Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/630

 

Б.Н-, Б.Т- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Туяа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/385 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Туяа, шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Н, Б.Т нарт холбогдох 2202 00735 0021 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Б-ийн Т, 1995 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Т- хуурч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ...-ийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 964 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ялыг биелүүлсэн;

2. Х овгийн Б-ийн Н, 1995 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ...-ийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... гудамж ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

- Сэлэнгэ аймгийн  Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч байсан;

Б.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 20-оос 28-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” зочид буудлын ... тоот өрөөнд өөрийн биедээ болон Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хорооллын ... дугаар байрны 19 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 11,975 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Б.Н- нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” зочид буудлын ... тоот өрөөнд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 1,328 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Б.Т-, Б.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт Б-ийн Т, Х овогт Б-ийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-т 2 жилийн хугацаагаар хорих ял, Б.Н-д 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 заалтыг хүчингүй болгож, Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоож,

Б.Т-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Б.Н-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Т-ийн цагдан хоригдсон 141 хоног, Б.Н-ийн цагдан хоригдсон 130 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож,

шийтгэх тогтоол хуулийн хүчин Т- болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцсон Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа Б.Т-ийн биед хийсэн үзлэгээр хураан авсан №1 гэж дугаарласан 7,075 грамм хэмжээтэй;ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан 10 ширхэг тебантин нэртэй эм, Б.Н-ийн биед хийсэн үзлэгээр хураан авсан №1 гэж дугаарласан бор өнгийн цаасанд ороож тамхи хэлбэрт оруулсан 1,238 грамм хэмжээтэй ургамал мэт зүйл, Б.Т-ийн гэрт хийсэн үзлэгээр хураан авсан №1 гэж дугаарласан 4,8 грамм хэмжээтэй ургамал мэт зүйлсийг устгаж, энэ талаарх баримтыг шүүхэд даруй ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гэмт хэргийн улмаас хохирогч, хохирол тогтоогдоогүй, шийдвэрлэвэл зохих хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т- болох хүртэл Б.Т-, Б.Н- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар дүгнэлт хийх хэсэгт заасан 2022 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд ирэхдээ бага хэмжээний буюу 1,3 грамм өвс гэх нэршилтэй ургамлыг биедээ буюу өмсөж явсан хүрэмний халаасанд байсныг мэдээгүй, зөвхөн өөр зорилгоор тухайн зочид буудалд орсон талаар мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд шалгаагүй. /Гэрчүүдийн мэдүүлэг/. Зөвхөн хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах, биедээ хадгалах зэрэг гэмт хэргийн санаа зорилго байгаагүй. Мөн анхан шатны шүүх дүгнэлт хэсэгтээ Б.Н- нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт ч гарсан байдаг. Би өмнө нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн. Дээрх гэмт, хууль бус үйлдэлдээ ч гэмшиж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасны дагуу өмнөх 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот шийтгэх тогтоолд заасан тэнсэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт өөрийн идэвх, санаачилгаар, заасан болон дуудсан цагт ирэх, сургалт, судалгаа шинжилгээнд хамрагдах ялыг сайн гүйцэтгэж, ухамсарлаж байсан. Энэ нь ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт байгаа хэргийн материалаас харагдана.

Анхан шатны шүүхийн дүгнэлт хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Гэвч би дээрх үйлдлээ ухамсарлан, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурч, өөр асуудлаар тухайн орчинд очиж, гэмт хэрэгт холбогдож, анхан шатны шүүхийн гэм буруугийн талаар шүүх хурал хэлэлцэх явцад мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, гэм буруугаа хүлээсэн.

Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нийгэмд аюултай сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис мэдээгүй биедээ авч явсан үйлдэл, мөн өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнсэх ялаа ухамсарлан өөртөө болон бусдад дээрх гэмт хэргийн хор хөнөөлийн тухай сануулан сургамжлан хэлдэг байсан.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ял дээр 1 жил 9 сарын хорих ял оноож, нэмж нэгтгэн 3 жилийн хорих ялаар шийтгэсэн. Угтаа өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн тэнсэх ялаас миний тооцооллоор 1 жил 33 хоног эдлээгүй дутуу байсныг 1 жил 3 сар гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу тооцоолсон гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүх харгалзаж үзнэ үү.

Тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад 3 жилийн хорих ял, анхан шатны шүүхээс өмнөх ял дээр нэмж оноож байгаа 1 жил 9 сарын хугацаатай ялыг миний гэм буруугаа зөвшөөрсөн, гэмт үйлдлээ ухамсарласан, маргаж мэтгэлцээгүй, өмнөх тэнсэх ялын гүйцэтгэлийг биелүүлж байсан зэргийг харгалзаж хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Н- нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий энгийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Б.Н-ийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан. Энэ хэрэг анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүх анхнаасаа хэргийг зөв шийдвэрлээгүйгээс болоод шүүгдэгч Б.Н- ажил, шагналын хоног авах боломжоо алдсан. Анхан шатны шүүх анхнаасаа ял тэнссэн шийдвэрийг нь зөв шийдвэрлэж, ял оногдуулсан бол хорих байгууллагад ялаа эдлээд, ажил, шагналын хоног авах боломжтой байсан. Б.Н- нь ийнхүү тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдсон боловч, тэрээр өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг ухамсарлан ойлгосон, засарч хүмүүжихээ илэрхийлж байгаа, хувийн зан чанар, өсч бойжсон орчин нөхцөл зэргийг харгалзаж түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялаас 6 сарын хорих ялыг хасч хөнгөрүүлж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч Б.Т- тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй...” гэв.

Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Т- нь хэрэгт авагдсан баримтаар өөртөө болон гэртээ байсан хориглосон ургамлыг өөрөө гарган өгч, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Т- болон түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хүсэлт гаргаж байсан.

Б.Т- нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 17 дугаар бүлэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан хуулийн зохицуулалт нь мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байгаа байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хөнгөрүүлж өгнө үү.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийн төрөл, хэмжээ хязгаарын хүрээнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсантай маргахгүй байгаа тул Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар зохицуулна”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг гэр бүл хамт орон найз нөхөд, амьдарч байгаа орчинд нь нийгэмшүүлэх” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх тул үлдсэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтын Б.Т-т холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. …” гэв.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т-, Б.Н- нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч ялыг нэмж нэгтгэсэн болон хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлийн талаар үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...Хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр санал гаргасан. Өмнөх анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар саналаа тодорхой гаргасан. Энэ хэрэг өмнө нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэртэй танилцсан. Энэ шүүх хуралдаанд томилолтоор оролцсон бөгөөд ял тэнссэн хугацаатай холбоотой ял оногдуулах санал, үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял, хорих ялын дэглэмтэй холбоотой саналаа гаргасан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Б.Н, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 11 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” зочид буудлын ... тоот өрөөнд өөрийн биедээ, Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 11,975 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Б.Н- нь мөн өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1,328 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Н-ийн биед үзлэг хийж, түүний биеэс ургамал мэт зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 43-46/, түүнийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх 107/, шүүгдэгч Б.Т-ийн биед үзлэг хийж, түүний биеэс гялгар ууттай ургамал мэт зүйл хураан авсан /1хх 61-64/, мөн түүний гэрт буюу Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 180-184/,

шүүгдэгч Б.Т-ийн биеэс биологийн дээж болгон авсан шээснээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтдаг тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5875 дугаар дүгнэлт /1хх 85-87/,

шүүгдэгч Б.Н-ийн биеэс хураан авсан нунтаг ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн, энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5876 дугаар дүгнэлт /1хх 93-95/,

шүүгдэгч Б.Т-ийн гэрт хийсэн нэгжлэгээр хураан авсан ургамал мэт зүйлээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5990 дугаартай дүгнэлт /1хх 97-99/,

шүүгдэгч Б.Т-ийн: “...Миний биед үзлэг хийх явцад илэрч хураагдсан “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг би 2022 оны 7 дугаар сард Сэлэнгэ аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс түүж, халаасандаа хийсэн байсан. Би Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5875, 5990, 5882 дугаартай дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх 68/,

шүүгдэгч Б.Н-ийн: “...Миний биед үзлэг хийх явцад илэрч, хураагдсан мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис нь 2021 онд Сэлэнгэ аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын үлдэгдэл байсан. Би 2021 онд ял шийтгүүлсэн хэрэгт цагдаад баригдах үедээ буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс түүсэн “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж байсан цүнх дотор байсан хавар, намрын куртикний дотор халаасанд үлдсэн байсан ургамал юм. Би Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5875, 5876 дугаартай дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх 81/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Н-, Б.Т- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Н-, Б.Т- нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

            Шүүгдэгч Б.Т-, Б.Н- нарын хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдан борлуулах зорилгогүйгээр хадгалсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюул харьцангуй ихтэй бөгөөд дотоодын төдийгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн нь энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл юм.

Өөрөөр хэлбэл, энэхүү гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг шүүх сонгон хэрэглэхдээ тус гэмт хэргийн улмаас учрах, учирч болох хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний шинж чанарыг зайлшгүй харгалзах учиртай.

Хэргийн 1 дүгээр хавтасны 113-114, 128-129 дүгээр талуудад авагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Б.Н, Б.Т нар нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэрээр урьд энэ төрлийн гэмт хэрэгт хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, мөн шинжээчийн дүгнэлтээр тэрээр сэтгэцэд идэвхт бодисын хэрэглээтэй нь тогтоогдсон зэрэг нөхцөл байдлуудад тус тус тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан бөгөөд гэмт буруутайд тооцогдсон этгээдэд эрх чөлөөг нь тодорхой хугацаагаар хязгаарлах байдлаар хуульд заасан хорих ялыг оногдуулан, ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгах нь хуулийн дээрх зорилгыг хангахад чиглэсэн шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.

Шүүгдэгч Б.Н-ийн хувьд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэрээр урьд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж тэнсэгдсэн боловч энэхүү байдалдаа дүгнэлт хийлгүйгээр тэнссэн хугацааны дотор дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж заасан.

Энэ нь шүүгдэгчийг тэнссэн шүүхийн шийдвэр хэзээ гарсан болох, шийдвэр гарснаас хойш ямар хугацаа өнгөрснөөс үл хамаарч тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг нь хүчингүй болгож, шинээр ял оногдуулах зохицуулалт юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-ийн өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, түүнд 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэн нэмж нэгтгэж, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Туяа, шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан “Хорих ял, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/385 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан3- шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/385 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Туяа, шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбилэг, Б.Т- нарын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 45 /дөчин тав/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ