Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00055

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г  холбогдох 163/2018/0055/Э индекстэй, эрүүгийн 1815000150050 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, алт мөнгөний дархан, ковшчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгторшин суух, Ө овогт Ч Г 

Холбогдсон хэргийн талаар:

Ч.Г нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Хар модтой” гэх газарт иргэн Бат-Эрдэнийн гэрт түүний охин Б.Учралзаяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүргэн Бат-Эрдэнэ охин Сийлэгмаагийнхаа үсийг авсан. Дараа нь дүү Цэрэндаш нөхрийн хамт айл руу явсан. Тэр үед түүний 3 хүүхэдтэй нь хамт би гэрт нь үлдсэн. Үсний найр хийгээд би жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эмэгтэй дүүтэйгээ утасаар ярьж байхдаа дүүтэйгээ маргалдсан. Тэгэхдээ дүүгийнхээ охин Учралзаяатай маргалдаж түүнийг цохисон нь үнэн. Өөр ярих зүйл байхгүй гэв.

1815000150050 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны хохирогч Б.Учралзаяагийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой 21 цагийн орчимд аав, ээж 2 урд талын айл руу явсан. Тэгээд Г  ах манай 2 дүү хойд талын айлын ах Буяндэлгэр бид нар байж байсан. Г  ах хүнтэй утсаар яриад нөгөө хүнтэйгээ маргалдаад байсан. Манай ээжийн эгч Гэрэлтуяа эгч залгаад утсаар ярихад бас маргалдаад манай нэг настай дүүг утсаар ярь гээд утас дээр аваачиж тавчихаад байсан. Манай дүү утасаар ярихгүй өөр газар очиж тоглох гэхэд өшиглөхөөр нь би яагаад хүүхэд өшиглөөд байгаа юм бэ гээд хэлсэн. Тэгтэл 7 настай дүү маань хойд орон дээр уйлаад сууж байсан чинь Г  ах замдаж аваад хана руу шидсэн. Тэгэхээр нь би дүүгээ өмөөрөөд та яагаад байгаа юм гэсэн чинь сандал барьж аваад цохих гэтэл хамт байсан Буяндэлгэр ах болиулсан. Тэгээд гал тогоонд ороод байж байтал араас Г  ах орж ирээд нүүр лүү 2 удаа, толгойны ар дагз хэсэгт 1 удаа цохьсон. Тэгээд Буяндэлгэр ах аваад гараад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд Буяндэлгэр ахынхаас аваад явсан  гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/,

Гэрч Ч.Ц өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манайх хүүхдүүдийнхээ үсийг авсан тэгээд орой манай урд айл нөхөр бид 2-ыг ирж цай уу гээд бид хоёр хамт 19 цагийн орчимд Пүрэвсүрэн гэх айл руу явсан. Тэгээд 23 цагийг орчимд Булганаас манай эгч Гэрэлтуяа утсаар яриад Г  танайд агсам тавиад байна гэхээр нь гэртээ очтол манай хойд айл болох Буяндэлгэр гэх айлд унтчихсан байсан. Тэгээд цагдаатай дахиж холбогдоод дуудлага өгсөн тэгээд цагдаа нар ирээд хойд айлаас Г  ахыг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 9, 33, 35, хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 тоот: 1. Б.Учралзаяагийн биед баруун, зүүн, дээд зовхи, хамар, хацарт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүхийн эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 37 хуудас/,

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Г нь Орхон сумын 3 дугаар баг “Хар модтой” гэх газарт төрсөн дүү Цэрэндашийн гэрт түүний охин Б.Учралзаяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

            Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд өсвөр насны хохирогч Б.Учралзаяа, гэрч Ч.Цэрэндаш нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Ч.Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өсвөр насны хохирогч Б.Учралзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна.

         Иймд шүүгдэгч Ч.Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Ч.Г  гэм буруутай үйлдлийн улмаас өсвөр насны хохирогч Б.Уяралзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна

Шүүгдэгч Ч.Г  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Ө овогт Ч. Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г  оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох торгуулийн ялыг 2018 оны 05 дугаар сарын 10-нд 150.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 10-нд 150.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 01-нд 200.000 төгрөгийг тус тус төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН