Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01640

 

М.Б, И.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01898 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б, И.Г нарын нэхэмжлэлтэй хариуцагч Эт холбогдох төлбөр гаргуулахаар хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь А сум, 1 дүгээр баг, 000 дугаар байрны 00 тоотод байрлах 54.67 м.кв, 2 өрөө орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б ХХК-аас нийт 54 670 000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэгдэн гэрчилгээ авсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр Б ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болж М.Б, И.Г нарт өмчлөх эрх хуулийн дагуу шилжсэн. Энэ үед тухайн байр ямар нэгэн барьцаанд байгаагүй, нэхэмжлэгч нар энэхүү байраа Хаан банкны барьцаанд тавьж зээл авч байсан. Гэтэл Э нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай мөн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 9268 дугаартай захирамжийн дагуу төлбөр төлөгч Б ХХК-аас төлбөр гаргуулахдаа нэхэмжлэгч нарын өмч болох улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэгдсэн, А сум, 1 дүгээр баг, 000 дугаар байрны 00 тоотод байрлах 54.67 м.кв, 2 өрөө орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 тоот тогтоолоор битүүмжилсэн. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хураан авсан. Ийнхүү хураан авах үед буюу 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нар нь өөрсдийн эрх ашиг хөндөгдөж байгааг мэдэж, өөрсдийн өмчлөх эрхийн гэрчилгээг шийдвэр гүйцэтгэгчид үзүүлж, энэ талаарх баримтуудаа өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Б ХХК-ийн өмч биш шүү, бидний өмч, худалдаж авсан гэдгээ нотолсон. Харин шийдвэр гүйцэтгэгч мэдсээр байж цааш ажиллагаа явуулж, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Шүүгчийн захирамжийн дагуу Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 607 дугаартай албан бичгээс үзвэл, маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нар худалдаж авсан болохыг дурдаад, энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК-ийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаараас салгаж, нэхэмжлэгч нарт 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 0-0000000000 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Харин тухайн эд хөрөнгийг салгаж бүртгэсэн боловч уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь Тны 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 тоот барьцаанд бүртгэгдэн хадгалагдаж байгаа тул эх гэрчилгээнээс нь хасч гэрчилгээ бичигдээгүй. Өнөөдрийн байдлаар энэ үл хөдлөх эд хөрөнгө нь Тны барьцааны гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэлтэй байна гэсэн утгатай байгаа. Гэтэл энэхүү албан бичиг нь ойлгомжгүй, нэгэнт нэхэмжлэгч нар Б ХХК-аас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зохих журмын дагуу худалдаж авсан гэдгийг нь хэлээд, салгаад бүртгэсэн гэх боловч Тны барьцааны бүртгэлд байгаа гэж хэлээд байгааг ойлгохгүй, нэгэнт салгаад бүртгэсэн бол өмнөх бүртгэлээс хасч бүртгэх эсэх нь улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой. Нэхэмжлэгч нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан цагаас өөрсдөө амьдарсаар ирсэн, нэхэмжлэгч нар нь улсын бүртгэлийн үнэн, зөвд л итгэнэ, худалдан авах үед ямар нэгэн барьцаанд байгаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгсөн. Нэхэмжлэгч нар маргааны зүйл болсон орон сууцыг хуулийн дагуу авсан гэж итгэсэн тэдний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим энэ тохиолдолд үйлчлэх ёстой. Шийдвэр гүйцэтгэгч нь Б ХХК-ийн барьцааны үүрэгт хамаарах улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн талаар ажиллагаа явуулах ёстой. Энэ Ү дугаартай гэрчилгээнд олон байр дурдагдсаны нэг нь нэхэмжлэгч нарын 00 тоот орон сууц байдаг боловч худалдаж авснаар 0-0000 дугаараар төгссөн Б ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасагдаж, нэхэмжлэгч нарт Ү...-2018 дугаараар төгссөн шинэ гэрчилгээ ологдсон, тийм учраас шийдвэр гүйцэтгэлийн битүүмжлэх ажиллагаа нь нэхэмжлэгч нарын улсын бүртгэлийн Ү...-2018 дугаараар төгссөн үл хөдлөх эд хөрөнгөд ямар ч хамааралгүй болно. Тиймээс шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилсэн ажиллагаа хуульд нийцээгүй, төлбөр төлөгчийн эд хөрөнгөд бус шударга өмчлөгч болсон өөр этгээдийн эд хөрөнгийг хууль бусаар битүүмжлэн ажиллагаа явуулсан нь хууль зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч нарын өмч болох, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, А сум, 1 дүгээр баг, 000 дугаар байрны 00 тоотод байрлах, 54.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 тоот тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаартай шүүгчийн захирамжаар Б ХХК нь 752 502 630 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигчид эвлэрсэн. Манай байгууллагаас Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/34552 дугаар албан бичгээр дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 357 дугаар албан бичгээр Танд 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээгээр үүрэг оногдуулсан байна. Захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Ганзоригт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Нэхэмжлэгч нар нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр эд хөрөнгийг хураах үед энэ асуудлын талаар мэдсэн. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дорноговь аймаг, А сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 000 дугаар байрны 01, 05, 09, 10, 18, 21, 23, 24, 27, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэгдсэн 10 гаруй ширхэг орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 16301188/21, 16301188/23, 16301188/20, 16301188/22, 16301188/24, 16301188/25 дугаар тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 4/224 дүгээр тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ-Эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд 10 орон сууцыг 520 028 460 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг албан бичгээр талуудад мэдэгдсэн. Дээрх хөрөнгүүдийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан болно. Ер нь эд хөрөнгийг хураах үед өмчлөгч нар буюу нэхэмжлэгч нар манай байгууллагад өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох баримтуудаа өгсөн. Тийм учраас бид энэ талаар тодруулахаар Дорноговь аймгийн улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч бидэнд бичгээр ямар нэгэн хариу огт ирүүлээгүй. Тиймээс шүүхэд хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хариу албан бичиг, холбогдох баримтууд нь Дорноговь аймгийн улсын бүртгэлийн газраас ирсэн, баримтуудтай танилцсан. Хэдийгээр нэхэмжлэгч нар худалдан авч, шинэ гэрчилгээ олгогдсон байх боловч өнөөдрийн байдлаар Тны барьцаанд бүртгэлтэй байна гэдгийг хэлсэн байна. Нэхэмжлэгч нарын орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй, энэ ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б, И.Г нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн А сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 000 дугаар байрны 00 тоотод байрлах, 54,76 м.кв, 2 өрөө орон сууцыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгөөс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгч М.Б, И.Г нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б, И.Г нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэнд дараах үндэслэлээр гомдолтой байна. Анх 2012 оны 3 дугаар сарын 15-ны өөр Б ХХК эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг хөтлөн хүсэлт гаргаж Дорноговь аймгийн А сум 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 000 дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 дугаар тоотуудыг хамтатган 0-0000000000 дугаартай нэг үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлж өмчлөх эрх үүссэн. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан анхны тохиолдолд байсан нь хэрэгт авагдсан. Улмаар дээрх 15 орон сууцыг нэгтгэсэн 0-0000000000 дугаартай нэг үл хөдлөх хөрөнгийг Тны барьцааны эрхийг бүртгүүлэхээр 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бүртгэлийн байгууллагад хандан мэдүүлэг гаргаж байсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 139 дүгээр талд авагдсан. Үүнээс үзэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгө Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцогдох тул барьцаалагч Т ХХК барьцааны эрхийг хуулийн дагуу олж авсан гэж үзэхээр байна. Харин Дорноговь аймгийн А сум 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 000 дугаар байрны 00 тоотод байрлах, 69.5 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр М.Б, И.Г нар 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн нь барьцааны эрх тухайн үед бүртгэлтэй байсан нь он цагийн дарааллаар тогтоогдож, барьцааны эрхийг дагуулж бүртгэх ажиллагаа хийгдээгүй байгааг шүүх дүгнэсэн. Иргэний хуулийн дээрх зохицуулалтаар өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр байхад дараа дараагийн өмчлөгчийн эрх ашгийг хангаж битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч шийдвэрлэж байгаа нь барьцаалагчийн эрх ашгийг хөндөж, барьцааны хөрөнгөөс төлбөрийг гаргуулах хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч М.Б, И.Г нар хариуцагч Эт холбогдуулан улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, А сум, 1 дүгээр баг, 000 дугаар байрны 00 тоотод байрлах, 54,67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан тул битүүмжилсэн эд хөрөнгөөс чөлөөлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Т ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №3 дугаартай зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс цуцлах, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоох, нэхэмжлэгч Б ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 752 502 630 төгрөгийг хариуцагч Т ХХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн хувьд тус тус эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх45-46 дах тал/ Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай.

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 879 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор Б ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн А сум, нэгдүгээр баг, 7 дугаар хэсэг, 000 дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 тоот, 808,8 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 16301188/24 дугаар тогтоолоор хураан авсан ба 00 тоот орон сууцны өмчлөгч нар эд хөрөнгө хураах тухай тогтоолд гарын үсэг зурахаас татгалзсан, хураахыг зөвшөөрөхгүй гэснийг тэмдэглэл үйлдэн баримтжуулжээ. /хх-53, 57 дах тал/

 

Б ХХК нь Дорноговь аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа сум дундын шүүхийн ажилчдын 48 айлын 6 давхар, 1 орон сууцыг барьж, ашиглалтад оруулж, 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02/38/24-03 дугаар актаар улсын комисст хүлээлгэж өгсөн бөгөөд Дорноговь аймгийн А сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 000 дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 тоот хаягт байршилтай, 808,8 м.кв талбайтай орон сууцнуудыг Б ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 0-0000000000 дугаарт бүртгүүлж өмчлөгч болсон үйл баримт хэргийн 14, 178-181 дэх талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын актаар тогтоогдсон байна.

 

Мөн Б ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Тны 201 дүгээр тооцооны төвөөс 980 000 000 төгрөгийн зээлийг, барилга угсралтын ажил гүйцэтгэх зорилгоор, 18 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй авч, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 тоот барьцааны гэрээгээр зээлийн барьцаанд улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн А сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 000 дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 тоот хаягт байршилтай, 808,8 м.кв талбайтай орон сууцнуудыг барьцаалсан болох нь хэргийн 186-190 дэх талд авагдсан 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогджээ.

 

Үүнээс хойш М.Б, И.Г нар нь дээрх 15 орон сууцнаас 54,67 м.кв, 2 өрөө 00 тоот орон сууцыг 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б ХХК-аас 54 670 000 төгрөгөөр худалдан авч, уг орон сууцыг Т ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө буюу 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 28 000 000 төгрөгийг Т ХХК-аар дамжуулж Б ХХК-д төлсөн, үлдэгдэл 26 670 000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б ХХК-д төлж дуусгаснаар 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өмчлөгч болсон байна. М.Б, И.Г нар нь уг орон сууцаа 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ХААН банк ХХК-ийн зээлийн барьцаанд тавьж, уг барьцаа нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Т ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан үйл баримт хэргийн 8-9, 12-14 дэх талд 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Т ХХК-ийн орлогын баримт, М.Бийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь М.Б, И.Г нарын хууль ёсны дагуу бүрдүүлсэн бичиг баримтуудыг үндэслэн тэдгээрийг дээрх 00 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэж 0-0000000000 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, төлбөр төлөгч Б" ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаараас салгаж бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын нэг бүрийн шинжээр тодорхойлогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн гэж заасны дагуу улсын бүртгэлээр тогтоогдсон.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан улсын бүртгэлтэй холбоотой дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

 

Б ХХК нь Тнаас зээл авахдаа дээрх 15 орон сууцыг барьцаалсан, зээлийн төлбөрийг төлүүлэхээр эдгээр барьцааны хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан нь хууль зөрчөөгүй байна. Учир нь Т ХХК, Б ХХК-ийн хооронд 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээгээр үүрэг ногдуулсан барьцааны хөрөнгөд маргаан бүхий 00 тоот орон сууц багтсан байх бөгөөд уг барьцаалагчийн барьцааны эрх дуусгавар болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Барьцааны эрх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч М.Б, И.Г нар нь шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсноор барьцаалагч Б ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэхгүй юм. Энэ тохиолдолд нэхэмжлэгч М.Б, И.Г нарын 00 тоот орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх байдал нь бусад барьцаалагчийн эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, ипотекийн барьцаа нь хувь этгээдэд бус тухайн хөрөнгөөс үүрэг хангуулах арга болох учир өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны зүйлийг чөлөөлөх, орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах үндэслэл болохгүй.

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нар 00 тоот орон сууцыг банкинд удаа дараа барьцааны гэрээгээр барьцаалж байснаас үзвэл тухайн орон сууц бусдын ямар нэгэн барьцаанд байгаагүй, мөн уг орон сууц барьцааны бүртгэлээс хасагдаагүй нь нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэл болохгүй гэж хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч М.Б, И.Г нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн А сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 000 дугаар байрны 00 тоотод байрлах, 54,76 м.кв, 2 өрөө орон сууцыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгөөс чөлөөлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймээс Т ХХК-ийн барьцааны эрх хэвээр байх тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдуулан төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Эт холбогдуулан гаргасан орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч М.Б, И.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01898 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Эт холбогдох Дорноговь аймаг, А сум, 1 дүгээр баг, 000 дугаар байрны 00 тоотод байрлах, 54,67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч М.Б, И.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ