Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/597

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

хохирогч Ш.Е,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/0301 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2308 00052 1968 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ийн Б, 1979 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ... хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... тоотод оршин суух, /РД: ... /,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан;

Б.Б нь хөдөлмөрийн бэрхшээлтэй хүүхдийнхээ халамж, асаргааны лавлагааг авах гэж байсан хохирогч Ш.Е-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:

2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Таньдаг хүнээрээ яриулаад хүүд нь асаргааны мөнгө авч өгье, хугацаагүй болгож өгье, халамжийн хүмүүст улсаас үнэгүй байр өгдөг, бүртгүүлээд өгье, мөнгө өгөөч, мөн ээмэг, бөгжөө өгчих” гэж бэлнээр 300.000 төгрөг авч, монетон хос ээмэг, бөгж, алтан бөгжийг авч барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан,

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Хүүгийн чинь байр бүтэхээр болсон, тэтгэврийн зээл аваад өгөөч, 2-3 хоноод буцаагаад өгье” гэж хэлж 2.880.000 төгрөгийн тэтгэврийн зээл авахуулж бэлнээр авсан,

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Надад 250.000.000 төгрөгийн 5 айлын газар байгаа, татварт мөнгө өгөх хэрэгтэй байна, би газраа зараад танд 50.000.000 төгрөг өгье, байраа барьцаанд тавиад зээл аваад өг” гэж түүний Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... дугаар байрны ... тоот байрыг 8.000.000 төгрөгөөр барьцаанд тавиулж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвд байхдаа 5555555555 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 13.980.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 6 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,Б.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 6.654.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Е-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

шүүгдэгч Б.Б-ын эдлэх хорих ялыг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 4-19 насны 5 хүүхэдтэй. Хүүхдүүд минь ээжээсээ хол, амьдын хагацал, бэтгэрлийг үзэн, том охин минь 1 дүгээр түвшний оюутан, сэтгэлийн хямралаас үүдсэн уналт, таталтаар өвдөн, 9 настай хүү минь бэтгэрсэн. Би хоригдох 8 сарын хугацаанд суурь өвчнүүд сэдэрсэн. 2024 оны 3 дугаар сарын 07-нд анхан шатны шүүх хурал дээр хоёр удаа ухаан алдан, даралт 180 хүрч, баруун гар саажилт өгсөн. Тухайн үед түргэн тусламж ирж тусламж үзүүлсэн. Мөн охин минь шүүх дотор ухаан алдан таталт өгсөн. Мөн 103 ирж тусалсан. Миний хөх болон өндгөвч өвчилсөн, байнга өвдөлттэй ба даралт ихсэж, зүрх дэлсэж байгаа тул өдөр бүр эм уудаг. Нуруу маань мурийлт, хазайлт, суулттай, олон жижиг яс ургасан дүгнэлттэй. Намайг Эх нялхас болон Хавдар судлалын үндэсний төвд 2024 оны 4 дүгээр сарын 23, 5 дугаар сарын 03-ны өдрүүдэд үзүүлэхэд хөх өвдөж, хөхнөөс цус гоожиж, хөхний толгой дотогш татагдаж хавдрын шинж тэмдэг илэрсэн байсан. Тиймээс шат дараалсан эмнэлэгт үзүүлэхэд хоёр хөх маш их үрэвсэлтэй, эмэгтэйчүүд талаасаа үрэвсэл, хавдартай гэсэн онош 5 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Миний ээж 86 настай, миний асаргаанд байсан, хоёр нүд нь хараагүй, эрүүл мэндийн биеийн байдал нь хүнд байгаа ч өдөр бүр намайг асууж сураглах ээжийгээ өрөвдөн, өөртөө харамсаж байна. Шүүх хуралдаанд прокурор зорчих эрхийг хязгаарлах ял онооё гэхээр тодорхой оршин суух хаяггүй, түрээсээр амьдардаг тул боломжгүй гэсэн. Би хорих ял эдлэх хүртлээ Сонгинохайрхан дүүргийн ... хороололд ам бүл наймуулаа байр түрээслэн амьдарч байсан. Одоо ар гэр маань Сонгинохайрхан дүүрэгт байр түрээслэн амьдарч байгаа. Яг үндсэн хаяг маань Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод бүртгэлтэй. Энэ хаяг маань миний төрсөн ахын хаяг. Би бүтээгүй наймаа, бизнест итгэн өөрийн буруугаас болж алдсандаа харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хүний эрх зөрчихгүй, нийгэмд өөрийн хөдөлмөр эрхлэн зөв, шударгаар амьдарна гэсэн зорилготой. Яаралтай хохирогч эгчийнхээ төлбөрийг бүрэн төлөхөө илэрхийлж байна. Энэ тухай ар гэр, төрсөн эгчтэйгээ ярилцсан. Би хоригдож байгаа тул хохирол төлбөр төлсөн эсэхийг мэдэхгүй байна. Охин маань нэгдүгээр дамжааны оюутан бөгөөд цагийн ажил хийж, 1.000.000 төгрөг бэлэн байгаа гэж хэлж байсан. Надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг би эдлэхээр, хохирогчоосоо уучлалт гуйж байсан. Иймд миний бага насны 5 хүүхэд, 86 настай ээжийг минь, миний эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ш.Е бичгээр гаргасан хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч нар “Эмээ минь 2 хоногийн дотор мөнгийг чинь бүрэн өгнө, Б.Б-ын найз нь танд өгнө, мөнгө нь бүтэх гэж байгаа” гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан байгаа. Гэвч Б.Б- хохиролд 6.654.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулахгүй, давж заалдах гомдол гаргасан байгаад энэ хүн мөнгөө төлөхгүй юм байна гэж ойлгож байна. Анх мөнгө болон байраа барьцаалан зээл авч өгөхөд нөхөр Батчулуун нь хамт явж, надаас залилж авсан байсныг би мэдсэн. Нөхөр Б нь бас энэ хэрэгт хамааралтай байсан хүний нэг. Шүүх хурал болсноос хойш өдөр бүр мөнгийг чинь өгнө гэж, сүүлдээ над руу ярихгүй алга болсон. Шүүх дээр тааралдахад нөхөр Б нь “Таны мөнгийг хайж л байна. Гэхдээ шүүхээс шийдсэн мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг нь өгчихсөн байсан байна лээ” гэсэн юм ярьсан. Тэгэж яривал би хүү нэхэмжлээгүй байсан. Би хохирч, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч яваа. Амьдарч байсан орон гэрийг минь барьцаанд 8.000.000 төгрөгт залилж тавулсан бөгөө 400.000 төгрөгийг төлнө гэж надад итгүүлсэн. Орох оронгүй дээрээ тулахад миний охин өөрийнхөө хамаг юмыг шавхаж, найз нөхөд болон ломбардад өөрийн эд зүйлсээ тавьж, байрыг минь авч өгсөн. Энэ төлсөн хүүг нь нэхэмжлээгүй. Байрыг үнэлээгүй. Хохирол 8.000.000 төгрөг гэж тооцсон. Байрыг үнэлсэн байсан бол энэ хүний ял хүндрэх байсан. Б.Б-аас байрныхаа мөнгийг хүүтэй нь гаргуулах, сэтгэл санааны хохиролтой хамт гаргуулмаар байна. Миний бие өвддөг, эмчилгээ хийлгэх шаардлагатай, охин бас бие нь өвддөг. Шүүхээс харин ч бага ял өгсөн байхад хохирлоо төлөөгүй байж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлмээр байна гэсэн гомдол гаргаж байгааг байж болохгүй зүйл гэж бодож байна. Орон сууцаа алдах шахаж хамаг зүйлээ зээлийн барьцаа, ломбардад тавьж 30.000.000 төгрөгийг төлсөн. Охин минь өвчтэй, би өөрөө зээлтэй тул мөнгөний гачигдалд байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, сэтгэл санааны хохирлыг нэмж гаргаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх болон цагаатгах талын 7 хуудас нотлох баримтыг хувийн байдалтай нь холбогдуулан гаргаж өгч байна. Үүнд, хаягийн тодорхойлолт, хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, хүүхдийнх нь өвчтэй талаарх баримт, хохирол төлөх боломжтой гэсэн шүүгдэгчийн нөхрийн Хаан банкны тэтгэврийн дансны хуулга зэрэг байна. Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан ял хөнгөрүүлэх боломжтой гэсэн үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд оршин суудаг хаяг тодорхой бус байсан учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэсэн. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор шүүгдэгч нь ... тоот хашаан дахь хоёр байшингийн нэгэнд хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Нөхөр нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөө тэтгэвэр авдаг дансны хуулгыг хэрэгт гаргаж өгсөн. Мөн хорих 461 дүгээр ангийн эмчийн тодорхойлолтоор Б.Б-ыг Эх нялхас, эмэгтэйчүүдийн үндэсний төвд эмнэлэгт хоёр удаа үзүүлж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр оруулахад эмэгтэйчүүдийн уйланхайтай, баруун хөхний суганы булчирхай томорсон, мөн хавдрын шинжилгээнд үзүүлэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх гэсэн хэсэгт баруун өндгөвчний уйланхай, хөхний үрэвсэл, хавдар судлалын химийн шинжилгээний хөхний хорт хавдрын үрэвслийн эмчилгээ хийлгэж, яаралтай үзүүлэх шаардлагатай гэсэн. Энэ нь хавдрын эхэн шатанд байна гэсэн үг бөгөөд хавдрын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Б.Б- нь үйлдсэн хэргийн талаар маргаагүй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Гагцхүү эрүүгийн хариуцлагын тухайд шүүх хуульд заасан сонгох санкцитай тул эрүүл мэндийн байдлыг нь харгалзан, нэг удаа боломж олгохыг хүсье. Хохирогчид учирсан хохирлыг банкны хүүтэй нь хамт төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлдэг. Шүүгдэгчийн хүүхэд шөнийн цагаар CU хүнсний сүлжээ дэлгүүрт ажиллаж, 1.000.000 төгрөг цуглуулсан. Одоо хүртэл хохирол төлж чадаагүй бөгөөд хохирол төлөх бүрэн боломжтой. Иймд хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд өвчний түүхтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Шүүгдэгч нь шүүх хуралдаанд ухаан алдаж унаад 103 дуудаж үзүүлж байсан. Улсын яллагчаас шүүгдэгчид 1 жил 6 сарын хорих ялын санал гаргасан ч анхан шатны шүүх шүүгдэгчийн хохирол төлбөрийн заримыг төлсөн, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг нь харгалзан 1 жилийн хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, мөн  энэ хэргийн шүүх хуралдаанд ялтныг дуудлагаар шилжүүлэн авчирсан тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр хохирогч Ш.Е-тэй танилцаж “Та хүүдээ асаргааны мөнгө авах гэж байгаа бол би таньдаг хүнээрээ яриулаад хүүд нь асаргааны мөнгө авч өгье, халамжийг нь хугацаагүй болгож өгье, халамжийн хүмүүст улсаас үнэгүй байр өгдөг бүртгүүлээд өгье, таньдаг эмч, УИХ-ын гишүүд байгаа” гэж итгүүлж, улмаар өдөр нь утсаар холбогдож “Дараа 7 хоногт байраа үзнэ үү шүү” бэлнээр 300.000 төгрөг, монетон хос ээмэг, алтан бөгж, монетон бөгжийг авч явж барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалуулж авсан,

улмаар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Хэд хонуулаад өгнө, тэтгэврийн зээл аваад өгөөч” гэж 2.876.100 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авахуулж авсан,

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Таны хүүгийн байр бүтэхээр болсон, надад 250.000.000 төгрөгийн 5 айлын газар байгаа, татварт мөнгө өгөх хэрэгтэй байна, би газраа зараад танд 50.000.000 төгрөг өгье, байраа барьцаанд тавиад зээл аваад өгөөч” гэж түүний Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... дугаар байр ... тоот байрыг хувь хүнд барьцаалуулж авсан 8.000.000 төгрөгийн зээлийг авсан буюу хохирогч Ш.Е-д нийт 14.099.976 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • хохирогч Ш.Е-ийн: “...2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн нэг цэгийн үйлчилгээ дээр хүү Батболдын халамж асаргааны лавлагаа авах гээд зогсож байхад үл таних эмэгтэй хүн ирээд “Та хүүдээ асаргааны мөнгө авч өгөх гэж байвал би таньдаг хүнээрээ яриулаад асаргааны мөнгө авч өгье, дахиж сунгахгүй, хугацаагүй болгож өгье, та бас хүүдээ байр авч өгч болно шүү, халамжийн хүмүүст улсаас үнэгүй байр өгдөг болсон, тэрэнд би бүртгүүлээд өгье, надад таньдаг эмч, УИХ-ын гишүүд байгаа, та надад дугаараа өгчих би тантай утсаар яръя” гэж хэлээд салсан. Маргааш буюу 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед миний утас руу Б.Б- залгаад “Содон хорооллын замын урд талд байрлах нийгмийн даатгалын урд талд хүрээд ир” гэж хэлсэн. Б.Б- надад “Таны хүү Б-д улсаас үнэгүй өгөх байрны талаар өөрийн таньдаг хүнээр яриулсан, энэ 7 хоногийн 3 дахь өдөр хоёулаа хамт тэр байрыг үзье, манай 8 дугаар ангийн хүүхдийн гарын шөрмөс нь тасарчихсан, шөрмөсийг нь оёулах гэсэн юм, та надад мөнгө өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Дансанд 300.000 төгрөг байна” гэхэд “Та надаа наад мөнгөө өгчих” гэж хэлээд Содон хорооллын урд талын АТМ-аас 300.000 төгрөг шууд уншуулж авсан боловч “Хүрэхгүй юм байна, та надад ээмгээ өгчих” гэж хэлэхээр нь би өөрийн 2 ширхэг монетон ээмэг, нэг ширхэг алтан бөгж, нэг монетон бөгж өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 11 цагийн үед Б.Б залгаад “Та надад тэтгэврийн зээл аваад өгөөч, би 2-3 хоноод буцаагаад өгье” гэж хэлэхээр нь би 6 сараар тэтгэврийн 2.880.000 төгрөгийн зээлийг Драгон төвийн 2 давхарт байрлах “Хаан” банкнаас аваад, АТМ-аас авч өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр над руу Б.Б- ахин залгаад “Таны хүүгийн байр бүтэхээр болсон, уулзъя” гэсэн. ...“Надад 250.000.000 төгрөгийн 5 айлын газар байгаа, миний хүү, ээж хоёрын нэр дээр байдаг, гэхдээ татварт мөнгө өгөх хэрэгтэй, би буцааж газраа зараад танд 50.000.000 төгрөг өгье, та байрны ордероо хувь зээл гаргадаг хүмүүст тавиад зээл аваад өг, надад таньдаг хүн байгаа, сарын 400.000 төгрөгийн хүүтэй зээл олгодог 2 хүн байгаа, тантай уулзуулна, та харин “Яагаад зээл авч байгаа вэ” гэж асуувал “Хүүхэд солонгос явах гээд мөнгөний хэрэг болоод байна” гэж хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө 15 цагийн үед хувь лизингээр зээл олгодог гэх эрэгтэй, эмэгтэй бид 4 Драгон төвийн 1 давхарт байрлах нотариат орсон. “3 хоногийн дотор зээл нь гарна” гэж хэлсэн. Би байраа 8.000.000 төгрөгөөр тавьсан. ...Хаан банкны АТМ-аас 8.000.000 бэлнээр аваад Б.Б-д өгсөн. Харин тухайн өдрөөс өнөөдрийг хүртэл бид нар хэл ам хийсээр байгаад ээмэг, бөгжөө барьцаанаас нь Б.Б-аар буцааж авахуулж, түүнд өгсөн мөнгөнөөсөө одоогийн байдпаар 4.650.000 төгрөгийг авч, одоо үлдэгдэл 6.530.000 төгрөг авах ёстой. ...” /1хх 21-22, 144-145/,
  • иргэний нэхэмжлэгч Б.М-ын: “...Б.Б- гэх хүн ээжийн мөнгийг удахгүй өгнө гэж хэлж явсаар байгаад удаад байхаар нь ээжийн байрыг алдахгүйн тулд би өөрөөсөө мөнгө гаргаж, үнэт эдлэлээ хүртэл барьцаанд тавьж байгаад байрны ордерын барьцааны мөнгө болох хүүтэй нь хамт нийт 8.400.000 төгрөгийг босгож байгаад данс руу нь 7.800.000 төгрөг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлж, бэлнээр үлдэгдэл мөнгийг нь өгч, байрны ордер барьцаанд тавьсан зээлийг нь чөлөөлж өгч байсан. Би Б.Б-аас өөрийн гаргасан мөнгөө нэхэж олон удаа залгаж, хэл ам хийсээр байгаад 3.900.000 төгрөг авч, ээж маань 1.400.000 төгрөг увуулж цувуулж авсан. Б.Б- тухайн үед “Удахгүй мөнгийг чинь өгнө, маргааш өгнө, нөгөөдөр өгнө” гэж байнга худлаа хэлдэг байсан. Мөн ээжийн ээмэг бөгжийг барьцаанд тавьсан байхаар нь хэл ам хийж хөөцөлдсөөр байгаад барьцаанаас чөлөөлүүлж авч байсан. ...” /1хх 80-81/ гэсэн мэдүүлгүүд,
  • “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “...Нийт хохирол 2.800.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 146-149/,
  • тэтгэврийн зээлийн гэрээ /1хх 55-57/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 59-64/, иргэний нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн 7.800.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх шилжүүлгийн мэдээлэл /1хх 83/, хохирогч Ш.Е-ийн өөрийн данснаас зарлага гаргасан дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 54/, Хаан банкны зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /1хх 55/, Хаан банк дахь хохирогч Ш.Е-ийн дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 59/, ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний асрах гэрээ /1хх 70-72/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

  1. Шүүгдэгч Б.Б- анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг эс зөвшөөрч “хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар солих” агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, өөрийн хувийн байдлыг дурдсан, түүний өмгөөлөгч С.Соронзонболдоос шүүгдэгчийн оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт, шүүгдэгчийн нөхрийн дансны хуулга зэрэг баримтуудыг гарган өгч, давж заалдах гомдлыг дэмжиж байгааг тайлбарласан бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж, түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Шүүгдэгч Б.Б- нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр урьд залилах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл хохирлыг бүрэн барагдуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэж шүүгдэгч Б.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг тогтоосон нь үндэслэлтэй байна.

  1. Харин шүүх гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулсан нь хуульд нийцсэн боловч Иргэний хууль дахь гэм хорын шаардах эрхийн ерөнхий зохицуулалт буюу зөвхөн “497 дугаар зүйлийн 497.1” дэх хэсэгт заасныг баримталсан байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/0301 дүгээр шийтгэх тогтоолд хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, “хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар солиулах”-аар гаргасан шүүгдэгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/0301 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1...” гэсний дараа “...510 дугаар зүйлийн 510.1...” гэж нэмэлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 76 /далан зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ