Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 304/ШШ2025/00298

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  М.Ч*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00363/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд М.Ч*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч М.Ч******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Булган аймгийн Барилга угсралтын конторт 1990 оноос 1994 оны дуустал сантехникийн гагнуурчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул Булган аймгийн архиваас цалингийн цэс бүрдүүллээ. Иймд дээрх баримтыг үндэслэн 1990 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Булган аймгийн Барилга угсралтын конторт сантехникийн гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү.

Тухайн үед ажиллаж байсан цалингийн цэсэн дээр төрсөн ээжээр овоглож Н*******гийн Ч******* гэж цалин гарсан байгаа. Би ээжээрээ багаасаа овоглож байгаад сүүлд төрсөн аав М*******аар овоглож иргэний үнэмлэхээ авсан гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаар цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14/324 дугаар хуулийн этгээдийн өөрчлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн овог нэр өөрчилсөн бүртгэлийн хуулбар /хэргийн 8-р хуудас/.

3.Хүсэлт гаргагч М.Ч*******ын хүсэлтээр гэрчээр Г.Ц*******, Д.Т******* нарыг асуусан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Барилга угсралтын конторт 1990 оноос 1994 оны дуустал сантехникийн гагнуурчнаар ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч М.Ч******* нь Булган аймгийн Барилга угсралтын конторт 1990 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, Өргөө ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сантехникийн гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болох нь цалингийн цэсийн түүвэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хуулийн этгээдийн өөрчлөлтийн тодорхойлолт, овог нэр өөрчилсний бүртгэл болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

4.Иймд хүсэлт гаргагч М.Ч*******ыг Булган аймгийн Барилга угсралтын конторт 1990 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, Өргөө ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сантехникийн гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М*******ын Ч*******ыг Булган аймгийн Барилга угсралтын конторт 1990 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, Өргөө ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сантехникийн гагнуурчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА