| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00248/И |
| Дугаар | 304/ШШ2025/00297 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 304/ШШ2025/00297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: М.Ч*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай болохоо тогтоолгох тухай 304/2025/00248/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Ч*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.Ч******* нь нөхөр Д.Б*******тэй хамтын амьдралтай болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
М.Ч******* миний бие Д.Б*******тэй 1993 онд анх танилцаж, дотно харилцаатай болж хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Б.О*******, 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Д******* нар төрсөн. Бид анх танилцсан цагаас хойш өнөөдрийг хүртэл албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. М.Ч******* миний бие Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 578 дугаар шийдвэрээр 1993 оноос тухайн шүүхийн шийдвэр гарах хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосон билээ. Малчнаар тэтгэвэрт гарахаар нийгмийн даатгалын байгууллагад дээрх шүүхийн шийдвэрийг өгсөн боловч дахин хамтын амьдралтай болохоо тогтоолгох шаардлагатай, хугацаа дутуу байна гэсэн тул нөхөр Д.Б*******тэй 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өдийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б*******ийн Д*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б*******ийн О*******ийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/,
-Үндэсний төв Архивын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03-08/2672 дугаар 2010 оны улсын тооллогын бүртгэлийн лавлагаа /хэргийн 8-р хуудас/,
-Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 132/ШШ2021/00578 дугаар шүүхийн шийдвэр /хэргийн 9-10-р хуудас/,
-Гэрэл зураг /хэргийн 11-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч М.Ч*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 578 дугаар шийдвэрээр 1993 оноос тухайн шүүхийн шийдвэр гарах хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгосон боловч шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нөхөр Д.Б*******тэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч М.Ч******* нь нөхөр Д.Б*******тэй 1993 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Б.О*******, 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Д******* нар төрсөн бөгөөд Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 578 дугаар шийдвэрээр 1993 оноос тухайн шүүхийн шийдвэр гарах хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгожээ.
3.2.Хүсэлт гаргагч нь өмнөх шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хүртэл хамтран амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, шүүхийн шийдвэр, хүн амын тооллогын лавлагаа зэрэг нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт ...нөхөр Д.Б******* Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаа, маргааш хот орж эмнэлгээс гарахаар нь хамтдаа гэрлэлтээ бүртгүүлнэ. гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Т******* овогт М*******н Ч*******, Т******* овогт Д*******ын Б******* нарыг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА