| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2025/0003/З |
| Дугаар | 118/ШШ2025/0032 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 118/ШШ2025/0032
Хэргийн оролцогчдын эвлэрлийг
батлах тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг, шүүгч О.Батдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын *******
Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга
Хариуцагч: Алдархаан сумын Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурал
Гуравдагч этгээд: *******ын ******* нарын хоорондын багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар харилцан буулт хийж байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлагын хүрээнд дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа.
Хоёр.Нэхэмжлэлийн шаардлага:
2.1.Үндсэн шаардлага: Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Аргалант багийн иргэд Нийтийн Хурлын тов зарлах тухай” А/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах.
2.2.Нэмэгдүүлсэн шаардлага: Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн “Аргалант багийн Засаг дарга уламжлах тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах.
2.3.Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн Засаг даргаар жинхэлж томилохыг Алдархаан сумын Засаг даргад даалгуулах.
Гурав.Хэргийн нөхцөл байдал:
3.1.Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ч.*******г анх Аргалант багийн Засаг даргаар томилсон.
3.2. Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаар захирамжаар Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан ба уг өдрийн хуралдаанаар багийн Засаг даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал авсан Б.*******ыг томилуулахаар гаргасан 02 дугаар тогтоолыг үндэслэн Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар Б.*******ыг багийн Засаг даргын албан тушаалд түр томилсноор нэхэмжлэгч шүүхэд маргаан үүсгэсэн.
Дөрөв. Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл:
4.1.Нэхэмжлэгч нь “...Аргалант багийн Засаг даргаар ажиллах дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлох эрх сумын Засаг даргад хуулиар олгогдоогүй байхад зарлан хуралдуулж зохион байгуулсан нь хууль бус...” гэж,
4.2.Хариуцагч нар “...бүх багийн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан, Ч.******* нь өмнөх багийн Засаг даргын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажилласан тул түүний бүрэн эрхийн хугацаа ч мөн адил дууссан, Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах Зөвлөл байгуулагдаагүй тул тус Хурлын хуралдааныг сумын Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулахаар хуульд тусгайлан заасны дагуу зарлан хуралдуулсан...” гэж,
4.3.Гуравдагч этгээд “...Аргалант багийн Засаг даргад нэр дэвшиж хуралдаанд оролцсон иргэдийн 100 хувийн саналаар сонгогдсон бөгөөд Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаан хуульд нийцсэн тул тус хуралдааны тогтоолыг үндэслэн намайг багийн Засаг даргаар шууд томилох үүрэгтэй байтал сумын Засаг дарга эс үйлдэхүй гаргаж түр томилсон нь үндэслэлгүй” хэмээн тус тус тайлбарлан маргасан.
Тав. Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарын үндэслэл:
5.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаар захирамжаар миний Аргалант багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлон зарлаж миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн" 32.9-т "Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ" гэж заасан. Гэвч Алдархаан сумын Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаартай захирамжаар Аргалант багийн иргэд Нийтийн Хурлыг товлож, 2025 оны 01 сарын 22-ны өдөр Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлыг "Их-Уул" гэдэг газар хууль бусаар зохион байгуулсан байна. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн иргэд Хуралдааны дарга сонгох, Зөвлөл байгуулах, багийн Засаг даргыг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэж сонгогчдын 62.6 хувийн саналаар хуралдааны даргаар Зандраа овогтой *******, багийн Засаг даргаар ******* овогтой ******* хуралдаанд оролцсон иргэдийн 100 хувийн санал авч багийн Засаг даргаар томилуулахаар дээд шатны Засаг даргад уламжилсан байна. Сумын Засаг даргад багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлон зарлаж хуралдуулах хуулиар олгосон эрх байхгүй бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлыг "Зөвлөл" товлон зарлах үүрэгтэй байдаг. Иймд Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаар захирамж, Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү... Хариуцагч талаас шүүх хуралдаан дээр эвлэрэх санал гаргасны дагуу харилцан тохиролцоод эвлэрэх боломжтой... гэв.
5.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх саналыг одоо гаргаж байна гэж ойлгож байна. Шүүх хуралдааныг түр завсарлуулаад хариуцагч нартай эвлэрэх нөхцөлийг тохирох боломжоор хангаж өгнө үү... гэв.
5.3.Хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Алдархаан сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын тухайд олон жил удаа дараа шүүх, цагдаагийн байгууллагаар маргаан үүсгэж, бусдыг залхааж байгаа явдал байгааг нуух зүйлгүй. Үүний эцэст иргэд хохирч байна. Багийн Засаг даргаас авах тодорхойлолтоо гаргуулж авч чаддаггүй сум хүртэл явах гэх мэтээр чирэгдэл үүсгэж байна. Энэ маргааны тухайд бид бүхэн эвлэрэх боломжтой. Нэхэмжлэгч Ч.******* нэхэмжлэлээсээ татгалзвал ажлаас чөлөөлсөн захирамж гаргаад хуульд заасан тэтгэмжийг нь олгоод явах боломжтой. Ч.******* багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах санаачилга гаргаагүй ажлаа зохих ёсоор хийгээгүйгээс бодит байдал дээр Аргалант баг өнөөдрийг хүртэл багийн Хурлын Зөвлөлгүй явж ирсэн учраас сумын Засаг даргаас багийн Хурлыг зохион байгуулах, чиглүүлэх зайлшгүй нөхцөл үүссэн. Нэхэмжлэгч Ч.*******гийн тухайд өмнө нь бас л багийн Засаг даргаар томилогдох үед маргаан гараад зөндөө л явсан. Одоо тэгэхээр иргэд олон нийтийг бодоод маргааныг дуусгах боломжтой гэж үзэж байна... гэв.
5.4.Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчаас нэгэнт нэхэмжлэгч, гуравдагч этгээд нартай эвлэрэх санал гаргаж байгаа тул уг саналыг дэмжиж байна. Шүүх эвлэрэх боломж олговол харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээг одоо байгуулмаар байна... Хариуцагч сумын Засаг даргын тухайд багийн Засаг даргыг томилж чөлөөлөх бүрэн эрх нь байгаа тул багийн Засаг даргыг албан тушаалаас чөлөөлөх захирамжийг нь хуульд нийцүүлэн гаргаж, хуульд заасан тэтгэмжийг нь олгох асуудлыг шийдвэрлэхэд хуульд харшлахгүй, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй тул эвлэрлийн гэрээний нөхцөлийг шүүхээс баталж өгнө үү...багийн Засаг даргын албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох нөхцөлийн хүрээнд сумын Засаг дарга зохих шийдвэр, захирамж гаргана гэж ойлгоно гэсэн үг юм... гэв.
5.5 Хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талтай эвлэрэхэд татгалзах зүйлгүй... гэв.
5.6.Гуравдагч этгээд Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хүрээнд хариуцагч нартай эвлэрэхэд татгалзах зүйлгүй...гэв.
5.7.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.*******ын эвлэрэх тайлбарыг дэмжиж байна...гэв.
5.8.Иргэдийн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийн оролцогчид өөрсдөө хоорондоо ярилцаад эвлэрсэн тул хэлэх тайлбар, дүгнэлт байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.*******гээс Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Аргалант багийн иргэд Нийтийн Хурлын тов зарлах тухай” А/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Алдархаан сумын Аргалант багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан тус Хурлын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн “Аргалант багийн Засаг дарга уламжлах тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Б.*******оос Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан Аргалант багийн Засаг даргаар жинхлэн томилохыг даалгуулах тухай бие даасан шаардлагыг тус тус гаргасан.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Алдархаан сумын Засаг дарга А.*******, Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга З.*******, гуравдагч этгээд Б.******* нар дээрх нэхэмжлэл болон бие даасан шаардлагуудын хүрээнд харилцан буулт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг илэрхийлж, эвлэрлийн гэрээ байгуулсан.
Хэргийн оролцогчид бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр “Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 1 сарын 15-ны өдрийн 17 дугаартай захирамж, Алдархаан сумын Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 1 сарын 22-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, гуравдагч этгээд Б.*******ын бие даасан шаардлага болох Алдархаан сумын Засаг даргаар жинхлэн томилуулах тухай шаардлагын дагуу хариуцагч тал болох сумын Засаг дарга А.******* томилох, Ч.*******д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хариуцагч тал Алдархаан сумын Засаг дарга бүрэн олгох” гэх нөхцөлийг тус тус тохирсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан буулт хийж, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ хэргийн тухайд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Алдархаан сумын Засаг дарга А.******* болон Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга З.******* нартай, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.******* нь хариуцагч Алдархаан сумын Засаг дарга А.*******тай тус тус эвлэрэхээр харилцан тохиролцож, энэ тухайгаа шүүх хуралдааны явцад илэрхийлж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож, тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийн оролцогчдын эвлэрлийг батлахад бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, түүнчлэн хуульд харшлахааргүй байна гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ”, 47 дугаар зүйлийн 47.4-д “Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ”, 50 дугаар зүйлийн 50.5-д “нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга /А.*******/, Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурал /хуралдааны даргалагч З.*******/, гуравдагч этгээд Б.******* нарын харилцан буулт хийж, “Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 1 сарын 15-ны өдрийн 17 дугаартай захирамж, Алдархаан сумын Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 1 сарын 22-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, гуравдагч этгээд Б.*******ын бие даасан шаардлага болох Алдархаан сумын Засаг даргаар жинхлэн томилуулах тухай шаардлагын дагуу хариуцагч тал болох сумын Засаг дарга А.******* томилох, Ч.*******д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Алдархаан сумын Засаг дарга бүрэн олгох” гэх нөхцөлүүдээр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.*******, гуравдагч этгээд Б.******* нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг /нийт 140 400/-ийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ О.БАТДОРЖ