Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/598

 

Т.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор  Б.Очгэрэл,

шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/258 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Т.Д-д холбогдох 2311 00493 0063 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Т-ын Д, 1993 оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Т” ХК-д тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ... сумын ... дугаар баг, ...-д оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Т.Д- нь “Э” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр:

  1. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “М” хүнсний дэлгүүрээс 104.740,
  2. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Н" хүнсний дэлгүүрээс 102.680,
  3. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Т” маркетаас 122.850,
  4. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Эр” дэлгүүрээс 230.900,
  5. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “С” дэлгүүрээс 300.000,
  6. 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “С” дэлгүүрээс 299.150,
  7. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Ц”-аас 202.550,
  8. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ... лангуунаас 82.600,
  9. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “С”-аас 415.640,
  10. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Ц”-аас 202.550,
  11. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “М” дэлгүүрээс 425.490,
  12. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Х” дэлгүүрээс 248.350,
  13. 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “И” захын дэлгүүрээс 398.000,
  14. 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  15. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  16. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  17. 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  18. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  19. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “И” захын дэлгүүрээс 403.500,
  20. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  21. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  22. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  23. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  24. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  25. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  26. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  27. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “И” захын дэлгүүрээс 246.560,
  28. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  29. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  30. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  31. 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “И” захын дэлгүүрээс 200.000,
  32. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “И” захын дэлгүүрээс 180.800,
  33. 2022 оны 12 дугаар сард “И” захын дэлгүүрээс 430.000,
  34. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Ш” дэлгүүрээс 398.000,
  35. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “М” дэлгүүрээс 300.000 төгрөгийг, нийт 35 удаагийн үйлдлээр 8.054.920 төгрөгийг өөрийн хувийн дансаар болон бэлнээр авч “Э” ХХК-д 8.054.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Т.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Т-ын Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Д-оос 8.705.592 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхзоригт олгож,

шүүгдэгч Т.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, тэнсэх эрх хязгаарлах зэрэг хуулийн хариуцлага хүлээлгэх боломж байсан атал хорих ял оногдуулсанд гомдол гаргаж байна. Энэ хэргийн улмаас учирсан нийт хохирол 8.855.592 төгрөг байгаа нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд 1-д хамаарч байх тул хорих ялаас чөлөөлж, албадлагын бусад арга хэмжээ хэрэглэх боломж байсан. Хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Байгууллагад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хохирлыг 5 хоногийн хугацаанд төлөх завсарлагын хугацаанд боломж бололцоо муу байсан хэдий ч өөрийн бололцоогоор 150.000 төгрөг төлсөн зэргийг харгалзан үзэлгүй хорих ял оногдуулсан. Байгууллагын гар утасны гэр, хэрэгсэл болон бусад эд хөрөнгийн мөнгийг ахуй амьдралдаа хэрэглэхээс гадна дараа төлчихнө гэсэн итгэлд тулгуурлаж явсаар энэ байдалд хүрсэн. Түүнээс биш байгууллагын мөнгийг завших шунахай сэдэлт, зорилго байгаагүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Нөгөөтэйгүүр хохирол төлөх 5 хоногийн хугацаанд аав, ээж Өвөрхангай аймгийн Өлзийт сумд мал маллаж амьдардаг, олон хүүхэдтэй, малчин байдгийн хувьд хүүгийнхээ бусдад учруулсан хохирол төлбөрийг төлөх боломж буюу ноолуур гарах үе нь арай болоогүй байсантай холбоотой байсан. Харин одоо хохирол төлбөрөө төлөх бөгөөд энэ нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримталж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, хорих ялыг өөрчлөн хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Т.Д-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны ,шударга ёсны.гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж.албадлын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг болон Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, тэнсэх, эрх хязгаарлах зэрэг хуулийн хариуцлага хүлээлгэх боломж байсан атал хорих ял оногдуулсанд гомдол гаргаж байгаа болно. Энэ хэргийн улмаас байгууллагад учирсан нийт хохирол 8.855.592 төгрөг байгаа нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч буй тул түүнийг хорих ялаас чөлөөлж, албадлагын бусад арга хэмжээг хэрэглэх боломж байсан хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Хохирлыг 5 хоногийн хугацаанд төлөх завсарлагын хугацаанд боломж бололцоо муу байсан хэдий ч өөрийн бололцоогоор 150.000 төлсөн зэргийг харгалзан үзэлгүй түүнд хорих ял оногдуулсан гэж үзэж байна. Т.Д-ын хувьд байгууллагын гар утасны гэр, хэрэгсэл болон бусад эд хөрөнгийн мөнгийг ахуй амьдралдаа хэрэглэхээс гадна дараа төлчихнө гэсэн итгэлд тулгуурлаж явсаар энэ байдалд хүрсэн байдаг бөгөөд түүнээс биш байгууллагын мөнгийг завших, шунахай сэдэл, зорилго байгаагүй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байдаг. Нөгөөтэйгүүр, хохирол төлөх 5 хоногийн хугацаанд түүний аав, ээж нь Өвөрхангай аймгийн ... сум мал маллан амьдардаг, олон хүүхэдтэй жирийн нэгэн малчин байдгийн хувьд хүүгийнхээ бусдад учруулсан хохирол төлбөрийг төлөх боломж нь буюу ноолуур гарах үе нь арай болоогүй байсантай холбоотой байжээ хөөрхий.

Харин одоо хохирол төлбөрөө бүрэн төлөх бөгөөд энэхүү нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал.учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг өөрчлөн хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү. …” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Т.Д- нь 2022 оны 10 дугаар сарын 17-нд “Э” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр буюу нэр бүхий дэлгүүрүүдээс 35 удаагийн үйлдлээр нийт 8.054.920 төгрөгийг хувийн дансаар болон бэлнээр авч “Э” ХХК-д 8.054.920 төгрөгийн хохирол учруулсан юм. “Э” ХХК-ийн зүгээс гэмт хэргийн хохирогч болж байна гэж үзэн “Пийс энд перфект” ХХК-аар аудитын дүгнэлт хийлгэн 805.492 төгрөгийн зардал гарч “Э” ХХК-д нийт 8.855. 592 төгрөгийн хохирол учирсан юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Т.Д-ыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцож, 1 жил 3 сарын хорих ялаар шийтгэж, түүнээс шүүх хурал дээр төлсөн 150.000 төгрөгийг хохирлоос хасч 8.705.592 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М олгохоор гэж шийдвэрлэсэн.

2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Т.Д-ын ар гэрийн зүгээс “Э” ХХК-ийн буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын Хаан банк дахь данс руу нийт 8.705.593 төгрөгийг шилжүүлсэн тул хохирогч “Э” ХХК-ийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Шүүх хурал дээр бидний зүгээс хохирол төлбөрөө аваагүй байсан тул хорих ял оногдуулах нь зөв гэж үзэж байсан боловч одоогоор Т.Д-ыг хохирол төлбөрөө төлсөн, залуу хүний алс ирээдүй, түүний ар гэр, нялх үрийг нь бодож хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. …” гэжээ.

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч гаргасан гомдолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгөөч гэсэн байх бөгөөд тус зүйлийн урьдчилсан нөхцөл гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал байдаг. Шүүгдэгчийн хувьд гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн ч гэмт хэрэг үйлдэгдсэн  нөхцөл байдал нь 35 буюу олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн тул түүнийг нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэдэг дүгнэлтийг улсын яллагчаас гаргаж байна. Хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлэн хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэж байгаа боловч анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үргэлжилсэн үйлдэлд хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарласан хариуцлага хүлээлгэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол, хор уршгийг төлсөн учир хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Хэдий хохирлын хэмжээ бага ч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, олон удаагийн үйлдэлд нь хорих ял оногдуулах зүйтэй. Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдгээр нь зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийн тухайд өөртөө давуу байдал үүсгэж, ашигласан байдал бол хөрөнгийг аваачиж өгөөрэй гэж итгэмжлэн хариуцуулсан эд зүйлийг завшсан нь худалдааны төлөөлөгчийг буруутгах үндэслэл болно. Иймээс прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Т.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Т.Д- нь “Э” ХХК-нд хөдөлмөрийн гэрээгээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд 35 удаагийн үйлдлээр нийт 8.054.920 төгрөгийг хувийн дансаараа болон бэлнээр авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн болох нь:
  • хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын: “...Т.Д- 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн гэрээ байгуулж, манай байгууллагад худалдааны төлөөлөгчийн албан тушаалд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Манай байгууллагын бараа бүтээгдэхүүний захиалгыг дэлгүүрүүдээс авах чиглэлээр ажилладаг байсан. Захиалга авахын хажуугаар өөрийн хувийн данс болон бэлнээр тус хамтран ажилладаг дэлгүүрүүдээс “Э” ХХК-д орох ёстой бараа бүтээгдэхүүний төлбөрийн мөнгийг авч завшсан байсан. 8.054.920 төгрөгийг өөрт авч хувьдаа завшсан. …” /1хх 38-40/,
  • “Э " ХХК-аас бараа бүтээгдэхүүн худалдаж авсан мөнгийг шүүгдэгч Т.Д-ын данс руу шилжүүлсэн, бэлнээр өгсөн талаарх гэрч М.Б /1хх 51-52/, гэрч Д.О /1хх 54-55/, гэрч Э.Ч /1хх 57-58/, гэрч Ч.Э /1хх 60-61/, гэрч Э.Б /1хх 63-64/, гэрч Б.У /1хх 66-67/, гэрч Г.Г /1хх 207/, гэрч Г.Г /1хх 210/, гэрч Э.О /1хх 212/, гэрч Б.Х /1хх 214/ нарын мэдүүлгүүд,
  • Хаан банк дахь шүүгдэгч Т.Д-ын эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 68-98/,
  • Т.Д- нь “Э” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 17-оос 2023 оны 01 дүгээр сарын 06-ны хооронд ажиллаж байх хугацаандаа нэр бүхий байгууллагуудаас борлуулалтын захиалга аван өөрийн хувийн дансаар болон бэлнээр нийт 8.054.920 төгрөгийг авч, “Эрдэнэ булаг ундрах” ХХК-д 8.054.920 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон “Пийс энд Перфект Аудит” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн в23/0001 дугаартай аудитын тайлан /1хх 188-191/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.Д-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Т.Д-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Д-ын байгууллагын үргэлжилсэн үйлдлээр “Э” ХХК-аас бараа бүтээгдэхүүн худалдан авсан бусдын мөнгийг өөртөө дансаар болон бэлнээр авч, хувьдаа завшсан хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

  1. Шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр нар “ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авахуулах” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг гомдлууддаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлын талаарх нөхцөл байдлуудыг дурджээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М бичгээр гаргасан тайлбартаа “...шүүгдэгч Т.Д- нийт 8.705.593 төгрөгийг шилжүүлсэн, “Э” ХХК-ийн зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” талаар дурдаж, шүүгдэгч Т.Д-ын хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Д- нь анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн төлж, хохирогчийг гомдолгүй болгосон, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэсэн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 49 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон, 392 цагийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 328 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солих болохыг анхааруулж байна.

Иймд шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр нарын гаргасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/258 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтүүдийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/258 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-ын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 5 дугаар сарын 22-ныг хүртэл цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 392 /гурван зуун ерэн хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасч, түүний эдлэх ялыг 328 /гурван зуун хорин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангасугай.
  2. Шүүгдэгч Т.Д- нь 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

                                                  

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ