| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00251/И |
| Дугаар | 304/ШШ2025/00287 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 304/ШШ2025/00287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, Ерөнхий шүүгч О.Одончимэг, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.З*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Ц*******,
Хариуцагч: Н.Б******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 25,000,000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2024/00251/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.З*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн
Хариуцагч Д.Ц*******, Д.Ц*******
Хариуцагч нарын өмгөөлөгч Р.Нямцэрэн
Хариуцагч Н.Байгалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
Иргэдийн төлөөлөгч Э.Т******* нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчоос түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.З******* нь хариуцагч Д.Ц*******, Д.Ц*******, Н.Б******* нарт холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
С.З******* миний бие Дашинчилэн сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ц*******тэй сүүлийн 10 гаруй жил гэр бүлийн найз нөхдийн харилцаатай байсан. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Д.Ц*******гийн эхнэр Д.Ц******* ........ дугаараас надруу залгаад ...Д.Ц******* бид хоёрт 25,000,000 төгрөг хэрэг болоод, чи Д.Ц******* бид хоёрт зээлээч, удаахгүй буцааж өгнө... гэж хэлсэн юм. Би тухайн үед банкнаас зээл авчихсан байсан тул ямар данс руу шилжүүлэхийг асуухад Д.Ц******* ....... тоот дансны дугаарыг өгсөн. Би өгсөн дансанд нь хоёр удаагийн гүйлгээгээр нийт 25,000,000 төгрөг шилжүүлсэн. Би данс эзэмшигчийг танихгүй. Д.Ц*******, Д.Ц******* нар надаас ......... дансанд мөнгө шилжүүлж авснаас хойш 2023 оны 05 дугаар сар хүртэл миний мөнгийг буцааж өгөх талаар огт яриагүй. Цагдаагийн газарт гомдол гаргаж, би хохирогчоор мэдүүлэг өгсөн боловч хэрэгсэхгүй болгосон. Иймд дээрх мөнгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Мөн миний бие хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нарын хэлснээр 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ......... тоот данс руу 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг дансны эзэмшигч нь Н.Б******* гэдэг нэртэй хүн байсан бөгөөд би энэ хүнтэй нэг ч удуу уулзаж байгаагүй тул түүний данс руу мөнгө шилжүүлэх шаардлага байгаагүй. Харин Д.Ц*******, Д.Ц******* нарын хэлснээр уг мөнгийг шилжүүлсэн тул Н.Байгалийг хамтран хариуцагчаар татаж байна гэв.
2.Хариуцагч Д.Ц******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц******* миний бие С.З*******той гэр бүлийн найз нөхдийн харилцаа холбоотой, манай нөхөр Д.Ц*******, С.З******* нар 2014 оноос хойш хадлан тэжээл тарьж хамтарч ажилладаг байсан. 2020 онд Д.Ц*******, С.З******* хоёр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 300 га газарт ногоон тэжээл тарьсан. Энэ үед бид Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авч үйл ажиллагаагаа өргөтгөе гэж ярилцаад, манай бүл дүү Ц*******оор дамжуулж Н.Б******* гэдэг хүнтэй холбогдож, очиж уулзсан. Бид төсөл бичиж Н.Б*******д өгөхөд төсөл чинь шаардлага хангахгүй байна гээд аваагүй, өөрийн багийн хүмүүсээр төсөл бичүүлж зээл гаргуулж өгнө гэж ярьсан. Дараа нь Н.Б******* над руу ярьж төсөл бэлэн болсон, зээл удахгүй шийдвэрлэгдэнэ, эхний ээлжинд 25,000,000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлснийг би Д.Ц*******, С.З******* нарт хэлсэн. Тэгэхэд Д.Ц******* зээлээ аваагүй байж юун мөнгө өгөх, хэрэггүй шүү, зээл авсан хойноо бол гэж С.З*******од сануулж хэлсэн гэсэн. Энэ үед С.З******* Улаанбаатар хотод байсан тул өөрийн харилцах данснаасаа Н.Байгалийн надад өгсөн ...... тоот данс руу 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Н.Б******* бидний зээлийг бүтээж өгөөгүй. Би Н.Байгалийн гэрийн хаягаар нь 2-3 удаа уулзахаар очсон өөрөө байхгүй, хүү, охин хоёр нь гэртээ байж байсан. Ээж хаашаа явсныг мэдэхгүй гэж охин нь хэлсэн. Н.Б*******тай утсаар ярихаар уурлаж, би өвчтэй лагерь дээр байна, хот руу орохоороо уулзъя гэж хэлдэг байсан. Утсаар ярихаар эргэж тань руу залгана гэж хэлээд утсаа салгадаг байсан. Би С.З*******ын хүү З.Дашбаяртай хамт Н.Байгалийн гэрт нь очиход гэртээ байгаагүй. Хүүтэй нь цуг очсоныг С.З******* мэдэж байгаа. Нэхэмжлэлдээ бид хоёрыг мөнгө хувьдаа зээлээч, удаахгүй буцааж өгнө гэсэн гэж худал бичсэнийг ойлгохгүй байна. Би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Цагдаагийн газарт Н.Б*******д холбогдуулан өргөдөл өгсөн. Таны өргөдлийг хүлээн авлаа гэсэн боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй. Манай гэр бүл С.З*******оос хувийн зорилгоор мөнгө зээлж аваагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Хариуцагч Д.Ц******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хариуцагч Д.Ц******* бид эхнэр, нөхөр хоёр юм. Бид С.З*******той гэр бүлийн найз нөхдийн болон ажил хэргийн харилцаатай. Би С.З*******той 2014 оноос хойш хамтарч хадлан тэжээл тарьж эхэлсэн. С.З******* бид хоёр 2020 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 300 га газарт ногоон тэжээл тарьсан. С.З*******ын эхнэр болон манай эхнэр Д.Ц*******, С.З******* бид нар үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд төсөл бичиж зээл авах талаар ярилцаад төсөл бичсэн. Зээлээ хурдан бүтээхийн тулд зээл гаргаж өгөх хүн хайсан. Эхнэр бүл дүү н.Цэрэнсодномоор дамжуулан Н.Б******* гэдэг хүнтэй холбогдож, уулзсан. Тэгэхэд Н.Б******* бидний бичсэн төслийг голж авахгүй буцаагаад өөрийн багийн хүмүүсээр төсөл бичүүлж 300,000,000 төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хэлсэн. Эхний ээлжинд 15 хувийг авна гэсэн саналыг нь С.З******* зөвшөөрч Н.Байгалийн данс руу 25,000,000 төгрөг шилжүүлсэн. Би зээл гараагүй байхад мөнгө битгий өгөөрэй гэж С.З*******од сануулж байсан. Би хотод явж байхдаа Н.Б*******тай уулзаж, мөнгө авсныг нотлох зорилгоор баримт үйлдэж түүний гарын үсгийг зуруулж авсан. Энэ мөнгийг Н.Байгалиас буцааж авахаар нэхэмжлэгч С.З*******, хариуцагч Д.Ц******* бид гурав хамт хөөцөлдөж зөндөө явсан. Нэхэмжлэгч С.З******* дээрх мөнгийг Д.Ц******* бид хоёроос нэхэж байгаагүй. Манай гэр бүл С.З*******оос хувийн зорилгоор мөнгө зээлж аваагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4.Хариуцагч Н.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2020 онд хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нар холбогдож зээл авах гэж байгаа талаар хэлж байсан. Зээл авахын тулд С.З*******оос урьдчилгаа мөнгө авах шаардлагатай байна, чиний дансаар дамжуулж бэлнээр авъя гэж ярилцсан. Би нэхэмжлэгч С.З*******ыг танихгүй, миний дансанд мөнгө хийх гэж байгаа учраас Д.Ц******* бид хоёр зээлийн гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан. Үүнээс хойш дээрх хүмүүс надтай холбоо бариагүй. 2024 оны 01 дүгээр сард намайг гэмт хэрэг үйлдсэн гэх шалтгаанаар цагдаад өгснийг хэргийн материалтай танилцах үедээ мэдсэн. С.З*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С.З*******оос авсан мөнгийг би ашиглаагүй. Энэ мөнгө надтай огт холбоогүй. З*******оос мөнгө зээлж авах санааг Д.Ц*******, Д.Ц******* нар гаргаж мөнгийг миний дансаар дамжуулсан. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар нэхэмжлэгч С.З******* болон Д.Ц******* бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тулд надад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Д.Ц******* гэх хүнтэй би зөвхөн энэхүү зээлийн гэрээг байгуулж эрх зүйн харилцаанд орсон. Өөр ямар нэгэн байдлаар С.З*******од хохирол учруулаагүй гэжээ.
5. Хариуцагч Н.Байгалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 онд хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нар Н.Б*******тай холбоо бариад Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авах гэж байгаа юм. Бид нарт туслалцаа үзүүлээч гэж хэлсэн байдаг. Н.Б******* нь С.З*******ыг огт танихгүй. Харин Д.Ц*******, Д.Ц******* нарт туслалцаа үзүүлнэ гэж хэлсэн байдаг. Зээл гаргаж өгнө гэж амласан зүйл байхгүй. Төсөл бичигдэхэд гарах зардал болох 25,000,000 төгрөг Н.Байгалийн данс руу орсон. Мөнгө хийсэн хүнийг С.З******* гэж мэдээгүй. Зээлийг Д.Ц*******, Д.Ц******* нарт гаргаж өгснөөр тодорхой хувийн урамшуулал авна гэж тохирсон байдаг. Одоогоор энэ зээл нь гарсан эсэхийг мэдэхгүй. Н.Б******* нь Д.Ц*******тэй зээлийн гэрээ хийсэн. Тухайн мөнгөнөөс эргүүлж төлсөн зүйл байхгүй. Хариуцагч Н.Байгалийн зүгээс С.З*******той гэрээ байгуулаагүй. Харин 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч Д.Ц*******тэй зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэ зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Н.Байгалийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
-С.З*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хавтасны 3-р хуудас/,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хавтасны 4-р хуудас/,
-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтасны 5-р хуудас/,
-Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 157 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар /1-р хавтасны 45-46-р хуудас/
6.Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
-Д.Ц*******, Н.Б******* нарын гараар бичсэн баримтын хуулбар /1-р хавтасны 18-р хуудас/,
7.Шүүхээс зохигчийн хүсэлтээр дараах баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж гаргуулсан.
-Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2......... дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг-ийн материалыг хуулбарлан авсан. /1-р хавтасны 139-250-р хуудас, 2-р хавтасны 1-59-р хуудас/,
-Хариуцагч Н.Байгалийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтасны 122-126-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.З******* нь хариуцагч Д.Ц*******, Д.Ц*******, Н.Б******* нарт холбогдуулсан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч С.З******* нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нар нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр утсаар ярьж 25,000,000 төгрөг хэрэгтэй байна, бид хоёрт зээлдүүлээч удаахгүй өгнө гэж хэлэхээр нь Д.Ц*******гийн өгсөн ..... тоот дансанд мөнгийг шилжүүлсэн. Би данс эзэмшигчийг танихгүй. Мөнгийг авснаас хойш Д.Ц*******, Д.Ц******* нар мөнгийг буцааж өгөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Би тэднээс мөнгөө удаа дараа нэхсэн. Өгөхгүй болохоор нь цагдаагийн газарт хандаж гомдол гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид төсөл бичиж Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авах талаар ярилцсан хэдий ч төслийг бичиж, зээл хөөцөлдсөн үйл баримт болоогүй. Би Н.Б******* гэх хүнийг танихгүй. Миний мөнгө шилжүүлсэн дээрх данс нь Н.Б******* гэх хүний данс байсан тул мөн түүнийг хамтран хариуцагчаар татсан. Иймд хариуцагч нараас зээлдүүлсэн 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д.Ц******* татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Д.Ц******* бид эхнэр, нөхөр хоёр юм. Бид С.З*******той гэр бүлийн найз нөхдийн болон ажил хэргийн харилцаатай. Би С.З*******той 2014 оноос хойш хамтарч хадлан тэжээл тарьж эхэлсэн. С.З******* бид хоёр 2020 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 300 га газарт ногоон тэжээл тарьсан. С.З*******ын эхнэр болон манай эхнэр Д.Ц*******, С.З******* бид нар үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд төсөл бичиж зээл авах талаар ярилцаад төсөл бичсэн. Зээлээ хурдан бүтээхийн тулд зээл гаргаж өгөх хүн хайсан. Эхнэр бүл дүү н.Ц*******оор дамжуулан Н.Б******* гэдэг хүнтэй холбогдож, уулзсан. Тэгэхэд Н.Б******* бидний бичсэн төслийг голж авахгүй буцаагаад өөрийн багийн хүмүүсээр төсөл бичүүлж 300,000,000 төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хэлсэн. Эхний ээлжинд 15 хувийг авна гэсэн саналыг нь С.З******* зөвшөөрч Н.Байгалийн данс руу 25,000,000 төгрөг шилжүүлсэн. Би зээл гараагүй байхад мөнгө битгий өгөөрэй гэж С.З*******од сануулж байсан. Би хотод явж байхдаа Н.Б*******тай уулзаж, мөнгө авсныг нотлох зорилгоор баримт үйлдэж түүний гарын үсгийг зуруулж авсан. Энэ мөнгийг Н.Байгалиас буцааж авахаар нэхэмжлэгч С.З*******, хариуцагч Д.Ц******* бид гурав хамт хөөцөлдөж зөндөө явсан. Нэхэмжлэгч С.З******* дээрх мөнгийг Д.Ц******* бид хоёроос нэхэж байгаагүй гэжээ.
4. Хариуцагч Д.Ц******* татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Бид С.З*******той гэр бүлийн найз нөхдийн харилцаатай. Д.Ц*******, С.З******* нар 2014 оноос хойш хадлан тэжээл тарьж хамтарч ажилладаг байсан. 2020 онд Д.Ц*******, С.З******* хоёр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 300 га газарт ногоон тэжээл тарьсан. Энэ үед бид Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авч үйл ажиллагаагаа өргөтгөе гэж ярилцаад, манай бүл дүү Ц*******оор дамжуулж Н.Б******* гэдэг хүнтэй холбогдож, очиж уулзсан. Бид төсөл бичиж Н.Б*******д өгөхөд төсөл чинь шаардлага хангахгүй байна гээд аваагүй, өөрийн багийн хүмүүсээр төсөл бичүүлж зээл гаргуулж өгнө гэж ярьсан. Дараа нь Н.Б******* над руу ярьж төсөл бэлэн болсон, зээл удахгүй шийдвэрлэгдэнэ, эхний ээлжинд 25,000,000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлснийг би Д.Ц*******, С.З******* нарт хэлсэн. Тэгэхэд Д.Ц******* зээлээ аваагүй байж юун мөнгө өгөх, хэрэггүй шүү, зээл авсан хойноо бол гэж С.З*******од сануулж хэлсэн гэсэн. Энэ үед С.З******* Улаанбаатар хотод байсан тул өөрийн харилцах данснаасаа Н.Байгалийн надад өгсөн ........ тоот данс руу 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан.
Н.Б******* бидний зээлийг бүтээж өгөөгүй. Би Н.Б*******тай уулзахаар хэд хэдэн удаа гэрт нь очоод уулзаж чадаагүй. Янз бүрийн шалтаг тоочиж уулзахаас зайлсхийдэг. Би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Цагдаагийн газарт Н.Б*******д холбогдуулж гомдол гаргасан боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй. Манай гэр бүл С.З*******оос хувийн зорилгоор мөнгө зээлж аваагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Хариуцагч Н.Б******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* нар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...2020 онд хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нар холбогдож зээл авах гэж байгаа талаар хэлж байсан. Зээл авахын тулд С.З*******оос урьдчилгаа мөнгө авах шаардлагатай байна, чиний дансаар дамжуулж бэлнээр авъя гэж ярилцсан. Би нэхэмжлэгч С.З*******ыг танихгүй, миний дансанд мөнгө хийх гэж байгаа учраас Д.Ц******* бид хоёр зээлийн гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан. Үүнээс хойш дээрх хүмүүс надтай холбоо бариагүй. 2024 оны 01 дүгээр сард намайг гэмт хэрэг үйлдсэн гэх шалтгаанаар цагдаад өгснийг хэргийн материалтай танилцах үедээ мэдсэн. С.З*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С.З*******оос авсан мөнгийг би ашиглаагүй. Энэ мөнгө надтай огт холбоогүй. З*******оос мөнгө зээлж авах санааг Д.Ц*******, Д.Ц******* нар гаргаж мөнгийг миний дансаар дамжуулсан. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар нэхэмжлэгч С.З******* болон Д.Ц******* бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул надад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна гэжээ.
6. Шүүх хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Б*******д холбогдох хэсгийг хэрэгэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
7. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1. Нэхэмжлэгч С.З******* нь мөнгө шилжүүлсэн дээрх үйлдлийг хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* бидний дунд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа гэж,
Хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нар нь Бид С.З*******оос мөнгө зээлж аваагүй. Хамтын үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд төсөл бичиж зээл авах талаар ярилцаад төсөл бичсэн. Зээлээ хурдан бүтээхийн тулд зээл гаргаж өгөх хүн хайсан. Дүүгээрээ дамжуулан Н.Б******* гэдэг хүнтэй холбогдож, уулзсан. Тэгэхэд Н.Б******* бидний бичсэн төслийг голж авахгүй буцаагаад өөрийн багийн хүмүүсээр төсөл бичүүлж 300,000,000 төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хэлсэн. Эхний ээлжинд 15 хувийг авна гэсэн саналыг нь С.З******* зөвшөөрч Н.Байгалийн данс руу 25,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгийг Н.Б******* авсан гэж,
Хариуцагч Н.Б******* нь ...2020 онд хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нар холбогдож зээл авах гэж байгаа талаар хэлж байсан. Зээл авахын тулд С.З*******оос урьдчилгаа мөнгө авах шаардлагатай байна, чиний дансаар дамжуулж бэлнээр авъя гэж ярилцсан. Би нэхэмжлэгч С.З*******ыг танихгүй. ...С.З*******оос авсан мөнгийг би ашиглаагүй. Энэ мөнгө надтай огт холбоогүй. С.З*******оос мөнгө зээлж авах санааг Д.Ц*******, Д.Ц******* нар гаргаж мөнгийг миний дансаар дамжуулсан гэж тус тус маргаж байна.
7.2. Нэхэмжлэгч С.З******* нь хариуцагч Д.Ц*******гийн өгсөн Н.Байгалийн эзэмшлийн Хаан банкны ......... тоот дансанд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 25,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн үйл баримт нь зохигчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогддог ба энэ үйл баримттай талууд маргаагүй. /1-р хавтасны 122-р хуудас/
7.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нарын Бид С.З*******оос мөнгө зээлж аваагүй. Хамтын үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 300,000,000 төгрөгийн зээл авах талаар ярилцаж төслийг Н.Б******* гэх хүнээр бичүүлж, зээлийг бүтээлгэхээр 25,000,000 төгрөгийг С.З******* шилжүүлсэн, бид 25,000,000 төгрөгийг зээлдэж авах санал тавиагүй, зээл бүтэхээс өмнө Н.Байгалийн данс руу мөнгө битгий шилжүүлээрэй гэж хэлсэн гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй, хариуцагч нар хуулиар хүлээсэн нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
7.4. Хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нар нь С.З*******оос 25,000,000 төгрөг аваагүй хэмээн маргаж байгаа боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд бичгээр гэрээ хийгдээгүй боловч нэхэмжлэгч нь хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нарт 25,000,000 төгрөгийг зээлдүүлэх зорилгоор хариуцагч Д.Ц*******гийн өгсөн Н.Байгалийн эзэмшлийн Хаан банкны ........ тоот дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Тодруулбал; Нэхэмжлэгч С.З******* хариуцагч Н.Б*******тай уулзаагүй, түүнийг танихгүй боловч Д.Ц*******гийн өгсөн ........ тоот дансанд 25,000,000 төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр шилжүүлсэн нь хариуцагч Д.Ц*******гийн ...25,000,000 төгрөг ........... данс руу шилжүүлээрэй... гэсэн саналыг хүлээн авсныг илтгэж байх тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. гэж заасантай нийцэж байна. Хариуцагч Д.Ц*******гийн Н.Байгалийн данс руу мөнгө шилжүүлүүлэх хүсэл зориг шууд илэрхийлэгдсэн, түүнийг нэхэмжлэгч С.З******* хүлээн авч мөнгө шилжүүлсэн үйл баримтаар зээлийн гэрээний харилцаа үүссэнийг илэрхийлж байна.
Зээлдэгч нар нь зээлийн мөнгийг ямар дансаар дамжуулан авах, мөн хэрхэн захиран зарцуулах талаар зээлдүүлэгч хяналт тавих үүрэг хүлээхгүй юм.
7.5. Нэхэмжлэгч нь Д.Ц*******, Д.Ц******* нар нь мөнгийг удаахгүй өгнө гэж хэлсэн боловч мөнгө авснаас хойш буцааж өгөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Өмнө нь бид бие биенээсээ мөнгө зээлдэх асуудал байдаг байсан. Тухай бүр хэзээ буцааж төлөх талаар тохиролцдоггүй байсан гэж тайлбарласнаас үзэхэд талууд мөнгийг буцааж төлөх хугацааг тогтоогүй гэж үзэх үндэслэлтэй.
Мөн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан ба хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нар нь нэхэмжлэгч С.З*******оос авсан 25,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нараас шаардах эрхтэй, хариуцагч нар зээлдэгчийн шаардсанаар үүргийг биелүүлэх үүрэгтэй.
Иймд хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нараас зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.З*******од олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
8. Нэхэмжлэгч С.З******* нь Н.Байгалийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Н.Б*******: ...2020 онд хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нар холбогдож зээл авах гэж байгаа талаар хэлж байсан. Зээл авахын тулд С.З*******оос урьдчилгаа мөнгө авах шаардлагатай байна, чиний дансаар дамжуулж бэлнээр авъя гэж ярилцсан. Би нэхэмжлэгч С.З*******ыг танихгүй. ...С.З*******оос авсан мөнгийг би ашиглаагүй. Энэ мөнгө надтай огт холбоогүй. С.З*******оос мөнгө зээлж авах санааг Д.Ц*******, Д.Ц******* нар гаргаж мөнгийг миний дансаар дамжуулсан гэж,
Нэхэмжлэгч С.З******* ...Би Н.Б******* гэх хүнийг танихгүй. Миний мөнгө шилжүүлсэн дээрх данс нь Н.Б******* гэх хүний данс байсан тул мөн түүнийг хамтран хариуцагчаар татсан. Иймд хариуцагч нараас зээлдүүлсэн 25,000,000 төгрөгийг гаргуулна гэж тус тус тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж заасан.
Нэхэмжлэгч С.З******* болон хариуцагч Н.Б******* нарын дээрх тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч С.З*******, хариуцагч Н.Б******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, хэлцэл хийгдээгүй, мөн хариуцагч Н.Байгалийн санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас нэхэмжлэгч Н.З*******ын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.З*******ын хариуцагч Д.Ц*******, Д.Ц*******, Н.Б******* нараас 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээс хариуцагч Н.Б*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
9. Нэхэмжлэгч С.З******* шүүх хуралдаанд Би өргөдөл бичихээр та 2 залилж авсан болох гээд байна. Та 2 цагдаагийн байгууллагад гомдол гаргачих гэж хэлсэн талаар мэдүүлсэн ба Д.Ц******* нэхэмжлэгчийн саналыг хүлээн авч гомдол гаргаснаар 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосны дараа нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.З******* нь хариуцагч нараас шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
10. Шүүх хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нараас 25,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нараас улсын тэмдэгтийн хураамж 282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нараас 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.З*******од олгож, хариуцагч Н.Б*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нараас 282,950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД О.ОДОНЧИМЭГ
Д.ЭЛБЭГЗАЯА