх 120-122/: “...Ж.М- 16 цаг өнгөрч байхад утсаар холбогдоод “200.000 төгрөг байна уу, мөнгөгүй болчихлоо” гэхээр нь би өөрийн Хаан банкны 5555555555 дугаарын данснаас Ж.М-ийн хэлсэн данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Ж.М-тэй холбогдож, уулзахаар болоод “...” зочид буудлын 704 тоот өрөөнд ирсэн. ...Бид хоёр юм ярьж сууж байгаад би Ж.М-ээс “Юм байна уу, боломж бололцоо байна уу” гэж асуухад Ж.М- надад “Байхгүй, та жаахан байж бай” гэсэн. Тэгээд өөрөө утсаар ярьж, мессеж бичиж байсан. Хэнтэй ярьсныг нь мэдэхгүй. “Дээшээ гараад ир, надад нэг жаахан юм өгчихөөч” гэж ярьж байсан. Тэгэж ярихад нь би мөс олж байгаа юм байна даа гэж ойлгосон. ...Хамгийн сүүлд 2023 оны 9 дүгээр сарын 24-нд гэртээ хэрэглэсэн. Гэрээ янзалж байгаад бага зэрэг мөс байсныг хувцсан дотроосоо олсон юм. ...” хэмээн шүүгдэгч Ж.М- рүү мөнгө шилжүүлсэн, улмаар түүнтэй зочид буудалд уулзаж “Юм байна уу, боломж бололцоо байна уу” гэсэн яриа өгүүлэл гаргасан, улмаар Ж.М- нь утсаар ярихад тэрээр мөс олж байгаа юм байна гэсэн бодол төрсөн, мөн гэртээ хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн талаар мэдүүлжээ.

Гэтэл, мөрдөн шалгах ажиллагаагаар П.О- нь “мөс” хэмээх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг гэртээ хадгалж байсан эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй, П.О- нь Ж.М-ийн данс руу мөнгө шилжүүлсэн эсэх нөхцөл байдал, ийнхүү мөнгө шилжүүлэх болсон шалтгаан, хэн хаанаас уг бодисыг тухайн зочид буудлын өрөөнд оруулж өгсөн зэрэг дүгнэлт өгвөл зохих байдлуудыг хангалттай тодруулаагүй байна.

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй явдалтай нь холбогдуулж тэднээс авсан мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой тул мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгасан байвал зохино.

Анхан шатны шүүх П.О-ын гэртээ “Мөс” гэх бодис хадгалж байсан, хувцаснаасаа олж хэрэглэсэн, Ж.М- рүү мөнгө шилжүүлж, түүнтэй уулзсаныхаа дараа “Юм байна уу, боломж байна уу” гэхэд Ж.М- утсаар ярихад нь мөс олж байгааг ойлгосон гэсэн агуулга бүхий мэдүүлэгт дүгнэлт хийлгүй орхигдуулсан, П.О-ыг цагаатгахдаа ийнхүү гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй агуулга бүхий мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтээ хууль зүйн үндэслэлтэйгээр хийж чадаагүй, “П.О- нь ...гэмт хэрэгт үйлдлээрээ хэрхэн хамтарсан, ...хадгалах талаар идэвхтэй ямар үйлдэл хийсэн гэж үзсэн талаар яллах дүгнэлтэд тодорхой үйл баримтыг тусгаагүй, үйл баримтыг тодорхойлох нотлох баримт байхгүй” гэсэн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, П.О-ыг үндэслэлгүйгээр цагаатгасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

  1. Хэргийн материалыг судлахад “Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудалд хориотой мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд, хэрэглүүрийг хадгалж байж болзошгүй” гэх гомдол мэдээллийг хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус зочид буудлын ... тоот өрөөнд хийсэн нэгжлэгийн тэмдэглэл /1хх 7-11/-д “...Аяганы жижиг ширээн дээр үзлэг хийхэд цагаан өнгийн хуванцар сав мэт зүйл дотор цагаан өнгийн талстархаг бодис байсныг ширээн дээр байсан хуйлсан зуутын мөнгөн дэвсгэрт болон шар өнгийн сойз ашиглан гарган авч, жинлэж үзэхэд “3.5” граммыг зааж байв. Тухайн гарч ирсэн бодисыг 1 дугаараар тэмдэглэж хураан авав. ...Үзлэгийг цааш үргэлжлүүлэн өрөөний тагт хэсэгт үзлэг хийхэд тагтны хаалганаас баруун гар тийш буланд байх өнгөгүй, тунгалаг уутанд хийсэн цагаан өнгийн талстархаг бодис байсныг 3 дугаараар тэмдэглэж хураан авав. Тухайн 3 дугаараар хураан авсан бодисын жин 1.6 граммыг зааж байв. ...” гэжээ.

Өөрөөр хэлбэл, зочид буудлын 704 тоот өрөөнд байсан хуванцар саван дотроос 3.5 грамм, тагтан дээрээс 1.6 грамм, нийт 5.1 грамм бодисыг хураан авсан талаар тэмдэглэлд тусгасан ба нэгжлэгээр хураан авсан бодисыг жинлэсэн хэмжээ нь тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтээр давхар нотлогдож байна.

Нэгжлэг хийсэн, хураан авсан ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 400 дугаар тогтоол /1хх 23-24/-оор хүчинтэйд тооцсон байна.

Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 753 дугаар “эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /1хх 37/-д “...“...” зочид буудлын 704 тоот өрөөнд цэвэр жин нь 5,1 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан ...Эрүүгийн 2302 00000 0338 дугаартай хэрэгт “Г-168 704 хуванцар саван дотроос” гэж хаягласан ...зиплок гялгар уутанд мөс мэт талстлаг (цэвэр жин нь 1,5726 грамм) эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай.” гэж хураан авсан бодисын хэмжээг зөрүүтэй бичсэн байна.

Мөрдөгчийн 4614 тоот эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 38/-д “Г-168 704 хуванцар саван дотроос” гэж хаягласан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хэсэн хаягтай зиплок уутанд мөс мэт талстлаг зүйл (цэвэр жин 1.5726 грамм) байв гэж, мөн мөрдөгчийн 4616 тоот эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 41/-д “Г-168 704 тагтнаас д/ч Б.М 2023.9.25” гэж хаягласан ...зиплок гязгар уутанд мөс мэт талстлаг зүйл ууттай жин 0.3856 грамм (цэвэр жин 0.3327 грамм) байв.” гэжээ.

Прокурор яллагдагчаар татахдаа /1хх 138-140, 150-152/ Ж.М-, П.О- нарыг нийт 5.1 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн бол шинжээчийн дүгнэлтүүдэд нийт 1.9053 грамм болох нь тогтоогдсон үндэслэлээр яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан /1хх 247-250/ байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгжлэгээр хураан авсан 3.5 грамм, 1.6 грамм, нийт 5.1 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ ямар учраас ийнхүү 1.9053 грамм болж, 3.1947 граммын зөрүүтэй нөхцөл байдал бий болсныг тодруулах шаардлагатай болно.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ж.М-, цагаатгагдсан этгээд П.О- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдсугай.
  3. Шүүгдэгч Ж.М-т урьд авсан цагдан хорих, цагаатгагдсан этгээд П.О-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ