| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00303/И |
| Дугаар | 304/ШШ2025/00299 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 304/ШШ2025/00299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Л.О*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00303/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Л.О*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.О******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 1997 онд Булган аймагт шилжин ирж Зам барилга засварын Эрдэнэт Суварга компанид замчнаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа 2000 онд жолоочийн мэргэжил эзэмшин 2002 оноос тус байгууллагадаа жолооч болсон. Ингээд 2006 оноос технологийн зориулалттай машин механизмын жолоочооор одоо хүртэл ажиллаж байна. Ингэж ажиллахдаа тухайн үеийн ажлын шаардлагаар замчны ажлыг хийдэг юм. Миний бие нь энэ онд 55 нас хүрч хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байснаар тэтгэвэрт гарах нас дөхөөд холбогдох баримт бичгээ шалгуултал миний ажилд орсон 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 тоот тушаал болон 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлөгдсөн Б/75 тоот тушаалуудад жолооч" гэдэг нэршилээр бичигдсэн байгаа тул хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Би 2006 оноос өнөөг хүртэл ажиллахдаа авто гудирнатор /хар тосны машин/, авто гридер /зам хусдаг машин/, тралер чиргүүл /техник чирэх зориулалттай/-тэй ховоо зэрэг техникийг эзэмшиж байсан.
Би дээрхи машин механизмыг жолоодож байхдаа үр бүтээлтэй ажиллаж байсан тул 2009 онд Аймгийн тэргүүний ажилтан, 2009 онд Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны Хүндэт жуух бичиг, 2010 онд байгууллагын 2010 оны шилдэг жолоочоор шалгарч өргөмжлөл, 2015 онд замчны 4 дүгээр зэрэг, 2011 онд МУ-ын тэргүүний замчин, 2013 онд Онц тээвэрчин, 2014 онд Төрийн шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан.
Иймд Л.О******* намайг 2006 оны 11 дүгээр сараас 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Булган АЗЗА ТӨХК-д технологийн зориулалттай машин механизмын жолооч, замчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Булган авто замын засар арчлалт ТӨХК-н захирлын 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Булган Азза ХК-ийн ажиллагсадын орон тоо, цалингийн сангийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,
- Булган авто замын засар арчлалт ТӨХК-н захирлын 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/75 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн шагнал урамшуулалын үнэмлэхийн хуулбар /хэргийн 9-11, 13-14-р хуудас/,
-Булган авто замын засар арчлалт ТӨХК-н Булган аймаг дахь салбарын менежерийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/,
-Гэрэл зураг /хэргийн 15-р хуудас/.
3.Хүсэлт гаргагч Л.О*******гийн хүсэлтээр гэрчээр Б.Э*******, Ж.О******* нарыг асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган АЗЗА ТӨХК-нд 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл технологийн зориулалттай хүнд даацын машин механизмын жолоочоор ажиллаж байсан боловч тушаал гаргахдаа жолооч гэж бичсэн байх тул технологийн зориулалттай, хүнд даацын машин механизмын жолоочоор ажиллаж байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Л.О******* нь Булган АЗЗА ТӨХК-нд 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл технологийн зориулалттай механизмын жолоочоор ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ажилд томилсон талаарх бичилт, Булган авто замын засвар арчлалт ТӨХК-ийн Булган аймаг дахь салбарын менежерийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл технологийн зориулалттай хүнд даацын машин механизмын жолоочоор ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
4.Иймд хүсэлт гаргагч Л.О*******г Булган АЗЗА ТӨХК-нд 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл технологийн зориулалттай хүнд даацын машин,механизмын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л*******ын О*******г Булган Азза ТӨХК-нд 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл технологийн зориулалттай хүнд даацын машин механизмын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА