| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0049/Э |
| Дугаар | 00047 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 00047
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгч П.Э ,
шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч улсын ахлах өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Ц.Сувдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П. Э , П. Б нарт холбогдох эрүүгийн 1815000420035 дугаартай, 163/2018/0049/Э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Булган аймгийн Булган суманд оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Э овогт П.Э
2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Бугат суман төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Булган аймгийн Булган суманд оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт П. Б
Холбогдсон хэргийн талаар:
П.Э , П.Б нар нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт хохирогч С.Оюунчимэгийг зодож эрүүл мэндэнд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э ын өгсөн: 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ээж Эрдэнэт рүү айраг ачаад өг гэхээр нь эхнэртэйгээ хамт ээжийнх рүү явж байтал Оюунчимэг эгч 2 хүүхдийн хамт явж байхад нь зөрөлдсөн. Тэгээд миний хажуугаар гарахдаа арчаагүй 2 явж байна гээд хоорондоо ярилцаад зөрсөн. Тэгэхээр нь би эргэж хараад 2 хялар нүдээрээ харчихаад хүнийг арчаатай арчаагүйгээр нь дуудах шаардлага байна уу гэхэд тэгсэн хүнийг яадаг юм гээд намайг ирээд заамдаад авсан. Тэгээд надад танай эхнэр чамд юу гэж хэлсэн гэхээр нь манай эхнэр надад юм яриагүй. Өмнө манайд ирээд хэл амаар доромжилж байгаад явсан байсан.Тэгээд би та манайд очиж хүн амьтан тэгж хэлж болохгүй ш дээ гэхэд “би танайд очоогүй түй май гээд” над руу нулимсан. Би та одоо эрүүл ухаантай хүн үү гэхэд миний хоолойг базаад авахаар хурууг дарсан. Тэгтэл охин нь хажуугаас 2,3 цохиод байхаар гарыг нь эргүүлчихсэн. Оюунчимэг эгч бага охиноо утсаар бичлэг хий эд нараас мөнгө салгаж авна гэж хэлээд бичлэг хийлгэсэн. Тэгээд бид хэд хэрүүл хийгээд байж байтал аав ирээд юу болоод байгаа юм гээд салгах гэж зөндөө оролдсон. Тэгсэн салж өгөхгүй байхаар нь аав нүүр лүү нь нэг алгадсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б ийн өгсөн: Манай охин, хүргэн 2 ээж дээрээ очно гээд явсан. Жоохон байж байтал бөөн дуу хашгираан болоод байсан. Тэгээд гэрийнхээ гадаа гараад хартал Оюунчимэг, хүргэн 2 барьцалдаад авсан байсан. Энэ хоёрыг нилээн харж зогссон тэгээд бүүр болохгүй болохоор нь очтол хүзүү, ам, хувцас хунарыг нь урчихсан байсан. Тэгээд би Оюунчимэгт чи тавиач гэтэл тавихгүй, нулимаад байхаар нь уурандаа нэг алгадчихсан юм. Урьд нь бас Оюунчимэгтэй жоохон маргалдсан байсан тэрнээс л болж үр, хүүхдүүдийг минь тайван байлгахгүй байгаа. Охиныг минь хүртэл хэл, амаар доромжилж байсан. Бие барьж чадаагүй алгадсан миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1815000420035 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч өгсөн: 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 17 цагийн үед 2 дугаар багийн 4-6 дугаар гудамжны үзүүрт Улаанаа авгайтайгаа уруудаад миний хажуугаар өнгөрөөд явсан юм. Тэгтэл Улаанаа эхнэрээ үерийн далангийн хойно үлдээчихээд над дээр хүрч ирээд муухай хараад байна уу гэсэн. Гэрт орж авгай хүүхэд зодсон гэсэн үү. Битгий дээрэлхээд байгаарай би шоронд орж байсан хүн шүү. Би хүнийг айлгадаг болохоос айдаг хүн биш шүү гээд намайг мөрлөх гэхээр нь би Улаанааг заамдаж авсан. Би Улаанаад чи ээж шигээ хүнтэй ингэж ярих хүн биш дээ гэж хэлсэн юм. Тэгтэл Улаанаа намайг гичий минь, жингэр минь, янхан минь гэж хэл амаар доромжилсон. Тэгээд би охиныг цагдаа дууд гэтэл охин цагдаа дуудсан. Тэгтэл Улаанаа тэр цагдаа чинь яадаг юм. Тэгж их хүн шалгадаг юм уу гээд байсан ба миний гарыг мушгиж бариад арагш нь эргүүлээд эрхий хурууг хойш нь дараад гэмтээсэн юм. Улаанаагийн хадам аав Б нь хүрч ирээд намайг чи хүүхэд явуулахгүй өөрөө зодуулчихаад хохь чинь гэсэн. Удалгүй цагдаа хүрч ирээд намайг болон тэнд байсан хүмүүсийг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,
Гэрч Б.О өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрийн гудамжны үзүүрт ээж бид 2 явж байхад Улаанаа гэх залуу эхнэртэйгээ хамт урд ороод уруудаад явж байсан юм. Тэгтэл Улаанаа гэх залуу муухай хараад байна уу гээд хүрч ирээд ээжийг мөрлөх гээд дайраад байсан юм. Би салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага дуудсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.Д өгсөн:...тэр ах бид нары дээр эргэж хүрч ирээд муухай хараад байна уу гээд ээжийг маань толгойгоороо мөргөх шиг болсон. Тэгээд хэрүүл хийгээд мөргөх гээд байхаар нь ээж тэр ахыг заамдаад авсан чинь тэр ах ээжийн зүүн гарыг мушигсныг нь би сайн хараагүй. Тэгээд Оюун эгч цагдаа руу залгаж дуудлага өгсөн ба цагдаа нар ирэхгүй дахиж залгасаар байгаад утасны нэгж нь дуусаад би нэгжинд дэлгүүрлүү явсан. Тэгээд дэлгүүрээс эргээд ирэхэд цагдаа нар миний өмнөхөн ирээд тэр ээжийн гарыг мушигсан ах, тэр ахын хадам аав гэж өөр нэг ах 2-ыг аваад явсан. Хадам аав нь намайг дэлгүүр явахад ирээгүй байсан ба буцаад ирэхэд тийм ах ирчихсэн байсан. Ээж бид 3 зүгээр байж байхад л тэр ах өөрөө эргэж ирээд муухай хараад байна уу гэж ирээд л хэрүүл хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаартай дүгнэлтэнд: С.О баруун дээд араа шүдэнд ганхал, баруун шуу, баруун эрхий хуруунд цус хуралт, зүүн шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 30 хуудас/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48, 52/,
шийтгэх тогтооолын хуулбарууд /хх-ийн 55-68/,
иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49,54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Э , П.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Э , П.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт хохирогч С.О биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч П.Э , П.Б нарт холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч П.Э , П.Б нар нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Э , П.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.О биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч эмчилгээний зардалд 15800 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаархи баримтаа хэрэгт ирүүлээгүй болно.
Шүүгдэгч П.Э , П.Б нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь энэ хэрэгтээ гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э овогт П Э , Боржигон овогт П. Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э ыг 500 нэгжтэй тэнсэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр, шүүгдэгч П.Б ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э ад оногдуулсан 500.000 төгрөгний торгуулийн ялыг 2018 оны 4 дүгээр сард 100.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 100.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сард 100.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сард 100.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сард 100.000 төгрөгийг тус бүр төлөх, шүүгдэгч П.Б эд оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг 2018 оны 4 дүгээр сард 90.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 90.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сард 90.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сард 90.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сард 90.000 төгрөгийг тус бүр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э , П.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь энэ хэрэгтээ гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э , П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН