| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00364/И |
| Дугаар | 304/ШШ2025/00303 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 304/ШШ2025/00303
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Ю******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М*******ын Э*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,179,382 /нэг сая нэг зуун далан есөн мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00364/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.Э******* нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ю******* ХХК-тай гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, Samsung A33 маркийн гар утсыг нийт 1,258,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 52,417 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
Хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гар утасны лизингийн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 4.1-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, үндсэн төлбөр үлдэгдэл 786,255 төгрөг, алданги 393,127 төгрөг, нийт 1,179,382 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү" гэжээ.
Хариуцагч М.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю******* ХХК нь хариуцагч М.Энхтуяад холбогдуулан 1,179,382 /нэг сая нэг зуун далан есөн мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Энхтуяа нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ю******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 1,179,382 /нэг сая нэг зуун далан есөн мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг хариуцагч М.Энхтуяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 16,427.5 /арван зургаан мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч М.Энхтуяагаас 16,427.5 /арван зургаан мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА