Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01610

 

 

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01610

 

Д.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/02135 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэлтэй хариуцагч Б ХХК-д холбогдох хууль бус эзэмшлээс 40 тонны контейнер нэг ширхэг, хийн компрессор нэг ширхэг, дүүжин өргүүр нэг ширхэг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч П.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.О гэх хүний хүсэлтээр 2019 оны 9 дүгээр сард Б ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Г хотхоны барилгын заслын ажлыг гүйцэтгэхэд тусалсан. Тухайн үед Г.О нь Б ХХК-тай гэрээ байгуулж, төлбөр тооцоо хийсэн бөгөөд миний бие тэдний хоорондын тохиролцоо, гэрээний асуудлыг огт мэдэхгүй. Г.О нь ажлын хөлсөө аваад сураггүй алга болсон бөгөөд миний бие дээрх ажлын хөлснөөс огт аваагүй хохироод үлдсэн. Гэтэл Б ХХК нь миний өмчлөлийн эд хөрөнгө болох гал тогооны зориулалтаар ашиглахаар дотор засал хийсэн 7 000 000 төгрөгөөр үнэлэгдэх 40 тонны контейнер нэг ширхэг, 1 400 000 төгрөгөөр үнэлэгдэх хийн компрессор нэг ширхэг, 4 500 000 төгрөгөөр үнэлэгдэх дүүжин өргүүр буюу люлка нэг ширхэг, нийт 12 900 000 төгрөгөөр үнэлэгдэх барилгын ажил гүйцэтгэхэд ашигладаг тоног төхөөрөмжүүдийг Г.Отэй тооцоотой гэсэн үндэслэлээр надад өгөхгүй байна. Үүнтэй холбогдуулан миний бие Б ХХК-иас удаа дараа өөрийн өмчийн зүйлийг шаардсан боловч тус компанийн удирдлага надад ...Г.Отэй учраа олж байж эд хөрөнгийг чинь өгнө гэсэн. Миний бие Г.Оийг сайн танихгүй, түүний өмнөөс хуулиар болон гэрээгээр Б ХХК-ийн өмнө аливаа хариуцлага хүлээх үүрэггүй бөгөөд Б ХХК нь миний эд хөрөнгийг барьцаалах эрхгүй. Иймд Б ХХК-иас миний өмчлөлийн зүйлс болох 40 тонны контейнер нэг ширхэг, хийн компрессор нэг ширхэг, дүүжин өргүүр нэг ширхэг, нийт 3 тооны эд зүйлийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Этай ажил гүйцэтгэх гэрээ хийж, хамтран ажиллаж байгаагүй. Нэхэмжлэлд дурдсан Г.О гэх хүнтэй Д.Э нь ямар холбоотой, ямар байдлаар хамтран ажиллаж, ямар тоног төхөөрөмж авсныг мэдэхгүй бөгөөд тэдний хоорондын маргаанд манай компанийн зүгээс оролцох боломжгүй. Д.Этай гэрээ хийгээгүй учраас уг тоног төхөөрөмжүүдийг өгөх боломжгүй. Барилгын засал тоног төхөөрөмжүүд дрилл гэх мэт хэрэгтэй гэсэн зүйлээ авч яваад хэрэггүй гэсэн зүйлсээ үлдээгээд явсан. Д.Э нь манай байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй, цалин хөлс авч байгаагүй. Иймд нэхэмжлэгч Д.Э нь уг тоног төхөөрөмжүүдийг нэхэх эрхгүй этгээд нэхэмжилж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 40 тонны контейнер 1 ширхэг, хийн компрессор 1 ширхэг, дүүжин өргүүр 1 ширхэгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 221 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий тоног төхөөрөмж нь нэхэмжлэгч Д.Эын өмчлөлийн зүйл мөн гэдгийг шүүх тогтоогоогүй. Гоохон өнгө ХХК нь 2019 оноос ажил гүйцэтгэж эхэлсэн бөгөөд уг ажлыг эхлэхдээ барилгын талбайд дээрх тоног төхөөрөмжийг авчирч ажиллуулж эхэлсэн учраас тус компанийн өмчлөлийн зүйл мөн гэж манай компани авчирсан хүнд өгөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал шүүхэд маргаж буй тоног төхөөрөмжүүдийг өөрийгөө хууль ёсны өмчлөгч мэтээр тайлбарлаж байгаа боловч бодит байдалд Д.Эын өмчлөлийн зүйл гэсэн ямар ч бичиг баримт, гэрээ хэлцэл байхгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоолгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талын гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн тоног төхөөрөмжүүдийг үнэлж, үнэлгээнд тохирох эд хөрөнгүүдийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Гэтэл дээрх үнэлгээг зөвхөн нэхэмжлэгч гаргадаг бөгөөд одоо барилгын талбайд байгаа маргаан бүхий тоног төхөөрөмжүүд нь нэхэмжлэгчийн дурдсан үнэлгээ бүхий эд хөрөнгө мөн эсэхийг шүүх тогтоолгүй шийдвэрлэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Гоохон өнгө ХХК-д бид тус тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл шүүхээс бидний хооронд байгуулсан гэрээний үүргийг хайхралгүй орхиж, Д.Эт тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн нь манай компанийг бусдын өмнө үүрэг хүлээсэн үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд оруулж биднийг хохироож байна. Иймд дээрх шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан хууль бус эзэмшлээс 40 тонны контейнер нэг ширхэг, хийн компрессор нэг ширхэг, дүүжин өргүүр нэг ширхэг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Маргааны зүйл болох нэхэмжлэгч Д.Эын өмчлөлийн 40 тонны контейнер 1 ширхэг, хийн компрессор 1 ширхэг, дүүжин өргүүр 1 ширхэг зэрэг эд зүйлс нь хариуцагч Б ХХК-ийн эзэмшилд байгаа болох нь хэргийн 29-30, 47-52 дахь талд авагдсан 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Д, Д.Г, Х.Д нарын мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдсон тул маргаан бүхий тоног төхөөрөмж нь нэхэмжлэгч Д.Эын өмчлөлийн зүйл гэдгийг шүүх тогтоогоогүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 40 тонны контейнер нэг ширхэг, хийн компрессор нэг ширхэг, дүүжин өргүүр нэг ширхэг тус тус Б ХХК-ийн барилгын ажил явуулж буй талбайд хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 47-50 дахь талд авагдсан гэрч Б.Д, Д.Г нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хариуцагч Б ХХК нь маргааны зүйл болох дээрх эд зүйлсийг 2019 оны 9 дүгээр сараас хойш өөрийн эзэмшилд байлгаж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Д.Э нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 40 тонны контейнер нэг ширхэг, хийн компрессор нэг ширхэг, дүүжин өргүүр нэг ширхэгийг тус тус хариуцагч Б ХХК-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

 

Маргааны зүйл болох дээрх эд зүйлсийн өмчлөгч нь нэхэмжлэгч Д.Э болох нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч нь дээрх эд зүйлсийг өөрийн эзэмшлийн хөрөнгө биш гэдгийг зөвшөөрсөн боловч бусадтай байгуулсан гэрээний үүрэгт саатуулан барих эрхтэй эсэх нь баримтаар тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Хариуцагч нь бусадтай байгуулсан гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн эд зүйлсийг саатуулан барих эрхгүй тул түүний эзэмшил хууль бус болно.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б ХХК-аас 40 тонны контейнер нэг ширхэг, хийн компрессор нэг ширхэг, дүүжин өргүүр нэг ширхэгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нь 40 тонны контейнер нэг ширхэг, хийн компрессор нэг ширхэг, дүүжин өргүүр нэг ширхэгийг тус тус өөрийн эзэмшилдээ байлгах эрхтэй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй болно.

 

Б ХХК, Г ХХК-ийн хооронд 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр АГГ19/09/21-01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан /хх-59-62 дахь тал/ бөгөөд уг гэрээнд барилгын материалд ашигласан тоног төхөөрөмжийг буцааж өгнө гэсэн үүрэг хүлээсэн болохоос дээрх эд зүйлсийг нэг бүрийн шинжээр тодорхойлж тодорхой эд хөрөнгийн эзэмшилтэй холбоотой үүрэг хүлээлгэсэн талаар заагаагүй тул Д.Э нь өмчлөгчийн хувьд бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардсан нь өөр этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй юм. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/02135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ